Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/490

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Л.М-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Л.М-эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005001280022 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.М-, .....тоот регистртэй,

 Шүүгдэгч Л.М- нь 2018 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цоглог” хотхоны урд талын шороон зам дээр байрлуулан тавьсан байсан иргэн Д.О-гийн эзэмшлийн 20-73 УБД улсын дугаартай Тоёота Спасио маркийн автомашины цонхны шилийг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч “Telecaster” брэндийн цахилгаан гитар, “Yamaha” брэндийн банзан гитар зэрэг нийт 1.199.400 төгрөгийн эд зүйлийг хулгайлан авсан,

- 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны 303 дугаар байрны урд талд байрлах авто зогсоол дээр байсан иргэн Э.А-гийн эзэмшлийн 98-49 УНЗ улсын дугаартай Тоёота Витц маркийн автомашины цонхны шилийг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч ам арчилгааны бүтээгдэхүүн, ном зэрэг нийт 2.693.600 төгрөгийн үнэ бүхий 4 хайрцаг эд зүйлийг хулгайлан авсан, хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 3.893.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.М- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чансаа гутлын дэлгүүрийн нягтлан бодогчоор ажилладаг юм. Мөн ажлынхаа хажуугаар хувиараа ам арчилгааны бараа бүтээгдэхүүнийг Номин, Оргил худалдааны төв, Хархорин зах зэрэгт борлуулдаг. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрээнээс хэлний өнгөр хусагч, шүдний сойз, шүдний утаснууд захиж авчруулсан байсан ба 28-ны өдрөө тосож аваад өөрийн машиныхаа арын суудал дээр тавьсан байсан. Мөн таньдаг хүн маань сургуулийн өмнөх насны хүүхдийн ном хийгээд зарж борлуулдаг ба энэ хүнээсээ өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа хамтад нь зараад өгье гэж хэлээд аваад хагас бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдэд тараагаад үлдэгдэл бараа бүтээгдэхүүнээ маргааш тараая гэж бодоод 19 цаг 30 минутын үед өөрийн гэр болох Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 303 дугаар байрны урд байрлах шороон зогсоол дээр машинаа байрлуулан тавьсан байсан. Машиныхаа арын суудал, багажиндаа нийт 4 хайрцаг бараа бүтээгдэхүүнийг үлдээсэн байсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн үед машин дээрээ ирэхэд арын салхины шилний жижиг гурвалжин шилийг хагалж 4 ширхэг хайрцагтай эд зүйл алдагдсан байсан. “Lotus” гэсэн бичиглэлтэй хэлний өнгөр хусагч нийт 144 ширхэг, “Lotus” болон “Mr star” гэсэн бичиглэлтэй шүдний сойз нийт 468 ширхэг буюу “Lotus” гэсэн бичиглэлтэй том хүний 156 ширхэг шүдний сойз, хүүхдийн 72 ширхэг, “Mr star” том хүний шүдний сойз 204 ширхэг, хүүхдийн шүдний сойз 120 ширхэг, “Pick dental” гэсэн бичиглэлтэй шүдний завсар цэвэрлэгч 72 ширхэг, “Pristine Glim Baby” гэсэн бичиглэлтэй хүүхдийн шүдний завсар цэвэрлэгч 360 ширхэг, сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан “Агуу ухаантан” нэртэй ном 13 ширхэг, “Миний өвөө том болно доо” нэртэй ном 13 ширхэг, “Аз жаргалын дээл” нэртэй ном 13 ширхэг, “Энэ жаал, тэр жаал” нэртэй CD-тэй дууны ном 13 ширхэг эд зүйлүүд байсан... Тухайн үед миний машинд танилаасаа авсан 52 ширхэг ном байсан бөгөөд бүгдийг нь алдсан байсан. 52 ширхэг номноос 31 ширхэг номыг буцаан авсан. Үлдэгдэл 21 номыг аваагүй байна. Үүнээс “Энэ жаал, Тэр жаал” ном 1 ширхэг байгаагүй, 23.699 төгрөгийн үнэтэй, “Агуу ухаантан”, “Миний өвөө том болно доо", “Аз жаргалын дээл” гэх 3 төрлийн номноос 20 ширхэг байхгүй байсан ба 1 ширхэг нь 19.749 төгрөгийн үнэтэй, “Lotus” шүдний сойз том хүнийх 156 ширхэг байгаагүй 1 ширхэг нь 1.100 төгрөгийн үнэтэй, “Lotus baby” шүдний сойз 72 ширхэг байгаагүй 1 ширхэг нь 900 төгрөгийн үнэтэй, “Mr star” том хүний шүдний сойз 204 ширхэг байгаагүй 1 ширхэг нь 950 төгрөгийн үнэтэй, “Mr star baby” шүдний сойз 120 ширхэг байгаагүй ба 1 ширхэг нь 650 төгрөгийн үнэтэй, “Pristine Glim Baby” шүдний завсар цэвэрлэгч 300 ширхэг байгаагүй ба 1.200 төгрөгийн үнэтэй, “Lotus” хэлний өнгөр хусагч 20 ширхэг байгаагүй ба 1 ширхэг нь 2.400 төгрөгийн үнэтэй. Ингээд нийтдээ 1.328.000 төгрөгний бараа бүтээгдэхүүнээ буцааж аваагүй, машины гурвалжин шилийг хагалсан байсан 40.000 төгрөгөөр солиулсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 9-10, 78/,

Хохирогч Д.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн үед гэрийнхээ гадаа буюу Цоглог хотхоны урд талын шороон зам дээр өөрийн 20-73 УБД улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота спасио маркийн автомашинаа байрлуулчхаад гэртээ орж амарсан. Маргааш буюу 07-ны өглөө 10 цагийн үед цагдаагаас залгаж байна машины чинь цонхыг хагалсан байна гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад иртэл миний автомашины жижиг гурвалжин шилийг хагалсан байсан. Би машин доторхоо үзтэл машин дотор байсан 2 ширхэг гитар хөгжим хулгайд алдагдсан байсан. 1 гитар нь “Telecaster” брэндийн цахилгаан гитар байсан би энэ гитарыг 2017 онд тухайн үед 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан шинэ гитар байсан. Нөгөө гитар нь “Yamaha” брэндийн модон бор өнгийн банзан гитар байсан би энэ гитарыг үеэл ах С-оос 1.000.000 төгрөгөөр 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр авсан байсан. 2 гитараа би 2.500.000 төгрөгөөр үнэлнэ. Автомашин дотор гитар байсныг манай эхнэр Энхнаран мэдэж байгаа. Хулгайд алдсан 2 гитараа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх 1-н 172/,

Гэрч Ц.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг ажлаа хийж байхад гаднаас нилээн хүйтэнд даарсан бололтой эрэгтэй хүн байсан. Би царай зүсийг нь сайн хараагүй, номыг нь харахад хүүхдийн хөөрхөн зарчихаар ном байхаар нь нийт хэдийг сайн мэдэхгүй байна. Би номыг хулгайн зүйл гэдгийг мэдээгүй худалдаж авсан. Авахдаа тоолж аваагүй, нийт 36.000 төгрөгөөр худалдан авч бэлэн мөнгөөр авсан. Би 2 ширхгийг 5.000 төгрөгөөр худалдсан өөрөөр худалдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 20/,

Гэрч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 4-р хороо, Цоглог хотхоны гадна талбай буюу хашааны гадна 26-77 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота королла маркийн автомашинаа үлдээгээд 201-р байр руу гэртээ орж амарчхаад 07-ны өглөө 08 цагийн орчимд машин дээрээ ирж хаалгыг нь онгойлгоход голын хайрцагт байсан бичиг баримт эд зүйлийг урд суудал дээр гаргасан, жолоочийн эсрэг талын арын хаалганы жижиг гурвалжин шилийг хагалсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний автомашинаас МР-3 тоглуулагч, арьсан гар цүнх зэрэг эд зүйл алдагдсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, харин “Мандал” даатгалын компанид даатгалын нөхөн төлбөр гаргуулах тоот хийж өгнө үү гэж хүсэж байна..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 159, 165/,

Гэрч П.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тоёота приус-11 маркийн цагаан өнгийн 76-12 УНУ улсын дугаартай машиныхаа жолооч талын хойд цонхыг хагалуулсан. Машин дотор байсан аккумлятор, багажны ком зэрэг зүйлсийг алдсан. Машины цонх 55.000 төгрөг, аккумлятор 145.000 төгрөг, багажны ком 55.000 төгрөг, нийт 255.000 төгрөгөөр үнэлж байгаа, гэхдээ надад гомдол санал байхгүй, хэрэг болсон цагаас хойш их хугацаа өнгөрсөн тул одоо гомдол санал байхгүй, харин машины цонх хагалсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 197/,

Гэрч Д.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байж байтал над руу хүн залгаад машины чинь цонхыг хагалсан байна гэсэн. Тэгээд би машин байрлуулсан газраа иртэл миний автомашины зүүн талын гурвалжин шилийг хагалсан байсан. Тэгээд би машинаа онгойлгоод үзэхэд доторх зүйлс хэвийн ямар нэг эд зүйл алдагдаагүй байсан учир гомдол гаргахгүй гэж цагдаад хэлээд явсан юм. Би тухайн цонхоо 50.000 төгрөгөөр шиллүүлсэн. Надад гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 181/,

Яллагдагчаар Л.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк, Цоглог хотхоны хашааны гадна байрлуулан тавьсан автомашинуудын жижиг гурвалжин шилийг хагалж дотроос нь өөрт хэрэгтэй гэсэн юмнуудыг буюу зарж мөнгө болохоор эд зүйлүүдийг авдаг. Жишээ нь түлхүүр багаж, гутал, хувцас, бэлэн 2000-3000 төгрөг, МР тоглуулагч зэрэг эд зүйл авдаг. Дээрх хулгайлсан зүйлүүдээ Нарантуул, Хархорин захуудын хог зардаг газруудад 10.000-15.000 төгрөгөөр зардаг. Яг тогтсон аваачиж өгдөг хүн байхгүй зүгээр явж байгаад зарчихдаг... 2018 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 76-12 УНУ улсын дугаартай Приус-11 маркийн автомашины жолоочийн эсрэг талын арын хаалганы жижиг гурвалжин шилийг хагалж дотроос нь хувцас, автомашины түлхүүр, багаж МР тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлсан. Би олон машинаас хулгай хийсэн болохоор хулгайлсан эд зүйлээ андуурсан байж магадгүй. Тухайн шөнө 3 машины шилийг хагалж дотроос нь түлхүүр багаж, хувцас, зарагдаж болохоор эд зүйл авсан... Уг автомашинуудын жижиг гурвалжин цонхыг чулуугаар цохиж хагалаад гараа оруулж хаалгыг нь онгойлгоод дотроос нь ойр зуурын өөрт хэрэгтэй зүйлсийг хулгайлан авсан... Цоглог хотхоны урд шороон зам дээр байрлуулсан... Цэнхэр өнгийн жижиг спасио автомашинаас 2 ширхэг гитар хөгжим аваад явсан... 2 гитарыг авч явж байгаад шөнө нэг газар тавьсан юм тэгээд маргааш өдөр 2 гитарыг авах гээд явсан боловч согтуу байсан учир хаана тавьснаа сайн санахгүй байсан учир хайж яваагүй. Би цонхыг хагалсан машинууд дотроос өөр зүйл зарж борлуулахаар аваагүй. ...2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхоны 302 дугаар байрны 8 давхрын орцонд унтаж байгаад бие засах санаатай Голден парк хотхоны урд талд байрлах шороон замтай машины зогсоол руу явсан. Ингээд бие засаад буцаж явах үед ойр хавьд хүн харагдахгүй байхаар нь 303 дугаар байрны харалдаа цэнхэр өнгийн Тоёота Витц загварын машины цонхоор харахад арын суудал болон багажин дээр хайрцагтай юм тавьсан байхаар машины баруун талын арын жижиг гурвалжин шилийг чулуугаар хагалж хаалгыг нээгээд машины арын суудал дээр байсан 2 ширхэг хайрцаг, машины багажинд байсан 2 ширхэг хайрцагтай эд зүйлүүдийг авч гараад машины зогсоолын урд талын овоолсон шорооны ойролцоо аваачаад задалж үзэхэд том хүний болон хүүхдийн шүдний сойз, өнгөр хусагч, хүүхдийн ном байхаар нь шорооны гол хэсэгт нууж тавиад 302 дугаар байрны орц руугаа орж унтсан. Ингээд маргааш буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр багшийн дээдийн номын дэлгүүрт 54 ширхэг хүүхдийн номыг 1 ширхгийг 800 төгрөгөөр нийт 43.200 төгрөг болсон. Хүүхдийн болон том хүний сойзны 12 хайрцгийг зарж борлуулсан ба 1 ширхгийг 250 төгрөгөөр 144 ширхэг нь 36.000 төгрөг болсон. Хэлний өнгөр хусагч, шүдний завсар цэвэрлэгч, үлдэгдэл шүдний сойзыг зарж борлуулаагүй нуусан байсан ба шүдний сойз, өнгөр хусагчийн 1 хайрцгийг нийлүүлээд тавьсан байсан боловч алга болсон байсан. Мөнгө олох санаа зорилготой хулгайн гэмт хэргийг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нийт 79.200 төгрөг болсноос өөртөө дотуур өмд, цамц аваад идэж уугаад дууссан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 50, 133, 224-225/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2, 152/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 3-6, 153-157/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 13-14, 173-174, 184-185, 191-192/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 23-27, 29-32, 39, 74-77, 81-82, 212-213/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 37/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 1-н 41-42, 62/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-н 43, 63/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Л.М- нь 2018 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цоглог” хотхоны урд талын шороон зам дээр байрлуулан тавьсан байсан иргэн Д.О-гийн эзэмшлийн 20-73 УБД улсын дугаартай Тоёота Спасио маркийн автомашины цонхны шилийг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч “Telecaster” брэндийн цахилгаан гитар, “Yamaha” брэндийн банзан гитар зэрэг нийт 1.199.400 төгрөгийн эд зүйлийг хулгайлан авсан,

- 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Голден парк” хотхоны 303 дугаар байрны урд талд байрлах авто зогсоол дээр байсан иргэн Э.А-гийн эзэмшлийн 98-49 УНЗ улсын дугаартай Тоёота Витц маркийн автомашины цонхны шилийг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч ам арчилгааны бүтээгдэхүүн, ном зэрэг нийт 2.693.600 төгрөгийн үнэ бүхий 4 хайрцаг эд зүйлийг хулгайлан авсан, хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 3.893.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.А-гийн: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн үед машин дээрээ ирэхэд арын салхины шилний жижиг гурвалжин шилийг хагалж 4 ширхэг хайрцагтай эд зүйл алдагдсан байсан. “Lotus” гэсэн бичиглэлтэй хэлний өнгөр хусагч нийт 144 ширхэг, “Lotus” болон “Mr star” гэсэн бичиглэлтэй шүдний сойз нийт 468 ширхэг буюу “Lotus” гэсэн бичиглэлтэй том хүний 156 ширхэг шүдний сойз, хүүхдийн 72 ширхэг “Mr star” том хүний шүдний сойз 204 ширхэг, хүүхдийн шүдний сойз 120 ширхэг, “Pick dental” гэсэн бичиглэлтэй шүдний завсар цэвэрлэгч 72 ширхэг, “Pristine Glim Baby” гэсэн бичиглэлтэй хүүхдийн шүдний завсар цэвэрлэгч 360 ширхэг, сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан “Агуу ухаантан” нэртэй ном 13 ширхэг, “Миний өвөө том болно доо” нэртэй ном 13 ширхэг, “Аз жаргалын дээл” нэртэй ном 13 ширхэг, “Энэ жаал, тэр жаал” нэртэй CD-тэй дууны ном 13 ширхэг эд зүйлүүд байсан... Тухайн үед миний машинд танилаасаа авсан 52 ширхэг ном байсан бөгөөд бүгдийг нь алдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 9-10, 78/, хохирогч Д.О-гийн: “...2018 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн үед гэрийнхээ гадаа буюу Цоглог хотхоны урд талын шороон зам дээр өөрийн 20-73 УБД улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота спасио маркийн автомашинаа байрлуулчхаад гэртээ орж амарсан. Маргааш буюу 07-ны өглөө 10 цагийн үед цагдаагаас залгаж байна машины чинь цонхыг хагалсан байна гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад иртэл миний автомашины жижиг гурвалжин шилийг хагалсан байсан. Би машин доторхоо үзтэл машин дотор байсан 2 ширхэг гитар хөгжим хулгайд алдагдсан байсан. 1 гитар нь “Telecaster” брэндийн цахилгаан гитар байсан би энэ гитарыг 2017 онд тухайн үед 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан шинэ гитар байсан. Нөгөө гитар нь “Yamaha” брэндийн модон бор өнгийн банзан гитар байсан би энэ гитарыг үеэл ах С-оос 1.000.000 төгрөгөөр 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 172/, гэрч Ц.Т-ын: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг ажлаа хийж байхад гаднаас нилээн хүйтэнд даарсан бололтой эрэгтэй хүн байсан. Би царай зүсийг нь сайн хараагүй, номыг нь харахад хүүхдийн хөөрхөн зарчихаар ном байхаар нь нийт хэдийг сайн мэдэхгүй байна. Би номыг хулгайн зүйл гэдгийг мэдээгүй худалдаж авсан. Авахдаа тоолж аваагүй, нийт 36.000 төгрөгөөр худалдан авч бэлэн мөнгөөр авсан. Би 2 ширхгийг 5.000 төгрөгөөр худалдсан өөрөөр худалдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 20/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т “...энэ гэмт хэргийг ... орон байр, .... агуулахад нэвтэрч” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилжээ. “Агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгох хууль зүйн ойлголт юм.

Тээврийн хэрэгсэл нь зөвхөн унаж явахад зориулагдсан эд хөрөнгө биш бөгөөд өөрийн эд зүйлээ хадгалах, хамгаалахад зориулагдсан агуулах гэж үзэх үндэслэлтэй болно.

Иймд шүүгдэгч Л.М- нь бусдын өмчлөлийн эд зүйлээ хадгалж үлдээсэн тээврийн хэрэгсэлд нэвтрэх эрхгүй бөгөөд түүний энэ үйлдлийг агуулах буюу бусдын тээврийн хэрэгсэлд нэвтэрч эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.М- нь хохирогч Д.О-, Э.А- нарын автомашинд нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Д.О-д 1.199.400 төгрөгийн хохирол, хохирогч Э.А-д 2.693.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Д.О-д 1.199.400 төгрөгийн хохирол, хохирогч Э.А-д 2.693.600 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Хохирогч Э.А-д 2.693.600 төгрөгийн хохирол учирснаас хохирогч нь 1.325.600 төгрөгийн эд зүйлээн буцаан авсан тул үлдэгдэл 1.368.000 төгрөг, автомашины шил хийлгэсэн 40.000 төгрөг, нийт 1.408.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.М-ээс нийт 2.607.400 төгрөг гаргуулж хохирогч Э.А-д 1.408.000 төгрөг, хохирогч Д.О-д 1.199.400 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.М-ийг буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил 3 сар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар солих, шүүгдэгчийн өмгөөлөгч зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Л.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1... дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

          Иймд шүүгдэгч Л.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс 02 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах” ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ийн урьд цагдан хоригдсон хоногийг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1805027070758 дугаартай хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.М-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлсан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.М-ийг 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Л.М-эд оногдуулсан 02 жил хорих ялыг “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс 02 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар” сольсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүгдэгч Л.М-ийн урьд цагдан хоригдсон 69 хоногийг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1805027070758 тоот хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ээс нийт 2.607.400 төгрөг гаргуулж хохирогч Э.А-д 1.408.000 төгрөг, хохирогч Д.О-д 1.199.400 төгрөг тус тус олгосугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.М-эд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР