| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0157/и |
| Дугаар | 158 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 158
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуутын 9-241 тоотод оршин суух Хатиган овогт Тогосын Эрдэнэцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа: Би 1962 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Миний албан ёсны нэр Т.Эрдэнэцэцэг юм. Би эмэг эхийнхээ гар дээр өсөн бойжиж, 1970 онд сургуульд орж байсан. Эмэг эх маань намайг сургуульд орсон цагаас эхлэн Эрдэнээ нэрээр бүртгүүлж сурагчдын хувийн хэрэг, техник мэргэжлийн сургуулийн бичиг баримтууд хөдөлмөрийн дэвтэр Эрдэнэ нэртэй. Иргэний үнэмлэх Эрдэнэцэцэг нэртэй байгаа. Сүхбаатар аймгийн Архивын тасгаас ажиллаж байсан үеийн цалингийн лавлагаагаа гаргуулж авсан. Гэтэл цалингийн лавлагаа болон хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрүүтэй гарсан. Хөдөлмөрийн дэвтрийг Эрдэнэ гэж бичсэн байсныг өөр гарын үсгээр “цэцэг” гэж нэмж засварлаж Эрдэнэцэцэг болгосон. Иймд Тогос овогтой Эрдэнээ нэртэй байсныг “цэцэг” нэмж Эрдэнэцэцэг болгож засварласан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тогос овогтой Эрдэнэцэцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1982 оны 06-р сарын 15-ны өдөр нээсэн № 01039 дугаартай Тогос овогтой Эрдэнэ нэртэй байсныг “цэцэг” нэмж Эрдэнэцэцэг болгож засварласан 1981 оны 09-р сарын 01-ээс 1995 оны 04-р сарын 01-ний өдрийг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 15-ны өдрийн 266/15 тоот цалингийн лавлагаа /Т.Эрдэнээгийн 1982-1990 онуудад Хотын худалдааны трестэд худалдагчаар ажиллаж байсан бичилт бүхий/, Тогос овогтой Эрдэнэцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, Тогос овогтой Эрдэнэцэцэг гэж засварласан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тогос овогтой Эрдэнэцэцэг мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Н.Досмоогийн шүүхэд өгсөн: Эрдэнээ нь 1982 оны зун 06-р сард Дорнод аймгийн Барилгын ТМС-ийг худалдагч мэргэжлээр төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестийн хүнсний төв дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. 1984 онд Сүхбаатар аймагт 18 худалдагчтай дэлгүүр байгуулагдахад жижиг бараа, гоо сайхны барааны тасагт худалдагчаар тус тус ажиллаж байсан. Би тухайн үед дэлгүүрийн ахлахаар ажиллаж байсан болохоор цагийн бүртгэл, эд хөрөнгийн тооллого тооцоо зэргийг нягтлан бодогч нарт гаргаж өгдөг байсан. Тэгэхэд Тогосын Эрдэнээ гэдэг нэртэй байсан. Ер нь тухайн үед хамт ажиллаж байсан манай хамт олон Эрдэнэцэцэгийг Эрдэнээ нэрээр нь сайн мэднэ. Эрдэнэцэцэг гэдэг нэрийг бол сая л сонслоо.Эрдэнээгийн аавыг нь Тогос, ээжийг нь Цэцэг гэдэг хүмүүс байсан. Эрдэнээ бол эмэг эхийнхээ гар дээр өссөн. Тэгээд бүх бичиг баримт нь Эрдэнээ нэрээр бүртгэгдсэн юм билээ. Би 1979-1994 он хүртэл Сүхбаатар аймгийн Хотын худалдааны трестэд худалдагчаар хамт ажиллаж байсан болохоор Эрдэнээгийн аж амьдралын талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Ц.Чимэгмаагийн шүүхэд өгсөн: “Би 1986 онд Сүхбаатар аймгийн Хотын худалдааны трестэд худалдагчаар ажилд орсон. Тэр үед метрийн бараа, гоо сайхан, бэлэн хувцасны тасаг гэх мэтчилэн олон тасаг байдаг байсан. Тэгэхэд Эрдэнээ эгч гоо сайханы тасагт худалдагчаар ажилладаг байсан. Бид нар бол Эрдэнээ эгчийг Эрдэнээ нэрээр нь сайн мэддэг байсан. Эрдэнэцэцэг гэдэг нэрийг нь сая л сонслоо. Эрдэнээ эгчийн аавыг нь Тогос, ээжийг нь Цэцэг гэдэг хүмүүс байсан. Би 1986-1993 он хүртэл Сүхбаатар аймгийн Хотын худалдааны трестэд хамт ажиллаж байсан болохоор Эрдэнээ эгчийн аж амьдралын талаар мэднэ” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд 1982 оны 06-р сарын 15-ны өдөр нээсэн № 01039 дугаартай Тогос овогтой Эрдэнээ нэртэй байсныг “цэцэг” нэмж Эрдэнэцэцэг болгож засварласан 1981 оны 09-р сарын 01-ээс 1995 оны 04-р сарын 01-ний өдрийг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тогос овогтой Эрдэнэцэцэг мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1982 оны 06-р сарын 15-ны өдөр нээсэн № 01039 дугаартай Тогос овогтой Эрдэнээ нэртэй байсныг “цэцэг” нэмж Эрдэнэцэцэг болгож засварласан 1981 оны 09-р сарын 01-ээс 1995 оны 04-р сарын 01-ний өдрийг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тогос овогтой Эрдэнэцэцэг мөн болохыг тогтоосугай.
2.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА