Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч П.Т,

Шүүгдэгч Ч.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямбаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У овогт П-ын Т, Ж овогт Ч-гийн М нарт холбогдох 1916003280054 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.Т, Ч.М нар санаатай нэгдэн бүлэглэж 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус тус Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий “Реактив” ХХК-аас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан нийт 162 кг азотын хүчлийг/НNO3/ худалдан авсан, улмаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг “Сүхийн хоолой” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Алтан тээрэм” ХХК-ийн хүдэр баяжуулах цехэд 2017 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд уг бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч П.Т-ын шүүх хуралдаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүрэгт байдаг компаниас 2-3 удаа очиж авсан. Тэгэхдээ тоног төхөөрөмж угаах, цэвэрлэх зорилгоор ашигладаг. 3 удаа очиж авсан. Авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хүдэр баяжуулахаас хуучин тоног төхөөрөмж авсан. Маш их зэв идсэн байсан. Тэрийгээ угааж цэвэрлэж журмаар авсан... Тухайн 2 савтайг нь би 2017 онд хүнд авч өгсөн. Намайг сонирхоод авах гээд явж байхад таарсан. Тэгээд намайг аваад өгөөч гэсэн. Мөн аюултай хортой гэж ярьж байна. Энэ нь хүдэр баяжуулах цех, *** аймгийн **** цех бас хэрэглэдэг. Би энэ чиглэлээр  үйл ажиллагаа явуулах гээд судалсан. Тоног төхөөрөмж угааж цэвэрлэх гэсэн. Хор нөлөө хүний үйлдлээс байдаггүй. Ус хүрээд үхэждэг. Хортой нь хортой. Гэхдээ зэв арилгаж, шатааж ууршуулаад цэвэрлэдэг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гараагүй байгаа. Бусад холбогдох бичиг баримт гарсан. Тусгай зөвшөөрөл гараагүй байхад өмнө авснаараа буруудаж байгаа. Хот орох явдалдаа авъя гээд авсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн доод хэмжээгээр арга хэмжээ авч өгөөч гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн ****** сумын **** баг ******, ******* гэх газарт Алтны агууламжтай, Хүдэр баяжуулах цех барьж байгуулж байгаа... Энэ жил алтны агууламжтай чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулаагүй... Газрын зөвшөөрөл авсан, Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан... техник засгийн үнэлгээ гаргасан, Байгаль орчин ерөнхий үнэлгээ гаргасан байгаа. Байгаль орчин нарийвчилсан үнэлгээ гаргаагүй байгаа. Бусад холбогдох бичиг баримт бүрэн байгаа. Байгаль орчин нарийвчилсан үнэлгээ гаргахаар албан ёсоор үйл ажиллагаа явуулна... Улаанбаатар хотоос авсан. Алт ялгаруулах, цэвэршүүлэхэд ашигладаг... 25 литрийг авсан. Одоо 10 орчим литр байгаа. Алт ялгаруулах, цэвэршүүлэхэд туршилтын маягаар хэрэглэсэн. Тухайн азотыг 2017 онд авч байсан. Одоогоор манай байгууллага алтны агууламжтай чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулаагүй. Албан ёсоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа явуулна...2017 оны 08 дугаар сараас эхлэн цехийн барилга барьж эхэлсэн бөгөөд 2018 оны 02 дугаар сард барилгаа барьж дуусгасан. Манай хүдэр баяжуулах цех нь үйл ажиллагаагаа албан ёсоор эхлээгүй бөгөөд туршилтын журмаар хэд хоног ажилласан...***** гэсэн нэртэй аж ахуйн нэгжээс авч байсан. Тухайн аж ахуй нэгж нь 5 шард байсан. Тухайн үед би 25 кг шингэн азотын хүчил авч байсан бөгөөд хэн гэдэг хүнээс авч байснаа санахгүй байна. Би өөрөө хувиараа тээвэрлэж ирж байсан бөгөөд одоо байгаа цагаан савтайгаа ирж байсан. Туршилтаар хэдэн кг шороо тээрэмдсэнээ санахгүй байна. Бага зэргийг л тээрэмдсэн байх. Би чулуу тээрэмдэхэд хэн хэн байсан талаар сайн санахгүй. Тухайн шороо нь цэвэр, бохироосоо хамаарч их бага хэрэглэнэ. Химийн бодисыг хадгалах талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ зориулалтын газарт, халаалтгүй, нарны тусгалгүй газар хадгална гэж техник эдийн засгийн үнэлгээн дээр тусгасан байсан...2017 оны 08, 09 дүгээр сарын үед байх яг сайн санахгүй байна тухайн азотын хүчлийг 25 литрийн хэмжээтэй саванд 10 литр азотын хүчлийн шингэнийг хувь хүнээс худалдаж авсан. Тухайн үед Таван шараас хойш гэр хороололд байрлалтай тухайн азотын хүчлийг зардаг газраас худалдан авах эрхтэй хүн авч байхаар нь гуйгаад 10 литрийг 25 литрийн саванд хийлгээд авч байсан юм. Тухайн үед албан ёсны худалдаж байгаа газраас нь авах гэхээр хувь хүнд өгөхгүй байсан болохоор тухайн газраас худалдаж авч байгаа хүнээс гуйгаад авчихсан юм. Тухайн үед 200000 гаран мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байснаа санахгүй байна...Би урд өмнө мэдүүлэг өгөхдөө 25литрийн саванд азотын хүчил 10 литрийг худалдан авсныг андуураад 25 литр гээд бичсэн байх би худалдан авсан 10 литр азотын хүчлээс туршилтын журмаар 100 гр хүрэхээргүй азотын хүчлийг ашиглаж алт цэвэршүүлж журмаар хэрэглэсэн...Тухайн азотын хүчлийг ялгасан алтны бусад металлыг цэвэршүүлэх зорилгоор хэрэглэдэг юм. Манайхаас бусад баяжуулах үйлдвэрүүд алт цэвэршүүлэх зорилгоор хэрэглэдэг юм байна лээ...Тухайн үед хураан авахад нь би талыг нь саванд хийгээд авчихсан юм тэгээд сүүлд нь жорлонд хийгээд асгачихсан юм. Хүний биед ямар нэгэн хоргүй зүйл байна лээ...Хүний эрүүл мэнд амь насанд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй би өөрөө ганцаараа орж гардаг байсан тухайн баяжуулах цех ажиллаагүй учир гаднаас ямар нэгэн хүн орж гардаггүй юм...Алт цэвэршүүлэх зорилгоор хадгалж байсан юм. Туршилтаар 100 гр хүрэхгүй хэмжээтэй алт цэвэршүүлж хэрэглэсэн өөрөө ямар нэгэн байдлаар хэрэглээгүй хадгалж байсан юм...Би тухайн *****ХХК-нд ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй манай эхнэрийн нэр дээр бүх зүйл байдаг. Би тухайн азотын хүчлийг хувь хүний зүгээсээ авчирч туршиж үзсэн юм...” гэх мэдүүлэг/ХХ69-73/,

 

Шүүгдэгч Ч.М-ын шүүх хуралдаанд өгсөн “... Би П.Т-тай хамт очиж аваагүй. Худалдаж авсныг би мэдээгүй. Манай хамгийн бага хүүхэд 7 дугаар ангид сурдаг ба мөн нэг ачаа цэцэрлэгт нь хүргэж өгөөд би аймгийн төв дээр байдаг байсан. Манай хүн хойно хүмүүсийн адуу тэжээж тэнд ганцаараа байдаг. Тэнд үйл ажиллагаа явуулаагүй тул тэнд очдоггүй байсан. Энэ хэрэгт байцаагчийн тайлбарлаж байгаагаар компани таны нэр дээр байдаг. Манай нөхөр худалдаж авсан нэг гэр бүл учраас та мэдэх үүрэгтэй байсан гэдгээр буруутсан гэж би өөрийгөө ойлгосон. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Өөрийн хариуцлагагүйгээс мэдээгүй байсан нь миний буруу байсан гэж ойлгож байгаа... Хүлээн зөвшөөрч байгаа...Мөн компани миний нэр дээр байдаг. Гэтэл би мэдэх үүрэгтэй байсан. Мэдээгүй нь миний буруу байсан гэж үзэж байгаа...Гэм буруугийн асуудал дээр маргахгүй...Би тэрийг саяхан мэдсэн. Байцаагч танайх 100 гаруй кг авсан байна гэхээр гайхсан. Азот шингэн зүйл байдгийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учир мэдэж байсан. Тэгээд тийм их хэмжээтэй юм хэлхээр нь гайхаж байсан. Эрэгтэй хүмүүс тэр болгоноо тоочоод байдаггүй болохоор хэлэхгүй байсан. Өмнө нь хүнд аваад өгсөн байна лээ. Үүнийг хотод очсоны дараа надад хэлээд бөөн хэрүүл болоод өнгөрсөн...П.Т хэлэхдээ алт ялгах ширээ нь Монгол улсад цөөхөн байдаг. Шинээр авахаар санхүүгийн боломж байхгүй учраас хуучныг хүнээс авсан байгаа. Тэр нь хуучин хэрэглэж байсан зэв идсэн байсан. Тэрийг цэвэрлэсэн гэж хэлсэн. Тийм их хэмжээтэй авсныг ч би мэдээгүй... Би хүлээн зөвшөөрч байгаа...Гэр бүлийн хүн үйлдсэн. Мөн хувийн аж ахуй нэгжид байгаа учраас би мэдэх ёстой байсан... Ер нь гэр бүлийн хүн авсан учраас гэм буруу дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ та бүхэн боломжоор шийдэж өгөөч. Бид хоёр нэг гэр бүл, ажилгүй байгаа. Тийм учраас боломжоор нь шийдэж өгөөч гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би “-*-**" ХХК-ны захирлыг хийдэг бөгөөд П.Т нь манай нөхөр бөгөөд нэг гэр бүлийн гишүүн байгаа... Манай компани албан ёсны гэрчилгээтэй, хүдэр баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Холбогдох баримт бичгийг нь хуулбарлан өгсөн байгаа. 2012 оноос хойш одоог хүртэл бичил уурхайн хууль журмын дагуу нөхөрлөл байгуулан ажиллаж улсад 100,000,000 гаран сая төгрөгийн татвар төлсөн, 70,1 ГА талбайд нөхөн сэргээлт хийж, аймаг сумын комисст хүлээлгэн өгч, акт дүгнэлт гаргуулсан. “****”-г байгуулж, одоогийн байдлаар 400 орчим гишүүнтэй, 29 нөхөрлөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тус холбооны тэргүүнээр миний бие ажиллаж байна... 2017 оны 08 дугаар сараас эхлэн цехийн барилгаа барьж эхэлсэн бөгөөд 2018 оны 02 сард барилгаа барьж дуусгасан. Манай хүдэр баяжуулах цех нь үйл ажиллагаагаа албан ёсоор эхлээгүй бөгөөд туршилтын журмаар хэд хоног ажилласан. Тэгээд 2018 онд өдрийг нь сайн санахгүй байна. Мэргэжлийн хяналтын газраас манай “****” ХХК-д торгууль тавьсан байсан. Тухайн үед манай цех ажиллаагүй байхад торгууль тавьсан байсан. Манай цех нь 2018 оны 02 дугаар сараас одоог хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Манайх холбогдох бичиг баримтуудыг Байгаль орчны яам, Ашигт малтмал, газрын тосны газар руу албан бичгээр хандсан байгаа. Одоо Байгаль орчны яамнаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хүлээж байгаа. Холбогдох бүх баримтыг бүрдүүлж өгсөн байгаа...Манай цех нь байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ зэрэгт тусгагдаж өгсөн байдаг бөгөөд холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өөрсдөөс шалтгаалах бүхий бичиг баримтыг бүрдүүлсэн...“Реактив” гэсэн нэртэй аж ахуйн нэгжээс нөхрийн хамт явж байхдаа хамт авч байсан. Тухайн аж ахуйн нэгж нь 5 шард байсан. Тухайн үед 25 литрийн цагаан савтай, шингэн азотын хүчил авч байсан бөгөөд хэн гэдэг хүнээс авч байснаа санахгүй байна...Тухайн үед өөрийн хувийн унаагаар тээвэрлэж ирж байсан бөгөөд тухайн одоо байгаа цагаан савтайгаа ирж байсан... Туршилтаар хэдэн кг шороо тээрэмдснийг нь мэдэхгүй байна. Тухайн шороо нь цэвэр, бохироосоо хамаарч шингэн их бага хэрэглэнэ. Аймгийн төвд ашиглагдаж байгаа мөнгөн усыг ашиглуулахгүй байх зорилгоор тухайн цехийг барьсан. Мөн байгаль орчны яамнаас хөрсний шинжилгээ хийж, худаг гаргуулсан... Азотын хүчил авчирсан талаар мэдэх хүн байхгүй. Нөхөр бид хоёр л мэдэж байгаа... Химийн бодисыг хадгалах талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ зориулалтын газарт, халаалтгүй, нарны тусгалгүй газар хадгална гэж техник эдийн засгийн үнэлгээн дээр тусгасан байсан. Тухайн материалыг бүрдүүлж ерөнхий үнэлгээ гарсан бөгөөд нарийвчилсан үнэлгээний хариуг хүлээж байна...” гэх мэдүүлэг /ХХ64-66/,

 

Гэрч Ш.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...**** ХХК нь аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөлтэй. Захирал нь хэн болох талаар мэдэхгүй. 2017 оноос тухайн байгууллага нь баригдсан байх. Тухайн компани нь Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэсэн. Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан байсан. Засгийн газрын 2017 оны 156 дугаар тогтоолоор Уул уурхайн яамнаас газрын зөвшөөрөл авах ёстой. Үйлдвэрлэлийн чиглэлээр сумын засаг даргын захирамж гарсан. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөлтэй. Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй...2018 онд илэрсэн зөрчил дээр нь торгуулийн арга хэмжээ тооцож байсан. 2019 онд шалгалтаар явахад тухайн аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулаагүй байсан. Азотын хүчил нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ордог. Шинж чанарын хувьд идэмхий, түлэх  уурших төлөвтэй байдаг. Тухайн бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг 2019 онд 1 шалгахад байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1ХХ60/,

 

 Гэрч Ш.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Азотын хүчил нь их аюултай бодисын тоонд орно. Хортой, аюултай, хүчтэй исэлдүүлэгч концентрацитай хүчил нь түлэмхий, залгих болон амьсгалсан тохиолдолд маш хортой. Амьсгалсан тохиолдолд уур нь амьсгалын эрхтнийг гэмтээж. үхлийн аюулд ч хүргэж болно Залгихад ам улаан хоолой, ходоод гэдсийг шууд хүчтэй түлнэ. Нүдэнд орвол цочроож түлнэ. Сохорч ч болзошгүй. Арьсанд хүрвэл хүчтэй түлж улайлгаж, хөндүүрлэнэ. Байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл судлагдаагүй. Мэдээж их хэмжээгээр хөрс, усанд асгарвал хүчлийн нэвчсэн хэсгийг саармагжуулдаг...Хүхрийн хүчлийг хүдэр баяжуулах үйлдвэрт их хэмжээгээр ашиглахгүй. Тоног төхөөрөмжийг цэвэрлэх, лабораторийн туршилтад бага хэмжээгээр ашиглаж болно...Химийн бодисын хууль эрх зүй нь 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулиар зохицуулагддаг. Химийн бодисын ашиглалтын болон бусад үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-аар зохицуулагддаг. Химийн бодисыг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр зөвхөн туршилтад хэрэглэж болно гэсэн заалт байхгүй. Химийн бодис ашиглах л бол заавал тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Химийн бодис ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар туршилт, судалгааг хийлгүүлж байгаа тохиолдолд зөвшөөрнө...” гэх мэдүүлэг /1ХХ76-77/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Химийн хорт болон аюултай бодис гэдгийг Химийн болон хорт аюултай бодисын тухай хуульд дэлгэрэнгүй ийм бодисыг аюултай гэнээ гэж зааж өгсөн байдаг. Хүн болон байгаль орчинд хорт нөлөө учруулахуйц цаашдаа үхэлд хүргэхүйц бодисыг хорт бодис гэдэг. Аюултай бодис гэдэг нь тэсэрдэг дэлбэрдэг, шатамхай түлдэг физик шинж чанаруудтай исэлддэг бодисуудыг химийн аюултай бодис гэж нэрлэдэг. 2015 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайд Эрүүл мэнд сайд нарын хамтран баталсан А/356/396 дугаартай тушаалд химийн хорт болон аюултай бодисын ангиллыг баталсан байдаг...2017 онд шинэчлэн батлагдсан Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгахтай холбоотой 54/А/136/А/2158 дугаартай журамд Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, устгахтай холбоотой харилцааг нарийн зохицуулж өгсөн байдаг...Химийн хорт болон аюултай бодисыг ашиглахад хууль болон дүрэм журамд ашиглах салбарыг зааж өгсөн заалт бол байхгүй Химийн хорт болон аюултай бодисыг улс орны бүх салбарт ашиглаж болох бөгөөд шаардлагатай бүх салбарт хэрэглэж болно Хамгийн том уул уурхай Эрдэнэт, Оюутолгойгоос авхуулаад АПУ ХХК, СҮҮ ХХК зэрэг хүнсний дэлгүүр, их дээд сургууль, 10 жилийн сургууль, эмийн сан хүртэл химийн бодисыг тодорхой нөхцөл шаардлагыг ханган ашиглаж байдаг...****” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч байгаагүй...Ер нь туршилтад болон үйлдвэрлэлд ашиглахад заавал эхлээд Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай үүний дараа Химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авсны дараа ашиглах, турших үйл ажиллагаагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /1ХХ220/,

 

Гэрч Л.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Реактив ХХК-д 2019 оны 02 дугаар сард тооцооны нягтлан бодогчоор анх ажилд орж байсан. Ажиллаж байгаад 2019 оны 07 дугаар сараас менежерээр ажиллаж байна. Манай компани 1996 оноос хойш химийн бодис экспортлох, импортлох, борлуулах, худалдах, түгээх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани химийн бодис экспортлох, импортлох, борлуулах, худалдах, түгээх ажиллагаа явуулах эрхээ Эрүүл мэндийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авч хугацаа дууссан тохиолдолд тухай бүр сунгуулан үйл ажиллагаа явуулж байна...*** ХХК нь манай компаниар дамжуулан хил дамжуулан химийн бодис оруулж ирж авч байгаагүй. Харин 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр азотын хүчил 54 кг, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр азотын хүчил 54 кг, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр азотын хүчил 54 кг тус тус худалдаж авсан талаарх баримтууд манай компани дээр байна лээ. Нийт 3 удаагийн худалдан авалтаар 162 кг азотын хүчил худалдан авсан...Алтан тээрэм ХХК азотын хүчил худалдан авах үед нэг хүн 3 удаа ирж азотын хүчил худалдан авсан байдаг гарын үсгийг нь харвал “П”гэсэн овогтой хүн харагдаж байна 3 жилийн өмнө би ажиллаж байгаагүй учраас ямар хүн байсан талаар мэдэхгүй байна. **** ХХК-ийн худалдан авсан азотын хүчлийг манай компани албан ёсоор зарж борлуулан татварын баримтдаа хүртэл тусгаж зарлагын баримт үйлдсэн байдаг...**** ХХК нь ямар зорилгоор азотын хүчил худалдаж авсан талаар мэдэхгүй байна. Манай компанид ямар зорилгоор ашиглах гэж байгаа талаараа хэлдэггүй...Химийн хорт болон аюултай бодис худалдан борлуулах зөвшөөрлийг авсан байгаа тогтмол хугацаанд зөвшөөрлөө сунгуулж явдаг...” гэх мэдүүлэг /1ХХ229/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...Говь-Алтай аймгийн төвөөс хойш **** багаас ****км зайд “****, *****” гэх газар байв. Цаасан хайрцаг дотор 26 ширхэг аяга хэлбэр бүхий шавар зүйл байв. КО-6808 гэсэн бичиглэл бүхий хайрцагт тухайн аяга хэлбэрийн зүйл дотроо 5 ширхэг шавар боодолтой байв. Түүний хажууд шар цоохор Монгол авдар байв. Авдрын хажуу хэсэгт 25 литрийн савсны ихэнх тал шингэнтэй 2 сав байв. Хар тагтай цагаан өнгийн савнаас дээж болгон 600 грамм шингэнийг “Рunch” гэсэн бичигтэй саванд хийж хураан авав...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-27/

 

Эд мөрийн баримт хураан авсан “...Тус өрөөний зүүн хойд буланд байх хар тагтай цагаан өнгийн савтай шингэн зүйлийг хураан авав. Стандарт хэмжил зүйн газрын 087662 дугаартай электрон жингээр савтай нь жинлэж үзэхэд 9,200 грамм зааж байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-29-31/,

 

Гаалийн Төв лабораторийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн бодисыг NO3 буюу азотын хүчил болохыг тогтоосон...” сорилтын дүн, албан бичиг/1хх 82-83/,

 

Байгаль Орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2 дугаар сарын 3- ны өдрийн 06/711 дугаар "... “******” ХХК нь химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрлийг тус яамнаас авч байгаагүй..." гэсэн лавлагаа / 1хх-89/,

 

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 6/2647 дугаар "... “*****” ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй...” гэсэн лавлагаа /1 хх-93/, Улсын бүртгэлтийн хуулийн этгээдийн “*****” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр Ч.М төлөөлөх, гадаад дотоод худалдаа, газар тариалан, хүдэр баяжуулах цех, тээрэм үйл ажиллагаа явуулна...” гэсэн лавлагаа / 1 хх-96/,

 

“Реактив” ХХК-аас “******” ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр азотын хүчил 54 кг худалдсан талаарх 874, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр азотын хүчил 54кг худалдсан талаарх 1651, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр азотын хүчил 54кг худалдсан талаарх 866 дугаартай зарлагын баримтууд /1 хх-232-234/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаар “шинжилгээ хийсэн шингэн нь өнгөгүй, хурц үнэртэй, нягт нь 1,35г/мл, хүчтэй хүчиллэг шинж чанартай, 55 хувийн азотын хүчил /НNОз/ агуулж байна. Азотын хүчил нь байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтад” хамаарна. Уг шингэний агууламжид тохирсон тусгай зөвшөөрөл, зориулалт бүхий лабораторид ашиглаж болно...” гэсэн дүгнэлт/1 хх- 241-242/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хавтаст хэрэгт бэхжүүлэн өмгөөлөх болон яллах талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Т, Ч.М нар нь хамтран 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус тус Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Реактив” ХХК-аас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан азотын хүчлийг/НNO3/ нийт 162кг худалдан авсан, улмаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг “*******” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн хүдэр баяжуулах цехэд 2017 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд уг бодисыг ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Монгол улсад химийн хортой болон аюултай бодисын худалдан авах, хадгалах, ашиглах үйл ажиллагааг зөвхөн Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахыг зөвшөөрсөн бөгөөд бусад тохиолдолд гэмт хэрэгт тооцон ял шийтгэхээр Эрүүгийн хуулиндаа тусгажээ.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хортой болон аюултай бодисын хадгалах, ашиглах үйл ажиллагааг явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт оруулах” гэмт хэргийн хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан...хадгалсан...шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг шүүгдэгч нар бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Харин дээрх бодисыг тусгай зөвшөөрөл бүхий “Реактив” ХХК-аас худалдан авсан болох нь зарлагын баримтууд, Реактив” ХХК-ий химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах тусгай зөвшөөрлийн хуулбар/1хх 230-231/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын химийн хортой болон аюултай бодисыг хууль бусаар худалдан авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. Тодруулбал шүүгдэгч нар бодис худалдан авахдаа химийн хортой болон аюултай бодисыг худалдан авахдаа уг үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон бөгөөд эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр бүрдэл хангагддаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл химийн хорт болон аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан эсхүл зориулалтын бус орчинд хадгалснаар энэ гэмт бүрэн төгсөх бөгөөд мал, хүн, байгаль орчинд сөрөг нөлөө учруулсан эсэх, энэ үйл ажиллагаанаасаа шүүгдэгч нар ашиг олсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар химийн хорт аюултай бодисыг ашигласан, хадгалсан өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг мэдсэн хэдий ч санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Мын үйлдэл, оролцоогүйгээр энэ төрлийн үйл ажиллагааг шүүгдэгч П.Т ганцаараа олон жилийн турш үргэлжлүүлэх боломжгүй түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон талаараа шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед тодорхой мэдүүлсэн байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг нь тогтоох зорилгоор Нийслэлийн прокурорын газарт “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт/2хх 92/, хүсэлтийн хүлээн авч хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол/2хх 104/, оногдуулах ял шийтгэлийн талаарх прокурорын санал/2хх 102/,  шүүгдэгч П.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1хх 199/ Ч.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1хх 198/, Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 58 дугаар таслан шийдвэрлэх тогтоолыг хуулбар, Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 19 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 19 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Үүний үндсэн дээр шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдоогүй болно. Хэдийгээр шүүгдэгч П.Т нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан боловч тухайн цаг үед үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзсэний үндсэн дээр торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т, Ч.М нарыг тус бүр 5.600 /таван мянга зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /таван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг торгох ялыг тэдний хөрөнгө, орлого олох боломжийг нь харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хуванцар савтай 9.200 гр азотын хүчлийг зохих журмын дагуу устгахыг ОБЕГ-ын харьяа “Үндэсний аврах бригад”-д даалгаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч У овогтой П-ын Т, Ж овогтой Ч-гийн М нарт холбогдох 1916003280054 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч нарын “химийн хорт, аюултай бодисыг худалдан авсан” үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч шүүгдэгч У овогтой П-ын Т, Ж овогтой Ч-гийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, ашигласан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Т, Ч.М нарыг тус бүр 5.600 /таван мянга зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /таван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т, Ч.М нарт оногдуулсан 5.600 /таван мянга зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /таван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч П.Т, Ч.М нарт сануулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т, Ч.М нараас авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хуванцар савтай 9.200 гр азотын хүчлийг зохих журмын дагуу устгахыг ОБЕГ-ын харьяа “Үндэсний аврах бригад”-д даалгаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь  шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА