Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

 

 

 

 

 

2021       07           20                                           116     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан /0769/,

шүүгдэгч Т.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошуут овогт Т.Б д холбогдох эрүүгийн 2107000000107 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

           Хошуут овогт  Т.Б  /РД: .........../.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ................ гудамжинд Б.Б ийн зүүн шанаа тус газарт нь заазуураар зүсэж зүүн чамархай, зүүн шанаанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Б  согтуу манайд орж ирээд хүүхдүүд айлгаад байсан. Тэгэхээр нь маргалдаад заазуураар айлгах санаатай байсан тэгсэн харин зүсчихсэн. Хохирогчийг эмчлүүлж 100.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Хэрэг болсны дараа хохирогчид 60.000 төгрөг өгсөн” гэв.

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо   /аль гудамжинд ууснаа сайн санахгүй байна/ ганцаараа 0.75 литрийн Хараа нэртэй архи уучихаад танил ах болох Т.Б ы Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчин 13-98 тоот гэр лүү нь очсон. Намайг тэднийд орох үед Т.Б  ах архи уучихсан бололтой согтуу, эхнэр Нгийн хамтаар байж байсан. Ингээд намайг тэднийд ороод хэсэг сууж байхад Т.Б  ах гэнэт ширээн дээр байсан заазуур авч надруу дайрахаар нь би айсандаа шууд гараад зугатаасан. ...Тэгээд намайг тэдний хашаанаас гарч зугтаагаад хорооны голоор доошоо гүйж явж байгаад хальт эргээд харсан чинь Т.Б  ах яг миний ард ирчихсэн баруун гартаа барьж байсан заазуураараа миний толгойн зүүн хэсэг рүү 1 удаа далайж духны зүүн хэсэг болон зүүн талын эрүүний доод хавьцаа зүсчихсэн. Тэгэхээр нь би хариу эсэргүүцэл үзүүлэлгүй тэр чигээрээ гүйж зугтааж байгаад Т.Б  ах намайг хөөхөө болиод буцаад явчих шиг болсон. ...Би өөрт учирсан гэмтэл шархаа эмнэлэгт очиж боолгож эмчлүүлсэн. Миний толгой духны зүүн хэсэг болон эрүүний зүүн доод хэсэгт зүсэгдсэн шарх байгаа, өөр надад учирсан ямар нэгэн гэмтэл шарх, өвчин зовиур алга. Миний биед нэг удаагийн үйлдлээр шарх гэмтэл учруулсан. Т.Б  ах бид хоёр нэг нэгнийгээ ойлгож уучилсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн баримт мөн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

 

Гэрч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед гэртээ байж байтал Н эгч залгаад “эгчийн дүү чи гэртээ байна уу. Т.Б  ax чинь гэрээс заазуур бариад танай ах Б.Б ийг хөөгөөд гараад явчихлаа, яаралтай араас нь гараарай” гэхээр нь би гэрээсээ гараад явж байтал Налайх дүүргийн 3 дугаар хороо,   гудамжны үзүүр хавьцаа манай ах Б.Б  ганцаараа зогсож байхаар нь яваад очтол ах надад “Т.Б  ахынх нь толгойг зүсчихлээ” гэсэн ба толгойных нь зүүн тал орчмоос цус гоожсон байдалтай өөрөө шал согтуу байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Т.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 20 цагийн үед ажлаа тараад Налайх дүүргийн 3 дугаар хороо  ............. тоот гэртээ ирсэн юм. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр Н ганцаараа байж байсан. Тухайн үед би ажлынхаа хүмүүстэй цуг 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан байсан учир бага зэрэг согтчихсон байсан. Ингээд удалгүй гаднаас хорооны танил дүү болох Б.Б  бас уучихсан бололтой согтуу орж ирчихээд хоёр гараа халаасандаа хийчихсэн намайг илтэд үл тоосон байдалтай байхаар нь миний дургүй хүрч хар шөнөөр айлд согтуу орж ирчихээд гэрийн эзэн болох намайг үл тоолоо гээд түүнд чи яагаад хар шөнөөр манайд орж ирчихээд, яагаад байгаа юм бэ гээд өөдөөс нь согтуурхаж байгаад түүнийг айлгах санаатай ширээн дээр байсан заазуурыг авч Б.Б ийг хөөсөн чинь гараад зугтаачихаар нь нэг мөсөн сайн айлгаад авъя гэж бодоод араас заазуураа бариад хөөсөн юм. Ингээд гарч гүйж байгаад Налайх дүүргийн 3 дугаар хороо ........... дугаар гудамжны үзүүр хавьцаа Б.Б ийг хөөж гүйцээд түүнийг барьж аваад заазуураа далайлгаж айлгах гээд далайтал Б.Б  гэнэтхэн хойшоогоо эргээд харчихсан тэгсэн чинь заазуураараа түүний толгойн зүүн дух болон эрүү хавьцаа зүсэж гэмтээчихсэн юм. Тэгээд би хүн заазуурдчихлаа гэж бодоод өөрөөсөө айгаад заазуураа хашаа давуулж шидчихээд шууд гэр лүүгээ зугтаачихсан юм. Гэртээ ирээд удаагүй манай гэрт цагдаа нар хүрч ирээд намайг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 287 дугаар:

            “1. Б.Б ийн биед зүүн чамархай, зүүн шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/,

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/,                                               

 

            Шүүгдэгч Т.Б ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 53-56 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 39-42 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, ..... дугаар гудамжинд Б.Б ийн зүүн шанаа тус газарт нь заазуураар зүсэж зүүн чамархай, зүүн шанаанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Т.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Б  согтуу манай гэрт орж ирээд хүүхдүүд айлгаад байсан. Тэгээд жаахан маргалдаад заазуураар айлгачих санаатай л байсан тэгсэн зүсчихсэн.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд намайг тэдний хашаанаас гарч зугтаагаад хорооны голоор доошоо гүйж явж байгаад хальт эргээд харсан чинь Т.Б  ах яг миний ард ирчихсэн баруун гартаа барьж байсан заазуураараа миний толгойн зүүн хэсэг рүү 1 удаа далайж духны зүүн хэсэг болон зүүн талын эрүүний доод хавьцаа зүсчихсэн. Тэгэхээр нь би хариу эсэргүүцэл үзүүлэлгүй тэр чигээрээ гүйж зугтааж байгаад Т.Б  ах намайг хөөхөө болиод буцаад явчих шиг болсон…” гэх мэдүүлэг,

 

   Гэрч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчин 20 дугаар гудамжны үзүүр хавьцаа манай ах Б.Б  ганцаараа зогсож байхаар нь яваад очтол ах надад “Т.Б  ахынх нь толгойг зүсчихлээ” гэсэн ба толгойных нь зүүн тал орчмоос цус гоожсон байдалтай өөрөө шал согтуу байж байсан...” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №287 дугаар дүгнэлт, Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.

 

Хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд учирсан “зүүн чамархай, зүүн шанаанд шарх” гэмтэл нь шүүгдэгч заазуураар цохих үед зүсэгдсэний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Т.Б  нь хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Б ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч Т.Б  нь хохирогч Б.Б ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “бид эвлэрсэн, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан “шүүгдэгч Т.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 2-19 насны 4 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын орлого байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохиролд 160.000 төгрөг өгсөн, иймд Өршөөл үзүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Т.Б  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Б  нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, уг зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

 

Шүүх 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б д холбогдох эрүүгийн 2107000000107 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ажлын хэсэг нь 16 см, нийт 26 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг тус шүүхийн эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хошуут овогт  Т.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б д холбогдох эрүүгийн 2107000000107 дугаартай эрүүгийн хэргийн өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Т.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ажлын хэсэг нь16 см, нийт 26 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ