Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/467

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Шүүгдэгч: Б.Э- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000000928 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Э- нь 2021 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Д/2-45 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ахуйн зориулалтай, улаан өнгийн хатуу иштэй хутгаар хохирогч Г.Г-ийн зүүн бугалгад 1 удаа хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 05-ны оройн 22 цагийн үед гэртээ байхад манай эхнэрийн найз З- нөхөр болон нөхрийнхөө найз гэх нэг эрэгтэй хүний хамтаар гурвуулаа эхнэр бид хоёрын түрээслэн амьдарч буй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот нийтийн байранд ирцгээсэн. Манай эхнэр найзыгаа нөхөртэйгөө ирнэ гээд гурван ширхэг “Сэнгүр” нэртэй том савлагаатай пиво аваад тавьчихсан байсан бөгөөд гурван лааз пиво хувааж ууж дуусгаад дахиад дуудлагаар хоёр ширхэг том савлагаатай пиво худалдаж аваад бид тав хамтдаа тухайн пивийг нь хувааж уунгаа бид нарт мах чанаж өгсөн бөгөөд эхнэр маань согтоод суугаагаараа унтах гээд байхаар нь би арагшаа орон дээр хэвт гээд гараараа цээж рүү нь түлхтэл эхнэрийн маань найз З- гэх эмэгтэй чи манай найзыг цохичихлоо гэж хэлэнгүүтээ ширээн дээр чанаад тавьсан байсан махны хажууд байсан манай гэрийн хоол хийхэд ашигладаг улаан өнгийн иштэй хутгыг аваад миний зүүн гарын булчин хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэр даруй хутга хатгасан хэсгээс цус гараад эхэлсэн ба эхнэр маань сэргээд цагдаад дуудлага өгсөн. ...зодоон огт болоогүй. ...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э-З-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч, надад эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд би өөрийн найз охин болох Э-З-, өөрийн найз болох Г-, У-, Ш- нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот буюу Г- найзындаа байж байсан ба бид нар 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 4 ширхгийг хувааж уусан бид нар хоол идээд байж байхад Г-ийн эхнэр У- нэлээн согтчихсон байсан болохоор Г- эхнэрээ унт гээд гараараа түлхтэл У- орон дээр сууж байгаад арагшаа унаад хэвтчихсэн юм. Тэгтэл манай найз охин Э-З- Г-ийг эхнэрээ цохилоо гэж уурлаад мах идэж байсан хутгатай гараараа далайхад хажууд нь сууж байсан Г- цочихдоо зүүн гараа дээш өргөтөл хутга нь Г-ийн зүүн мөр орчимд нь хутганы үзүүр зоогдчихсон юм. ..хоорондоо зодолдсон асуудал болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Гэрч А.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- мах чанаж өгсөн бөгөөд бид нар хоол идээд юм яриад сууж байх үед Г- эхнэрээ чи их согтчихсон байна, хойшоо налаад унтчих гээд гараараа У-г түлхтэл У- орон дээр уначихсан юм. Тэгтэл Баттайваны найз охин Г-ийг чи манай найз охиныг цохилоо гээд мах идэж байсан хутагтай гараа өргөтөл Г-ийн зүүн гараараа эхнэрээ түлхэж байгаа нь таарсан бөгөөд хутганы үзүүр Г-ийн зүүн мөрөн дээр зоогдчихсон юм. Тэгтэл У- уурлаад чи манай нөхрийг яаж байгаа юм бэ гэтэл Г-ийн зүүн мөрнөөс цус гарсан бөгөөд У- шууд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч Н.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид дөрөв 2.5 литрийн 4 ширхэг пиво хувааж ууж дуусгаад хоол идээд сууж байтал манай нөхөр Г- намайг одоо амар, их согтчихсон байна гээд гараараа түлхэхэд би арагшаа орон дээр хэвтээд өгсөн юм. Тэгтэл Э-З- манай нөхөр рүү уурлаад чи яагаад эхнэрээ цохиод байгаа юм гэж хэлээд мах идэж байсан улаан иштэй жижиг хутгаар зүүн гар руу нь 1 удаа зоосон юм. ...зодолдсон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Шинжээчийн 4896 тоот дүгнэлтэд: “...Г.Г-ийн зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдов. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 40-41/,

Яллагдагчаар Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- эхнэр У-тай муудалцаад нүүр рүү нь алгадаад байсан болохоор нь би ширээн дээр байсан хутгыг гартаа бариад Г-ийн зүүн мөр рүү нь 1 удаа хатгачихсан юм. Тэгтэл зүүн мөрнөөс нь цус гарахад У- цагдаа дуудчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 52/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-6/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-10/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13-14/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-64, 66/, хохирогчийн хүсэлт /хх-н 70/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Э- нь 2021 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шлижих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Д/2-45 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ахуйн зориулалтай, улаан өнгийн хатуу иштэй хутгаар хохирогч Г.Г-ийн зүүн бугалгад 1 удаа хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Г-ийн: “...эхнэр маань согтоод суугаагаараа унтах гээд байхаар нь би арагшаа орон дээр хэвт гээд гараараа цээж рүү нь түлхтэл эхнэрийн маань найз З- гэх эмэгтэй чи манай найзыг цохичихлоо гэж хэлэнгүүтээ ширээн дээр чанаад тавьсан байсан махны хажууд байсан манай гэрийн хоол хийхэд ашигладаг улаан өнгийн иштэй хутгыг аваад миний зүүн гарын булчин хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэр даруй хутга хатгасан хэсгээс цус гараад эхэлсэн ба эхнэр маань сэргээд цагдаад дуудлага өгсөн. ...зодоон огт болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч Б.Б-гийн: “...Г-ийн эхнэр У- нэлээн согтчихсон байсан болохоор Г- эхнэрээ унт гээд гараараа түлхтэл У- орон дээр сууж байгаад арагшаа унаад хэвтчихсэн юм. Тэгтэл манай найз охин Э-З- Г-ийг эхнэрээ цохилоо гэж уурлаад мах идэж байсан хутгатай гараараа далайхад хажууд нь сууж байсан Г- цочихдоо зүүн гараа дээш өргөтөл хутга нь Г-ийн зүүн мөр орчимд нь хутганы үзүүр зоогдчихсон юм. ..хоорондоо зодолдсон асуудал болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, гэрч А.Ш-ын: “...Г- эхнэрээ чи их согтчихсон байна, хойшоо налаад унтчих гээд гараараа У-г түлхтэл У- орон дээр уначихсан юм. Тэгтэл Баттайваны найз охин Г-ийг чи манай найз охиныг цохилоо гээд мах идэж байсан хутагтай гараа өргөтөл Г-ийн зүүн гараараа эхнэрээ түлхэж байгаа нь таарсан бөгөөд хутганы үзүүр Г-ийн зүүн мөрөн дээр зоогдчихсон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, гэрч Н.У-гийн: “...бид дөрөв 2.5 литрийн 4 ширхэг пиво хувааж ууж дуусгаад хоол идээд сууж байтал манай нөхөр Г- намайг одоо амар, их согтчихсон байна гээд гараараа түлхэхэд би арагшаа орон дээр хэвтээд өгсөн юм. Тэгтэл Э-З- манай нөхөр рүү уурлаад чи яагаад эхнэрээ цохиод байгаа юм гэж хэлээд мах идэж байсан улаан иштэй жижиг хутгаар зүүн гар руу нь 1 удаа зоосон юм. ...зодолдсон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, шинжээчийн 4896 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.ЭрдэнЗ-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Г-ийг эхнэрээ цохилоо гэх шалтгаанаар зүүн булганд нь 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн бичгээр хүсэлт /хх-н 70/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

Шүүх хуралдаанд прокурор шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулах дүгнэлт гаргасан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Э-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-н 4 дүгээр зүйлд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийн дагуу түүнд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.  

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР