| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0378/и |
| Дугаар | 195 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 195
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 27 айлын орон сууцны 2-15 тоотод оршин суух Ай Төмөр-Очирын,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг сумын төвд оршин суух Шар овогтой Мөнхбаатарт холбогдох
худалдах, худалдан авах гэрээг цуцалж, морины үнэ 20.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016.10.24-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ай Төмөр-Очир, хариуцагч Ш.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Батэрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ай.Төмөр-Очир шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014.11.05-ны өдөр их насны хонгор морийг 20.000.000 төгрөгөөр тооцож Ш.Мөнхбаатараас худалдан авсан. Морины үнэ 20 000 000 төгрөгнөөс тухайн өдрөө 15 000 000 төгрөгийг нь дансаар бэлнээр шилжүүлж, 5 000 000 төгрөгөнд нь 2 унагатай гүүгээ өгсөн. Морийг өөрийн болгосноо ёсчилж тухайн өдрөө мориныхоо хүзүүнд хадаг зүүсэн. Морийг 2 жилийн хугацаанд өөр дээрээ авахгүй, Мөнхбаатараар уяулахаар тохирсон. Мөнхбаатар морио өвөл тэжээж уралддаг туршлагатай хүн. Мөнхбаатар нь уг морийг 2 жил уяж хурдлуулаад өгөхөө ч гайхуулан хэлж байснаа өөрөө санаж байгаа байхаа. Дээрх морийг би хурдлуулах, алдар нэр олох зорилгоор биш, зарж хэдэн төгрөг унагах бодолтой худалдан авч байгаагаа ч тухайн үед хэлж байсан. Би Сүхбаатар аймгийн алдарт уяач хүн. Би энэ мориор алдар нэр олох гээгүй, зарж эмчилгээний зардалдаа хэдэн төгрөг олох гэж авсан. Би энэ талаар туршлагатай. 2010 онд сумандаа түрүүлсэн Намжимын Тулгын цагаан морийг 10 сая төгрөгөөр худалдан авч 5 сая төгрөг нэмж зарж байсан. 2011 онд түрүүлсэн Алдарбаярын хээр морийг 10 сая төгрөгөөр худалдаж аваад хэдэн төгрөг унагаад зарж байсан. Би шуналтай баяжихын тулд үүнийг хийдэг ченж биш ээ, аргагүйн эрхэнд амь зогоож явсан амьдралын минь нэг мөч юм. Энэ бол миний 3 дахь их насны морь. Би өвчтэй зовлонтой байсан ч гэсэн хэдэн төгрөг олох гэж, мөн нутгийн морь учраас авсан. Энэ бол аархаж авсан зүйл биш, амь зогоож байсан зүйл. Би 2014 оны 11-р сард наймаа хийсэн. 2015 онд Дарьганга сумын 90 жилийн ойн наадамд хурдлах юм бол ах нь хэдэн төгрөг нэмж зарах юм гэж Мөнхбаатарт хэлж байсан. Морийг худалдаж авснаас хойш 6-7 сарын дараа зун нь ирээд Дарьганга сумын 90 жилийн ойд уг морийг уяж байхад нь очоод анх харахад л хоёр хөлөө ээлжлэн өргөөд байсан. Энэ яагаад байгаа юм бэ гэж асуухад зүгээрээ л гэсэн. Би жаахан сэжиг төрж, сэтгэл гундсан. Гэхдээ гомдлоо ил гаргаагүй. Тэгээд ч тэр наадамд миний морь хоцорсон. Гэрт нь морь унасан хүүхдээ урамшуулахаар очиход хүүхэд морио гишгүүлж байсан. Хүүхдийг дуудчих гэхэд дуудахгүй цааргалаад байсан нь морины хөл гэмтэлтэй байсныг надаас нууж, морь хүүхэд хоёрыг цааш байлгасан байх, гэхдээ би хүүхэдтэй билчээрт уулзаад 20000 төгрөг авч өгөөд гарсан. Тэр үед Мөнхбаатар одоо ч лав 2 удаа уралдах хүч байгаа гэж өөрөө хэлж байсан. Түүнээс хойш ганц ч удаа уяагүй. Хамгийн гол нь тэр морины хөл шалтгаантай, гэмтэй байсан хэрэг байх. Өвөл нь хотоос халхын том уяач морийг сонирхохоор очоод үзээгүй буцсан. Тэр хүн ярихдаа ...”суман дээр хонохдоо хүмүүсээс лавлахад , угаасаа хөлгүй морь шүү дээ.
Ай. Төмөр-Очирыг хулхидаж зарсан гэх мэдээлэл дуулаад буцлаа” гэж хэлсэн. Би өвдөж зовж гадаадад олон удаа эмчилгээнд явж, мөнгөний гачаалд орж байсан. Өнөөдрийг хүртэл тэвчиж тэслээ. Хугацаа алдаж 2 жил боллоо. Энэ хүн надад хөлгүй морь зарсан байсан тул гэрээг цуцалж, 20.000.000 төгрөгөө буцаан гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг сумын төвд оршин суух Шар овогтой Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014.11.05-ны өдөр Ай.Төмөр-Очирт өөрийн хонгор морийг 20 000 000 төгрөгөөр зарсан нь үнэн. Уг морь нь миний хүү Гансүхийн морь байсан бөгөөд Ай.Төмөр-Очир хүү бид хоёрыг удаа дараа гуйсаар худалдан авсан юм. Худалдан авах үедээ өөр хүнээр зуучлуулаагүй бөгөөд өөрийн дүү Ай. Отгонбаатартай ирж үзээд үнэ тохирч, хадаг зүүж ёсолж авсан. Миний хонгор морийг зарагдахаас нь өмнө олон хүн сонирхож, үнэ хэлж байсан. Гэвч бид тэр хүмүүст зарахгүй байж байгаад нутгийн зан зангаа мэдэх хүний хувьд энэ хүнд зарсан. Түүнээс хойш 2 жилийн хугацаанд тохиролцсон ёсоор хонгор морио хүнд зарагдсан гэлгүй хүч хөдөлмөрөө зарцуулж, адуулан маллаж, уяж сойж байсан. Төмөр-Очир нь миний хөдөлмөр, сэтгэлийг бодолгүй зохих хөлс мөнгө өгөөгүй мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь надад гомдолтой санагдаж байна.
Миний хонгор морь миний эцгийн “Тожин” гэж нэрд гарсан хурдан азарганы төл болох Ш.Батмөнхийн зээрд азарганы төл. Суманд соёолон морь анх уяж 3-т давхиж байсан. Хурдан нь тодорсон удам сайтай адуу юм. Үүнийг Ай.Төмөр-Очир сайн мэдэхийн хувьд худалдаж авсан гэж бодож байна. Тухайн үед хурдан морь өндөр үнэтэй байсан боловч бид Ай.Төмөр-Очирт харилцан тохиролцсоны үндсэн дээр морио зарсан. Миний худалдсан хонгор морь одоо ч гэсэн хөлөндөө болон бусад гэм согог байхгүй. Ай.Төмөр-Очир өөрөө аймгийн алдарт уяач хүний хувьд тэр морио танихгүй, гэмтэл, согогтой морь авсан, хууртсан гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Иймээс Ай.Төмөр-Очирын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ай.Төмөр-Очир нь Ш.Мөнхбаатартай 2014.11.05-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч зарагдсан морины хөлөнд гэмтэл согог байгаагүй, хөлгүй морь зараагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчид 2014 оны 11-р сарын 05-ны өдөр “их насны хурдан морийг” худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, Ай. Төмөр-Очир нь уг морийг худалдан авснаа ёсчилж хүзүүнд нь хадаг зүүж, морины үнэ 20 000 000 төгрөг төлөхөөс 15 000 000 төгрөгийг 2014.11.05-ны өдөр Мөнхбаатарын данс руу бэлнээр төлж, 2 унагатай гүүг 5 000 000 төгрөгнд тооцож өгсөн, морийг өөрийн эзэмшилд шилжүүлж авахгүйгээр 2 жил хариуцагчаар уяулж уралдуулхаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргахгүй байна.
Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул талууд үүргээ биелүүлэх, гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч Ай.Төмөр-Очир нь “...гэрээний зүйл болох морь доголдолтой хөл нь гэмтэлтэй байсан, хөлгүй морь зарсан...” гэсэн үндэслэлээр хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах саналтай байна.
Иргэний хуулийн 243, 251 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр зохицуулсан байна.
Ай.Төмөр-Очир нь уг морийг худалдан авах үед хөлөндөө гэмтэлтэй байсан, хөлгүй морь гэдгийг нотолсон тохиолдолд худалдагч биет байдлын доголдолтой эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл бий болох юм.
Гэтэл Ай.Төмөр-Очирын нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор шүүхэд өгсөн:
- “...миний худалдаж авсан морийг тэр зун нь Дарьганга сумын 90 жилийн ойд уяж байхад нь очоод анх харахад л хоёр хөлөө ээлжлэн өргөөд байсан. Энэ яагаад байгаа юм бэ гэж асуухад зүгээрээ л гэсэн. Би жаахан сэжиг төрж, сэтгэл гундсан. Гэхдээ гомдлоо ил гаргаагүй. Наадамд би морио дагасан. Тэр наадамд миний морь хоцорсон. Гэрт нь морь унасан хүүхдээ урамшуулахаар очиход хүүхэд морио гишгүүлж байсан. Хүүхдийг дуудчих гэхэд дуудахгүй цааргалаад байсан нь морины хөл гэмтэлтэй байсныг надаас нууж, морь хүүхэд хоёрыг цааш байлгасан байх, гэхдээ би хүүхэдтэй билчээрт уулзаад 20 000 төгрөг авч өгөөд гарсан. Тэр үед Мөнхбаатар одоо ч лав 2 удаа уралдах хүч байгаа гэж өөрөө хэлж байсан. Түүнээс хойш ганц ч удаа уяагүй. Хамгийн гол нь тэр морины хөл шалтгаантай, гэмтэй байсан хэрэг байх гэх тайлбар,мэдээлэл,
- Мөн өвөл нь хотоос халхын том уяач морийг сонирхохоор очоод үзээгүй буцсан. Тэр хүн ярихдаа ”...суман дээр хонохдоо хүмүүсээс лавлахад , угаасаа хөлгүй морь шүүдээ Ай. Төмөр-Очирыг хулхидаж зарсан гэх мэдээлэл дуулаад буцлаа” гэж хэлсэн гэх тайлбар,
- Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр томилогдсон Сүхбаатар аймгийн ХХААУГ-ын Мал эмнэлгийн албаны халдвартын эмч Б.Идэрбат, бактериологич эмч Ц.Энхбаатар нар нь уг морины хөлөнд үзлэг хийгээд гаргасан шинжээчийн дүгнэлтэд: Тус моринд үзлэг хийхдээ клиник шинж тэмдэг, биеийн ерөнхий байдлыг үндэслэн мэдрэхүйн эрхтэний үзлэг хийв. Уг үзлэгээр тодорхой шинж тэмдэг, бэртэл гэмтэл ажиглагдахгүй байгаа боловч дээрхи үзлэгээр уг морины шөрмөс, шандас, ясны бэртлийг бүрэн тодорхойлох боломжгүй байна. Нарийн шинжилгээг тусгай зориулалтын рентген аппарат, эхо аппарат бүхий мал эмнэлэг, морины доголыг оношлох чиглэлээр мэргэшсэн малын эмч нарт хандаж рентген багажийн тусламжтайгаар тодруулах нь зүйтэй гэх дүгнэлт,
- Дүгнэлттэй нэхэмжлэгч Ай.Төмөр-Очир танилцаад дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн тайлбар,
- Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч Л.Оргилбаатарын шүүхэд өгсөн: 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сум руу Ай.Төмөр-Очирын хонгор зүсмийн их насны морийг худалдаж авахаар очсон. Дарьганга суманд очоод сумын хойгуур байдаг айлуудаас зарах адуу байгаа эсэхийг сураглаж явахдаа хонгор морийг хөлгүй болсныг хүнээс дуулсан. Гэхдээ хэн гэдэг хүн тэгэж хэлснийг санахгүй байна. Тэр айлд олон хүн байсан гэх мэдүүлэг,
- Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч Д.Төмөрсүхийн шүүхэд өгсөн: Төмөр-Очир гуайг манай хүүд өөрийнхөө морийг унасан гэж 20,000 төгрөг авчирч өгөхөд би хүүгийнхээ дэргэд байсан. Хүү өөрийнхөө халтар морийг гишгүүлж байсан. Тухайн үед Төмөр-Очир гуайн морийг гишгүүлж байгаагүй гэх мэдүүлэг зэргээс үзэхэд,
нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч Л.Оргилбаатар, Д.Төмөрсүх нар нь гэрээний маргааны зүйл болох уг морины хөлний гэмтлийн талаар нэхэмжлэлийн шаардлагыг батлах хэмжээний мэдүүлгийг өгөөгүй, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар уг хонгор морь нь зарагдах үедээ хөлөндөө гэмтэлтэй, /хөлгүй/ морь байсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Харин хариуцагчийн татгалзлаа баталж шүүхэд нотлох баримтаар гаргасан уг морь зарагдсанаас хойш 6-7 сарын дараа наадамд уралдаж байгаа бичлэг, шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар, мэдээлэл, зарагдсан морины фото зураг зэргээс үзэхэд уг морь нь хазгар доголон биш, хөлөндөө гэмтэлтэй гэдэг нь харагдахгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ай.Төмөр-Очир өөрийн шаардлага татгалзлыг өөрөө нотлох хэргийн оролцогчийн үүргийг зохицуулсан ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн шаардлагыг хангаагүйгээс, доголдлын улмаас худалдах, худалдан авах гэрээг цуцлах түүний тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Мөн худалдах худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйлийн чанар, доголдлын шинжийн талаар гаргах гомдлыг худалдан авагч, худалдагчид даруй худалдан авснаас хойш 6 сарын дотор мэдэгдэх үүрэгтэй байхад нэхэмжлэгч Ай.Төмөр-Очир нь уг морины хөлийг гэмтэлтэй байсан гэсэн гомдлоо 2016 оны 06 сард анх удаа худалдагч Мөнхбаатарт хэлж, 2016 оны 10 сард шүүхэд хандсан байгаа нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан доголдлын улмаас худалдах худалдан авах гэрээг цуцлах гомдол гаргах эрхээ алдсан байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ай.Төмөр-Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Ай.Төмөр-Очирын нэхэмжлэлтэй Ш.Мөнхбаатарт холбогдох худалдах худалдан авах гэрээг цуцалж, морины үнэ 20,000,000 /хорин сая/ төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ай.Төмөр-Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, түүний өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА