Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2018/ДШМ/50

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр                          

    2018/ДШМ/50                                                     Зуунмод

 

 

 

Б.М, Э.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Батбямба,

Шүүгдэгч Б.М, Э.М

Шүүгдэгч Э.М-н өмгөөлөгч Б.Батцэнгэл,

Хохирогч Ц.Цэцгээ,

Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Б.М, Э.М нарт холбогдох 201719000073 дугаартай 3 хавтас, 591 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар  сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.М , 1972 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураг зүйн багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд Төв аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаарын таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 15 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:НБ0/.

 

Э.М , 1981 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:Н1/.

 

Шүүгдэгч Э.М, Б.М  нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Сонин Шийдэл ББСБ-ын байранд иргэн Ч.Цэцгээгээс 21 400 000 төгрөгийг зээлж авахдаа ”өөрийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 21 дүгээр байрны 4-56 тоот 3 өрөө орон сууцны Хас банкин дахь зээлийн үлдэгдэл 19 000 000 сая төгрөгийг төлж, орон сууцаа зээлээс чөлөөлж, иргэн З.Мэндсайханд уг 3 өрөө орон сууцаа 62 000 000 төгрөгөөр зараад 3 хоногийн дараа төлнө” гэж итгүүлэн хуурч мэхлэх замаар авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаар шүүгчийн захирамжаар: 

Шүүгдэгч Б.М, Э.М нарт холбогдох 201719000073 тоот 3 хавтас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж,

Шүүгдэгч Б.М, Э.М нарт холбогдох хэргийг Прокурорын газар очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 Улсын яллагч Ц.Батбямба эсэргүүцэлдээ: “ Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 201719000073 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд, яллагдагч Б.М, Э.М , өмгөөлөгч Ариунаа, Мөнхтөр, Батцэнгэл нарын гаргасан " энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 14-т заасан мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, энэ хэрэгт оролцсон З.Мэндсайханы үйлдлийг дутуу шалгасан гэх хүсэлтийг харгалзан" яллагдагч Б.М . Э.М нарт холбогдох эрүүгийн 201719000073 дугаартай хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

- Учир нь: Мэндсайханыг тухайн гэмт хэрэгт холбогдуулан шалгахад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар З.Мэндсайхан нь яллагдагч Э.М , Б.М нарын залилах гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон үйлдэл нь тогтоогдоогүй.

    Мөн З.Мэндсайхан, яллагдагч Б.М нар хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгүүдээ З.Мэндсайхан нь хохирогч Ч.Цэцгээтэй, яллагдагч Б.М-н орон сууцыг худалдан авч байгаа талаар утсаар ярьсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй буюу З.Мэнсайхан нь яллагдагч Б.М-д  урьдчилан амлаж, хохирогч Ч.Цэцгээтэй утсаар ярихдаа Б.М гөөс орон сууц худалдан авч байгаа талаар ярьсан зүйлгүй, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө З.Мэндсайхан нь яллагдагч Б.М г хохирогч Ч.Цэцгээгээс Хас банкны зээлийн төлбөрт төлөх 19 сая төгрөг буюу мөнгө зээлэх гэж байгааг урьдчилсан мэдээгүй нь тогтоогдсон.

  Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ", мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт "Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно" гэж заасан дагуу иргэн "З.Мэндсайхан, Б.М нарын хооронд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүй бий болж, Б.М нь 2014 оноос хойш хугацаанд удаа дараа З.Мэндсайханаас зээлсэн зээлийн төлбөрөө. хүүгийн хамт төлөх үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн 3 өрөө орон сууцыг түүнд 65 сая төгрөгөөр худалдсан мэтээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2016 оны 08 сарын 12-ны өдөр З.Мэндсайханд шилжүүлсэн, З.Мэндсайхан уг орон сууцыг зээлийн барьцаанд тавьж Хас банкнаас 2016 оны 08 сарын 15-ны өдөр 36.600.000 төгрөгийн зээл авч, Б.М-д  12.453.600 төгрөгийг З.Мэндсайхан өгч, үлдэгдэл 24.146.400 төгрөгийг нь Мөнхөөд өмнө зээлсэн зээл болон хүүгийн төлбөртөө суутгаж авсан ба уг З.Мэндсайханы нэр дээрх Хас банкин дахь 36.600.000 төгрөгийн зээлийг Б.М нь гэрээний хугацаанд төлж барагдуулсны эцэст өөрийн орон сууцны өмчлөх эрхийг З.Мэндсайханаас буцааж шилжүүлэн авах тохиролцоогоо яллагдагч Б.М нь хохирогч Ч.Цэцгээд хэлэхгүйгээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан.

Мөн Б.М нь 2016 оны 08 сарын 15-ны өдөр З.Мэндсайханы Хас банкнаас авсан зээлийн төлбөрөөс өөрийн төлөх зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хасаж тооцон, үлдэгдэл 12.453.600 сая төгрөгийг авсан үүнээс хохирогч Ч.Цэцгээд банкнаас орон сууцны зээл бүтэхгүй байна, нөхрийнхөө цалинг Улаанбаатар хотоос авч ирлээ гэж худал хэлж Ч.Цэцгээд 6 хоногийн зээлийн хүүгийн төлбөр гэж 1.284.000 төгрөг төлсөн. Б.М нь өөрт байгаа З.Мэндсайханаас авсан 12.453.600 төгрөгийн үлдэгдэл 11.169.600 төгрөгийг тухайн үед Ч.Цэцгээд өгөлгүйгээр өөртөө үлдээж, өөр бусад зүйлд зарцуулсан үйлдэл нь залилан мэхэлсэн үйлдлийн нэг илрэл юм.

Яллагдагч Б.М нь 2016 оны 08 сарын 11 өдөр Хас банкин дахь 19 сая төгрөгний бичил зээлийн төлбөрийн үлдэгдэл 16.316.913 төгрөгнөөс 14.226.763 төгрөгийг үндсэн зээлд, хүүд 2.718.763 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 54.472 төгрөг төлсөн. мөн 08 сарын 12-ны өдөр хүүд 1580 төгрөг, зээлий үлдэгдэл 2.090.150 төгрөгийг тус тус төлж зээлийн төлбөрийг барагдуулсан ба Б.М нь дээр зээлийн төлбөр 2016 оны 05 сарын 13-ны өдрөөс хойш зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 2016 оны 08 сарын 11-ний өдрийг хүртэл төлбөр огт төлөөгүй, зээлийн төлбөрийн хугацаа хэтрэлт 2015 оны 12 сараас хойш үргэлжилсэн болно.

Гэвч Ч.Цэцгээгээс 19 сая төгрөг Хас банкинд төлөх гэж хуурч бусдыг залилсан болох нь тогтоогдсон ба өөрийн уг зээлийн төлбөр нь хугацаа хэтрэлттэй байсан нь түүний төлбөрийг чадваргүй болохыг, хохирогч Ч.Цэцгээд орон сууцаа З.Мэндсайханд 65 сая төгрөгөөр зараад өөрөө бизнес хийнэ, үлдсэн мөнгөөр нь Зуунмод суманд байгаа газар дээрээ байшин барьж амьдарна гэж хуурсан зэргээс дүгнэхэд Б.М, Э.М нарын дээрх үйлдэл нь залилсан үйлдэл хавтаст хэрэгт бүрэн тогтоогдсон.

 Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Батбямба гаргасан тайлбартаа: “Эрүүгийн дугаартай 1719000000079 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.М нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс прокурорт буцаасан байна. Б.М нар 2017 оны 08 сарын 09-ний өдөр иргэн Ц.Цэцгээгээс 21.400.000 сая төгрөгийг зээлж авахдаа өөрийн өмчлөлийн хоёр өрөө байрыг Хас банкны зээлээс чөлөөлж  Мэндсайханд зарж өөрийн зарсан байрны төлбөрөөсөө 21.400.000 төгрөгийг төлнө. Зээлийн үлдэгдэл төлбөрөөрөө бизнес эрхэлнэ. Зуунмод суманд газар байгаа. Тэр газар дээрээ байшин барина гэсэн тайлбар өгсөн. Үүний үндсэн дээрээс Цэцгээгээс 21.400.000 төгрөгийг зээлж авч залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог. Энэ хэрэгт Мэндсайханыг холбогдуулан шалгасан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Мэндсайханы үйлдэл тогтоогдоогүй гэж эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ товч дурдахад Мэндсайхан нь энэ хэрэгт холбоотой гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Мэндсайхан нь хохирогч Цэцгээтэй Б.М-н байрыг авах гэж ярьсан нь гэмт хэргийн шинжгүй байна.  2016 оны 08 сарын 09-ний өдрөөс өмнө Мэндсайхан нь хохирогч Цэцгээгээс Б.М нь Хас банкны зээлийн төлбөр төлнө гээд 21.000.000 төгрөгийг зээлэх гэж байгааг урьдчилан мэдээгүй байсан. ... Мэндсайханыг энэ гэмт хэрэгт хамжигч гэж үздэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид урьдчилан амласан тохиролцсон байхыг шаарддаг. Энэ шаардлага харагдаагүй Б.М , Мэндсайханд Цэцгээтэй утсаар яриад тэгж хэл гэсэн урьдчилсан ярьсан зүйл байдаггүй. Энэ нь юугаар тогтоогддог вэ гэвэл Б.М болон Мэндсайхан нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Ариунаагаас хоёр янзын асуудал тавигддаг. Мэндсайханыг иргэний хариуцагчаар татаж өгөөч шүүхийн шатанд хоёрдугаарт яллагдагчаар Мэндсайханыг оролцуулах шаардлагатай гэдэг. Мэндсайханыг татаж оролцуулах хууль зүйн үндэслэл нь байхгүй. Хуулийг хэрэглэхдээ хэн нэгний хэлснээр биш тэр байдлаар ойлгох хэрэгтэй. Урьдчилсан амласан тохиролцсон асуудал байдаггүй. Иймээс дээрх захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн ба түүнийгээ дэмжиж байна.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М гаргасан тайлбартаа: “Би Мэндсайхан эгчийг хэрэгт 50, 50 хувийн буруу гэж үздэг. Мэндсайхан эгчтэй дэлгүүрийн өр зээл харилцан тохиролцож зээлсэн мөнгө өдрийн 4 хувийн хүүтэй мөнгө нь 14 571 000 төгрөг байдаг. Тухайн үед Б.Цэцгээ эгчээс мөнгө зээлэх болсон шалтгаан нь би 06 сарын 02-ны өдрөөс ажлаасаа цаг хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар 5 дугаар сургуулиас гарсан. Би тухайн үед Мэндээ эгчээс 8 сая төгрөгийг зээлсэн. Тэр төлбөр нь эвлэрүүлэн зуучлал дээр байгаа. Эд хөрөнгө битүүмжлэх гээд байна. Одоо Ганболд ах чинь мэдвэл  бөөн аюул болох гээд байна. Чи ажилгүй болсон юм чинь миний нэр дээр зээл аваад өрөө төлчих гэсэн.  Надад барьцаа хөрөнгө байхгүй байна.  3 өрөө байраа худалдах худалдан авах гэрээ хийж миний нэр дээр шилжүүлээд 45 сая төгрөгийн зээл авъя. Би тэр мөнгөнөөс 12 сая төгрөгийг нь зээлэндээ авъя бас бус зээл байгаа тэр зээлэнд 3 юмуу 5 сая төгрөгийг авъя. Гарсан зээлнээс шалтгаалаад болъё гэсэн. Б.Цэцгээ эгчээс мөнгө зээлэх талаар харилцан тохиролцон Б.Цэцгээ эгчээс зээлсэн. Зээл яг 45 сая төгрөгөөр олгогдох уу гэж асууж байж зээлийн төлбөрөө хаахаар байраа шилжүүлсэн. Прокуророос асуухад яагаад Мэндсайхан гэдэг хүн энэ талаар ер мэдэхгүй гээд байгаа юм бэ, Ганболд гэдэг хүн нь надад мөнгө зээлсэн эсэх асуудлыг ер мэдээгүй байсан. ... Э.М нь Б.Цэцгээ эгчээс мөнгө зээлэх гэж байгааг мэдээгүй. Зээл авах гэж байхад мэдэж цуг очиж авсан. Э.М нь 3 өрөө байрыг шилжүүлэх гэтэл зовж байж авсан байраа яагаад энэ хүнд шилжүүлэх гэж байгаа юм бэ гэсэн тэр үед Мэндсайхан эгч Э.М-т тайлбарласан байдаг. Би анхнаасаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө үнэнээ хэлээд л явдаг. Э.М нь мэдээгүй харин гарын үсэг цуг зурсан болохоороо бүлэглэн залилан хийсэн гэж энд сууж байна. Үүнийг харгалзаж үзнэ үү.” гэв.  

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.М гаргасан тайлбартаа: “Б.М , Мэндсайхан гэдэг хүнд мөнгөний өртэй гэдгийг сайн мэдэхгүй. Мэндсайхан эгчид өртэй 3 өрөө байраа шилжүүлж өрөө дарах хэрэгтэй байна. 45.000.000 төгрөгөөр зээл авъя.  Би эхний өдөр ирээгүй байгаа. Мэндсайхан гэдэг хүнийг сайн танихгүй зүгээр мэндтэй зөрдөг. Б.М , Мэндсайхан нар цуг явж байхаараа намайг ирэхээр цаашаа салаад яваад өгдөг хүн байсан. Өөр зүйл байхгүй байна.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.М-н өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт нь Мэндсайхан гэдэг хүн нь хамаатай. Мэндсайханы үйлдлийг цагдаагийн байгууллагаас сайн шалгаагүй байдаг. Мэндсайхан нь Б.М тэй орон сууц худалдах худалдан авах байгуулсан. Одоо байраа хурдан чөлөөл гэж ирсэн байдаг. Б.М-н байрыг барьцаанд тавьж 45.000.000 төгрөгийг авчихаад өөрийн өрийг авчхаад одоо байрыг чөлөөлж өгөхийг шаардаад байгаа нь цаанаа маш том эрх зүйн зөрчил явагдаж байна.  Энэ хүн өнөөдөр хамжигч этгээд болох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд урьдчилан амлаагүй этгээд байж болно. 3.2 дугаар гүйцэтгэгч байж болно. 3.3 дугаар зүйл зохион байгуулагч байж болно. 3.4 дүгээр зүйл захиалагч байж болно. Эдгээрийн аль нь ч байж болно. Мэндсайханд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг эсэргүүцэж явсан гурван шатанд гомдол гаргасан. Гомдлыг маань хүлээн авахаас татгалзсан байгаа. Төрийн байгууллага нь шийддэггүй юм бол шүүх үүнийг шийдэж өгөх байхаа гэж бодсон. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Мэндсайхан гэдэг хүнд холбогдох хэсгийг шалгуулъя гэсэн хүсэлтээ гаргасан. Шүүх хүлээн авч мөрдөн байцаах ажилагаанд буцаасан байгаа. Анхан шатны шүүхээс гарсан захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мэндсайхан гэдэг хүн нь хэрэгт яаж оролцсон бэ гэдгийг хохирогч Б.Цэцгээ нь анх гомдол гаргахдаа бичсэн байгаа. Анхан шатны шүүх дээр хохирогч Б.Цэцгээ нь хэлдэг Мэндсайхан Б.М-н байрыг худалдаж авч байгаа гэж хэлсэн учраас би зээл олгосон гэсэн. Мэндсайхан нь Б.М-н байрыг өөрийн нэр дээр шилжүүлж өөрийн өрийг дарж авсан байгаа. Б.М нь энэ үйлдлээс өөрт ямар нэгэн ашиг олоогүй. Энэ хэрэгт Мэндсайхан нь холбоотой гэдэг нь харагддаг. Өнөөдөр бол Мэндсайхан гэдэг хүн нь өөрийгөө өмгөөлсөн тайлбар мэдүүлэг өгч байна. Мэндсайханг шалгахаас гадна Мэндсайхан Б.М нарын өр төлбөрийн асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Байр барьцаанд тавьсан нь Мэндсайханд ашигтай байсан. Б.М нь Цэцгээгээс 21.400.000 төгрөгийг зээлсэн байгаа нь эрсдэлтэй асуудал болсон. Мэндсайханы үйлдэл оролцоог тодорхойлох шаардлагатай байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэстэй байна гэж үзэж байна.” гэв.           

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Цэцгээ гаргасан тайлбартаа: “Мэндсайханыг хэрэгт татаж оролцуулах шаардлагатай гэж үзсэн байгаа. Б.М нь зээл авах гэж надтай хэд хэдэн удаа ирж уулзсан. Би татгалзаж буцаадаг байсан. Тэгээд би Б.М-д  хэнд яг байраа зарах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь Мэндсайханд зарна гэж хэлсэн. Мэндсайханыг би төлбөрийн чадвартай, банкны найдвартай зээлдэгч гэдгээр нь мэднэ. Мэндсайханд яг зарах гэж байгаа юм уу гэж би асуусан. Тэгээд зээл олгохоосоо өмнө Мэндсайханаас асуусан чинь Б.М-н байрыг авах гэж байгаа юм уу гэхэд тиймээ би байрыг авах гэж байгаа гэж хэлсэн. Б.М-н байрыг авахдаа банкнаас орон сууцны зээл авах гэж байгаа юм уу гэхэд урьдчилгаа төлбөр нь болохгүй байна. Бизнесийн зээлээр байрыг нь авах гэж байгаа гэсэн. Б.М нь надтай 2015 оны 08 сарын 07, 08-ны өдрүүдэд ирж уулзаж зээлэх авах талаар ярьсан. Тухайн үед нь Мэндсайхан нь мэддэг байсан. Надаас Б.М зээл авах гэж байгааг Мэндсайхан мэддэг байсан. Одоо ярьж байгаагаар нь сонсоход Б.М болон Мэндсайхан нар нь хоорондын өр авлагын асуудлаа шийдэх гэж л зээл авсан юм байна. Надад бол энэ талаар хэлээгүй, байраа зарах гэж байгаа талаар л хэлсэн. Одоо дүгнэлтээр энэ хоёр хүн нь хуйвалдсан юм байна. Иймээс Мэндсайхан нь энэ хэрэгт оролцоотой гэж үзэж байна.” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх  Б.М Э.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн 14-т заасан мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэрэгт оролцсон З.Мэндсайханы үйлдлийг дутуу шалгасан гэж яллагдагч Б.М , яллагдагч нарын өмгөөлөгч А.Ариунаа, Л.Мөнхтөр, Б.Батцэнгэл нарын гаргасан хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ гэсэн дүгнэлт нь хууль зүйн  үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн 3 тохиолдолд шүүх урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахаар хуульчлагдсан ба шүүх тухайн хэргийг дээрх хуулийн аль үндэслэлээр буцааж байгаагаа  тодорхой заагаагүй,  ямар ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэх шаардлагатайг шүүгчийн захирамжинд дурьдаагүй байна.

Мөн шүүгчийн захирамжийн дүгнэлт хэсэгт дурьдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14 дэх заалт нь “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол”-ыг хэлэлцэж шийдвэр гаргахыг зохицуулсан байна.

 

Дээрх байдлуудаас дүгнэхэд шүүх хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэл  тодорхой биш байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх”  хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Прокуророос Б.М Э.М нарт          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг  шүүхэд шилжүүлсэн байхад шүүгчийн захирамжинд “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж буруу бичсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.М Э.М , З.Мэндсайхан  нарыг бүлэглэж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх ба З.Мэндсайханд холбогдох хэргийг 2017 оны 05 сарын 15-ны өдрийн №66 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар /хавтас 2 хуудас 156/,  2017 оны 12 сарын 20-ны өдрийн №23 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар / хавтас 3 хуудас 7/  тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Дээрх  шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлын дагуу “зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” №23 дугаар прокурорын тогтоолыг хянаж, уг тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж дүгнээд Төв аймгийн прокурорын газар № 06 дугаар  тогтоолоор, Улсын Ерөнхий Прокурорын газар №5/75 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тухайн гэмт хэрэгт З.Мэндсайхан  хамтран оролцсон эсэх, яллагдагч нар ямар  үйлдэл оролцоотой оролцсон болохыг  мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан,  шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, хэргийн үйл баримт,  шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул давж заалдах шатны шүүх яллагдагч Б.М Э.М нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж  шийдвэрлэлээ.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл  үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай”

шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.М Э.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд буцаасугай.

            2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямбын бичсэн №16 дугаар эсэргүүцлийг хангасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.М, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                        ШҮҮГЧИД                              Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                       Г.БОЛОРМАА