Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/466

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч: Г.Ө- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ө-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005029930861 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Ө-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Ө- нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний орой Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hollywood” караокены гадаа иргэн А.Ц-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 1 шүдний сулрал, 4 шүдний булгаралт, буйлны цус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

Мөн иргэн Ц.М-г хөлөөрөө хэвлийн тус газар нь өшиглөсний улмаас газар унах үедээ биед баруун гарын алга ба 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгний цус хуралт гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэхдээ мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ө- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч А.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Холивууд караокены гадна үл таних хүн /Ө-/ нь миний нүүрний ам хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан. ...Миний биед учирсан гэмтлийг бүгдийг нь нэг хүн буюу өөрийгөө прокурор гэж хэлсэн залуу /Ө-/ учруулсан. ...Тухайн үед миний нэг шүд хугарсан, уруул язарч гэмтсэн байсан. Би хохирол болох 4.200.000 төгрөгийг тухайн үедээ барагдуулж авсан. ...надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Хохирогч Ц.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 00 цаг өнгөрч байхад найз У-, Ц-, Э-, Ч- нарын хамт явж байсан. Тэгээд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Холивууд караокены гадна ил бие засаж байсан нэг залуу байхаар нь У- цонхоороо нэг юм хэлсэн. Тэгээд тэр залуу ирээд У-ыг цонхоор гараа оруулж байгаад заамдахаар нь би машинаас буугаад болиоч гэхэд намайг хөлөөрөө нэг удаа жийсэн бөгөөд би хойшоо газар уначихсан. Тэр үед Ч-, Ц- хоёр гарч ирээд намайг жийсэн залууг барьж авсан. Тэгээд тэр согтуу залуугийн найз нь гарч ирээд манай найзууд руу дайраад, найзыгаа аваад байх шиг байсан. Тэгээд бужигналдаад байхаар нь Э- цагдаа дуудсан. Тухайн үед манай найз У- өөрийгөө тагнуулд ажилладаг гэхэд нөгөө талын үл таних залуу нь өөрийгөө прокурор гээд байсан. Тэр залуу нь намайг өшиглөсөн залуу тэгээд орилоод байсан. ...Хэвлийн хэсэгт өшиглөснөөс болж газар унасан. ...надад гомдол санал байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж 330.000 төгрөг авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гэрч С.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд Хүүхдийн 100-д өөрийн 10 жилийн найзууд Г-, Х-нартай уулзаад 1 пиво уусан. Тэгээд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Холивууд нэртэй караокед ороод 3 пиво, 2 шил виски хувааж уусан. Тэгээд бид нар яриад сууж байгаад караокеноос гарахаар болоод Ө- түрүүлээд гарчихсан юм. Тэгээд Г-, Х-бид 3 үүдэнд тооцоо төлөөд би Х-тай хамт Г-ын урд нь алхсан ба гарсан чинь бөөн орилоон болчихсон, Ө-ийг нэг залуу барьчихсан зогсож байхаар нь би очоод салгасан юм. ...Тэр үед нөгөө талаас нэг залуу “Би тагнуулд ажилладаг, та нар юу юм” энэ тэр гээд бас нэг эмэгтэй нь манай нөхөр прокурорт ажилладаг гээд бид нарыг доромжлох өнгө аястай харьцаад байсан ба Ө- нь тухайн үед би прокурор байна гээд хэлчихсэн юм. Тэгээд тэнд байсан согтуу хоёр залуу нь Ө- рүү дайраад байхаар нь би нэг залуутай нь зууралдаад зогсож байсан. Тухайн үед Ө- бас нэг залуутай заамдалцаад зогсож байсан. Ө-тэй заамдалцаж байсан залуу нь миний шүдийг унагаачихлаа гэхээр нь харсан чинь аман дотор нь цус болчихсон байсан. ...Тэгээд Г- Ө-ийг аваад явсан бөгөөд тэр залуучууд зууралдаад хэрүүл хийгээд зогсож байхад цагдаа ирээд Ө- бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хонуулсан юм. ...Тухайн үед Ө- нь нэг эмэгтэйг өшиглөөд унагаачихсан байсан, дараа нь нэг залуутай зууралдаад зогсож байхад шүд нь хугарчихлаа гэчихсэн зогсож байсан. ...Тэр өдөр Г-, Х-бид гурвыг караокеноос гарахад нэг эмэгтэй газар уначихсан, намайг өшиглөөд унагаачихлаа гээд сууж байсан. Тэгэхээр Ө- унагасан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 43-45/,

Гэрч Э.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Ө- хамгийн эхлээд гадаа гарсан бөгөөд Х-, Одсүрэн бид гурав тооцоо хийх гэж үлдээд, би хамгийн сүүлд бүх тооцоогоо хийж дуусаад бид гурав хамт гарахад гадаа бөөн орилоон болчихсон байсан бөгөөд очоод харахад нэг эмэгтэй уначихсан байсан бөгөөд тухайн үед Ө-ийг өшиглөсөн гэж хэлж байсан. Тэгээд удалгүй тэр зодуулсан эмэгтэйн найз нь “та нар буруу хүнээрээ оролдлоо, би тагнуулд ажилладаг” гээд байсан чинь манай найз Ө- “би прокурорт ажилладаг” гээд хоорондоо ажлаараа сайрхах гээд байсан юм. Уг нь Ө- прокурорт ажилладаггүй боловч зүгээр нөгөө талаас ажил албан тушаалаараа дээрэлхэх гээд байх шиг болохоор нь доор нь орохгүй гэсэндээ тэгж хэлсэн байх, тэгж байгаад нэг залуутай нь барьцалдаад авчихсан бөгөөд тухайн залуу нь “чи яагаад намайг цохиж байгаа юм” гээд байсан бөгөөд би тухайн үед Ө-ийг салгаад машин руугаа аваад явж байсан юм. Тэр үед цагдаагийн машин ирсэн. Тэгээд тухайн үедээ Ө-, Одсүрэн хоёрыг согтуу байсан болохоор эрүүлжүүлэхэд оруулсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 53-55/,

Гэрч Д.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өнөөдөр 01 цагийн үед Ц-, М- гэх найз нарын хамт баруун дөрвөн замын тэнд байдаг Гранд плазагийн хажуу талын нэрийг нь мэдэхгүй байна, караоке орохоор машин дотор зогсож байсан чинь уг караокены гадан 2, 3 залуучууд зогсож байхаар нь хаалга нь нээлттэй байна уу гэж асуухаар юм асуух гэсэн юм гэсэн чинь юу гэнээ би прокурор байна чи хэн бэ гээд баруун урд талын цонхоор намайг зулгааж чангаагаад цохих гэсэн. Энэ үед манай найз М- сууж байгаад машинаас буугаад боль гэхээр нь бууж очтол уг залуу гэдэс рүү нь тийрээд унагаасан. Ц- бас машинаас буутал мөн гараараа нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Энэ үед Ц-ын амнаас нь цус гарч шүд нь унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/,

Гэрч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед М- бид хоёр машинаас бууж согтуу залууг боль гэхэд согтуу залуу намайг түлхсэн. Тэгэхээр нь би Ч-, Ц- хоёрыг дуудах гээд караоке руу ороход байхгүй байсан. Тэгээд эргээд машин дээр очиход ..тэр дунд М- уйлчихсан намайг өшиглөөд унагаачихлаа гээд байж байсан. Ц-ыг тэнд өөрийгөө прокурор гээд байсан нэг согтуу эрэгтэй нь шууд нүүр рүү нь цохиод байсан. Тэгэхэд амнаас нь цус гараад эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 40/,

Шинжээчийн 11761 тоот дүгнэлтэд: “...Ц.М-гийн биед баруун гарын алга ба 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-н 57-58/,

Шинжээчийн 11711 тоот дүгнэлтэд: “...А.Ц-ын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 1 шүдний сулрал, 4 шүдний булгаралт, буйлны цус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р тогтонги алдагдуулна” гэсэн дүгнэлт /хх-н 62-63/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч эхлээд 1-р эгнээний 1 дэх зургийг заасан, дахин байрлалыг өөрчилж үзэхэд 2-р эгнээний 2 дахь эрэгтэй буюу Ганхуяг овогтой Ө- /УП-94072857/-н зургийг зааж байв. Уг эрэгтэй нь нэг удаа өшиглөсөн бөгөөд өөрийгөө прокурор гээд байсан юм. ...хохирогч ...Ганхуяг овогтой Ө-ийн зургийг зааж байв. Уг эрэгтэй нь миний нүүр буюу уруулын хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд өөрийгөө прокурор гээд байсан” гэжээ /хх-н 67-77/,

Яллагдагчаар Г.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний санаж байгаагаар би гадаа байж байхад машин дотроос нэг хүн дуудаад, би очиж байсан бөгөөд нэг эмэгтэй гарч ирэхээр нь би тэр эмэгтэйг холдуулах зорилгоор нэг удаа өшиглөсөн чинь газар уначихсан юм. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 100-101/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирогч нарын өргөдөл /хх-н 8-9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 86-91/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Г.Ө- нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний орой Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hollywood” караокены гадаа иргэн А.Ц-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 1 шүдний сулрал, 4 шүдний булгаралт, буйлны цус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

Мөн иргэн Ц.М-г хөлөөрөө хэвлийн тус газар нь өшиглөсний улмаас газар унах үедээ биед баруун гарын алга ба 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгний цус хуралт гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэхдээ мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дэх хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Ц-ын: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Холивууд караокены гадна үл таних хүн /Ө-/ нь миний нүүрний ам хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж учруулсан. ...Миний биед учирсан гэмтлийг бүгдийг нь нэг хүн буюу өөрийгөө прокурор гэж хэлсэн залуу /Ө-/ учруулсан. ...Тухайн үед миний нэг шүд хугарсан, уруул язарч гэмтсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, хохирогч Ц.М-гийн: “...тэр залуу ирээд У-ыг цонхоор гараа оруулж байгаад заамдахаар нь би машинаас буугаад болиоч гэхэд намайг хөлөөрөө нэг удаа жийсэн бөгөөд би хойшоо газар уначихсан. Тэр үед Ч-, Ц- хоёр гарч ирээд намайг жийсэн залууг барьж авсан. Тэгээд тэр согтуу залуугийн найз нь гарч ирээд манай найзууд руу дайраад, найзыгаа аваад байх шиг байсан. Тэгээд бужигналдаад байхаар нь Э- цагдаа дуудсан. Тухайн үед манай найз У- өөрийгөө тагнуулд ажилладаг гэхэд нөгөө талын үл таних залуу нь өөрийгөө прокурор гээд байсан. Тэр залуу нь намайг өшиглөсөн залуу тэгээд орилоод байсан. ...Хэвлийн хэсэгт өшиглөснөөс болж газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/, гэрч С.О-гийн: “...Ө-тэй заамдалцаж байсан залуу нь миний шүдийг унагаачихлаа гэхээр нь харсан чинь аман дотор нь цус болчихсон байсан. ...Тухайн үед Ө- нь нэг эмэгтэйг өшиглөөд унагаачихсан байсан, дараа нь нэг залуутай зууралдаад зогсож байхад шүд нь хугарчихлаа гэчихсэн зогсож байсан. ...Тэр өдөр Г-, Х-бид гурвыг караокеноос гарахад нэг эмэгтэй газар уначихсан, намайг өшиглөөд унагаачихлаа гээд сууж байсан. Тэгэхээр Ө- унагасан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 43-45/, гэрч Э.Г-ын: “...очоод харахад нэг эмэгтэй уначихсан байсан бөгөөд тухайн үед Ө-ийг өшиглөсөн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 53-55/, гэрч Д.У-ын: “...Энэ үед манай найз М- сууж байгаад машинаас буугаад боль гэхээр нь бууж очтол уг залуу гэдэс рүү нь тийрээд унагаасан. Ц- бас машинаас буутал мөн гараараа нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Энэ үед Ц-ын амнаас нь цус гарч шүд нь унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/, гэрч М.Э-ын: “...тэр дунд М- уйлчихсан намайг өшиглөөд унагаачихлаа гээд байж байсан. Ц-ыг тэнд өөрийгөө прокурор гээд байсан нэг согтуу эрэгтэй нь шууд нүүр рүү нь цохиод байсан. Тэгэхэд амнаас нь цус гараад эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 40/, шинжээчийн 11761, 11711 тоот дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Ө-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Ц-ыг цохиж, зодон, мөн хохирогч Ц.М-г өшиглөж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

Шүүх хуралдаанд прокурор шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулах дүгнэлт гаргасан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Ө-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-н 4 дүгээр зүйлд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг үндэслэн түүнд оногдуулсан 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Ө-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр түүнээс олон хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ийг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Ө-т оногдуулсан 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР