| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2018/00932/и |
| Дугаар | 001/ХТ2019/00510 |
| Огноо | 2019-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2019/00510
Ц.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах,Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01729 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2390 дугаар магадлалтай,
Ц.Тын нэхэмжлэлтэй
Х.Цд холбогдох
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баянмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 1 жил 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр талууд харилцан тохирч, зээлийн гэрээг бичгээр үйлдэж нотариатаар батлуулсан. Мөн өдөр хариуцагчийн Хаан банк ХХК-ийн 5024422769 тоот дансанд 200 000 000 төгрөг шилжүүлж зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Улмаар зээлдэгч Х.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбэ, 39 дүгээр байрны 10 тоот, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 000123246 дугаар гэрчилгээтэй 140.06 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг уг гэрээний барьцаанд авч, мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш үндсэн зээл 200 000 000 төгрөг, хүү 204 000 000 төгрөг, алданги 100 000 000 төгрөг нийт 504 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Барьцааны гэрээний дагуу гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 200 000 000 төгрөг, 17 сарын хүү 204 000 000 төгрөг, зээлийг эгүүлж төлөх хугацаа хэтэрсэн 1020 хоногт зээлийн гэрээний 3-т заасны дагуу төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцвол 1 020 000 000 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 100 000 000 төгрөг, нийт 504 000 000 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шийдвэрт зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 200 000 000 төгрөг зээлсэн. Үндсэн зээлсэн мөнгийг өгнө. Бусад мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 200 000 000 төгрөг авсан талаар маргахгүй. Хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зохих хэмжээгээр бага багаар мөнгө өгч байсан. Түүнийг хүү, алдангид тооцож хасаад үлдсэнийг төлөх боломжтой гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын11-ний өдрийн 182/ШШ2018/01729 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Цгаас 504 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун Сэлбийн гудамж, 39 дүгээр байрны 10 тоотод байрлах 140.06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 748 150 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас 2 748 150 төгрөг гаргуулж Ц.Тд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2390 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01729 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анараас/ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 748 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШ тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй” гэжээ. Нэхэмжлэгч Ц.Т 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн X.Х.Цтай харилцан тохирч 200 000 000 төгрөгийг 2015 оны 0З дугаар сарын 05 өдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр болж 2014 оны 1 дүгээр сарын 05-ний өдөр нотариатаар батлуулсан “Зээлийн гэрээ”-г бичгээр үйлдэж, тус өдрөө иргэн Х.Цгийн Хаан банкны 5024422769 тоот дансанд 200 000 000 төгрөг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Улмаар зээлдэгч Х.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбэ, 39 дүгээр байрны 10 тоот, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 000123246 дугаар гэрчилгээтэй 140,06 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үндсэн зээлийн гэрээний барьцаанд авч 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч Х.Ц 2014 оны 01 дугаар сарын 05-ны өдөр 200 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 05 өдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлсэн мөн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5024422769 тоот дансаар хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг энэ талаар маргадаггүй болно. /2390 тоот магадлалын 5-х-ний 2 дахь догол мөр/ ИХШХШ тухай хуулийн 37.1 дэх хэсэгт, мөн хуулийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болсон холбогдох нотлох баримтууд /зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагчийн бусадтай байгуулсан гэрээ, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан хэлцэл, дансны хуулга/-ыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ба шүүхийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн болно. Давж заалдах шатны шүүх “хариуцагч зээлийн эргэн төлөлт хийсэн талаар тайлбарлаж 2014-01-07-ны өдөр Д.Ганболдын дансанд 45 000 000 төгрөг, 2014.5.31-нд Ц.Тын дансанд 200 000 төгрөг, 2014.03.31 өдөр Ц.Тын голомт банкны дансанд 3 000 000 сая төгрөг, мөн оны 03-07-ны өдөр 6 500 000 төгрөг, 3.18 ний өдөр 1 000 000 төгрөг, 2015-02-03 ны өдөр 42 000 000 төгрөг, 2015.02.18 ны өдөр 500 000 мянган төгрөг, 200 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь уг зээлийн гэрээний хугацаанд хамаарч байх боловч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.” гэжээ. Хариуцагч Х.Ц нь нэхэмжлэгч Ц.Тд 1. 2014.03.31-ний өдрийн зээлийн гэрээгээр 83 000 000 төгрөг, 2. 2014.9.08-ны өдрийн зээлийн гэрээгээр 31 000 000 төгрөг, 3. 2014.9.09-ний өдрийн зээлийн гэрээгээр 23 000 000 төгрөг, 4. 2014.10.15-ны өдрийн зээлийн гэрээгээр 31 450 000 төгрөг, 5. 2014.1.15-ны өдрийн зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөг, хүү алдангийн хамт төлөх үүргийг хүлээж байсан. Улмаар нэхэмжлэгч Ц.Т болон хариуцагч Х.Ц нар харилцан тохирч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөх хэлцэл байгуулан 2014.9.08-ны өдрийн зээлийн гэрээгээр 31 000 000 төгрөг, 2014.9.09-ний өдрийн зээлийн гэрээгээр 23 000 000 төгрөг, 2014-10-15-ны өдрийн зээлийн гэрээгээр төгрөгийн зээлийн гэрээнүүдийн хүү алдангийг тооцсон тооцоо нийлж, 2014.03.31-ний өдрийн зээлийн гэрээгээр 83 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 68 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн хамт хүчингүй болгосон болно. Энэхүү баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн хариуцагч талын хүсэлтээр нотлох баримтаар авагдсан Х.Цгийн хаан банкны дансны хуулга, Ц.Тын голомт банкны дансны хуулгаар тогтоогдож буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдсөн гэх 2015.02.03 өдөр төлсөн 42 000 000 төгрөг, 2015.02.03 өдөр төлсөн 200 000 төгрөг, 2015-02-18 өдөр төлсөн 500 000 төгрөг нь үүрэг гүйцэтгэгч Х.Ц нь эдгээр 5 гэрээний үүргийн аль үүргийг биелүүлж байгааг тодорхойлох боломжгүй юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч хариуцагчаас дээрх төлбөрүүд нь аль гэрээний үүргийг гүйцэтгэсэн талаар тодруулахад хариуцагч аль гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлснийг тодорхойлж мэдэхгүй байна хэмээн тайлбар өгсөн энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Иргэний хуулийн 216 зүйлийн 1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжид төлүүлнэ.” хэмээн заасны дагуу нэхэмжлэгч талаар дээрх дансны хуулгаар тогтоогдож буй 2015-02-03 өдөр төлсөн 42 000 000 төгрөг, 2015-02-03 өдөр төлсөн 200 000 төгрөг, 2015-02-18 өдөр төлсөн 500,000 төгрөг зэргийг 2014-03-31 ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч тал хангасан гэж үзэж байна. Харин хариуцагч Х.Ц нь өөрийн хаан банкны данснаас иргэн Д.Ганболдын дансанд шилжүүлсэн гэх 45 000 000 төгрөг нь нэхэмжлэгч Ц.Тд огт хамааралгүй ба иргэн Х.Ц, Д.Ганболд нарын хооронд үүссэн Авто машин худалдах-худалдан авах гэрээний харилцааны үүрэгт төлөгдсөн төлбөр болно. Энэхүү гэрээ нь мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Иргэний хуулийн 281.1-т заасан байх ба хариуцагч Х.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөвхөн нэхэмжлэгч Ц.Тын өмнө нь хүлээх ёстой ба бусад иргэн лүү /иргэн Д.Ганболд/ төлбөр шилжүүлсэн нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх “хариуцагч...иргэн Ц.Нямбаярыг гэрчээр асуулга хүсэлт гаргасан, шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч тухай гэрчийг дуудан ирүүлэх ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй..” гэжээ. Хариуцагч Х.Ц шүүх хуралдаанд гэрчээр Ц.Нямбаатар болон X.Болормаа нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч дээрх гэрчүүдээс хариуцагч өөрөө татгалзсан болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Х.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 504 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч зээлийн төлбөрөөс эргэн төлөлт хийсэн, үндсэн зээл 200 000 000 төгрөгийг зөвшөөрнө, хүү алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх1,2,124/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч талуудын хооронд нэхэмжлэлийн үндэслэл болох 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнээс гадна хэд хэдэн гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч нь зээлийн эргэн төлөлт хийсэн гэж маргаж, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 45 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 200 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 07-ны өдөр 6 500 000 төгрөг, 3 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 42 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, 200 000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтыг шүүхэд гарган өгчээ.
Дээрх тохиолдолд зээлийн эргэн төлөлт аль зээлийн гэрээнд хамааралтай, нэхэмжлэлийн тооцоо, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар шүүх тодруулаагүй ба зохигчид маргааны зүйлийн талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй байна.
Түүнчлэн Ц.Нямбаярыг гэрчээр асуулгах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангасан боловч түүнийг гэрчээр асууж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчжээ.
Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулна гэж заасан тул шүүх хүсэлтийг хангах эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй бөгөөд хүсэлтийг хангасан бол биелүүлэх ёстой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2390 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 677 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА