Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч М.Б

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б, Э.Х нарт холбогдох 2116000240016 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.Х, М.Б нарын бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн***сумын нутаг дэвсгэр “****” гэх газраас иргэн Б.Ц-ийн өмчлөлийн хээлтэй хээр гүү, хүрэн зүсмийн морийг шүүгдэгч М.Б-ын мотоциклийг ашиглан хулгайлан авч бусдад худалдан Б.Ц- д 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн **** сумын нутаг дэвсгэр “*****” гэх газраас иргэн Б-ын адуун дотор байсан хохирогч Н.А, Н.Д, С.Э нарын өмчлөлийн 3 тооны даагыг /сарваа/ шүүгдэгч М.Б-ы мотоциклийг ашиглан хулгайлж хохирогч Н.А-т 400.000 төгрөг, хохирогч Н.Д-д 400.000 төгрөг, хохирогч С.Э-д 400.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 

 

Шүүгдэгч М.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Х-тэй хамт өөрийн адуунд явсан. Манай адуу аймгийн төвөөс хойшоо 10 км зайтай *** гэх нэртэй газарт байсан. Манай хүрэн азаргатай адуунд байсан халиун алаг байдас, бор гүү хоёр муудсан байхаар нь тэжээхээр аймагт авч ирсэн ба тэгэхдээ манай адууны хажууд байсан хээр азаргатай адуунаас хээр гүү, хүрэн морь хоёрыг хамт авч ирсэн. Хээр гүү нь хээлтэй байсан ба Х авч хадмындаа гаргаж өгсөн. Харин хүрэн морийг нь би авч Г гэх хүнд өгөөд оронд нь бор гүү авсан. Авсан бор гүүг одоо ч би Х-ийн хашаанд тэжээж байгаа...Х бид хоёр хээр гүү, хүрэн морь хоёрыг зарж ашиг олох зорилгоор авч ирсэн...хээр гүүг Х авч хадмындаа өгөөд оронд нь алаг гүү авсан. Хүрэн морийг би Г-д өгөөд оронд нь бор гүү авсан...хээр гүү хээлтэй зөв талын хойд гуян дээрээ дэгрээ тамгатай, хүрэн морь зөв хойд гуян дээрээ тамгатай гэхдээ одоо тамгыг нь мартчихаж...би хээр гүү, хүрэн морийг Э.Х-ийн хамт хулгайлснаа хүлээн зөвшөөрч буруутай үйлдлээ ухамсарлаж хохирогч Б.Ц-д хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч М.Б-ы яллагдагчаар өгсөн “...Би энэ тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найз Э.Х-ийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум **** багийн ***** гэх газар адуугаа эргэх гэж миний мотоциклтой очиход халиун, хээр зүсмийн 2 даага салгуу байсан ба ойролцоо Шарга зүсмийн даага байхаар нь найз Э.Х-ийн хамт мотоциклоор туугаад аймагт ирсэн ба тэр үед харанхуй болсон байхад ирээд Э.Х-ийн хашаанд тэжээсэн. Тухайн даагануудын шарга даага нь зөв талын хойд гуян дээрээ дугуй тамгатай бусад халиун, хээр 2 даага нь тамгагүй байсан. 2021 оны гарсны дараа Э.Х-ийн хамт шарга, халиун, хээр даагануудын зөв талын хойд гуян дээр нь дэгрээ англи “3” гэсэн хэлбэртэй тамга дарсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын сүүлчээр Э.Х-ийн хашаанд ганцаараа байж байхад хүмүүс ирээд манай даага байна гэж хэлээд аваад явсан...би найз Э.Х-ийн хамт шарга, халиун, хээр гэсэн 3 даагыг өөрийн болгох гэж л авсан...тухайн үед би өөрийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн “Мустанг-200” маркийн цагаан өнгийн мотоциклтой бид хоёр яваад **** сумын **** гэх нэртэй газар очоод буцаж ирэхдээ бид хоёр миний мотоциклоор туугаад явсан...Э.Х-бид хоёр 3 дааган дээр тамга дараад миний адуу гэж хэлэх гэж байсан юм аа. Бид хоёр төмөр утсаар дэгрээ буюу англиар “S” үсэгтэй тамга хийж 3 дааганы зөв талын хойд дээр дарсан тэгэхэд бид хоёрын дарсан тамга нь дутуу гараад дугуй хэлбэртэй эсвэл 5, 6-ын тоо шиг харагдаад байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ 102/,

 

Шүүгдэгч Э.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр найз Б хамт түүний адуунд явсан. Аймгийн төвөөс 10 км зайтай байх “****” гэх нэртэй газарт Б-ийн адуу байсан. Б-ийн алаг байдас, бор гүү хоёр муудсан байхаар нь аймагт оруулж тэжээх зорилгоор аймаг луу авч явах гэж байхад хэнийх нь мэдэгдэхгүй хээр гүү, хүрэн морь хоёр байж байхаар нь аймаг руу тууж аймагт ирээд би хээр гүүг авсан. Б хүрэн морийг авсан. Би авсан хээр гүүгээ алаад хадам ээж Н-д алаг гүүгээ сольсон. Б хүрэн морийг Г буюу Н гэх залуугийн бор гүүгээр сольсон...Б бид хоёр хээр гүү, хүрэн морь хоёрыг зарж ашиг олох зорилгоор авсан...Хадам ээж Н хээр гүүг алаад алаг гүүгээр сольсон. Хээр гүүн хээлтэй байсан ба им тамгыг сайн хараагүй...Би хээр гүүг өөрийнхөө хашаанд нядлаад толгой шийрийн “****” гэх газар жалганд тэжээлийн шар гялгар уутанд хийж хаясан....Би хүрэн морь, хээр гүүг М.Б-ы хамт хулгайлж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Буруутай үйлдлээ ухамсарлаж, хохирогч Б.Ц-ийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан...

 

Шүүгдэгч Э.Х-ийн яллагдагчаар өгсөн “...Энэ тогтоолыг уншиж танилцлаа, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна санал хүсэлт алга...Би мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй...би 2020 оны 12 дугаар сарын 15-ны орчим найз М.Б-ы хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****багийн “***” гэх газарт М.Б-ын адууг эргэх зорилгоор түүний мотоциклтой очиход халиун, хээр зүсмийн 2 даага салгуу байсан ба ойролцоо шарга зүсмийн даага байхаар нь найз М.Б-ын хамт мотоциклоор туугаад аймагт ирэхэд харанхуй болсон байсан ба шууд түр байж байгаа хашаанд 3 даагыг авч ирж тэжээсэн. Тухайн даагануудын шарга даага зөв талбин хойд гуян дээрээ дугуй тамгатай ба халиун, хээр 2 даага нь тамгагүй байсан. 2021 оны эхээр М.Б-ы хамт шарга, халиун, хээр даагануудын зөв талын хойд гуян дээр нь дэгрээ Англи “S” гэсэн хэлбэртэй тамга дарсан. Тэгээд 2021 оны 1 сарын сүүлчээр М.Б-ыг хашаанд ганцаараа байж байхад хүмүүс ирээд манай даага байна гэж хэлээд аваад явсан байсан. Би тэр үед хөдөө явсан байсан...би найз М.Б-ы хамт шарга, халиун, хээр гэсэн 3 даагыг өөрийн өмч болгох гэж л тэжээсэн юм...шарга даага охин бөгөөд зүүн талын хойд гуян дээрээ дугуй тамгатай байсан. Халиун, хээр даага нь ямар ч тамга байхгүй байсан бүгд охин дааганууд байсан...тухайн үед М.Б-ы эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн "Мустанг-200” маркийн цагаан өнгийн мотоциклтой бид хоёр яваад тухайн 3 даагыг тууж ирсэн...М.Б бид хоёр 3 дааган дээр тамга дараад дараан миний адуу гэж хүмүүст хэлэх гэж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ101, 220-221/,

 

Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай хадам ах Б.Г нь ***багийн ***** гэх одоогийн нутаглаж байгаа газраасаа над руу яриад манай доод хэсэгт адууны нэг хуулсан толгой, 4 шийр зэргийг шар өнгийн тэжээлийн бололтой уутанд хийж хаясан байна. Түүний уутыг нохой задлаад урсан байна, танай алдсан адуу мөн байна уу ирээд үз гэхээр нь би очоод үзсэн. Тэгэхэд миний алдсан хээлтэй хээр гүүний хөл мөн байсан. Би түүний 4 шийрийг нь нохой аваад явчхаж магадгүй гээд тэнд байсан шар уут болон гялгар цаастай нь хамт авчихсан. Харин толгойг нь тухайн газарт үлдээсэн байсан... Хээр гүү нь нас бие гүйцсэн одоо 9 настай унаж эдэлж хэрэглэдэг маш номхон гүү байсан. Ямар нэгэн хурдан удам байхгүй монгол адуу байгаа юм. Түүний зөв талын гуя дээр босоо сартай түүний урд хэсэгт хэвтээ дарсан дэгрээ тамгатай, харин хүрэн морь 7 настай, зөв талын гуя дээр давхар саран тамгатай, унаж хэрэглэдэг, уяж сойдоггүй, номхон тэжээж уналгад хэрэглэдэг адуу байсан... Би хээр гүүг 2 сая, хүрэн морийг 2 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь хээр гүү хээлтэй байсан бөгөөд 2021 оны хавар унагалж тоо нь 2 болох байсан. Мөн гүү байсан учраас жил бүр төллөх байсан. Харин хүрэн морийг 2 сая төгрөгөөр үнэлж байгаа шалтгаан нь уналга, эдэлгээнд хэрэглэдэг, уул хаданд явахад хөл туруу сайтай, номхон адуу байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ40-41/,

 

Хохирогч Н.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***баг ****** тоотод оршин суудаг айл байгаа юм. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хээр дааганы эзэн болох Э ******** дугаарын утаснаас над руу ярьсан. Шарга халзан азарганы адуун дотор байсан 3 тооны даага алга болсон байна та цагдаагийн газарт очоод тэмдэглүүлээрэй гэсэн. Тэгээд би маргааш нь цагдаагийн газарт очиж алдуул малын бүртгэлд тэмдэглүүлсэн. Миний даага Б гэх хүний адуунд байсан. Би хамгийн сүүлд шарга даагаа 2020 оны 10 дугаар сард Рашаант багт байрлах *** гэх газарт байхад нь очиж харсан. Тэрнээс хойш би очиж үзэж чадаагүй...би 2021 оны 01 дүгээр сарын 28-н- өдөр Д, Б, Э нарын хамт аймгийн төвийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэр ус түгээх цэгний эгц урдаас харсан хашаанд адуу тэжээж байсан. Тэгээд очиж үзэхэд хашаан дотор нэг залуу байсан. Тухайн хүний нэрийг асуугаагүй харин тэжээж байсан адуун дотор бид нарын алдсан 3 тооны адуу мөн байсан. Тэгээд Д, Э бид гурав өөрсдийнхөө даагануудыг аваад явсан. Миний шарга дааганы дугуй тамга дээр баллаад тамга дарсан байсан. Тухайн тамга нь сайн харагдахгүй балласан болохоор 5 тоо тамга шиг харагдсан. 3 дааганы дэлийг авсан байсан. Харин халиун халтар, хээр дааганы зөв талын гуяны хавтгай дээр 5-ын тоо тамгаар тамгалсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ171/,

 

Хохирогч Н.Д мөрдөн байцаалтад өгсөн “...Манайхны 4 айл болох миний 4 тооны адуу, Н.А-ийн 4 тооны адуу, Э-ийн 2 тооны адуу, Шар буюу А-ийн 2 тооны адуу нийт шарга халзан азаргатай 12 тооны адуу Есөнбулаг сумын *** багийн “***” гэх газар бэлчээрлэж байсан юм...Тэгээд Н.А-луу утсаар яриад адуунаас 3 тооны сарваа алга болсон байна гэдгийг хэлж алдуул малын бүртгэлд бүртгүүлсэн юм...Халиун халтар охин сарваа нь минийх ямар нэгэн тамга байхгүй түүний зөв талын дотор хэсгийн борви дээр чоно хазсан сорвитой байгаа. Э-ийн сарваа нь хээр зүстэй ямар нэгэн тамгагүй охин сарваа байсан. Н.А-ийнх нь шарга зүстэй охин сарваа байгаа. түүний зөв талын гуяны хавтгай дээр дугуй тамгатай байгаа...миний халиун халтар охин сарваа нь одоо Говь-Алтай аймгийн *** суманд миний өөрийн адуунд байгаа. Э-ийн хээр сарваа нь *** багт байгаа харин А-гийн охин шарга сарваа нь аймгийн төв дээр байгаа...дээрх 3 сарвааны зөв талын гуяны хавтгай дээр 5 эсвэл 6 тоо гэмээр ямар нэгэн нарийхан тамга дарсан байсан. Тэр тамга нь төмрийн нь их улайсгаад түлсэн байсан. Мөн шарга сарвааны хуучин тамгыг нь баллах гээд баахан дарсан байсан...бид нар хулгайд алдсан 3 тооны сарвааг ***** тоот хашаанд Б, Х гэдэг залуучууд тэжээж байхад нь олж авсан юм... 2020 оны 12 дугаар сард адуундаа байж байсан. Түүнээс хойш би үзээгүй. Манайхтай айл байдаг Э ах чиний халиун даага, Н.А-ийн шарга даага, миний хээр даага гурав 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр адуунд үзэхэд байхгүй байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ160-161/,

 

Хохирогч С.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Халиун халтар охин сарваа нь Д-ынх ямар нэгэн тамгагүй түүний зөв талын дотор хэсгийн борви дээр чоно хазсан сорвитой байгаа. манай сарваа нь хээр зүстэй ямар нэгэн тамгагүй охин сарваа байсан. Түүний баруун талын гуяны дотор талд чоно хазсан сорвитой байгаа. Н.А-ийн шарга зүстэй охин сарваа түүний зөв талын гуяны хавтгай дээр дугуй тамгаар тамгалсан байсан...дээрх 3 тооны сарвааны зөв талын гуяны хавтгай дээр 6 тоо гэмээр ямар нэгэн нарийхан тамга дарсан бас дэлийг нь засчихсан байсан...би өөрийн хээр даага одоогийн зах зээлийн ханшаар 300.000 төгрөгөөр үнэлж байна. Манай даага хурдан удмын угшил байхгүй...бид нарын хулгайд алдсан 3 тооны сарвааг бидний хэлдгээр аймгийн хойд толгойд байх нэг хашаанд байсан бөгөөд хаягийг хэлж мэдэхгүй байна. Манай сарвааг 2 залуу тэжээж байхад олж авсан...” гэх мэдүүлэг/ХХ166/,

 

Гэрч Ц.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хөл хорио дуусаад манайх өвлийн идшээ гаргасан. Тэгэхдээ өөрийн адуунаас алаг зүсмийн гүү гаргах гэхэд манай хүргэн Э.Х нь манай алаг гүүг би авъя танайд орны адууг гаргаж өгнө гээд манай алаг гүүг аваад оронд нь хээр зүсмийн байдас өгсөн. Тухайн байдсыг нь идшиндээ хэрэглэсэн юм...бид нар тухайн идэшний адууг аймгийн төвд хүргэн Э.Х-ийн хашаанд гаргасан. Идэш гаргахдаа тухайн адууны тоглойн арьсыг нь хуулсан байх түүнийг би сайн мэдэхгүй. Учир нь би гэдэс арчиж байсан...хээр зүстэй, тамгыг нь би мэдэхгүй байна. Охин байдас гаргасан. Тухайн байдасны хээл нь томорсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ44-46/,

 

Гэрч Б.А мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай хойд хэсэгт байдаг айлын хүн болох Ж манай адууг харахад бүгд тоо ёсоороо байсан гэсэн харин 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харахад 2 тооны адуу дутсан түүний нэг нь хээр зүстэй нас бие гүйцсэн хээлтэй гүү байсан. Тухайн гүүний зөв талын гуя дээр тамгатай, дөрвөн хөл нь буурал халиун сортой байсан. Харин хамт алга болсон хүрэн зүстэй морь байгаа юм. Түүний гэдэс хэсэгтэй оломны цагаан үстэй байсан...манай алдсан хээр гүүний хөлийг нь аймгийн төвөөс Ховд аймаг явах засмал замаар 22-25 км орчим яваад шороон замаар салж 6 км орчим яваад хээр хаясан байсан...” гэх мэдүүлэг /ХХ52/,

 

Гэрч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн “...Манай хүргэн Б.Ц 2 адуу алдсан түүний нэг нь хээлтэй хээр гүү байсан гэж хэлж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны орчим болов уу малд явж байхад манайхаас доошоо зам дагуу 500 метр орчим зайд ганган дотор арьсыг нь хуулсан гүүний толгой 1 ширхэг, адууны шийр 4 ширхгийг гялгар цаасан уутанд боож шар өнгийн тэжээлийн уут бололтой зүйлд хийгээд хаясан байхыг нохой задалж гаргасан байсан. Түүнийг би хүргэн Б.Ц хэлсэн харин маргааш нь Б.Ц өөрөө ирээд нөгөө адууны шийрийг хараад миний алдсан хээр гүүний шийр мөн байна гэж таниад цагдаад өргөдөл өгсөн юм. Яг хэн хаясан гэдгийг нь мэдэхгүй тухайн толгой шийрийг хаясны дараа бага зэрэг цас ороод мөрийг нь дарсан байсан. Намайг очиход машины мөр гутлын хүний мөр гэж мэдэгдэх зүйл байгаагүй... гэх мэдүүлэг /ХХ54/,

 

Гэрч Ш.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг Н гэж авгайлдаг...Би М.Б-ээс хүрэн морь авсан. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны орчим өөрийнхөө бор гүүгээр сольж авсан...М.Б миний хүрэн морь байгаа юм гэж хэлээд надад өгч байсан юм...би хүрэн морийг хүнсэнд хэрэглэсэн. Хүрэн морины им тамгыг сайн ажиглаж хараагүй...арьсыг түүхий эдийн ченжид зарсан. Толгой шийрийн хашаанд хаясан байсан. Хог ачихад хогийн толгой тээр хаягдсан байна лээ... гэх мэдүүлэг /ХХ66/,

 

Шүүгдэгч Э.Х--ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд/ХХ20-22/,

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-820/127, ТХҮ-820/129, ТХҮ-820/128 дугаартай үнэлгээний дүгнэлтүүд /ХХ189-204/,

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ны хохирогч Б.Ц хүрэн морь, хээр гүү нарт үнэлгээ гаргасан №ТХҮ-820/130 дугаартай дүгнэлт /ХХ70-72/, зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Х, М.Б нарын шүүгдэгч М.Б-ы өмчлөлийн цагаан өнгийн “Мустанг 200” маркын мотоциклийг ашиглан 2020 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн **** сумын нутаг дэвсгэр  “*****” гэх газраас иргэн Б-ын адуун дотор байсан хохирогч Н.А, Н.Д, С.Э нарын өмчлөлийн халиун, халтар, шарга зүсмийн 3 тооны даагыг /сарваа/ хулгайлан авч адуунуудын тамгыг өөрчлөн, өөрсдийн эзэмшлийн хашаанд тэжээж байсан, мөн дээрх тээврийн хэрэгслийг ашиглан  2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын нутаг дэвсгэр “***” гэх газраас иргэн Б.Ц өмчлөлийн хээлтэй хээр гүү, хүрэн зүсмийн морийг хулгайлан авч, бусдад худалдан борлуулж, хохирогч Б.Ц-д 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь бүлэглэн, 2 удаагийн үйлдлээр бусдын 5 тооны бодыг тээврийн хэрэгсэл буюу мотоцикиль ашиглан хулгайлан авч бусдад  хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд заасан “мал хулгайлах” гэмт хэргийн машин механизм ашиглан олон тооны малыг бүлэглэн хулгайлах хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Э.Х, М.Б нарыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг.

 

Шүүгдэгч Э.Х, М.Б нар нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлан ойлгож хохирол, хор уршгийг зориуд санаатайгаар хүсэж үйлдсэн байх тул гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж шүүх үзсэн болно.

 

“Машин механизм” гэдэгт хүн ачаа тээвэрлэх зориулалт бүхий бүх төрлийн автомашин, мотоцикиль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор эдгээр машин механизмуудыг зориуд ашигласан тохиолдолд хүндрүүлэн авч үздэг. Шүүгдэгч нарын хувьд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хулгайлах үйлдлээ хурдавчлах зорилгоор шүүгдэгч М.Б-ы өмчлөлийн цагаан өнгийн “Мустанг 200” маркын мотоциклийг ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 8 бог, 2 бод түүнээс дээш тооны малыг олон тооны мал гэж ойлгоно гэсэн хуульчилсан тайлбарыг хийсэн байна. Шүүгдэгч нар нь бусдын 5 тооны бод мал хулгайлсан тул хүндрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р ХХ112-113/, хохирогч Б.Ц“... хохирол бүрэн төлүүлж авсан тул энэ 2 хүнд гомдолгүй...” гэсэн хүсэлт /1-рХХ124/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-200 маркийн мотоцикльд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р ХХ86-88/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Үүний үндсэн дээр шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилжээ. Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэгээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэгээс ихгүй хугацаагаар буюу нэгээс дөрвөн жилийн хооронд хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулан, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гарган, оногдуулах ял, эрүүгийн хариуцлагаа прокурортой зөвшилцсөн байх тул Эрүүгийн хуулийн уг зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Х, М.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х, М.Б нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “...Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг ял эдлүүлнэ...” гэж тус тус заасан тул шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

 

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

 

Иймээс шүүгдэгч Э.Х, М.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Б-ы эзэмшлийн “Мустанг 200” маркийн мотоциклийг хураан авч, улсын орлого болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж шүүх үзлээ

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан адууны арьсгүй толгой, 4 ширхэг шийр, урагдсан шар шуудай, гялгар уут зэргийг устгуулахаар “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ж овогт Э-гийн Х, Ж овогт М-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т хэсэгт заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Х, М.Б нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Х, М.Б нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Х, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Х, М.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох цагаан өнгийн Мустанг-200 маркийн мотоциклийг хураан авч улсын орлого болгосугай.

 

6. Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хангагдах хүртэл М.Бы өмчлөлийн цагаан өнгийн Мустанг-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Хийн өмчлөлийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан адууны арьсгүй толгой, 4 ширхэг шийр, урагдсан шар шуудай, гялгар уут зэргийг устгуулахаар “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.МӨНХТУЛГА