Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/484

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: С.Мөнхгэрэл,

шүүгдэгч: Н.А-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102002480137 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.А-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.А- нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай нийт 0.8202 грамм жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 7 дугаар сард Булган аймгийн нутаг дэвсгэрээс түүж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, улмаар 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Н.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Н.А- манай гэрт мансууруулах өвс, хэрэглүүр байгаа, би сайн дураар гаргаж өгнө” гэж хэлээд үүдний хэсэгт саарал өнгийн хувцасны шкаф дээрээс улаан өнгөтэй, дугуй хэлбэртэй төмөр хайрцаг буулгаад дотор хэсгийг харуулахад дотор нь бор, ногоон өнгөтэй ургамал мэт зүйл байсныг зиплок түгжээтэй гялгар уутанд хийж цахилгаан жингээр шалгахад 0.6 грамм жинтэй байсныг №1 гэж хаяглав. Уг ургамалтай хамт хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байсныг хурааж авав. Мөн тагтан дээр байгаа гэж хэлээд ертөнцийн зүгээр урагш харсан тагтан дээр гарахад тоосонд дарагдсан цагаан өнгөтэй угаалгын машины тагыг нээхэд дотор нь тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас байх ба дотор нь харлаж түлэгдсэн ургамал мэт зүйл байсныг зиплок түгжээтэй гялгар уутанд хийж, цахилгаан жингээр шалгахад 1 грамм байсныг №2 гэж хаяглав. Уг угаалгын машины ёроолд ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үүрмэг байсныг авч тугалган цаасанд боож, зиплок түгжээтэй уутанд хийж цахилгаан жингээр шалгахад 0.6 грамм жинтэй байсныг №3 гэж хаяглав...” гэжээ /хх-н 6-8/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...5 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, Н.А- шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов” гэжээ /хх-н 11-12/,

Шинжээчийн 2434 тоот дүгнэлтэд: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. №1 гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан тогоо хэлбэртэй тугалган цаастай харлаж түлэгдсэн ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан тугалган цаастай ногоон өнгийн нунтаг үйрмэг мэт зүйл, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан цааснаас тетрагидроканнабинолын /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Н.А- ФБ-96050514 2021.05.18 гэж хаягласан савтай шээсний дээжээс тетрагидроканнабинолын /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. АV9188609 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн дэвсгэрт, АE7202693 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. №1 гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0.3355 грамм байна. №2 гэж хаягласан тогоо хэлбэртэй тугалган цаасан доторх байх ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0.3312 грамм байна. №3 гэж дугаарласан тугалган цаастай ногоон өнгийн нунтаг үйрмэг мэт зүйлийн цэвэр жин нь 0.1535 грамм байна” гэжээ /хх-н 29-33/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 406 тоот дүгнэлтэд: “...Н.А- нь Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. ...одоо Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж шинж тэмдэг илрээгүй байна. ...мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ /хх-н 36-37/,

Яллагдагчаар Н.А- мөрдөн байцаалтад өгсөн: “...хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байна. ...2020 оны 7 дугаар сард найзуудтайгаа хамт Хөвсгөл аймаг руу явах замдаа Булган аймгийн нутаг дэвсгэрт замын хажууд бие засах гэж зогссон юм. Тэр үед замын хажууд ургасан байсан мансууруулах өвсийг бага зэргийг түүж авсан юм. Намайг уг ургамлыг түүж авсан талаар надтай хамт явж байсан найзууд маань хэн нь ч мэдээгүй. Би түүсэн мансууруулах бодисыг өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны-2-ын 35а байрны 34 тоот гэртээ зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор хадгалж байсан. ...маш их гэмшиж, харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 44/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 9-10/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 14-15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ...нь ..ы өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 8.2288 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр .... өөрийн биедээ “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.3581 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Н.А- манай гэрт мансууруулах өвс, хэрэглүүр байгаа, би сайн дураар гаргаж өгнө” гэж хэлээд үүдний хэсэгт саарал өнгийн хувцасны шкаф дээрээс улаан өнгөтэй, дугуй хэлбэртэй төмөр хайрцаг буулгаад дотор хэсгийн харуулахад дотор нь бор, ногоон өнгөтэй ургамал мэт зүйл байсныг зиплок түгжээтэй гялгар уутанд хийж цахилгаан жингээр шалгахад 0.6 грамм жинтэй байсныг №1 гэж хаяглав. Уг ургамалтай хамт хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байсныг хурааж авав. Мөн тагтан дээр байгаа гэж хэлээд ертөнцийн зүгээр урагш харсан тагтан дээр гарахад тоосонд дарагдсан цагаан өнгөтэй угаалгын машины тагыг нээхэд дотор нь тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас байх ба дотор нь харлаж түлэгдсэн ургамал мэт зүйл байсныг зиплок түгжээтэй гялгар уутанд хийж, цахилгаан жингээр шалгахад 1 грамм байсныг №2 гэж хаяглав. Уг угаалгын машины ёроолд ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үүрмэг байсныг авч тугалган цаасанд боож, зиплок түгжээтэй уутанд хийж цахилгаан жингээр шалгахад 0.6 грамм жинтэй байсныг №3 гэж хаяглав...” гэжээ /хх-н 6-8/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...5 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодсыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, Н.А- шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов” гэжээ. /хх-н 11-12/, шинжээчийн 2434 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 406 тоот дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.А- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч Н.А-г гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.А-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 5 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар солих, шүүгдэгчийн өмгөөлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, болон 5.2 дугаар зүйлд заасан хуулийн хэрэглэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Н.А- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэсэн, хадгалсан, уг бодисоо хэрэглэсэн, уг гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

          Иймд шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 01 жил хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “Улаанбаатар хотын бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах” ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

            Шүүгдэгч Н.А- нь Орхон аймгийн үндсэн бүртгэлтэй боловч шүүх хуралдаанд ... тоотод байнга оршин сууна гэсэн тул зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг “Улаанбаатар хот”-с гарахгүй байх гэж тогтоосон болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай 0.6 грамм, №2 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай 0.9 грамм, №3 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай 0.6 грамм ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодис хураан авсан боловч шинжээчийн дүгнэлтээр цэвэр жингээр нийт 0.8202 грамм зэргийг устгах,

          Зиплок түгжээтэй гялгар ууттай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэр 1 ширхгийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.А-г “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г  01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 01 жил хорих ялыг Улаанбаатар хотын бүсчлэлээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.

          4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай 0.6 грамм, №2 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай 0.9 грамм, №3 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай 0.6 грамм ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодис хураан авсан боловч шинжээчийн дүгнэлтээр цэвэр жингээр нийт 0.8202 грамм зэргийг устгаж,

          - Зиплок түгжээтэй гялгар ууттай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэр 1 ширхгийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР