Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/481

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: Л.М-, Л.М-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч: Б.Н- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005019941343 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хорооллын гарааш дотор хохирогч Л.М-, Л.М- нартай маргалдаж улмаар иргэн Л.М-ийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн булгалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.М-гийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н- шүүх хуралдаанд: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр осолд ороод машинаа М-ийн нөхрийн засварын газарт өгсөн. Заасан хугацаанд гаргаагүй, урьдчилгаа мөнгө төгрөгийг өгөөд тохирсон байхад дутуу зассан байсан тул тухайн засварын газарт ажиллаж байсан вьетнамтай маргалдаж машинаа авсан. Дутуу янзалсан байсан учраас өөр газар засварт өгөөд үлдсэн мөнгөө ярьж байгаад тохиролцоно гэж ярьцгаасан. Манай гэрийн урд байдаг засварын төв байсан. Гэтэл нэг өдөр зассан хэсгийг хуулаад авлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарааш руугаа буугаад очиход миний машины хажууд М- үзүүртэй юм барьсан зогсож байсан. Эгч нь наана нь гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Би цагдаа, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэх боломж байхгүй юу, заавал ингэх шаардлага байхгүй, цагдаа дуудаад шийдүүлье гэж хэлэхэд асуудлаа өөрөө шийднэ гээд миний машиныг зурж эхэлсэн. Тэгээд би хоёр гарыг нь хойноос нь тэврээд авсан чинь тавь гээд орилоод байсан. Машин үзүүртэй юмаар зураад байхаар нь машинаас холдуулах гээд түлхээд гаргасан. Түлхээд гаргахад копуданд толгойгоо цохисон гэж байгаа ч тухайн үед толгойгоо цохиогүй. Би машины хажуугаас чирээд гаргаад иртэл эгч нь намайг нэг удаа цохисон. Тэгээд би нүдээ бариад зогссон. Энэ талаар камерт бичигдсэн байгаа. Тэгтэл М- машин тойроод өшиглөөд, зураад байсан. Тэгээд би больчих цагдаа дуудаад асуудлаа шийдье гээд эхнэрээ дуудсан. Тэгээд маргалдаад зогсож байхад М- жолооч талын карлан руу өшиглөхөд карлан хонхойсон. Тэгэхээр нь М-ийг түлхээд унагаасан чинь эгч нь ирээд дайрсан. Тэр үед манай эхнэр дээрээс бууж ирээд цагдаа дуудсан. Тухайн үед М- гараашнаас гараад явсан байсан. Гэтэл хажуу талын засварын газраас ах нь вьетнам залуу болон монгол залуучууд ирээд машины хойд купер лүү өшиглөөд хонхойлгосон. Хорооны цагдаа дээр очиход М- гарч ирээд гомдол саналгүй, намайг гомдлоо татаад авчих тэгээд тооцоогоо дуусгая гэж хэлсэн. Цагдаа нар тохироод явчих, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснийг амгалан тайван байдал алдагдуулсан гэж зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгоод явуулъя, хоорондоо тооцоогоо бод гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа эвдүүлсэн учраас цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл бичсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Тэгээд 3 хоногийн дараа нүд хөхрөөд эхлэхээр нь шүүх эмнэлэгт гомдол гаргая гэхэд прокурор хариу өгөөгүй. 9 дүгээр сарын сүүлээр цагдаагийн байгууллагаас дуудаад эрүүгийн хэрэг үүсгэж байгаа талаар хэлсэн. Анхан шатны шүүх хурлаар эмэгтэй хүний биед гар хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед санаатай гар хүрээгүй, эд хөрөнгөө хамгаалахын тулд гар хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний төлбөр өндөр байна. Түрүү жилийн торгуулийн ялын хагас төлбөрийг төлөөгүй байгаа учраас хохирогчийн гаргаж өгч байгаа баримт өндөр үнийн дүнтэй байна. Давж заалдах шатны шүүхэд дахиад эмчилгээний баримт гаргаж өгсөн. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нь юунаас болж, яах гэж энэ хүмүүст гар хүрсэн бэ, биеэ хамгаалсан байна уу, эд хөрөнгөө хамгаалсан байна уу тухайн нөхцөл байдлыг шалгаж тогтоох талаар тодорхой хэлсэн байдаг. Хоёр хэрэг нэгтгэж шийдүүлээд яв гэсэн байхад нөгөө хэргийг зөрчлийн хэргээр хаасан. Намайг хүчээр яллаж байгаад гомдолтой байна. Хэрэг болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрч, шийдэгдээгүй байна” гэв.

Хохирогч Л.М- шүүх хуралдаанд: “...Н- нь өмнө нэг удаа манай засварын газраар машинаа засуулаад гарахдаа үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гарсан. Дараагийн удаа 2020 оны 4 дүгээр сард дахин машинаа засуулахаар манай ажилчинтай 1.600.000 төгрөгөөр тохироод орсон. Урьдчилгаа мөнгө өгөөгүй байж, засварын төвд ажилдаг ажилчдыг дарамталдаг. Машиныхаа сэлбэгээ ч авч өгөөгүй. Удаа дараа хэлсний эцэст эхлээд урьдчилгаа мөнгөө өгчих, тэгээд будаг, замаск сэвээ гаргая гэхэд 500.000 төгрөг өгсөн. Тэгээд гараашийн гадаа тавиад дугуйгаа сольчхоод мөнгө төлье гэхэд нь итгээд гаргасан чинь 1.100.000 төгрөгөө төлөлгүйгээр аваад гарсан. Би гар утас руу нь залгаад мөнгө нэхэхэд өгч чадахгүй, чаддаг юм бол аваарай гээд том, том албан тушаалтай хүмүүсийн нэр хэлдэг. Энэ хүн намайг өөрөө дуудсан. Манай гэрийн ард байдаг. Мөнгөө өгч чадахгүй бол ирээд будаг, замаскаа хуулаад ав гэж хэлсэн. Би машин дээр нь очоод утас руу нь  залгаад гарч ирсэн. Тэгээд гарч ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би машины цаад хэсэгт буланд зогсож байсан. Намайг булангаас түлхээд байсан. Миний хөл гацчихсан, би гарья гэхэд намайг хойноос дагз руу цохиод, кодудан дээр нүүр цохиж,  хоолой боож камерын тэнд аваачсан. Босоод ирэхэд манай эгчийг цохих гэж байсан болохоор эгчийгээ салгаад цаашаа юм ярьж байхад араас хүрч ирээд, цохиж, өшиглөсөн. Нийт эмчилгээний зардал 2.676.525 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс өмнөх шүүх хуралд бензин болон бусад зардлыг хасаад 1.703.550 төгрөгийг гаргасаныг нэхэмжилж байгаа. Өнөөдрийн шүүх хуралд гаргаж өгсөн хамрын хагалгаанд орох 3.200.000 төгрөг эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч Л.М- шүүх хуралдаанд: “...Манай дүү рүү утсаар залгаад хүрээд ир гэсэн байдаг. Тэгээд бид хоёр цуг очсон. Машины хажууд дуудаж гаргаж ирээд үлдэгдэл мөнгөө өгчих. Эсхүл будаг, замаскаа хуулаад авъя гэхэд хуулуулахгүй гэж барьж авч зодсон. Манай дүү хана, машин хоёрын голд зогсож байхад тэндээс үсдэж гаргаж ирээд зодсон. Тэгж гаргаж ирэх хоорондоо машинаа зурсан байх. Тэрнээс машиныг тойрч явсан зүйл байхгүй. Би тэр үед бичлэг  хийж зогсож байгаад, манай дүүг цохихоор нь бичлэгээ болиод салгах гэж байгаад зодуулсан. Миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Дүүгээ татаад босгох гэхэд араас ирээд өшиглөсөн. 1.050.480 төгрөг байснаас, өмнөх шүүх хуралдаанаар хасаж 698.000 төгрөг болгосон. Энэ мөнгөө нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Л.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэрнээс хойш би 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүлээсэн. Тэр өдөр би Н- руу залгаад машиныхаа тооцоог хийчих гэж хэлэхэд хэн бэ, нөгөө вьетнамын бүсгүй юу, би машинаа явдаг ломбарданд тавьж мөнгөө өгнө, одоо болтол шилээ янзлуулж чадаагүй л байна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 16-наас 26-ны хооронд залгахад утсаа авахгүй байсан ба утсаа байн, байн таслаад, унтраагаад байсан. Өмнө нь Өнөр хороололд байдаг гэж хэлснийг нь санаад гарааш дотор хайж очиход машин нь байж байсан. Ингээд мөнгөө төлөхгүй бол би будаг замаскаа хуулж авч болох уу гэж ярихад Б.Н- болно, би одоо буугаад очлоо гэж хэлсэн. Н-ыг бууж иртэл нь би машинд нь огт хүрээгүй. Б.Н-ад тооцоогоо хэзээ хийх вэ, өөрөө будаг, замаскаа хуулаад ав гэж хэлж байсан байхаа гээд би машиныг чинь тойроод зассан юмнуудаа харъя гэж хэлээд мөн эгч Л.М-д утсан дээрээ бичлэгээ сайн хийгээрэй гээд зассан талынхаа хэсгийг очиж хараад Н-тай юм ярих гэтэл ар дагз руу гараараа хүчтэй цохисон. Тэр үед би ухаан алдсан. Намайг машинаас шидэхэд нь ухаан орсон. Камерын бичлэгийг үзэхэд миний ар дагз руу цохиод нүүрээр копуд мөргүүлж, хоолой боогоод, машинаасаа хол шидсэн байсан. Гэтэл манай эгч М- чи хүн зодоод байна гэж хэлээд Н- руу очиход би эгчийгээ бас зодуулчих байх гэж бодоод араас нь татсан. Тухайн үед Н- эгчийн баруун талын шанаа хэсэг рүү хүчтэй цохисон. Тэр үед харуул орж ирсэн. Харуул ах бид нарыг Н-аас холдуулсан. Үүний дараа Н- дахиж ирээд миний хамар тус газарт хүчтэй цохиж би хойш савж унасан, би гомдолтой байна, хоол идэж чадахгүй, дотор муухайрдаг, хамрын таславч өвддөг, хамрын зүүн талын заадсаар цууралттай, хугарсан. Мэдрэлийн эмнэлэгт долоо хоног эмчилгээ хийлгэсэн, мэдрэлийн эмчийн хяналтад байнга байх ёстой гэж хэлсэн. Наймдугаар сард дахин хэвтэх шаардлагатай гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэсэн 2.181.235 төгрөгийг нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг/хх 1-н 20-28/,

Хохирогч Л.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай дүү М- над руу залгаад засварын газраас мөнгөө өгөхгүй зугтаасан хүнээ олчихлоо, тэр хүний машин Өнөр хотхоны машины зогсоолд байна гэж хэлэхээр нь би Өнөр хотхоны гарааш руу ороод автомашины шилэн дээр байсан утасны дугаар руу залгаад дуудтал нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Түүнд та машинаа засуулчхаад тооцоогоо хийлгүй зугтаалаа гэж хэлтэл зассан ажлынхаа будгийг хуулаад ав гэж хэлсэн. Тэгэхээр нь манай дүү М- тэгвэл одоо хуулаад авъя гээд машиныг нь зурсан. Гэтэл тэр залуу манай дүүг толгойноос нь барьж байгаад автомашиныхаа копудыг мөргүүлээд боогоод газар унагаасан. Тэгэхээр нь би салгах гээд эмэгтэй хүн зодож болохгүй гээд яваад очиход миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унасан. Би газар уначхаад босоод иртэл тэр хавийн харуул бололтой нэг ах, хоёр эгч ирж тэр залууг надаас салгасан. Би 2.823.000 төгрөг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 12-16/,

Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим “Өнөр” хотхоны цэцгийг усалж байтал менежер Б-, лифтчин Б- нар над дээр ирээд гражид зодоон болоод байна гэж хэлэхээр нь граж руу ороход үл таних хоёр эмэгтэй, үл таних эрэгтэй нар хоорондоо маргалдаад орилж байсан. Тэгээд би очоод салгасан. Тэгээд тэр хүмүүс салаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 74/,

Гэрч Л.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Н- 2020 оны 4 дүгээр сард дахин машинаа мөргүүлсэн гээд ирж уулзаад засварт оруулсан. Машиныг засчхаад байхад авахгүй байсан ба манайхаас мөнгөө өгөөд машинаа ав, гражаа суллаж авмаар байна гэж хэлэхэд би мөнгөө өгнө, та нар машиныг маань гражнаасаа гаргаад хашаандаа тавьчих гэхээр нь хашаандаа гаргаад тавьсан. Гэтэл манай байгууллагын манаачийг загнасаар байгаад машинаа хашаанаас аваад явсан байсан. Дараа нь машин зассан мөнгөө өг гэж хэлэхээр өөдөөс нь жоохон байж байгаад өгнө гээд маргалдаад байсан. ...би хамт граж руу нь явж орсон. Гэтэл М-, М- хоёр Н-ад зодуулчихсан байсан. Тэгээд бид нар орж маргалдаж байтал М- цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 71-72/,

Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд М-тэй хамт машинтай явж байсан. ...граж руу ортол Мөнх-Эрдэнийн төрсөн эгч, дүү болох М-, М- нар нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан ба эрэгтэй нь машиндаа суучихсан хэрэлдэж байсан. Тухайн үед М- эгч, дүү хоёрыгоо зодуулсан байдалтай байхыг харчхаад уурлаад тэр залуу руу дайрахаар нь боль гэж хориглоод болиулсан. Ингээд хэрэлдээд зогсож байтал М- нь цагдаа дуудсан гээд хүлээж байхад цагдаагийн албаны машин ирээд бид нарыг аваад Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний хувьд энэ маргаанд оролцоогүй хөндлөнгийн хүн учир хөндлөнгөөс хараад зогсож байсан. Намайг харж байхад ямар нэгэн зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 76-77/,

Гэрч Ф-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр 15 цагийн үед над руу залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ...Тэгээд граж руу ортол хэрүүл болж байсан. Гадаад хүн хэрэггүй гээд манай эхнэр намайг гаргачихсан. Би очоод хэрүүл болж байсныг хараад буцаад гараад явсан. Өөр юу болсныг цааш нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 82-83/,

Шинжээчийн 6376 дугаар дүгнэлтэд: “Л.М-гийн биед баруун хацар, шанаа эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх 1-н 86-87/,

Шинжээчийн 6272 тоот дүгнэлтэд: “...Л.М-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 1-н 92-93/,

Гар утсаар хийсэн бичлэгтэй сидийнд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Н- нь М-тэй ноцолдох явцдаа М-ийг машины хамар, хана хоёрын дунд шахаж биеэр нь машины хамарт мөргүүлж, үснээс нь татаж, ар дагз хэсэг рүү нь цохиж байгаа байдалтай харагдаж байна” гэжээ /хх 1-н 48-50/,

Өнөр хотхон доторх грашийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...урт үстэй цагаан мэт өнгийн цамц өмссөн эмэгтэйг хар мэт өнгийн подволк өмссөн эрэгтэй нь машины хамар хэсэгт шахаж зогсоод толгойгоор нь ар дагзнаас нь барьж мөргүүлсэн байдалтай харагдаж байна...” гэжээ /хх 1-н 51-53/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цагаан өнгийн автомашины урд царай зүс нь тодорхой харагдахгүй хоёр эмэгтэй хүн зогсож автомашины копуд хэсгийг цагаан өнгийн цамцтай эмэгтэй ямар нэг зүйлээр үрэх үйлдэл хийж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. Автомашины копуд хэсгийг гараараа үрэх үйлдэл хийж байсан эмэгтэйн хойд талаас ямар нэг хүн дарж автомашины копудыг мөргүүлж ...автомашины урд зогсож байсан эмэгтэй хүн цагаан өнгийн цамцтай эмэгтэй хүнийг машины копуд мөргүүлж байгаа хүн рүү очиж гараараа далайж цохиж байгаа ...копуд мөргүүлсэн эмэгтэйгээ газар түлхэж унагаагаад хажууд байсан эмэгтэй рүү дайрах үйлдэл хийж байгаа ...эмэгтэй хүн рүү дайрсан эрэгтэйгийн нүүрэн тус гараараа цохиход нүүрээ гараараа дарж байх ба хүмүүстэй маргалдаж цохих үйлдэл хийх үед хажууд нь саравчтай малгайтай эрэгтэй хүн зогсож байгаа ...урд зогсож байсан эрэгтэйг эмэгтэй хүн өшиглөх үйлдэл хийж байгаа ...харуулав” гэжээ. /хх 2-н 26-52/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 3/, хохирлын баримтууд /хх 1-н 31-34, 37-45, 54-58, 195-206/, Гар утсаар хийсэн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 54-58т/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх 1-н 115-116, 121, 128-156/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч нь хохирогч нарт санаатай гэмтэл учруулаагүй өөрийн эд хөрөнгөө хамгаалах явцад гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн бөгөөд түүний хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хууль сануулж авсан хохирогч нарын мэдүүлэг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.Н- нь хохирогч Л.М-, Л.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр тухайн хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлж, хохирогч нарын буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч энэ нь шүүгдэгчийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх шалтгаан болохгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн тухайн үед хийсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч нарт гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус ба тулгарсан довтолгоон хийсэн нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хорооллын граш дотор хохирогч Л.М-, Л.М- нартай маргалдаж улмаар иргэн Л.М-ийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн булгалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.М-гийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар шанаа эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.М-гийн: “...Түүнд та машинаа засуулчхаад тооцоогоо хийлгүй зугтаалаа гэж хэлтэл зассан ажлынхаа будгийг хуулаад ав гэж хэлсэн. Тэгэхээр нь манай дүү М- тэгвэл одоо хуулаад авъя гээд машиныг нь зурсан. Гэтэл тэр залуу манай дүүг толгойноос нь барьж байгаад автомашиныхаа копудыг мөргүүлээд боогоод газар унагаасан. Тэгэхээр нь би салгах гээд эмэгтэй хүн зодож болохгүй гээд яваад очиход миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унасан. Би газар уначихаад босоод иртэл тэр хавийн харуул бололтой нэг ах, хоёр эгч ирж тэр залууг надаас салгасан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 12-16/, хохирогч Л.М-ийн: “...Н-ыг бууж иртэл нь би машинд нь огт хүрээгүй. Б.Н-ад тооцоогоо хэзээ хийх вэ, өөрөө будаг, замаскаа хуулаад ав гэж хэлж байсан байхаа гээд би машиныг чинь тойроод зассан юмнуудаа харъя гэж хэлээд мөн эгч Л.М-д утсан дээрээ бичлэгээ сайн хийгээрэй гээд зассан талынхаа хэсгийг очиж хараад Н-тай юм ярих гэтэл ар дагз руу гараараа хүчтэй цохисон. Тэр үед би ухаан алдсан. Намайг машинаас шидэхэд нь ухаан орсон. Камерын бичлэгийг үзэхэд миний ар дагз руу цохиод нүүрээр копуд мөргүүлж, хоолой боогоод, машинаасаа хол шидсэн байсан. Гэтэл манай эгч М- чи хүн зодоод байна гэж хэлээд Н- руу очиход би эгчийгээ бас зодуулчих байх гэж бодоод араас нь татсан. Тухайн үед Н- эгчийн баруун талын шанаа хэсэг рүү хүчтэй цохисон. Тэр үед харуул орж ирсэн. Харуул ах бид нарыг Н-аас холдуулсан. Үүний дараа Н- дахиж ирээд миний хамар тус газарт хүчтэй цохиж би хойш савж унасан” гэсэн мэдүүлэг/хх 1-н 20-28/, гэрч Н.Н-ийн: “...менежер Б-, лифтчин Б- нар над дээр ирээд гражид зодоон болоод байна гэж хэлэхээр нь граж руу ороход үл таних хоёр эмэгтэй, үл таних эрэгтэй нар хоорондоо маргалдаад орилж байсан. Тэгээд би очоод салгасан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 74/, гэрч Л.М-: “......би хамт граж руу нь явж орсон. Гэтэл М-, М- хоёр Н-ад зодуулчихсан байсан. Тэгээд бид нар орж маргалдаж байтал М- цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 71-72/, гэрч Т.М-ийн: “...М- эгч, дүү хоёрыгоо зодуулсан байдалтай байхыг харчхаад уурлаад тэр залуу руу дайрахаар нь боль гэж хориглоод болиулсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 76-77/, гэрч Ф-ий: “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр 15 цагийн үед над руу залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ...Тэгээд граж руу ортол хэрүүл болж байсан. Гадаад хүн хэрэггүй гээд манай эхнэр намайг гаргачихсан. Би очоод хэрүүл болж байсныг хараад буцаад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 82-83/, Гар утсаар хийсэн бичлэгтэй сидийнд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Н- нь М-тэй ноцолдох явцдаа М-ийг машины хамар, хана хоёрын дунд шахаж биеэр нь машины хамарт мөргүүлж, үснээс нь татаж, ар дагз хэсэг рүү нь цохиж байгаа байдалтай харагдаж байна” гэжээ /хх 1-н 48-50/, Өнөр хотхон доторх грашийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...урт үстэй цагаан мэт өнгийн цамц өмссөн эмэгтэйг хар мэт өнгийн подволк өмссөн эрэгтэй нь машины хамар хэсэгт шахаж зогсоод толгойгоор нь ар дагзнаас нь барьж мөргүүлсэн байдалтай харагдаж байна...” гэжээ /хх 1-н 51-53/,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цагаан өнгийн автомашины урд царай зүс нь тодорхой харагдахгүй хоёр эмэгтэй хүн зогсож автомашины копуд хэсгийг цагаан өнгийн цамцтай эмэгтэй ямар нэг зүйлээр үрэх үйлдэл хийж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. Автомашины копуд хэсгийг гараараа үрэх үйлдэл хийж байсан эмэгтэйн хойд талаас ямар нэг хүн дарж автомашины копудыг мөргүүлж ...автомашины урд зогсож байсан эмэгтэй хүн цагаан өнгийн цамцтай эмэгтэй хүнийг машины копуд мөргүүлж байгаа хүн рүү очиж гараараа далайж цохиж байгаа ...копуд мөргүүлсэн эмэгтэйгээ газар түлхэж унагаагаад хажууд байсан эмэгтэй рүү дайрах үйлдэл хийж байгаа...” гэжээ /хх 2-н 26-52/, шинжээчийн 6376, 6272 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүнд учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н- нь хохирогч Л.М-, Л.М- нартай машин янзлуулсан мөнгө өгөөгүй шалтгаанаар маргалдан улмаар тэдгээрийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.М-, Л.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Л.М- нь шүүгдэгчээс эмчилгээний зардал баримтаар 1.703.550 төгрөг, мэс засал хийлгэх 3.200.000 төгрөг, хохирогч Л.М- нь 698.000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгч Б.Н-аас 2.401.550 төгрөг гаргуулж хохирогч Л.М-т 1.703.550 төгрөг, хохирогч Л.М-д 698.000 тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Л.М-ийн мэс засал хийлгэх 3.200.000 төгрөгийг энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Хохирогч Л.М- нь шүүхэд MBG эмнэлгийн мэс засал эмчилгээний төлбөрийн багц 3.200.000 төгрөг болно” гэсэн тодорхойлолт шинээр гаргаж өгсөн боловч тухайн хохирол бодитой учраагүй, дээрх үнийн дүнгээс бага эсхүл их зардал гарах боломжтой тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.М-, Л.М- нар нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Н-ыг үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н-ад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн торгох ялыг хорих ялд шилжүүлж 02 сар 6 хоног хорих ял оногдуулах санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй, хохирогч нар гомдол саналтай зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

Шүүх хуралдаанд прокурор шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг үндэслэн түүнд оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба тухайн торгуулийн ялаас 1 сая төгрөгийг үлдэх 1 сая төгрөгийн торгуулийг төлж барагдуулаагүй бөгөөд дээрх ял нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байх тул энэ тогтоолоор шийдвэрлээгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-ад оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас нийт 2.401.550 төгрөг гаргуулж хохирогч Л.М-т 1.703.550 төгрөг, хохирогч Л.М-д 698.000 төгрөг тус тус олгосугай.

6. Хохирогч Л.М-, Л.М- нар нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР