Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00496

 

“Э Ө”ХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00622 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00121 дүгээр магадлалтай,

“Э Ө”ХК-ний нэхэмжлэлтэй

Ө С-ын ЕБ-ын 4-р сд холбогдох

Дулааны эрчим хүчний төлбөр 29 201 086 төгрөг, алданги 14 600 543 төгрөг, нийт 43 801 629 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, халаалтын зардалд илүү төлсөн 8 568 800 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Хайратын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө С-ын ЕБ-ын 4-р снь манай компанитай гэрээ байгуулж дулааны эрчим хүч авч ашигладаг бөгөөд 2017 оны жилийн эцсийн байдлаар халаалтын хөлснөөс 29201086 төгрөг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Э/89 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч төлбөр барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Компани, хэрэглэгч хоёрын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээний 6.2-т хоног тутам төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор заасан ба төлөөгүй хөлс 29201086 төгрөгийн алданги гэхэд 2018 оны 6 дугаар сарын 07-ны байдлаар /158 хоног х 0,5%=79%, 29.201.086 х 79%= 22.486.142 төгрөг/ 23.068.857 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 14600543 төгрөгийн алданги нэхэж байна. Иймд Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулиас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 29201086 төгрөг, алданги 14600543 төгрөг, бүгд 43801629 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газарт Баян-Өлгий аймгийн “Э Ө”ХК-ны гүйцэтгэх захирал М.Тилеубердийн 183 тоот хүсэлтийн дагуу тус сургуулийн халаалтын зардалд аудитын хяналт шалгалт хийхэд “Э Ө”ХК, тус сургуулийн хооронд хийсэн Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн 21 тоот гэрээний 4-т халаалт авах хугацааг 7 сар гэж заасан заалтыг зөрчиж халаалтын зардалд илүү 8,6 сая төгрөгийг төлсөн нь тогтоогдсон. Халаалтын зардалд илүү төлөгдсөн 8,6 сая төгрөгийн актыг Төрийн аудитын газар тогтоож тус сургуулийн захиргаа санхүүгээс шилжүүлэн төлүүлсэн тул 29201086 төгрөгөөс хасагдаж 20601086 төгрөгийн үлдэгдэл халаалтын зардалд үлдсэн. 2. 2017 оны 11, 12 дугаар саруудад тус сургуулийн анги танхимын дулааны хэм 8-9 градустай хүйтэн болж, хичээл сургалтын ажил явуулах боломжгүй болсон. Эрчимбаян-Өлгий ХК-ны захиргаанд удаа дараа мэдэгдсэн бөгөөд инженер техникийн ажилтан Баттөмөр ирж, анги кабинетуудын дулааны хэмжилт авч, өөрийн нүдээр харсан. Дорвитой арга хэмжээ аваагүй. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг орчим сургуулийн 2 давхрын пар задарч их хэмжээний ус алдаж коридорын цахилгааны шит буудаж дулааны түгээлт алдагдаж хичээлийн байрны халаалт хэвийн хэмжээнээс буурсан. 3. Эрчимбаян-Өлгий ХК дулааны гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дээрх дутагдлуудыг дурдаж аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабылд 2017 оны 12 дугаар сарын 27-нд 295 тоот албан бичиг хүргүүлж халаалтын талаар хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч аймгийн Эрчим хүчний зохицуулах хороо ажлын хэсэг байгуулан 3.Болат /Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/, К.Бегжан /Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга/ нар ахлан халаалтын байдалтай танилцаж, аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаар авч хэлэлцсэн. 4.Эрчимбаян-Өлгий ХК гэрээнд хүлээсэн үүргээ 2017 оны жилийн эцсийн 12 дугаар сард биелүүлээгүй. Сургуулийн багш, ажилчдаас удаа дараа өргөдөл гомдол, хүсэлт сургуулийн захиргаанд ирсэн тул 2017 оны 12 дугаар сарын халаалтын үнэ 20601086 төгрөг төлөөгүй. 5. Энэхүү 20601086 төгрөгийг жилийн эцсийн тайланд өр авлага болгон тусгасан. Жилийн эцсийн тайланг аймгийн Төрийн аудитын газар хянан шалгаж баталгаажуулалт хийсэн. 6. Аймгийн хэмжээгээр албан байгууллагуудаас үүссэн өр авлагын талаар төсвийн тодотголоор барагдуулах болно. Харин 2017 оны эцсийн байдлаар өр 20601086 төгрөг алданги гэх хоног тутам төлөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувиар тооцохоор заасан 2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх төгрөгийг төлөх боломжгүй байна. Харин 2018 оны 1 дүгээр сараас эхлэн 5 дугаар сар хүртэлх дулааны эрчим хүчний үнийг цаг тухайд нь төлж байгааг анхааралдаа авна уу. Иймд аймгийн Эрчимбаян-Өлгий ХК-ийн нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Үндэсний аудитын газрын харьяа Баян-Өлгий аймгийн аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/09БӨА-2017/130/СТА-ТШЗ актаар тус сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Э Ө”ХК-нд төлсөн түлш халаалтын зардлын тооцоо гүйцэтгэлийг шалгахад халаалтын үнэ тариф, сургуулийн талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байхад гэрээний дүнгээс “Э Ө”ХК-нд 8 568 800 төгрөгийг үндэслэлгүй илүү төлсөн нь тогтоогдсон. Түлш халаалтын зардалд илүү төлсөн 8 568 800 төгрөгийг тус сургуулийн захиргаа төлсөн тул тус мөнгийг “Э Ө”ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Төрийн аудитын газраас акт тогтоосон 8 568 800 төгрөгийг манай компаниас гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх 8 568 800 төгрөг нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны хооронд өгсөн халаалтын мөнгө бөгөөд бид тухайн үед аймгийн удирдлагын шийдвэрээр 10 хоногийн халаалтыг бүх хэрэглэгчдэд өгсөн. 2015 оноос өмнө халаалтын улирлын үргэлжлэх хугацааг аймгийн Засаг дарга тогтоож мөрддөг байсан ба аймгийн хэмжээнд тухайн жилийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 сараар тогтоодог байсан. 2015 онд Эрчим хүчний тухай хуульд орсон өөрчлөлтөөр Эрчим хүчний сайд тогтоодог болж 2015-2016 оны халаалтын улиралд халаалт өгөх хугацааг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сараар тогтоож энэ дагуу гэрээ хийгдсэн. Энэ асуудал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар хуралдаанаар яригдаж төлөөлөгчдийн болон холбогдох албан тушаалтнуудын гаргасан саналын дагуу 10 хоногоор нэмж төсвийн боломжийн хэмжээнд шийдэх асуудал хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.Энэ дагуу бид 10 хоног нэмж халаалт өгч бүх хэрэглэгчид хөлсөө төлсөн. Тус сургууль нь тухайн үед халаалтын хөлсийг манай компанид төлсөн бөгөөд сургуулийн шинээр томилогдсон удирдлага аймгийн Төрийн аудитын газраас шалгалт ирэх үед асуудлыг зөв танилцуулаагүйгээс акт тавигдсан гэж үзэж байна. Манай компани нь тухайн үед 10 хоногийн халаалт өгч тус сургууль халаалт авч хэрэглэсэн учир энэ асуудлыг бид хариуцахгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00622 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 238 дугаар зүйлийн 238.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулиас 35 233 629 төгрөгийг гаргуулан Эрчимбаян-Өлгий ХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00121 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00622 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн: 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1, 492 дугаар зүйлийн 492.1.1,Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 34.868.560.00 /гучин дөрвөн сая найман зуун жаран найман мянга таван зуун жар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э Ө”ХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.959.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 375.137.00 /гурван зуун далан таван мянга, нэг зуун гучин долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э Ө”ХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч “Э Ө”ХК-аас 152.051.00 /нэг зуун тавин хоёр мянга, тавин нэг/ төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Хайрат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 238 дугаар зүйлийн 238.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан манай байгууллагаас 35 233 629 төгрөгийг гаргуулан “Эрчимбаян-Өлгий” ХК-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хэлбэрийн төдий өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс дулааны эрчим хүчний төлбөрт 29 201 086 төгрөг, алданги 14 600 543 төгрөг, нийт 43 801 629 төгрөгийг нэхэмжилсэн ба тус сургуулиас халаалтын зардалд илүү төлсөн 8 568 800 төгрөгний сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн мөртлөө анхан болон давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлээр хангаж шийдвэрлэсэн 8 568 800 төгрөгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож шийдвэрлэсэн явдал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны магадлалаар гаргуулан шийдвэрлэсэн 34 868 560 төгрөгнөөс 8 568 800 төгрөгт ногдох 50 хувийн алданги болох 4 284 400 төгрөг хасагдаад нийт 30 584 560 төгрөг төлөх ёстой байсан гэж үзэж байна. Ерөнхий боловсролын сургууль бол улсын төсвөөс санхүүжих төрийн байгууллага мөн бөгөөд дулааны эрчим хүчээр хангах байгууллага бол хувийн хэвшлийн компани юм. Ингэхээр улсаас хувиарласан төсвийн урсгал зардлын мөнгийг алданги нэрээр тооцож хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг тэжээн тэтгэж, улсыг хохироох ёсгүй гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэхь заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Э Ө”ХК нь хариуцагч Б Ө А-ийн Ө С-ын ЕБ-ын 4-р сд холбогдуулж 2017 онд хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн дутуу 29 201 086 төгрөг, алданги 14 600 543 төгрөг, нийт 43 801 629 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь илүү төлсөн 8 568 800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ гэж  үзсэн хоёр шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээ хүчин төгөлдөр байх тул талууд үүргээ зохих ёсоор биелүүлнэ.

Гэрээний дагуу “Э Ө”ХК нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл халаалтын улирлын 7 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч Баян-Өлгий аймгийн Ө С-ын ЕБ-ын 4-р снь халаалтын төлбөрт /сарын 1430 м2 талбайд 26 056 888.00 төгрөгөөр тооцож нийт 7 сард/ 182 398 216 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

“Э Ө”ХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бол хариуцагч 153 439 976 төгрөгийг төлж, 28 958 240 төгрөгийг төлөөгүй, үүргээ бүрэн биелүүлээгүй байдал талуудын тооцоо нийлсэн баримтаар тогтоогджээ. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актад хэрэглэгчийн төлөх үлдэгдэл төлбөрийг 29 201 086.00 төгрөг гэж алдаатай тусгасныг давж заалдах шатны шүүх залруулж, хариуцагчийн төлөлт хийсэн баримт, гэрээнд тулгуурлан 28 958 240 төгрөг болохыг үндэслэлтэй тогтоосон байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.-т хэрэглэгч нь ...сар бүрийн дулааны төлбөрийг тухайн сарын хуанлийн 30-ны өдрийн дотор төлөх, хэрвээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр заасан тул хугацаа хэтрүүлсэн хариуцагч алдангийг төлөх ёстой байна.

Анхан шатны шүүх 29 201 086 төгрөг, давж заалдах шатны шүүх 28 958 240 төгрөгөөс алдангийг тус тус тооцохдоо хариуцагч нь илүү төлөлт хийсэн талаар нотлогдсон гэж дүгнэсэн хэдий ч уг төлөлтийг үндсэн үүргээс хасч тооцох эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч 8 568 800 төгрөгийг илүү төлсөн нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон ба илүү төлөлт байхад харилцан тооцоогүй нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д нийцээгүй байна. Тухайн мөнгө нь нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн, захиран зарцуулах боломжтой байсан тул хариуцагчийн гүйцэтгэх үүргээс харилцан тооцох нь агуулгаараа Иргэний хуулийг зөрчихгүй юм.

Иймд үлдэгдэл 28 958 240 төгрөгөөс 8 568 800 төгрөгийг хасч тооцвол биелүүлээгүй үүрэг 20 632 286 төгрөг, алданги 10 316 143 төгрөг нийт 30 948 429 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00121 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...34.868.560.00...гэснийг...30 948 429...гэж, ...олгосугай... гэснийг олгож, нэхэмжлэлээс 12 853 200...төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...гэж, ...375.137.00...гэснийг ....312 692...гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА