Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч У.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт У.Хт холбогдох эрүүгийн 2007004460092 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймаг, Мөнххаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ...................................... хаягт оршин суух бүртгэлтэй боловч ...................................... тоотод түр оршин суух,

           урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

     ******* овогт У.Х /РД:        /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч У.Х нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мал авна гэсэн фэйсбүүк зарын дагуу ...................................... дугаарын утсаар иргэн Ш.Дтой холбогдож 15 тооны адуу худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хаан банкны 5027559235 дугаарын данс руу 1 сая төгрөгийг хуурч мэхлэн шилжүүлэн авч иргэн Ш.Дид 1 сая төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэн Ш.Дийг хохироосон хэрэгтээ гэмшиж байна. Яаралтай мөнгөний хэрэг гараад тэгээд л ийм хэрэг хийсэн. Барилгын ажил хийж байгаа, хохирогчид хохирлыг нь удаахгүй барагдуулна” гэв.

 

Хохирогч Ш.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн фэйсбүүк дээрээ мал авна гээд зар тавьчхаад байж байтал ...................................... гэх дугаараас залгаад 15 тооны адуу авах уу гэж асуусан нэг тооны адууны үнэ хөлсийг 800.000 төгрөг гэж хоорондоо ярьж тохиролцсон. Тэр үед надтай ярьж байсан залуу манай эхнэрийн хамаатан нас барчихсан гээд шалтгаан хэлээд манайд ажил явдал гарчихсан байгаа мал гаргаж болохгүй байна гэж ярьж байгаад тэр залуу ирээд авчихаж болохгүй юм уу гэж хэлэхээр нь би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сум руу Улаанбаатараас гараад явж байх замдаа надтай утсаар ярьсан гэх залуугийн дүү болох У.Хтой уулзаад дүү нь ярихдаа надад миний мэдлийн 5 тооны үрээ морьд Хэнтий аймгийн Баянхутаг суманд байдаг юмаа, манай ах тэр морьдыг зарах гэж байгаа юм шиг байна гэсэн. Бас У.Х надад ярихдаа Архангай аймгийн Батцэнгэл сум руу явах гэж байгаа тэндээ өнгөрсөн жил хэдэн морь хүнд зээлээр өгсөн тийшээгээ яаралтай явах хэрэгтэй байна замын зардал болох урьдчилгаа 500.000 төгрөг өгчих гээд У.Хын ах өөрийнхөө адуунаас хасаад өгчихнө ямар ч асуудалгүй гэхээр нь би Тэдигийн тэндээс гар утас худалдаж аваад явж байгаад мобайл банк ашиглаад У.Хын дансруу 500.000 төгрөг хийсэн. Тэгээд тэр үед ахад нь би хотоос гарлаа шүү Хэнтийд очоод залгая гээд замдаа гараад явж байтал Амгалан захын эсрэг талын колонкоос бензин авч байтал У.Х залгасан тэгээд ах таниас 500.000 төгрөг нэмээд авчих гэсэн би яах гэж байгаа юм бэ гэхэд би гар утас авах гэж байгаа юмаа тэгэхгүй бол холбоо барьж чадахгүй гэсэн. Тэгээд би Налайх орж ирээд цэргийн ангийн зам дагуу байдаг Зам зуур гэх супер маркет дотор байрлах Хаан банкны АТМ-ээс дахиад мөнгө шилжүүлсэн. Тэгээд орой 21 цаг өнгөрөөгөөд Чингис хотод очоод ...................................... гэх дугаарлуу залгаад ярихад өнөөдөр амжихгүй юм байна та наанаа хоночих, маргааш өглөө больё гэж хэлээд утсаар дахиж холбогдоогүй. Тэгээд би У.Хлуу залгаад ахын чинь утас холбогдохгүй байна яасан юу болов гэхэд одоо таньруу 98-тай дугаараас ярина гэж хэлээд алга болсон би хүлээж байгаад Хэнтий аймгийн цагдаагийн газар өргөдөл өгөөд Улаанбаатар буцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

           Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр У.Х өөрийн нэр дээр малтай эсэхийг би мэдэхгүй. Малтай гэж ярьж байгаагүй. Харин аав, ээж нь бол малтай. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

     Шүүгдэгч У.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийгөө Г гэдэг хүн гэж хэлж танилцуулаад ярьсан юм. Манай аавынх Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байдаг. ...Анх би .......... гэсэн дугаараас зар дээр байрлуулсан .......... дугаар руу залгаж яриад өөрийгөө Г гэдэг Хэнтий аймаг Баянхутаг суманд адуу байгаа гэж ярьсан. Би эхлээд ................. гэсэн дугаараас Г байна гэж хэлж ярихдаа манай дүүтэй холбогдчих гээд ...................................... гэсэн дугаараа өгсөн...” гэх мэдүүлэг /ххийн 41-42 дугаар хуудас/,

 

Ш Ш.Д ............... дансруу 2 удаа 500.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-52 хуудас/,

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын . дугаар багын Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58-67 дугаар хуудас/,

Шүүгдэгч У.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 79 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-96 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч У.Х нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мал авна гэсэн фэйсбүүк зарын дагуу ...................................... дугаарын утсаар иргэн Ш.Дтой холбогдож 15 тооны адуу худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хаан банкны ............. дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг хуурч мэхлэн шилжүүлэн авч иргэн Ш.Дид 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч У.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэн Ш.Дийг хохироосон хэрэгтээ гэмшиж байна. Яаралтай мөнгөний хэрэг гараад л тэгээд л ийм хэрэг хийсэн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мобайл банк ашиглаад У.Хын дансруу 500.000 төгрөг хийсэн. .... Тэгээд тэр үед ахад нь би хотоос гарлаа шүү Хэнтийд очоод залгая гээд замдаа гараад явж байтал Амгалан захын эсрэг талын клонкоос бензин авч байтал У.Х залгасан тэгээд ах таниас 500.000 төгрөг нэмээд авчих гэсэн би яах гэж байгаа юм бэ гэхэд би гар утас авах гэж байгаа юмаа тэгэхгүй бол холбоо барьж чадахгүй гэсэн. Тэгээд би Налайх орж ирээд цэргийн ангийн зам дагуу байдаг Зам зуур гэх супер маркет дотор байрлах Хаан банкны АТМ-ээс дахиад мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

           Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр У.Х өөрийн нэр дээр малтай эсэхийг би мэдэхгүй. Малтай гэж ярьж байгаагүй. Харин аав ээж нь бол малтай. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байдаг... гэх мэдүүлэг,

 

            Ш. Ш.Д нь ..... дансруу 2 удаа 500.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

 

            Шүүгдэгч У.Хын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч У.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Дид 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад “би өгсөн 1.000.000 төгрөг, мөн хөдөө явах замын зардалд зарцуулсан 400.000 төгрөгийг гаруулж авмаар байна” гэж мэдүүлсэн боловч замын зардалтай холбоотой баримтыг  хэрэгт ирүүлээгүй байна. Иймд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хоос 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Дид олгохоор, харин хохирогч Ш.Д нь замын зардалд зарцуулсан 400.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.У.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлт, шүүгдэгч У.Х нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан болно.  

 

Шүүгдэгч У.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх бөгөөд уг торгох ял биелэгдээгүй болох нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/605 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хууль зааснаар уг ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж маргахгүй байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Х нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн уг гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан үйлчлэлд хамаарч, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэх гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байх тул шүүгдэгч У.Хын “өршөөлд хамруулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажилд  хийлгэх ялд нэмж нэгтгэх ялыг өршөөн хэлтрүүлсэн тул шүүгдэгч У.Хын эдлэх ялын хэмжээг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

            Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт У.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хт 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэх торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн тул шүүгдэгч У.Хт оногдуулсан эдлэх ялын хэмжээг  320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х нь 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Хоос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Дид олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Д нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ