Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 166

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг, Цагдаагийн 20 айлын орон сууцны 5-2 тоотод оршин суух Пил овогт Монхооройн Саруулын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Саруул шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 оны 09-р сарын 01-ээс 1980 оны 12-р сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд бичээчээр, 1980 оны 12-р сарын 15-аас 1987 оны 02-р сарын 15-ыг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан юм. Миний 1980 оны 12-р сарын 15-ны өдөр нээсэн Монхоорой овогтой Саруул нэртэй №0502298 дугаартай /1980 оны 12-р сарын 15-аас 1987 оны 02-р сарын 15-ыг хүртэл Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1987 оны 02-р сарын 25-аас 1991 оны 06-р сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1991 оны 06-р сарын 18-аас 1994 оны 12-р сарын 31-ийг хүртэл Түвшинширээ сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйгаар ажиллаж байсан бичилт бүхий/ хөдөлмөрийн дэвтэрт ажлын тухай мэдээллийн он, сар, өдрийг 1980 оны 12-р сарын 15-ны өдөр гэж бичилт хийсэн хэсэгт 1980 оныг засварласныг Нийгмийн даатгалын хэлтэс нь зөрчил гэж үзэж хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна. Энэ зөрчлийг арилгах шаардлагатай гээд байгаа юм. Мөн хөдөлмөрийн дэвтэрт Дарьганга сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 12-р сарын 15-ны өдрийн 209 тоот тушаалд тамга дарсан хэсэг нь засваргүй байгаа юм. Иймд 1980 оны 12-р сарын 15-ны өдрөөс 1987 оны 02-р сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Пил овогт Монхооройн Саруул нь 1980 оны 12-р сарын 15-ны өдрөөс 1987 оны 02-р сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1980 оны 12-р сарын 15-аас 1987 оны 02-р сарын 15-ыг хүртэл Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан бичилт бүхий/, Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984  оны 08-р сарын 21-ний өдрийн 104 тоот тушаалын хуулбар /багш нарын хуваарь батлах тухай хавсралтад Дарьганга сум бага ангийн багш нар Саруул гэж/,  Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 08-р сарын 23-ны өдрийн 170 тоот тушаалын хуулбар /багш нарын хуваарь батлах тухай хавсралтын 3-т бага ангийн багш Саруул гэж бичигдсэн/, гэрч Д.Юмжирийн шүүхэд өгсөн: “М.Саруул 1980-1987 онуудад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 7 жил орчим ажиллаж байсан. 1988 онд Сүхбаатар аймаг руу шилжиж ирээд Батсайхан гэдэг залуутай суугаад Түвшинширээ сум руу шилжсэн. Би 1980-1987 онуудад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан.  М.Саруултай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Я.Эрдэнэхүүгийн шүүхэд өгсөн: “М.Саруул нь 1980 оны 09-р сараас эхлэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. М.Саруул нь 1988 он хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаад 1988 онд Сүхбаатар аймаг руу шилжиж ирээд хүнсний үйлдвэрийн инженер Батсайхан гэдэг залуутай суугаад Түвшинширээ сум руу шилжсэн. Би 1980-1987 онуудад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд цагийн багшаар ажиллаж байсан.  М.Саруултай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Пил овогт Монхооройн Саруул нь 1980 оны 12-р сарын 15-ны өдрөөс 1987 оны 02-р сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч М.Саруулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Пил овогт Монхооройн Саруул нь 1980 оны 12-р сарын 15-ны өдрөөс 1987 оны 02-р сарын 15-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар М.Саруулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БОЛОРМАА