Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2017/00058

 

А.Ж нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэртэй, А.Ж нэхэмжлэлтэй, Н ХХК-ийн захирал А.Д холбогдох иргэний хэргийг хариуцагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч А.Ж, түүний өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч К.Зулхаш, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний хөлс 7000000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Н ХХК-ны захирал А.Дэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Б сумын 100 хүүхдийн дотуур байрын ажлыг хийж дуусгаж хүлээлгэн өгсөн билээ. Уг хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу барилгын өрлөг, шавардлага, дотуур байрны засал чимэглэл бусад холбогдох гэрээнд заасан ажил үүргээ хийж гүйцэтгэсэн юм. Гэрээнийхээ дагуу А.Ж би үүргээ гүйцэтгэж, бүрэн дуусгаж Н ХХК-ийн захирал А.Д хүлээлгэн өгсөн юм. А.Ж миний хийж гүйцэтгэж дуусгасан дотуур байрыг ашиглах боломжтой болгож хүлээлгэн өгсөн. Б сумын 100 хүүхдийн дотуур байрны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Д, тус сумын сумын Засаг дарга нар оролцож, хүлээн авсан билээ. 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Н ХХК-ийн захирал А.Дэй нийт 26000000 төгрөгтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан билээ. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ миний бие бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч ажлын үр дүнд өгөх ёстой байсан Н ХХК-ийн захирал А.Д нь нийт 26000000 төгрөгийн 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг өгөөгүй учраас миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан ба 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай Эвлэрлийн гэрээгээр Н ХХК-ийн захирал А.Д нь 14000000 /арван дөрвөн сая/ төгрөгийн 7000000 /долоон сая/ төгрөгийг 2016 оны 3 дугаар 20-ны өдөр өгөхөөр тохиролцож, үлдсэн 7.000.000 /долоон сая/ төгрөгийг миний бие шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцож Эвлэрэлийн гэрээ байгуулсан билээ. Уг 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай Эвлэрлийн гэрээг, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 614 дугаартай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж, миний бие 7000000 төгрөгийг Н ХХК-ийн захирал А.Дээс авсан болно. Н ХХК-ийн захирал А.Дээс 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай Эвлэрлийн гэрээний дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Н ХХК-ийн захирал А.Д нь ноцтойгоор зөрчиж гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 7000000 /долоон сая/ төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Манай компани 2014-2015 онуудад БСШУ-ны яамны захиалгаар тус аймгийн Б сумд сургуулийн дотуур байр барьж 2015 оны 10 сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. А.Ж надтай 26000000 төгрөгийн гэрээ байгуулсан гэж худлаа бичсэн байна. Би 2015 оны 4 дүгээр сард түүнтэй 24000000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн дүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнд ажлын нийт объём 10000000, 1 дүгээр давхрын цонхны угсралт ба цонхны тавцанг угсрах ажил 500000, 1 дүгээр давхрын дотор шавардлага 5000000, 1 дүгээр давхрын дотор засал 1000 м.кв х 5500 = 5500000 /1м.кв-5500/. дээврийн ажил 3000000, бүгд 24000000. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байна. Би А.Жд ажил гүйцэтгэх явцад цемент, нүүрс болон бэлэн мөнгө, нийт 12500000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-нд 7000000 төгрөг, бүгд 19500000 төгрөг өгсөн. Түүний одоо нэхэмжилж байгаа 7000000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар А.Жд тэрээр тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан үед болон урьд нь олон удаа уулзаж хэлж байсан болно. Учир нь: 1.А.Ж гэрээгээр хүлээсэн ажил үүргээ бүрэн дуусган, ашиглах боломжтой болгож 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн байна. А.Ж улсын комисст барилгыг хүлээлгэж өгдөг субъект биш юм. Гэхдээ тухайн өдөр дотуур байрны нээлтийн ажиллагаа болж Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга барилгыг хүлээж авах улсын комисс оролцсон нь үнэн. Тухайн өдөр ГХБХБ-ын хэлтсийн дарга байсан Х.Н ахлагчтай 9 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс барилгыг хүлээж авахаас татгалзаж 2015 оны 10 сарын 16 хүртэл дутуу хийсэн ажлуудыг бүрэн хийх, чанарын шаардлага хангаагүй ажлуудыг дахиж хийж гүйцэтгэх даалгавар өгсөн. А.Ж хариуцсан барилгын 1 дүгээр давхрын өрөөнүүдийн эмульс, будаг, наасан плита зэрэг нь чанарын шаардлага хангаагүй учраас улсын комиссын өгсөн даалгаврын дагуу дахиж хийх болсон. Энэ тухай А.Жд хэлэхэд би ажлаа хийж дууссан, дахиж хийхгүй гэж явчихсан. Түүний чанаргүй хийсэн ажлыг би цалин хөлс төлж өөр хүмүүсээр дахин хийлгэж, цаг хугацаа, бараа материал, цалин хөлс, хоолны зардал зэргээр хохирсон А.Ж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж би үзэж байна.Тэрээр чанаргүй хийсэн ажлын зөрчлийг өөрөө хариуцаж арилгах ёстой байсан. 2. А.Ж 3000000 төгрөгөөр дээврийн ажлыг гүйцэтгэхэд туслах ажилтнаа өөрөө цалинжуулах ёстой байсан, гэтэл түүний туслахаар ажилласан 2 ажилчны цалинг би төлсөн юм. Үүнийг бас А.Ж мартсан юм шиг байна гэжээ.

Хариуцагч Н ХХК-ийн захирал А.Д шүүхэд бичгээр өгсөн нэмэлт тайлбарт: Манай компани урьд нь барилгын засвар, барилгын хэсэгчлэн гүйцэтгэх ажил /суурь цутгах, дээвэр хийх г.м/ ажил хийдэг байсан.Б сумын дотуур байрны барилга манай компанийн хувьд бие дааж барьсан анхны барилга бөгөөд бид уг ажлыг гүйцэтгэгч Цамхаг өргөө ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж хийсэн юм. Миний бие тухайн үед тус сумаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч байсан учраас элдэв хэл ам гаргахгүй барилгыг маш чанартай барихыг зорьсон.Иймд А.Жтай гэрээ хийхдээ түүний санал болгосон үнэ хөлсийг хэлснээр нь зөвшөөрч, хугацаанд нь чанартай хийвэл боллоо гэж тохиролцсон.Барилгын бусад компаниуд манай ажилтай ижил ажлыг хамаагүй доогуур тарифаар хийлгэдэг болохыг дараа нь мэдлээ. А.Жажил хийж байсан үеийн баахан зураг нотлох баримтаар өгчээ.

Би түүнийг ажлаа хийгээгүй гэж үгүйсгээгүй, бидний маргааны гол шалтгаан нь түүний хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хийсэн ажлаа чанаргүй гүйцэтгэсэн явдал юм. Бид анх тохиролцохдоо А.Ж барилгын бригад аваачиж ажиллана, ажлаа 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дуусгана гэсэн. Барилгын бригад хамгийн багадаа 6-8 хүнтэй байдаг. Гэтэл А.Ж өрлөг, шавардлагад 4 хүн ажиллуулсан. Би барилгыг хурдан дуусгах гэж 1 туслах ажилтан гаргаж өгсөн. Шалны тэгшилгээ хийх үед 1 ажилчин нь А.Жтай муудалцаад явчихсан учраас 3 хүн үлдэж би дахиад 1 туслах ажилтан нэмж өгсөн. Тухайн үед А.Жд чи ажлаа хурдан, чанартай хийвэл боллоо гэж туслах ажилчны хөлсийг би өөрөө төлж байсан.Харин барилгын дээврийн ажилд А.Ж ганц хүнтэй ажиллаж байсан учраас би Т.Б, А.Шгэдэг 2 туслах гаргаж өгч цалинг А.Ж хариуцахаар тохиролцсон боловч А.Ж хөлсөө төлөхгүй явчихсан учраас бас л би төлсөн.Мөн бүхэл бүтэн 2 давхар барилгын гадна эмульс хийхэд 2 хүн ажиллуулсан зэрэг нь түүний үүргээ гүйцэтгэхэд маш хайхрамжгүй хандсан, чанарыг эрхэмлээгүй зөвхөн ажлаа дуусгасан болоод салах санаатай байсныг харуулж байна. А.Ж барилгын дотор засал чимэглэлийн ажлыг өөрөө гардан хийгээгүй. Эхлээд АА гэдэг ахлагчтай 3 хүнээр хийлгэсэн боловч хоорондоо бас л муудалцаж 2 нь явчихсан.Дараа нь АА өөрийн нөхөр ба хижээл насны нэг эмэгтэйн хамт хийсэн. Хэрэв А.Ж анх надад амласан ёсоор хүрэлцээтэй хүнтэй бригад авчирч өрлөг, шавардлага болон гэрээгээр хийх ёстой бусад ажлаа цаг тухайд нь дуусгаж, дотор заслын ажлыг өөрөө хийсэн бол бидний хооронд ийм маргаан арай гарахгүй байх байсан.Тэрээр хүн хүрэлцээ муутай тул хугацаа алдсан, ажлаа хурдан дуусгах гэж яарсан, мэргэжлийн бус хүнээр ажил хийлгэсэн учраас ажил нь чанаргүй, дутуу болсон гэж бодож байна.Мөн барилгын ажилд хяналт тавих үүрэгтэй манай компанийн инженер С.Серикбол нь туршлага багатай байсныг ашигласан гэж үзэж байна. Бид 2015 оны 9 дүгээр сарын 1-нд барилгыг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч барилгын ажил 2015 оны 9 дүгээр сарын 16-нд дууссан. А.Ж тухайн өдөр улсын комисс зөвхөн барилгын гадна талын бохирын шугамтай холбоотой ажлыг хүлээж аваагүй гэж тайлбарлажээ. Барилгыг хүлээж авах улсын комисс бидэнд 22 төрлийн ажил хийх үүрэг даалгавар өгсөн. Бид 2015 оны 9 дүгээр сарын 16-наас хойш өгсөн даалгаврын дагуу дахиж сар гаруй ажиллахад өөрийн биеэр хяналт тавьж компанийн ажилчид болон сумаас ажилчин авч ажиллуулсан. Дутуу чанаргүй хийсэн ажилд дахин материал авч хохирсон.Хоол унд, шатахуун, түлээ түлш, цалин хөлсөнд мөнгө төлж их хэмжээний төлөвлөөгүй зардал гаргасан. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын барилга хариуцсан Улсын байцаагч Х.Хизатбекийг өөрийн зардлаар аваачиж 021/035 тоот шаардлага,зөвлөмж гаргуулж, түүний дагуу ажилласан. Ингээд 2015 оны 10 дугаар 16-ны өдөр зөрчлүүдийг ерөнхийд нь арилгаж улсын комисст хүлээлгэж өгсөн.Бидний дахиж хийсэн 22 төрлийн ажлын 15 нь А.Ж чанаргүй болон дутуу хийсэн ажлууд байсан. Гэхдээ А.Ж анхнаасаа буруу хийсэн зарим ажлыг дахиж хийж гүйцэтгэхэд цаг хугацаа их шаардаж байсан /ариун цэврийн өрөөний усанд орох хэсгийн плита налуу тавих ёстойг тэгшхэн хийсэн г.м./ учраас засварлаж засаж янзалсан боловч бас л дутагдалтай байсан. Би үнэнээ хэлэхэд өөр ямар ч аргагүй болж улсын комисст эхлээд барилгыг ашиглалтад оруулъя, дараа нь барилгын чанарын баталгааны хугацаанд бүх зөрчлийг бүрэн арилгаж, гологдол ажлыг дахиж хийж өгье гэж гуйж байж ашиглалтад өгсөн юм. Дашрамд хэлэхэд манай компани барилга угсралтын ТГБ-2014-22 тоот гэрээний дагуу БСШУЯ-ны дансанд барилгын чанарын баталгаа болгож гэрээний дүнгийн 5% буюу 49200000 төгрөг 3 жилийн хугацаатай байршуулсан байгаа /гэрээний 8-р зүйл/. Бид энэ хугацаанд барилгын засвар, гологдол ажлыг хариуцаж хийж гүйцэтгэж байх ёстой. Өөрөөр хэлбэл манай компани 2015.10.16-ны өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 жилийн турш дотуур байрны аливаа засвар үйлчилгээ, гологдол ажлыг хариуцаж дахиж хийж байх үүрэгтэй. 2015 оны 10 дугаар сарын 16-наас хойш дотуур байрны барилгын засвар ажлыг З.Б гэдэг барилгын инженер хариуцаж 2 удаа, бид өөрсдөө 4-5 удаа очиж хийсэн, хавар цаг агаар дулаарахад гадна засал дахиж хийхээр сургуулийн захиргаатай тохирсон байгаа. Б 2015 онд А.Жтай тохиролцож дотуур байрны гадна эмульс хийсэн хүн бөгөөд авах ёстой цалин 250000 төгрөгийг А.Ж гуйснаар бид түүнд өгсөн юм. Манай компани гүйцэтгэсэн ажлын чанарын баталгааг 3 жил хариуцаж байхад А.Ж хийсэн ажлынхаа чанар, доголдолд огт санаа зовохгүй зөвхөн мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Уг нь чанарын баталгаа А.Жд ч хамаатай зүйл гэж бодож байна. А.Ж дотуур байрны эрхлэгч Ш.Хыг гэрчээр оролцуулна гэж хүсэлт гаргажээ. Ш.Х дотуур байрны эрхлэгч биш, байрны багш юм.Тэрээр барилга барих үед хяналт тавих захиалагч байгууллагын төлөөлөгчөөр ажиллаагүй, барилгыг хүлээн авах улсын комисс болон сургуулийн дотоод хяналтын комиссын гишүүн байгаагүй учраас бидний маргаж буй асуудалд ямар ч хамаагүй хүн болно. Иймд А.Ж нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Н ХХК /захирал А.Д/-аас гүйцэтгэсэн ажлын хөлс 4500000 /дөрвөн сая таван зуун/ мянган төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******О овогт А Жд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч А.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126500 /нэг зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н ХХК /захирал А.Д/-аас 86950 /наян зургаан мянга есөн зуун тавин төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие Баян-Өлгий аймгийн Н ХХК-ийн захирал А.Д нь Баян- Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. А.Ж, хариуцагч Н ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал А.Д нар нь 2015.04.16-ны өдөр хоорондоо гарчиг нь Хөдөлмөрийн гэрээ гэсэн боловч агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна гэжээ. Анхан шатны шүүх бидний хооронд А.Ж нь манай Н ХХК-ийн захиалгын дагуу тодорхой ажил, үүргийг гүйцэтгэх, Н ХХК нь түүнд хөлс төлбөр төлөх харилцаа бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн мөртлөө хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажил гүйцэтгэгч А.Ж нь Иргэний хуулийн 350.1.1.гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх; 350.1.2.гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх; 350.1.6.захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсоор байхад Н ХХК-ийн захирал А.Д, надаас гүйцэтгэсэн ажлын хөлс 4500000/ дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гаргаж шийдвэрлэсэн байна. Үүнийг би анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлээгүй, А.Ж үүргээ гүйцэтгэхэд маш хайхрамжгүй хандсан, ажлаа дуусгасан болоод салах санаатай байсан, хийсэн ажлынхаа чанар, доголдолд огт санаа зовохгүй зөвхөн мөнгө нэхэмжилсэн байдалд зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.Би анх А.Жтай гэрээ хийхдээ түүний санал болгосон үнэ хөлсийг хэлснээр нь зөвшөөрч, хугацаанд нь чанартай хийж өгөөрэй гэж тохиролцсон. А.Ж анх барилгын бригад аваачиж ажиллана, ажлаа 2015.09.01 гэхэд дуусгана гэсэн боловч барилгын ажил 2015.09.16-нд дууссан. Барилгын бригад хамгийн багадаа 6Г8 хүнтэй байдаг.Гэтэл А.Ж өрлөг, шавардлагад 4 хүн ажиллуулсан. Бй барилгыг хурдан дуусгах гэж тухай бүрт өөрөө цалинжуулж туслах ажилтан гаргаж өгч байсан. А.Ж барилгын дотор засал чимэглэлийн ажлыг өөрөө гардан хийгээгүй.АА ахлагчтай 3 хүнээр хийлгэсэн. Хэрэв А.Ж анх надад амласан ёсоор хүрэлцээтэй хүнтэй бригад авчирч өрлөг, шавардлага болон гэрээгээр хийх ёстой бусад ажлаа цаг тухайд нь дуусгаж, дотор заслын ажлыг өөрөө гардан хийсэн бол бидний хооронд ийм маргаан арай гарахгүй байх байсан.Тэрээр хүн хүрэлцээ муутай тул хугацаа алдсан, ажлаа хурдан дуусгах гэж яарсан, мэргэжлийн бус хүнээр ажил хийлгэсэн учраас ажил нь чанаргүй, доголдолтой болж барилгыг хүлээж авах улсын комисс бидэнд 22 төрлийн ажил хийх үүрэг даалгавар өгсөн.Үүний 15 төрлийн ажил А.Ж гүйцтгэсэн ажпууд байсан.Бид 2015.09.16-наас хойш өгсөн даалгаврын дагуу дахиж сар гаруй ажиллахад сумаас ажилчин авч ажиллуулсан, дутуу чанаргүй хийсэн ажилд дахин материал авч хохирсон, хоол унд, шатахуун, түлээ түлш, цалин хөлсөнд мөнгө төлж их хэмжээний төлөвлөөгүй зардал гаргасан.Үүнд анхан шатны шүүх зөв дүгнэлт гаргаж чадаагүй байна. Анхан шатны шүүх ... барилгыг хүлээж авах улсын комиссын нарийн бичгийн дарга, Баян-Өлгий аймгийн ерөнхий ***Б.М нь нийт 22 төрлийн дутуу ажлын жагсаалтыг гарган 2015.10.16-ны дотор хийж дуусгахыг Н ХХК-д даалгасан, үүний дагуу заасан хугацаанд нь дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь гэрч А.Б, Н.Т, Х.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна", гэж дүгнэсэн мөртлөө даалгаврын дагуу хийсэн ажлуудыг гүйцэтгэсэн, хүмүүсийн тодорхойлолтуудыг зөв үнэлээгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,-т зааснаар шүүхэд гаргасан тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй билээ. Би шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөлгүй, харин өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг гаргаж өгсөн.Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлсэн гэсэн үг. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-д заасан Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн хуулийн заалтуудад нийцээгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй" болж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Цул улаан ХХК-ийн захирал Т.Сийн нэрийг хоёр ч удаа Т.С гэж бичжээ.Үүнийг би анхан шатны шүүх нотлох баримт судлахдаа хайхрамжгүй хандсан байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх манай талын гаргаж өгсөн жолооч Ббекийн 2 тн нүүрсийг Н ХХК-д өгсөн гэх тодорхойлолт энэ хэрэгт хамааралгүй байна гэж дүгнэжээ. Уг нь энэ нотлох баримт ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах хугацаанд бидний төлөвлөөгүй зардал гаргаж түлээ түлш худалдан авч хохирсон байдлын нотолгоо байсныг шүүх үнэлээгүй байна. Гуравдугаарт.Барилгын дээврийн 3000000 /гурван сая/ төгрөгийн ажилд А.Ж ганц хүнтэй ажиллаж байсан учраас би Т.Б, А.Шгэдэг 2 туслах ажилтан гаргаж өгч цалинг А.Ж хариуцахаар тохиролцсон боловч А.Ж хөлсөө төлөхгүй явчихсан учраас дээрх хоёр хүний хөлс 440000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг би төлсөн. Анхан шатны шүүх А.Жд төлөх ёстой гэж үзэж надаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөнөөсөө уг мөнгийг хасаж тооцох ёстой байсан.

Иймд хариуцагч А.Д миний гаргаж байгаа энэхүү давж заалдах гомдлыг хянаж үзээд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Иргэн А.Ж нэхэмжлэлтэй, Н ХХК-ийн захирал А.Д холбогдох 7000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хариуцагчаас тус шүүхэд хандаж давж заалдах гомдол гаргасныг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна.Хариуцагч тус шүүхэд гаргасан гомдолдоо: Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж захиалагч хохирсон, анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж буруу шийдвэр гаргасан гэжээ. Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн актаар нотлогдоно. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээсэн бөгөөд хариуцагч Н ХХК-ийн захирал А.Д нь анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд бичгээр тайлбар гаргахад ...Манай компани 2014-2015 онуудад БСШУ-ны яамны захиалгаар тус аймгийн Б сумд сургуулийн дотуур байр барьж 2015 оны 10 сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн ...Би 2015 оны 4 дүгээр сард түүнтэй 24 000 000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн дүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнд ажлын нийт объём 10 000 000, 1-р давхрын цонхны угсралт ба цонхны тавцанг угсрах ажил 500 000, 1-р давхрын дотор шавардлага 5 000 000, 1-р давхрын дотор засал 1000м2 х 5500 = 5 500 000 /1м2-5500/, дээврийн ажил 3 000 000, бүгд: 24 000 000. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байна. Би А.Жд ажил гүйцэтгэх явцад цемент, нүүрс болон бэлэн мөнгө, нийт 12 500 000 төгрөг, 2016.03.17-нд 7 000 000 төгрөг, бүгд 19 500 000 төгрөг өгсөн. Түүний одоо нэхэмжилж байгаа 7 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ба энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн зарим хэсгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Анхан шатны шүүх зохигчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40 1-т заасантай нийцсэн гэж үзэж байна. Иймд хариуцагч Н ХХК-ийн захирал А.Дийн тус шүүхэд хандаж гаргасан давж заалдах гомдлыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэн А.Ж нэхэмжлэлтэй, Н ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийн 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нь ...нэхэмжлэгч А.Ж нь 1 дүгээр давхар нь 1447 м.кв гэх боловч үүнийг нотолж чадаагүй... хэмээн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч А.Ж хөлсөө дуслуулсан хөдөлмөрийг үнэлэхгүй, ажил хөлсөө хийлгэчхээд хэлэлцэн тохирсон мөнгө төгрөгийг төлөх үүргээсээ татгалзаж байгаа хариуцагчийг хамгаалсан шийдвэр болсон гэж үзлээ. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Б сумын 100 ортой дотуур байрны схем зургийн баталгаажуулсан хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн юм. Уг схем зургаасаа 1 дүгээр давхрын доторх талбайн хэмжээ 1447 м.кв болохыг нотолж өгсөн юм. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нь 1447 м.кв-ын талаар маргаагүй байхад шүүхэд уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй гэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Бидний гаргаж өгсөн барилгын схем зургийн хуулбарыг Төрийн байгууллага өөрийнхөө архиваас хуулбар үнэн тэмдгийг дарж баталгаажуулж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-ыг зөрчөөгүй юм. Нөгөөтээгүүр тус нотлох баримтыг архиваа хадгалж байгаа төрийн байгууллага энэхүү иргэний хэргийн оролцогч биш учраас хориглосон зүйл байхгүй байна.Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний заалтыг талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Зохигчдийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 03 дугаартай Баян-Өлгий аймгийн Б сумын сургуулийн дотуур байрны 1 давхрын дотор ханануудын суурь цутгах, 12-ын ханын өрлөг хийх, барилгын бүх гадна шавардлага хийх, 1 давхрын дотор шалны тэгшилгээ хийх ажлыг бүхлээр нь 10000000 төгрөгөөр, барилгын 1 давхрын цонхны угсралт ба тавцан угсрах ажил 500000 төгрөг, 1 давхрын дотор шавардлага бүрэн хийх ажил 5000000 төгрөг, 1 давхрын дотор засал 1 м.кв 5500 төгрөг, барилгын дээвэр хийх ажил 3000000 төгрөгөөр тохиролцож гэрээ (хэргийн 9-12 дугаар тал) байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч А.Ж нь уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд Баян-Өлгий аймгийн Б сумын сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 7000000 төгрөгийг хариуцагч Н ХХК-иас гаргуулахаар шаардсан ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид гэрээндээ 1 давхрын дотор заслыг 1 м.кв 5500 төгрөгөөр тохиролцсон боловч 1 давхар нь хэдэн м.кв талбайтай болохыг гэрээндээ тодорхой тусгаагүй байна. Нэхэмжлэгч 1 давхарт дотор засал хийх талбайн хэмжээг 1447 м.кв гэж тайлбарлаж, дотуур байрны схем зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг нотлох баримтаар 1 давхрын дотор талын нийт талбайн хэмжээг 1447 м.кв болох нь нотлогдохгүй байна. Хариуцагч 1 давхрын нийт талбайн 1000 м.кв гэж тайлбарласнаар 1000 м.кв-ийг 5500 төгрөгөөр тооцоход нийт 5500000 төгрөг байна. Эдгээр нотлох баримтуудаар нийт 24000000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ зохигчдын хооронд байгуулагдаж, нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажлын хөлст 19500000 төгрөг авсан ба энэ талаар талууд маргаагүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Б сумын сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг хүлээж авах улсын комисс 22 төрлийн дутуу ажлын жагсаалтыг гарган 2015 оны 10 сарын 16-ны дотор хийж дуусгахыг Н ХХК-д үүрэг даалгавар өгснөөр заасан хугацаанд дутуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэж, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын комисс хүлээн авсан байна. Хариуцагч тал эдгээр ажлуудыг өөр хүнээр хийлгэж 4580000 төгрөгийн хөлс төлсөн, дахин бараа материал авахад 5840500 төгрөг зардал гарсан гэж тайлбарлан ажил хийсэн хүмүүсийн тодорхойлолт, бараа, материал авсан гэх зарлагын баримтын огноо засвартай, зарим баримтын огноо бичигдээгүй, хэзээ авсан нь тодорхойгүй, санхүүгийн баримтгүй эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэстэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ажил гүйцэтгэх гэрээгээр авах ёстой ажлын хөлс 24000000 төгрөгөөс нэхэмжлэгчийн авсан 19500000 төгрөгийг хасаж үлдсэн ажлын хөлс 4500000 төгрөгийг Н ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 2500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөх, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86950 төгрөг, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 55000 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

Д.КӨБЕШ