Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/479

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

Улсын яллагч: Г.Онон,

Шүүгдэгч: Р.Г- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105008170825 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р.Г-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Р.Г- нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 9 давхарт хохирогч Д.Г-ыг зодож, түүний биед тархины аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, тархины гүүр хэсгийн эдийн няцрал, ховдлын цусан хураа, зүүн зулайн хуйханд няцрал шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Г- шүүх хуралдаанд: “...Тухайн өдрийн өглөө 0.5 граммын архи уучхаад унтаж байгаад боссон.  Г-ын гар утсыг өгөх гээд байрны гадаа таарсан. Байрны 9 давхарт гараад намайг янхан гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би түлхсэн. Г- нүүрээ дараад цагдаа дууд гээд байсан” гэв.

            Хохирогч Д.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээс гарч хамт нийлж архи уудаг А-, Г- нартай уулзаж уусан. Тэгээд манай гэрт байхад дүү ирэхээр нь нөгөө 2 гараад явсан. Тэгээд би араас нь гараад явсан. Тухайн цаг хугацаанаас хойш ямар нэг зүйл санахгүй байгаа. ...Манай дүү надад хэлэхдээ намайг Г- гэмтээсэн гэж хэлсэн. Би Г-тай зүгээр найзууд бөгөөд ямар нэг дотно харилцаатай зүйл байхгүй. ...Миний зүгээс ямар нэг нэхэмжлэх хохирол байхгүй. Миний эмчилгээний зардалд нийт 782.500 төгрөг гарсан бөгөөд одоо 530.000 төгрөгийг Г- өгсөн байгаа, үлдсэн мөнгийг нь одоо удахгүй өгнө гэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 59-61, 64-65/,

Гэрч Д.Ч- мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд ажлаасаа тараад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд Г- болон түүний найз гэх А- хоёр хамт зурагт үзээд сууж байсан. ...Ингээд удаагүй байтал ах Г- нь А- гэх хүнтэй хамт гэрээс гарч явсан. Тэгээд би удалгүй том өрөөнийхөө цонхоор гадагшаа хартал Г- нь Г- гээд /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ зүс таних эмэгтэй хүнтэй байрны гадаа юм булаацалдаад байгаа бололтой харагдсан. Тэгээд би нээх юм бодоогүй орхисон. Тэгсэн удалгүй манай гэрийн хаалга гаднаас хүн тогшсон бөгөөд СӨХ-ийн дарга манай гэрийн хаалганы цаана зогсож байсан. СӨХ-ийн дарга надад хэлэхдээ Г- ах чинь 9 дүгээр давхрын хажууд шалан дээр хэвтэж байна Г- гэх хүн гартаа гар утсаа барьж байгаад зүүн хөмсөгний орчим цохиод явчихлаа гэсэн. Би сандраад Г- ахын байгаа газарт очиход ухаангүй хэвтэж байсан. ...Зүүн нүдний дээд хэсэгт хөхөрч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч Ч.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд 104 дүгээр байрны 1 давхарт гэр лүүгээ орох гэж байхад эмэгтэй хүн чанга хашхирч орилолдож байгаа чимээ гарахыг сонссон. Тэгээд би лифтэнд суугаад 9 давхрын хэсэгт гарсан. Лифтнээс буухад манай байрны оршин суугч А--М-, Г- /бүтэн нэрийг мэдэхгүй/, мөн Г- нар хамт зогсож байсан. Энэ А--М- гэх хүн Г-тэй маргалдсан хашхирсан байдалтай байж байсан. Би А--М-д хандаж “юу болоод байгаа юм бэ, яагаад орилж хашхираад байна гэхэд А--М- чимээгүй болсон. А--М-д хандаж чи согтуу байна, гэртээ ор гэж хэлсэн. Тэгээд за гэж хэлээд А--М- лифтэнд суугаад ганцаараа явсан. Г- надад хандаж та надад гар утсаа өгчих би цагдаа дуудах гэсэн юм Г- намайг алах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл Г- хажуу талаас “тэг чи дууд чи” гэж хэлээд гараараа цээж хэсэгт цохиж, дараа нь цээж рүү цохилттой түлхсэн. Тэгсэн Г- 9 давхрын шатны хэсэгт цонхны орчимд хажуугаараа унасан. Дараа нь хөлөөрөө цээж, нуруу хэсэгт өшиглөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Энэ хооронд Г- шатаар уруудаж буухдаа Г-ыг шалан дээр хэвтэж байхад нь зүүн шанаа хэсэгт нь гараараа маш хүчтэй цохисон. Тэгсэн Г- “ёо ёо” гэж орилсон. Тэгээд чимээгүй болсон, удалгүй хурхираад байгаа чимээ сонсогдохоор нь 104 байрны 90 тоот хаалга тогшиж Г-ын дүүд болсон асуудлын талаар хэлсэн. ...Намайг 9 давхарт гарахад Г- бусдад зодуулаагүй хэвийн байгаа харагдсан. Г- гэгч нь Г-ын биед халдсан, мөн түлхэж унагасан, мөн шатаар буухдаа толгой хэсэгт нь гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч Х.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г-, Г- бид 3 байрны 9 давхарт гараад ирсэн чинь 10 давхарт байдаг манай СӨХ-н дарга Ренчинтогтох гарч ирээд 9 давхарт бид 3 дээр ирээд А- чи гэр лүүгээ ор гэж хэлсэн. Би хэлсэн үгэнд нь ороод лифтенд суугаад доошоо буусан. Манай байрны Сараа гэх хүүхэнтэй би уулзсан чинь СӨХ-н дарга Сараад хэлэхдээ Г-, Г-ыг өшиглөж унагаад шатаар доошоо буухдаа шатны завсраар гар утсаараа Г-ын толгой руу нь цохисон гэж надад хэлсэн. ...Би өмнө нь Г-ыг Г- нь гараараа цээж рүү нь тохойлдож цохиж, гараараа алагдаж байхыг нь олон харж байсан. Г-, Г- 2 гэр бүлийн харьцаа байхгүй, хамт амьдарч байгаагүй, нэг нэгнийхээ гэрээр орж гарч, хонож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

            Шинжээчийн 3383 тоот дүгнэлтэд дугаартай: “...Д.Г-ын биед тархины аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, тархины гүүр хэсгийн эдийн няцрал, ховдлын цусан хураа, зүүн зулайн хуйханд няцрал шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 43-44/,

            Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Г-ын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. ...хүнд зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/,

Яллагдагч Р.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар 9 давхарт гарсан бөгөөд намайг мөн доромжлоод байсан. Тэгээд байж байхад СӨХ-н дарга ирсэн бөгөөд А- гэх хүүхнийг гэртээ харь гээд лифтээр буулгасан. Тэгээд байж байхад Г- намайг хөгшин янхан минь чи дүүг биеийг нь үнэлүүлсэн байна гэж хэлээд хэрүүл маргаан дэгдээгээд янхан гэж хэлээд гараараа цохих гээд далайхаар нь цээж рүү нь нэг удаа гараараа түлхсэн. Тэгэхэд Г- газар унаад “ёо ёо” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би зүүн М-д нь нэг, хоёр удаа гараараа цохиод шатаар буугаад явсан. ...Би өмнө нь нэг удаа Г-тай муудаад баривчилгаанд явж байсан. Өөр ямар нэг байдлаар гар хүрч зодуулж байсан зүйл байхгүй. Би хохиролд одоогоор 530.000 төгрөг өгсөн байгаа бөгөөд үлдсэн 252.500 төгрөгийг удахгүй төлнө. ...Би уг нь гараараа түлхээд газар унагаасан бөгөөд энэ үед Г- газарт унахдаа юм мөргөсөн эсэх талаар сайн анзаараагүй бөгөөд миний өөрийн санаж байгаагаар Г-  хэвтэж байхад би шатаар буусан. Энэ үедээ гараараа М- дээр нь цагдаа яах гэж дуудаад байгаа юм гэж хэлээд баруун мөр орчим нь цохиод шууд буусан” гэсэн мэдүүлэг /хх-н 92-96, 97-98/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 20-22, 30-31, 103-106/, хохирлын баримтууд /хх-н 66-69/, хохирогчийн өвчний түүх /хх-н 70-86/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч Р.Г- нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлах хотхоны 104 дүгээр байрны 9 давхарт хохирогч Д.Г-ыг зодож, түүний биед тархины аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, тархины гүүр хэсгийн эдийн няцрал, ховдлын цусан хураа, зүүн зулайн хуйханд няцрал шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

            Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Г-ын: “...Манай дүү надад хэлэхдээ намайг Г- гэмтээсэн гэж хэлсэн. Би Г-тай зүгээр найзууд бөгөөд ямар нэг дотно харилцаатай зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 59-61, 64-65/, гэрч Д.Ч-: “...би удалгүй том өрөөнийхөө цонхоор гадагшаа хартал Г- нь Г- гээд /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ зүс таних эмэгтэй хүнтэй байрны гадаа юм булаацалдаад байгаа бололтой харагдсан. ...СӨХ-ийн дарга надад хэлэхдээ Г- ах чинь 9 дүгээр давхрын хажууд шалан дээр хэвтэж байна Г- гэх хүн гартаа гар утсаа барьж байгаад зүүн хөмсөгний орчим цохиод явчихлаа гэсэн. Би сандраад Г- ахын байгаа газарт очиход ухаангүй хэвтэж байсан. ...Зүүн нүдний дээд хэсэгт хөхөрч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч Ч.Х-ын: “...Г- надад хандаж та надад гар утсаа өгчих би цагдаа дуудах гэсэн юм Г- намайг алах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл Г- хажуу талаас “тэг чи дууд чи” гэж хэлээд гараараа цээж хэсэгт цохиж, дараа нь цээж рүү цохилттой түлхсэн. Тэгсэн Г- 9 давхрын шатны хэсэгт цонхны орчимд хажуугаараа унасан. Дараа нь хөлөөрөө цээж, нуруу хэсэгт өшиглөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Энэ хооронд Г- шатаар уруудаж буухдаа Г-ыг шалан дээр хэвтэж байхад нь зүүн шанаа хэсэгт нь гараараа маш хүчтэй цохисон. Тэгсэн Г- “ёо ёо” гэж орилсон. ...Г- гэгч нь Г-ын биед халдсан, мөн түлхэж унагасан, мөн шатаар буухдаа толгой хэсэгт нь гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч Х.А-гийн: “...Манай байрны Сараа гэх хүүхэнтэй би уулзсан чинь СӨХ-н дарга Сараад хэлэхдээ Г-, Г-ыг өшиглөж унагаад шатаар доошоо буухдаа шатны завсраар гар утсаараа Г-ын толгой руу нь цохисон гэж надад хэлсэн. ...Би өмнө нь Г-ыг Г- нь гараараа цээж рүү тохойлдож цохиж, гараараа алагдаж байхыг нь олон харж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/, шинжээчийн 3383 тоот дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Р.Г-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Г- нь хохирогч Д.Г-ыг орон сууцны шат руу түлхэн унагааж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Г-ын биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хавтаст хэргийн материалтай танилцсан баримт дээр “гомдолгүй, хэргийг хөнгөвчилсөн хэлбэрээр шийдэж өгнө үү” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Р.Г-г гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийг хохирогчид учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 03 жил хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Р.Г-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ 02 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүлийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Р.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 02 жилийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р.Г-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-г 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д оногдуулсан 02 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР