Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолт/,

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Мд холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төв аймаг, Сүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................. тоот хаягт оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

            Боржигон овогт О.М /РД: ......./.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч О.М нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” амралтын газарт найз Б.Дг өмөөрч Б.Пн нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж биед нь зүүн доод 1 дүгээр шүдний булгаралт, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, баруун чамархай, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.П нь миний таньдаг дүү Б.Дийг цохихоор нь л би өмөөрөөд 4-5 удаа цохисон” гэв.

         

            Хохирогч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ... О.М 11 цагийн үед ирээд ... Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “........ амралтын газарт 6 цагийн үед очсон. Тэгээд бид авчирсан архи, согтууруулах ундаагаа уугаад сууж байгаад би найзруугаа Б.Д, Оюунцэцэг хоёрын зургийг явуулчихсан чинь Б.Д уурлаад надтай хэрүүл хийж эхэлсэн. Б.Д миний нүүр рүү алгадаад, бие рүү цохиод байсан. Тэгэхээр нь  би санамсаргүй гичий гээд хэлчихсэн чинь Б.Д миний нүүр лүү алгадаад, миний бие рүү цохиод байсан. Тэгэхээр нь би тэсэхээ байгаад Б.Дий нүүр рүү гараараа цохичихсон. Тэгтэл О.М миний нүүр, толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон. Тэгж байгаад О салгаад байж байтал цагдаа орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар хуудас/,

 

   Гэрч Б.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш нь бид нар Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж рүү амралтад явахаар болоод О.М гэх залууг дуудаж, машин бариулаад хотоос гарсан. Замдаа О, Б.П хоёр машин дотор хэрэлдэж байгаад гайгүй болчихсон. Тэгээд 16 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, “........” амралтын газарт очоод бид нар хоол унд идчихээд архи уусан. Тэгж байтал Б.П миний зургийг дарчих шиг болохоор нь устга гээд хэрэлдэж байтал намайг гичий гэсэн. Тэгэхээр нь би уурлаад нүүр лүү нь алгадтал зөрүүлээд миний уруул хэсэгт цохисон. Тэр үед О эхлээд намайг өмөөрч босож ирээд Б.Пд “чи эмэгтэй хүн яагаад цохиж байгаа юм” гээд очтол О.М очингуутаа нүүр толгой хэсэг рүү нь 5-6 удаа цохисон. Тэгээд О салгаад байж байтал гаднаас амралтын газрын ах орж ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Өөр хүн цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

   Гэрч Б.Оын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16 цагийн үед “........” амралтын газарт очоод бид нар авчирсан архи согтууруулах ундааны зүйлсээ уугаад байж байтал гэнэт Б.Д Б.П руу уурлаад эхэлсэн. Зургийг нь дарсан гэх мэт зүйл яриад байх шиг байсан. Тэгтэл Б.П Б.Дийг гичий гээд хэлтэл Б.Д Б.Пгийн нүүр лүү нэг удаа алгадтал Б.П зөрүүлээд Б.Дий нүүр лүү нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь О.М ах бид хоёр Б.Дийг өмөөрөөд Б.П руу дайраад би  Б.Пг цохих гэтэл О.М ах орж ирээд “чи яахаараа эмэгтэй хүн
з
оддог юм” гээд Б.Пгийн нүүрэн тус газарт 4-5 удаа цохисон байх.
Тэгээд би тэр хэдийг салгаад болиулаад байж байтал амралтын газрын ах хүрч ирээд цагдаа дуудсан. ...Би Б.П ахын биед халдаж цохиж зодсон зүйл
байхгүй. Бусад хамт байсан хүмүүс намайг хамт зодчихлоо гэж бодсон юм шиг байна лээ. Би Б.Дийг цохихоор нь уурлахын хувьд уурласан. Тэгэхдээ гар хүрсэн асуудал байхгүй. Б.П бусад хүмүүсийг бодвол арай илүү согтолттой байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “........” амралтын газарт 16 цагийн үед очсон. Би бусад хүмүүстэй танилцаад авчирсан архи согтууруулах ундааны зүйлээ уугаад юм яриад сууцгааж байсан. Тэгтэл гэнэт л Б.Д гэх охин нь Б.П гэх залуу руу уурлаад муудалцаж байгаад гичий гээд хэлчихсэн. Гэтэл Б.Д уурлаад Б.Пгийн нүүр рүү алгадаад автал Б.П нь зөрүүлээд нүүр рүү нь цохичихсон. Тэгэхээр нь би “эмэгтэй хүнийг цохиод яаж байгаа юм” гээд би Б.Пгийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд Б.О салгах гээд намайг барихаар нь би гарыг нь тавиулаад дахиад нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Тэгтэл Б.О бид хоёрын голоор ороод салгах гээд байхаар нь дахиад нэг удаа нүүрэн тус газарт нь цохичхоод салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 289 дугаар:

            “1. Б.Пгийн биед зүүн доод 1-р шүдний булгарал, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, баруун чамархай, зүүн мөр, зүүн булгалгад цус хуралт, доод урууланд язрал, баруун тохой, баруун шуунд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,                                          

           
            Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/,

            Шүүгдэгч О.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 62-65 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-44 дүгээр хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.М нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” амралтын газарт найз Б.Дийг өмөөрч Б.Пгийн нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж биед нь зүүн доод 1 дүгээр шүдний булгаралт, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, баруун чамархай, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Үүнд: Шүүгдэгч О.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

         

            Хохирогч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би санамсаргүй гичий гээд хэлчихсэн чинь Б.Д миний нүүр лүү алгадаад, миний бие рүү цохиод байсан. Тэгэхээр нь би тэсэхээ байгаад Б.Дий нүүр рүү гараараа цохичихсон. Тэгтэл О.М миний нүүр, толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон. Тэгж байгаад О салгаад байж байтал цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг,

 

   Гэрч Б.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед О эхлээд намайг өмөөрч босож ирээд Б.Пд “чи эмэгтэй хүн яагаад цохиж байгаа юм” гээд очтол О.М очингуутаа нүүр толгой хэсэг рүү нь 5-6 удаа цохисонгэх мэдүүлэг,

 

   Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь О.М ах бид хоёр Б.Дийг өмөөрөөд Б.П руу дайраад би  Б.Пг цохих гэтэл О.М ах орж ирээд “чи яахаараа эмэгтэй хүн
з
оддог юм” гээд Б.Пгийн нүүрэн тус газарт 4-5 удаа цохисонгэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 289 дугаар дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.

 

Хохирогч Б.Пгийн эрүүл мэндэд учирсан “...зүүн доод 1-р шүдний булгаралт, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, баруун чамархай, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт” гэмтэл нь шүүгдэгч гараараа 5-6 удаа цохисны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч О.М нь хохирогч Б.Пгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Мийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч О.М нь хохирогч Б.Пгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Хохирогч Б.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “миний хохирлыг барагдуулж, шүд хийлгэж өгөхөөр болсон тул надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх боловч шүүхээс шүүх хурлын товыг мэдэгдэхэд “О.М нь миний хохирлын төлбөрт 700.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн. Үлдсэн 200.000 төгрөг авах юм бол гомдолгүй” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн боловч хохирогч Б.П нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч О.О.Мэс нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч, хохирогч нар эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хохирогч “хохирлын үлдэгдэл мөнгө авсан тохиолдолд гомдолгүй” гэх тайлбарыг ирүүлснийг харгалзан талуудын саналын дагуу хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шилжүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын оногдуулж, шүүгдэгч нь үлдэгдэл хохирлын мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Мд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх саналтай” гэсэн дүгнэлт, шүүгдэгч О.М нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлын мөнгийг удахгүй өгнө, иймд өршөөлд хамруулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохиролд 500.000 төгрөг төлсөн, үлдсэн 200.000 төгрөгийг төлөхөөр илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэрэг/-ыг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Мд 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.

 

Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.

 

Шүүгдэгч О.М нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Пд 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх ба шүүгдэгч үлдсэн 200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Мд 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280  /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т хэсэгт зааснаар хохирогч Б.П нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ