Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/474

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Б.Чинзориг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: З.М-,

шүүгдэгч: Э.О-, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О-т холбогдох эрүүгийн 2003004640409 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.О-, ..... тоот регистртэй,  

Шүүгдэгч Э.О- нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин захын хойд талын замын автобусны буудлын орчимд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч М.О-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон, улмаар хэргийн газрыг зориуд санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.О- шүүх хуралдаанд: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М- шүүх хуралдаанд: “...Талийгаач миний төрсөн ах байсан. Эхээс долуулаа, эцэг өөр эх нэгтэй. Анх шүүгдэгчтэй ярьж тохиролцсон тэврийн хэрэгслийг нэхэмжилж байна. Тэр үед гандан дээр ажил явдалд оролцоод явж байхад оршуулгын зардлыг төлнө. Машинаа нэр дээр шилжүүлэх боломж байгаа талаар шүүгдэгч болон түүний эгч, ах нар нь хэлж байсан. Үүнээс хойш нэг ч удаа утсаа авахгүй, холбогдоогүй. Оршуулгын зардлын мөнгийг төлсөн. Би сэтгэл санааны хохиролд өгнө гэсэн автомашиныг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байтал Замын цагдаагаас залгаад “Хархорин захын ойролцоо явган хүний гарц дээр нэг хүн нас барчихсан байна, таньж олуулах ажиллагаа хийх гэсэн юм” гэхээр нь яваад очтол зураг үзүүлсэн ба тухай зураг нь миний төрсөн ах М.О- байсан. ...Өөрийн гэсэн гэр оронгүй бөгөөд манай дунд эгч М.У-гийн гэрт түр амьдарч байсан... өвчин зовлон ярьдаггүй, бие нь эрүүл хүн байсан. Манай ахыг мөргөсөн жолооч нь хэргийн газраас зугтааж, анхны тусламж үзүүлээгүйд гомдолтой байна. Хэрэв ах минь эмнэлгийн тусламж авсан бол амьд гарах боломжтой байсан гэж бодож байна... Оршуулгын зардал 6.000.000 төгрөг ба жолооч талаас 5.400.000 төгрөгийн зардал төлсөн.... Оршуулгын зардлыг бүрэн барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 51-52/,

Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаач М.О- гэдэг хүнийг танихгүй, машинд мөргүүлэхийг хараагүй. Зам бөглөрөөд байхаар нь очиж хартал хүн машинд дайруулчихсан байсан. Тэр машинд мөргүүлсэн хүн Хархорин захын хашаанд 20 цагийн үед унтаж байсан. Тэгээд 21 цаг 30 орчим минутын үед би хашааны хаалга түгжчихээд буцаад ирж байхад хашаан дотор гарах газраа олохгүй байгаа бололтой алхаж байхаар нь хашаанаас гаргаж өгсөн. 22 цаг өнгөрч байхад камер харахад хашааны гадаа унтаж байхаар нь хамт гарч байсан хамгаалагч Болд-Эрдэнэтэй очиж сэрээгээд “та явж чадах уу” гэж асуухад “одоо явчихна” гэж хэлээд босоод явсан. Тэгж яваад барагцаагаар 30 орчим минутын дараа зам түгжрээд байхаар нь очоод харахад бид хоёрыг босгож явуулсан хүн машинд дайруулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 82-83/,

Гэрч С.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаачийг машинд мөргүүлэхийг хараагүй. Цагдаа нар орж ирээд камер шүүхэд нь мэдсэн. 22 цагийн үед байх би санахгүй байна. Хархорин худалдааны төвийн машин гардаг хаалганы гадаа унтаж байхад нь Ганхуяг гэдэг хамгаалагчтай хамт очиж босгоод “та явж чадах уу” гэж асуухад “одоо зүгээр явчихна” гэж хэлээд босоод зүүн тийш чиглэлтэй явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 84-85/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эгч Болортуяатай хамт явж байсан. Хархорин захын гүүр өнгөрөөд явж байхад явган хүний гарцны цаана эрэгтэй хүн хэвтэж байсан, би босгоё гээд очоод “ахаа босоорой” гэхэд их цус болсон байсан. Машин руугаа буцаж гүйгээд 102 руу хоёр удаа залгасан боловч амжилтгүй болсон...” гэх мэдүүлэг /хх 1-н 75-77/,

Гэрч А.Б-гийн “...Би гэрээсээ гараад дүү Бадамзултай хамт явж байсан ба Хархорин захын гүүр өнгөрөөд явж байхад явган хүний гарцны цаана эрэгтэй хүн хэвтэж байсан. Анх хараад согтуу хүн хэвтэж байна гэж харсан. Дөхөөд хартал гутал нь үсэрсэн, цүнх нь шидэгдсэн хувцас нь цус болж, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхэд гарцаар явж байсан нэг ах бид хоёрыг хүн дайрсан юм биш үү гэж хэлэхээр нь үгүй цагдаад дуудлага өгөх гэж байна гэж хэлээд машинаа холдуулж тавьсан. Тэгээд тэр ах зам дээр хэвтэж байсан хүний гүрээний судсан дээр дарж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 79-80/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ...О-ирэхгүй болохоор нь 21 цаг 30 минутын орчимд би утас руу нь залгаад хурдан ир, маргааш ажилтай биз дээ гэж уурласан. Түүнээс хойш 22 цаг 30 минутын орчимд би О-ын утас руу дохиход О-эргэж залгаад “би одоо Зүүн салаанаас гарах гэж байна, замаараа нэг найзыгаа 10 дугаар хороололд буулгаад шууд очно” гэж хэлсэн. Түүнээс хойш дахиад залгаад яасан гэхэд “би 100 айл орчим явж байна гэж хэлснээ жаахан байж байгаад 10 дугаар хороололд явж байна гээд сүүлдээ би хаана яваагаа мэдэхгүй байна гээд сонин юм яриад эхэлсэн. Сүүлдээ яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй О-над руу нэг танихгүй дугаараас залгаад би ТҮЦ-нээс ярьж байна, би такси бариад яваад очъё, чи таксины мөнгө бэлдээд байж бай, өнөөдөр надтай хамт байгаач чамд хэлэх юм байна гэж хэлсэн. Би хувцсаа өмсөөд буугаад ирэхэд О-цагаан өнгийн приус машинтай эмэгтэй жолоочтой ирсэн гадаа зогсож байсан. Тэгээд би О-оос юу болсон юм бэ, юу хэлэх гэсэн юм гэхэд хэсэг хэлэхгүй байж байснаа би 10 дугаар хороолол орчимд хүн дайрчихсан, балмагдаад шууд явчихсан гэж хэлсэн. О-одоо цагдаа нар над руу залгах байх би өнөөдөр чамтай хамт байж байгаад өглөө өөрөө цагдаа дээр очно гэж хэлсэн. Тэр машиныг О-байнга унадаг, миний мэдэхийн О-оос өөр хүн унадаггүй байх...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 84-85-рт/,

Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой ...Эрдэнэбаатар, Галбадрах, О-нар нь намайг тосч аваад, бид нар О-ын гэр рүү орохын өмнө дэлгүүрээс 0.75 литрийн “Хар экс” нэртэй архи болон ундаа аваад гэрт нь орж сууцгаасан. Тэгээд бид нар сууж байхад О-байсхийгээд л утсаар яриад гэрээс орж гараад байсан. Тэгээд О-ыг явахаар бол дуудлагын жолооч дуудаад хамт явна шүү гэж хэлсэн чинь за гэж хэлсэн. Тэгээд сууж байхад О-гэнэт ганцаараа машинаа унаад явчихсан байсан. ...О-архи согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 55-56/,

Гэрч У.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ...фэсбүүкт орсон чинь О-байхаар нь утасны дугаарыг нь аваад өөрийн утаснаас залгахад О-би яваад очъё гэсэн. Тэгээд 17 цагийн үед байх О-ирчихлээ гээд О- гэрээ зааж өгөхөд О-цагаан өнгийн приус 20 маркийн машинтай ирсэн. ...О-бид хоёр О-ын машинтай дэлгүүр гарч 0.75 литрийн “Хараа” архи аваад буцаж ирээд О-, Галмандах, О-оо бид 4 юм яриад уусан. ...20 цагийн үед Баярхүү ирэхдээ 0.75 литрийн “Хар экс” гэдэг 1 шил архи авч ирээд бид 5 ууж байхад О-утас нь дуугараад байн, байн орж гараад байсан. Бид нар О-ыг явахаар бол дуудлагын жолооч дуудаж яваарай гэж хэлсэн. О-ч гэсэн өөрөө дуудлагын жолооч авна гэж ярьж байсан. ...23 цагийн үед нэг мэдсэн О-явчихсан байсан. ...бүтэн 1 шил архи талтай 5 хүн уухад О-адилхан уусан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 70-72/,

Шинжээчийн 1901 дугаар дүгнэлтэд: “...Талийгаач М.О-ын цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зулай ясны шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзавчийн доорх цус харвалт, баруун талд олон хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын олон хавирганы шууд бус хугарал, хоёр уушгины няцрал, урагдал, элэгний эдийн няцрал, толгой, нүүр, их бие, мөчдийн олон шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хэвтээ босоо аль ч байрлалд дайрагдах, мөргөгдөх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь авто ослын улмаас дээрх хавсарсан гэмтлийг авч шууд нас баржээ. Цогцосны байрлал өөрчилсөн, зөөвөрлөсөн, эсэхийг хэргийн газрын үзлэгийн явцад тогтоох боломжтой. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 02 цаг 40 минутад хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байжээ. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаачийн ходоодонд хоолны агууламж байхгүй байна. Талийгаачийн цусанд 3.9 промилли, шээсэнд 3.6 промилли спитрийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцос 164 см урттай байна...” гэсэн дүгнэлт /хх 1-н  166-171/,

Мөрдөгчийн 177 магадалгаанд: “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.О- нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.О-ыг мөргөн түүний амь нас хохирсон, мөн дүрмийн 3.7 дахь заалт “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг.../согтууруулах ундаа, .../...хэрэглэсэн, .../...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...” гэснийг зөрчин осолд өртсөн явган зорчигч М.О-ыг мөргөн түүний амь нас хохирсон гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Мишиг овогт М.О- нь Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө гэсэн заалтыг, мөн дүрмийн 8.9 г/ улаан гэрэл  дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь гэх үндэслэлтэй байна...” гэжээ /хх 1-н 181/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хархорин гэж хаягласан дүрс бичлэгийг тоглуулахад дүрс бичлэг нь нийт 01 минут 15 секунтын бичлэг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ Хархорин төвийн хойд зам 3 урсгалтай явган хүний гарцтай баруун, зүүн тийш зорчих 2 чигийн урсгалтай зам, автобусны буудал, ТҮЦ харагдаж байна. Явган зорчигч М.О- нь ертөнцийн зүгээр зүүн тийш явсан замын зорчих хэсэг рүү урдаасаа хойшоо гарахаар замын зорчих хэсэг рүү орж буй дүрс бичигдсэн байна. Явган зорчигч М.О- замын зорчих хэсгийн явган хүний замын гарцан дээр 32-02 ОРО улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үеийн дүрсийг улаан дугуйгаар, явган зорчигчийн улаан гэрэл дохио улаан өнгөтэй ач буй дүрс бичлэгийг ногоон дугуй дүрсээр тэмдэглэж харуулав” гэжээ /хх 1-н 35-38/,

Яллагдагчаар Э.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр найз охин Д-гийн гэр болох Цайз 16-ийн ойролцоо байх Газарчин дээд сургуулийн оюутаны байранд байж байтал Эрдэнэбаатар залгаад Баруун салаанд хүрээд ир, ангийнхан уулзаж байна гэхээр нь “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баруун салаанд 17-18 цагийн орчимд О-ын гэрт очиход Эрдэнэбаатар, Галмандах, О- гурав нэг шил 0,75 литрийн архийг уугаад талд нь орчихсон сууж байсан. Бид дөрөв архийг хүн бүрт нэг хундага уухаар аягалаад хувааж уусан. Би “...” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод, Эрдэнэбаатарын хамт худгаас 20 литрийн ус авах замдаа дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн архи, том ундаатай аваад гэрт очсон. Би тэр архинаас 2 хундага уусан. Би автомашин барьж байгаа гээд их уугаагүй. 19-20 цагийн орчимд Баярхүүг автобусны буудал дээр ирчихсэн байна гэхээр нь би “...” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод, Эрдэнэбаатар, О-ын хамт гурвуулаа Баярхүүг тосож аваад ирэх замдаа Баярхүү дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи, ундаа аваад О-ын гэрт очоод тавуулаа архи хувааж уусан. Би тэр архинаас 2 хундага татсан. Дуудлагын жолооч дуудах гэсэн чинь найзууд жаахан юм ярьж байгаад яв гээд байхаар нь дуудлагын жолооч дуудахаа хойшлуулсан. Би найз охин Д-тэй утсаар ярих гэж гараад хэсэг утсаар ярьж байгаад өглөө ажилтай байсан тул яараад найз О-ын гаднаас “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баруун салаанаас гараад, Баянхошууны гэрлэн дохиогоор хойноосоо, урагшаа чиглэлтэй явж байгаад 21-ийн гэрлэн дохиотой уулзвараар буюу лабораторийн гэрлэн дохиотой уулзвараар зүүн эргээд төв замаар ороод 32-ын гүүрэн дээр нэгдүгээр эгнээнд ороод Хархорин захын автобусны буудал дөхөөд ертөнцийн зүгээр баруунаас, зүүн чиглэлд нэгдүгээр эгнээнд ороод явж байхад явган хүний урд талын гарцан дээр 4-5 хүн зогсож байгаа харагдсан. Би ногоон гэрлээр явж байсан тул хөдөлгөөнөө үргэлжлүүлж явж байтал явган зорчигч эрэгтэй явган хүний гарцны ертөнцийн зүгээр зүүн ирмэгээр гэнэт гүйгээд ороод ирсэн. Надад автомашины тоормос гишгэх завдал болоогүй. Явган зорчигч эрэгтэй автомашинд мөргүүлээд 1, 2 дугаар эгнээний гол хэсэгт унасан. Би автомашины ослын гэрлээ асаагаад нэгдүгээр эгнээнд зогсоод, явган зорчигч эрэгтэй дээр очиход нүүрэн хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон, амьсгалахгүй байхаар нь айсандаа автомашинаа унаад хаагуур явснаа мэдэхгүй нэг мэдэхэд таксинд суучихсан Цайз 16-д байрлах найз охин Д-гийн байрны гадаа очсон. Д-д автомашинаараа хүн дайрсан, автомашинаа Нарны хороолол ойролцоо үлдээчихсэн гэж хэлээд найз охин Д-гийнд хоночхоод өглөө 6 цаг өнгөрч байхад ...осол гаргасан талаараа бүгдийг Төв замын цагдаад мэдэгдсэн. Би цагдаа нартай автомашинаа хаана тавьснаа санахгүй хайж байгаад Саруул тэнгэр хотхоны зогсоол дээр тавьчихсан байхад маргааш орой нь олсон. Би В, С, Д ангиллын үнэмлэхтэй, 2012 онд жолооч болсон. Оршуулгын зардалд 6.800.000 төгрөг өгсөн. Ажил явдлын хоол хүнсэнд ямааны мах гулуузаар өгсөн.  Хүнээс морь худалдаж авч сэтэрлэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 191-193/,

       Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 8-17/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 18-24/, Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх 1-н 25-30/, хохирлын баримтууд /хх 1-н 40-42/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 200-216, 221-227/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.О- нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин захын хойд талын замын автобусны буудлын орчимд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч М.О-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон, улмаар хэргийн газрыг зориуд санаатай орхин зугтаасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М-ын: “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байтал Замын цагдаагаас залгаад “Хархорин захын ойролцоо явган хүний гарц дээр нэг хүн нас барчихсан байна, таньж олуулах ажиллагаа хийх гэсэн юм” гэхээр нь яваад очтол зураг үзүүлсэн ба тухай зураг нь миний төрсөн ах М.О- байсан. Би М.О- ахыг нас барсныг нь тэр үед мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 51-52/, гэрч Г.Г-ийн: “...Талийгаач М.О- гэдэг хүнийг танихгүй, машинд мөргүүлэхийг хараагүй. Зам бөглөрөөд байхаар нь очиж хартал хүн машинд дайруулчихсан байсан. Тэр машинд мөргүүлсэн хүн Хархорин захын хашаанд 20 цагийн үед унтаж байсан. Тэгээд 21 цаг 30 орчим минутын үед би хашааны хаалга түгжчихээд буцаад ирж байхад хашаан дотор гарах газраа олохгүй байгаа бололтой алхаж байхаар нь хашаанаас гаргаж өгсөн. 22 цаг өнгөрч байхад камер харахад нөгөө хашааны гадаа унтаж байхаар нь хамт гарч байсан хамгаалагч Болд-Эрдэнэтэй очиж сэрээгээд “та явж чадах уу” гэж асуухад “одоо явчихна” гэж хэлээд босоод явсан. Тэгж яваад барагцаагаар 30 орчим минутын дараа зам түгжрээд байхаар нь очоод харахад бид хоёрыг босгож явуулсан хүн машинд дайруулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 82-83/, гэрч С.Болд-Эрдэнийн: “...Талийгаачийг машинд мөргүүлэхийг хараагүй. Цагдаа нар орж ирээд камер шүүхэд нь мэдсэн. 22 цагийн үед байх би санахгүй байна. Хархорин худалдааны төвийн машин гардаг хаалганы гадаа унтаж байхад нь Ганхуяг гэдэг хамгаалагчтай хамт очиж босгоод “та явж чадах уу” гэж асуухад “одоо зүгээр явчихна” гэж хэлээд босоод зүүн тийш чиглэлтэй явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 84-85/, гэрч Ц.Б-ын: “...Би эгч Болортуяатай хамт явж байсан. Хархорин захын гүүр өнгөрөөд явж байхад явган хүний гарцны цаана эрэгтэй хүн хэвтэж байсан, би босгоё гээд очоод “ахаа босоорой” гэхэд их цус болсон байсан. Машин руугаа буцаж гүйгээд 102 руу хоёр удаа залгасан боловч амжилтгүй болсон...” гэх мэдүүлэг /хх 1-н 75-77/, гэрч А.Б-гийн “...Би гэрээсээ гараад дүү Бадамзултай хамт явж байсан ба Хархорин захын гүүр өнгөрөөд явж байхад явган хүний гарцны цаана эрэгтэй хүн хэвтэж байсан. Анх хараад согтуу хүн хэвтэж байна гэж харсан. Дөхөөд хартал гутал нь үсэрсэн, цүнх нь шидэгдсэн хувцас нь цус болж, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхэд гарцаар явж байсан нэг ах бид хоёрыг хүн дайрсан юм биш үү гэж хэлэхээр нь үгүй цагдаад дуудлага өгөх гэж байна гэж хэлээд машинаа холдуулж тавьсан. Тэгээд тэр ах зам дээр хэвтэж байсан хүний гүрээний судсан дээр дарж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 79-80/, гэрч Б.Д-гийн: “...О-над руу нэг танихгүй дугаараас залгаад би ТҮЦ-нээс ярьж байна, би такси бариад яваад очъё, чи таксины мөнгө бэлдээд байж бай, өнөөдөр надтай хамт байгаач чамд хэлэх юм байна гэж хэлсэн. Би хувцсаа өмсөөд буугаад ирэхэд О-цагаан өнгийн приус машинтай эмэгтэй жолоочтой ирсэн гадаа зогсож байсан. Тэгээд би О-оос юу болсон юм бэ юу хэлэх гэсэн юм гэхэд хэсэг хэлэхгүй байж байснаа би 10 дугаар хороолол орчимд хүн дайрчихсан, балмагдаад шууд явчихсан гэж хэлсэн. О-одоо цагдаа нар над руу залгах байх би өнөөдөр чамтай хамт байж байгаад өглөө өөрөө цагдаа дээр очно гэж хэлсэн. Тэр машиныг О-байнга унадаг, миний мэдэхийн О-оос өөр хүн унадаггүй байх...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 84-85/, гэрч М.Б-гийн: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой ...Эрдэнэбаатар, Галбадрах, О-нар нь намайг тосч аваад, бид нар О-ын гэр рүү орохын өмнө дэлгүүрээс 0.75 литрийн “Хар экс” нэртэй архи болон ундаа аваад гэрт нь орж сууцгаасан. Тэгээд бид нар сууж байхад О-байсхийгээд л утсаар яриад гэрээс орж гараад байсан. Тэгээд О-ыг явахаар бол дуудлагын жолооч дуудаад хамт явна шүү гэж хэлсэн чинь за гэж хэлсэн. Тэгээд сууж байхад О-гэнэт ганцаараа машинаа унаад явчихсан байсан. ...О-архи согтууруулах ундаа баг зэрэг хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 55-56/, гэрч У.Эрдэнэбаатарын: “...О-бид хоёр О-ын машинтай дэлгүүр гарч 0.75 литрийн “Хараа” архи аваад буцаж ирээд О-, Галмандах, О-оо бид 4 юм яриад уусан. ...20 цагийн үед Баярхүү ирэхдээ 0.75 литрийн “Хараа экс” гэдэг 1 шил архи авч ирээд бид 5 ууж байхад О-утас нь дуугараад байн, байн орж гараад байсан. Бид нар О-ыг явахаар бол дуудлагын жолооч дуудаж яваарай гэж хэлсэн. О-ч гэсэн өөрөө дуудлагын жолооч авна гэж ярьж байсан. ...23 цагийн үед нэг мэдсэн О-явчихсан байсан. ...бүтэн 1 шил архи талтай 5 хүн уухад О-адилхан уусан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 70-72/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Явган зорчигч М.О- замын зорчих хэсгийн явган хүний замын гарцан дээр 32-02 ОРО улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үеийн дүрсийг улаан дугуйгаар, явган зорчигчийн улаан гэрэл дохио улаан өнгөтэй ач буй дүрс бичлэгийг ногоон дугуй дүрсээр тэмдэглэж харуулав” гэжээ /хх 1-н 35-38/, шинжээчийн 1901 дугаар дүгнэлт, мөрдөгчийн 177 дугаар магадалгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ” үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч М.О-ыг мөргөж амь насыг нь хохироосон нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тус тус тооцохоор заасан үйлдлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирол, оршуулгын зардлыг төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн машин болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлсэн бөгөөд тухайн хохирлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.О-ыг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 5, 12 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Э.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл хамрагдаж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Э.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

Шүүх хуралдаанд прокурор шүүгдэгч Э.О-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах дүгнэлт гаргасан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.О-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-н 4 дүгээр зүйлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялыг өршөөн хэлтрүүлж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 02 жилийн хорих ялыг хасах нь зүйтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.О-ын цагдан хоригдсон 171 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссан дараа ...үеэс хугацааг тоолно” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.О-ын 813706 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.О-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд,

- “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.   

4. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн  6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зааснаар шүүгдэгч Э.О-т оногдуулсан 03 жил хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ын урьд цагдан хоригдсон 171 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хамт хавсаргаж, шүүгдэгч Э.О-ын 813706 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршигийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

              11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР