Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/496

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Хонгорзул,

улсын яллагч: Б.Бямбадагва,

шүүгдэгч: Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102001860117 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Г- нь 2019 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9  тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар дээрх бодисноос цэвэр жин нь 2.4 грамм хэмжээтэйг 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 69-76 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Г- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Гэрч П.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...цагдаа нар ирээд манай гэрээс хураан авсан бүх зүйлс Г-ийн эд зүйлс байгаа юм. Г- гэрт байхдаа гэдэс рүүгээ фитнесийн тариа гээд тариа тариад байдаг, уг тариаг нь цагдаа нар хураагаад авсан. Г- орны доороо нуучихсан байсан ургамлыг цагдаа нар мөн хураан авсан. Гэрт Г- шиша гэх тамхи татдагийг би мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-58/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...том өрөөний баруун хойд хэсэгт цагаан хэрэглэлтэй ор байх ба ...уг орны хойд хэсэгт цагаан өнгийн хайрцаг дотор өвс мэт нунтаг зүйл байсныг ...хураан авав. ...Үзлэгийг үргэлжлүүлэн гал тогооны өрөөнд ороход өрөөний баруун урд хар өнгийн хөргөгч байх ба уг хөргөгчний бариулны хэсэгт ногоон өнгийн нунтаг зүйл байсныг ...хураан авав...” гэжээ. /хх-ийн 11-19/

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэлд: “...Б-гийн Г- /ЧР-86112218/-с хар тамхины тестээр шээсний дээж авахад тус иргэнээс сэтгэцэд нөлөөт бодис буюу ТНС гэсэн тэмдэглэл дээр 2 зураас илэрсэн...” гэжээ. /хх-н 25/,

Шинжээчийн 1614 тоот дүгнэлтэд дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс хэмжээ, битүүмжлэлийн хувьд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” БГД 3 хороо, 69-76 тоот” гэж хаягласан 2.4 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-н 73-76/,

Шинжээчийн 1623 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г- БГДЦХ-1 2021.03.14” гэж хаягласан шээсэнд дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-н 84-86/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 386 тоот дүгнэлтэд: “...Б.Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамраалтай гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 90-91/,

Яллагдагчаар Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг ойлгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 97-98/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 10/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 44/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 45-46/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 110-162/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь 2019 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9  тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар дээрх бодисноос цэвэр жин нь 2.4 грамм хэмжээтэйг 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 69-76 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч П.Н-ийн: “...цагдаа нар ирээд манай гэрээс хураан авсан бүх зүйлс Г-ийн эд зүйлс байгаа юм. Г- гэрт байхдаа гэдэс рүүгээ фитнесийн тариа гээд тариа тариад байдаг уг тариаг нь цагдаа нар хураагаад авсан. Г- орны доороо нуучихсан байсан ургамлыг цагдаа нар мөн хураан авсан. Гэрт Г- шиша гэх тамхи татдагийг би мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-58/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...том өрөөний баруун хойд хэсэгт цагаан хэрэглэлтэй ор байх ба ...уг орны хойд хэсэгт цагаан өнгийн хайрцаг дотор өвс мэт нунтаг зүйл байсныг ...хураан авав. ...Үзлэгийг үргэлжлүүлэн гал тогооны өрөөнд ороход өрөөний баруун урд хар өнгийн хөргөгч байх ба уг хөргөгчний бариулны хэсэгт ногоон өнгийн нунтаг зүйл байсныг ...хураан авав...” гэжээ. /хх-ийн 11-19/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэлд: “...Б-гийн Г- /ЧР-86112218/-с хар тамхины тестээр шээсний дээж авахад тус иргэнээс сэтгэцэд нөлөөт бодис буюу ТНС гэсэн тэмдэглэл дээр 2 зураас илэрсэн...” гэжээ. /хх-н 25/, шинжээчийн 1614, 1623 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 386 тоот дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч Б.Г-ийг гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Г-т ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр улсын яллагчийн танилцуулсан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэсэн, хадгалсан, уг бодисоо хэрэглэсэн, уг гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ба түүний авто засварын газар нь Баянгол дүүрэгт байрладаг тул түүнийг оршин суух газартаа ирж, очих болон эрхэлсэн ажлаа хэвийн явуулах боломжийг олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар уутны хамт 7.1 грамм жинтэй ургамал мэт зүйл, улбар шар өнгийн цаасан хайрцагтай шиша тамхины жимс гэх зүйл, улаан өнгийн шингэнтэй тариа 5 ширхэг, 1 хоосон тарианы шил, натрийн хлорид гэсэн бичигтэй тариа 3 ширхэг, 1 ширхэг хоосон шил, Хятад бичигтэй цагаан өнгийн нунтаг тариа мэт зүйл 5 шил, 1 хоосон шилтэй цэнхэр өнгийн шиша тамхины суурь, 1 ширхэг тугалган цаас, хөр өнгийн нунтаг үнс шороо мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г-ийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар уутны хамт 7.1 грамм жинтэй ургамал мэт зүйл, улбар шар өнгийн цаасан хайрцагтай шиша тамхины жимс гэх зүйл, улаан өнгийн шингэнтэй тариа 5 ширхэг, 1 хоосон тарианы шил, натрийн хлорид гэсэн бичигтэй тариа 3 ширхэг, 1 ширхэг хоосон шил, Хятад бичигтэй цагаан өнгийн нунтаг тариа мэт зүйл 5 шил, 1 хоосон шилтэй цэнхэр өнгийн шиша тамхины суурь, 1 ширхэг тугалган цаас, хөр өнгийн нунтаг үнс шороо мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР