Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/488

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Гэрч: Б.Б-,

           Шүүгдэгч: О.З- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.З-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105010030958 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.З-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч О.З- нь 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн харьяа Хүүхдийн төв сувилалд өөрийн төрсөн хүү болох нярай Б.Х-тай хэвтэн эмчлүүлж байхдаа түүний эцэг болох Б.Б-тэй хардалт, гэр бүлийн асуудлын улмаас маргалдан Б.Х-г амыг нь гараараа дарах, хацарт нь алгадах, няслах, “үхээд өг” гэж хашхиран хөл, гэдэс нүүр хэсэгт удаад дараа алгадах зэрэг удаа даараагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.З- шүүх хуралдаанд: “...Тухайн үед хүүхэд шарлалт өгөөд эмнэлэгт хэвтсэн. Нөхөр хүүхэд төрсөн мөнгө хэрэгтэй гээд Таван толгойд ажиллахаар яараад явсан. Гэтэл удалгүй дарга нь залгаад танай нөхрийг авч явах хэрэгтэй байна гэсэн. Гэртээ 3, 4 хоног очоогүй байхаар нь хүмүүсээс асуугаад, эрэл сурал болсон. Гэтэл манай найз залгаад чи Өмнөговьд ирсэн юм уу, танай нөхөр Өмнөговьд машинтай хүмүүстэй согтуу дэлгүүрээс гараад явж байсан тэгэхээр нь чамайг ирсэн юм болов уу гэж ярьсан гэж хэлсэн. Б-тэй утсаар ярихад согтуу, цаана нь эмэгтэй хүмүүс болон зөндөө хүмүүс согтуу байсан. Тэгтэл өмнө үерхэж байсан найз охин нь утсыг нь аваад  би 2 сартай жирэмсэн гэж хэлсэн. Б-д жирэмсэн гэж байна юу яриад байгаа юм бэ гэхэд мэдэхгүй жирэмсэн гэж байна гаргах юм уу яах юм гэж хэлээд намайг тоохгүй байсан. Мөнгө төгрөг олно гээд намайг хүүхэдтэй эмнэлэгт хэвтсэн байхад явчхаад тэнд наргиж, цэнгээд дуулж бүжиглээд байж байсан. Тухайн өдөр бичлэг явуулаагүй. Тэгээд дахиад утсаа авахгүй 2 хоног алга болсон. Тэгээд Б-гийн ээжтэй утсаар яриад асуухад гэртээ очоогүй байсан. Эмнэлэгт 6 хоног болсон тул эмнэлгээс төлбөрөө төлөөд гарах талаар хэлсэн. Б-д амьдралаа орхиж байгаа бол одоо хүүхдийг нь чинь аллаа гээд хүүхдээ зодож байгаа бичлэг хийгээд явуулсан” гэв.

Гэрч Б.Б- шүүх хуралдаанд: “...Гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би одоо өдрийг санахгүй байна. 2021 оны 6 дугаар сарын эхээр л байсан. Тэгээд би хотод очоод хагас бүтэн сайн өдөр таараад 2 хоноод Х-н ээж Золжаргалын хамт Хүүхэд хамгаалах төв дээр очоод ач хүү Х-г асран хамгаална гэж батлан дааж авсан. Энэ утгаараа би ач хүү Х-г энд өөр дээрээ авч ирсэн юм. ...Энэ хоёр 2019 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Б.Б-, О.З- хоёр гэрлэлтээ батлуулаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгт Намайг Оюутолгойд ажил дээрээ байхад манай эхнэр О.З- нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр над руу 1 сартай хүүхдээ алгадаж, нясалж, гараараа амыг нь таглаж, нүүрэн дээр нь дэрээр бүтээж үхээд өг гээд хүүхдээ загнаж байгаа бичлэгийг фейсбүүк чатаар явуулсан” гэсэн мэдүүлэг, /хх-н 40/,

Шинжээчийн 4798 тоот дүгнэлтэд: “...Б.Х-н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хх-н 15-16/,

Сэтгэц эмгэг судлалын 444 тоот дүгнэлтэд: “О.З- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. ...сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ..үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг хариуцах чадвартай байна. ...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 21/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...би энэ платанд энэ орон дээр хэвтэж байхдаа Б-д уурласан уурандаа хүүгээ зодож байгаа бичлэгийг хийсэн" гэжээ /хх-н 85-90/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...жаахан хүүхдийн зүүн талын хацар руу гараараа 6-7 удаа  алгадаж байгаа бичлэг байна. ...нялх хүүхдийн уйлж байгаа дуутай ...хүүхдийн хацар руу гараараа 6-7 удаа алгадаж хүүхэд уйлж байгаа бичлэг байв. ...хүүхдийн хөл рүү 5-6 удаа гараараа алгадаж, цохиж байгаа бичлэг байв. ...нялх хүүхдийн уйлж байгаа дуутай, эмэгтэй хүний үхээд өг, үхээд өг гэж орилж нялх хүүхдийн хөл, гэдэс, нүүр рүү гараараа олон дахин удаа цохиж, алгадаж байгаа бичлэг байв. ...жаахан хүүхдийн зүүн талын хацар руу гараараа 8-9 удаа нясалж, дуугүй бол, дуугүй бол гэж орилж байгаа эмэгтэй хүний дуутай ...00:006-00:12 секунт хүртэл нүүр, дух, хамар хэсэг рүү нь 6-7 удаа гараараа алгадаж цохиж байгаа бичлэг байв” гэжээ /хх-н 55-56/,

Яллагдагчаар О.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...нөхөр Б-тэй ...2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр чат бичиж маргалдаж байгаад би тэгвэл энэ хүүхдийг чинь ална гээд хүүхдээ зодож байгаа бичлэгийг хийж Б- рүү явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 72-73/, 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-13/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-н 23-27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 92, 98-99, 102-110/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч О.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол ...шийтгэнэ” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ.

Прокуророос шүүгдэгч О.зыг “Б.Б-тэй хардалт, гэр бүлийн асуудлын улмаас маргалдан Б.Х-г амыг нь гараараа дарах, хацарт нь алгадах, няслах, “үхээд өг” гэж хашхиран хөл, гэдэс нүүр хэсэгт удаад дараа алгадах зэрэг удаа даараагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцсан” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Удаа дараа гэх гэмт хэргийн шинж нь “хэвшил буюу дахин давтагдах шинжтэй бөгөөд тооны хувьд хоёр ба түүнээс дээш удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байх хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч О.З-ын үйлдэл нь нэг удаагийн үйлдэл болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Б-гийн мэдүүлэг, түүнд явуулсан видео бичлэг зэргээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “удаа дараа” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуульд хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө хэрцгий хандсан байхыг хууль тогтоогч хуульчилжээ. Нэг сартай нярай хүүхдийн хувьд аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүүхдийн үйлдэл, эс үйлдэхүйн төлөө бус харин өөрийн нөхөртэй маргалдсаны улмаас хийсэн үйлдэл байх тул гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт нь мөн уг гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэв.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийн эрхийг зөрчих” 7 дахь хэсэгт Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч О.З-ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж шүүх үзлээ.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч О.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.З-ыг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан болно.

Шүүгдэгч О.З-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч О.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үед үзэх гэсэн боловч тухайн сидинд ямар нэгэн бичлэг бичигдээгүй байсан ба хавтаст хэрэгт камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан мөн талууд хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч О.З- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч О.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.З-ыг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч О.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.З-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ОТГОНБАЯР