| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,
Улсын яллагч Ц.Батзаяа
Шинжээч эмч Т.Алтайбаатар
Хохирогч Э.Д, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Б-н Э-д холбогдох 2116000000030 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Э-ын Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн нутаг **** гэх газар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Э.Д-ыг “Б-гийн гэрийг ямар олон заалгадаг юм” гэх үл ялих зүйлээр шалтаглан нэг удаа мөргөж Э.Д-ын биед 21, 22 дугаар /зүүн дээд 1, 2/ шүдний булгарал, 11, 41 дүгээр /баруун дээд 1, баруун доод 1/ шүдний ёзоор хэсгийн хугарал, 42 дугаар /зүүн доод 1/ шүдний 2-р зэргийн ганхалт буюу хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э-ын шүүх хуралдаанд өгсөн “...Хохирогч Э.Д-ыг мөргөсөн. Миний буруу... Хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... Бид хоёр уулзсан. Хэн хэнийх нь буруу байсан байна гээд нэг нэгнээсээ уучлалт гуйсан. Ахдаа 700.000 төгрөг өгчих. Тэгээд гомдолгүй гэсэн өргөдөл хийгээд өгье. Миний буруу бас байсан гээд уучлалт гуйсан. Хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Э.Д-ын шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн өдөр би Д гэдэг айлд байж байсан. Тэгээд Д-гийн эхнэрээс айл асуусан. Эхний удаа ойлгомжгүй заасан болохоор би ойлгоогүй. Д гараад заагаад өгье гээд бид хоёр гарч ирэхэд хамт Б.Э гарч ирээд чи ямар олон юм асуудаг юм гээд намайг мөргөөд одоо яв зайл гэсэн. Б.Э гараад 700.000 төгрөг өгнө гээд тохирсон байгаа... Ирж очих зардал, хиймэл шүд хийлгэсэн мөнгө нийлээд 250.000 гаруй төгрөг болсон байгаа. Б.Э гараад 700.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байгаа... Бодит хохирол нь 250.000 гаруй төгрөг байгаа... Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Сүүлд нь бид хоёр болох байх...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээч эмч Т.Алтайбаатар шүүх хуралдаанд өгсөн “...Шүд булгарна гэдэг нь буйлнаасаа салаад унаж байгааг хэлж байгаа юм. Үүнийг шууд шүд унасан гэж үзнэ. Ёзоор хэсгийн хугарал нь заавар дээр ёзоор хэсгийн хугарлыг шүд унасанд тооцно гэж заасан байдаг болохоор шүүхийн шинжилгээний гэмтлийн зэрэг тогтоох журмын, ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 52.3 дахь хэсэгт зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг үлэмж хэмжээгээр буюу 15 хувиар алдсан байх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан...Шүд дээгүүрээ эсхүл дундуураа хугарсан бол түүнийг шүд унасанд тооцдоггүй юм. Хохирогчийн шүд ёзоор хэсгээрээ хугарсан байсан болохоор унасан гэдгээр нь авч үзсэн юм...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би *** сумын **** гэдэг багт явж байгаад **** гэдэг газар байдаг Д гэдэг айлд очсон. Тэр айлд Д эхнэр хоёулаа байсан Д надад цагаан сарын архи гэж 0.5 литрийн “Ерөөл” нэртэй задалсан байсан архинаас 2-3 хундага өгсөн. Тэгээд Д-ийн гэрээс гараад хажуу талын **** аймгаас ирсэн отрын айлд ороод сууж байхад айлын эзэн 0.5 литрийн “Ерөөл” нэртэй шил архи задалсан. Тэр архинаас айлын эзэн бид хоёр ууж байхад Д гэдэг хүний гэрт манай таньдаг Б, О, Э гэдэг 3 хүн ирэхээр нь би отрын айлаас гараад Д-гийнд орж Б, О хоёртой золгочхоод Б гэдэг айлыг асуусан. Тэгээд Д гэдэг хүний эхнэр нь надад ойлгомжгүй зааж өгсөн. Тэгээд Д-гийн гэрт ирсэн Э гэдэг хүн надад гараад зааж өгье гэж намайг дагуулаад гарсан. Гарсны дараа Э надад чи яасан олон юм асуудаг юм бэ одоо яв зайл гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад Э миний куртикний энгэрээс татаад ам руу мөргөсөн юм. Мөргөхөд би хойшоо дагзаараа газар унасан. Босож ирээд шүлсээ хаясан чинь амнаас цус гараад 2 шүд гараад ирсэн юм. Тэгээд өмсөж явсан гутлаа тайлаад хөлийнхөө ороолтоор амаа дарж цусаа тогтоосон юм. Тэгээд би мотоциклийн хажууд алхаж ирээд сууж байсан чинь Б мотоциклтой ирж би мотоциклоо үлдээгээд Б-ийн ард суугаад бид хоёр Б-ийн гэрт очсон. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өглөө Б-р өөрийнхөө мотоциклд хүргүүлээд өөрийн мотоциклийг унаад сум орж цагдаад мэдэгдсэн...Б гэдэг айлын зам асууснаас болж бид хоёр маргалдсан...” гэх мэдүүлэг /ХХ23-25/,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цагаас 18 цагийн үед гэртээ малаа тэжээгээд байж байсан чинь манай гэрт Д ирээд манай гэрт байгаа хүнийг очоод аваадах гэж хэлсэн. Тэгэхлээр нь би за одоо яваад очъё гэж хэлсэн. Тэгсэн чинь Д манай гэрээс гараад явсан. Би удалгүй Д-гийн араас гэрт нь очих санаатай явж байсан чинь Д-гийн гэрээс доош ам уруудаад аман дотор Д байж байсан юм. Намайг очсон чинь Д-ын амнаас цус гараад амандаа даавуу хийчихсэн байж байсан. Тэгээд би очоод Д-с таны мотоцикль хаана байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь Дхотны захад миний мотоцикл байгаа гэж хэлсэн. Тэгээд би Д-ыг гэр лүгээ шууд аваад явсан юм. Тэгээд би Д-ыг гэртээ аваачаад шууд унтуулсан юм. Тэгээд өглөө 05 цагийн орчимд Д намайг дуудаад мотоциклоороо ахыгаа Д-гийн гадаа хүргээд өгөөч гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь би Д-гийн гадаа мотоцикл дээр нь хүргэж өгсөн юм. Тэгээд бид 2 мотоциклтойгоо цуг доошоо хөдлөөд 2 тийшээ явсан юм...Д дунд зэргийн согтолттой байсан...намайг очиход Д-ын амнаас нь цус гоожсон байдалтай байсан юм...Д-ийн эхнэр Б над руу утсаар яриад энэ Д-ыг ирээд аваадах гэж утсаар ярьсан юм...Б надруу ярихдаа хурдан ирээд Д-рыг аваадах гэж хэлээд, Э муудалцаад байна гэж ярьсан...Днадад хэлэхдээ Э миний шүдийг цохичихлоо гээд газарт сууж байсан юм... 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр дахин өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр орой 18 цагийн үед малаа тэжээгээд гэртээ байж байсан. Д манайд ирээд манай гэрт байгаа хүнийг очоод аваадах гээд би Д-г явуулчхаад араас нь Д-гийнд очтол гэрийнхэн доошоо ам уруудаад жалга дотор Д амаа дарчихсан гар нь цус болчихсон байсан. Тэгээд би юу болсон юм бэ гээд асуутал намайг Э цохчихлоо гэж хэлсэн. Унаж явсан мотоцикль нь Д-гийн гадаа байж байсан. Д өөрөө хөлийнхөө ороолтоор амаа дарчихсан ингээд 2 шүд уначихлаа гээд надад харуулж байсан. Тэгээд би Д-ыг аваад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ35-37, 125-126/,
Гэрч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай хүү Д нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөө 2 адуугаа хайх гээд явсан юм. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Д нь хүнд зодуулчихсан гэртээ ирсэн юм...Э, Д 2 хоорондоо маргалдсаны улмаас Э нь Д-ыг мөргөж зодсон байсан юм...Д-ын дээд үүдэн шүдний 2 нь мултарч, 1 шүд нь хугарсан байсан юм. Доод шүдний 1 нь эмтэрч, 1 шүд нь хагас мултарсан байдалтай байгаа...” гэх мэдүүлэг/ХХ41-42/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Д нь манай гэрт орж ирэхдээ хамар дээрээ дунд зэргийн шалбархайтай, нүүр хэсэг нь бага зэргийн хавдартай байсан...намайг гэрээсээ гараад мотоцикпьтойгоо усанд явж байхад Д мотоциклынхоо хажууд унтаж байсан. Тэгээд би Д-ыг дуудаад чиний архи өгөөч гэж хэлж байсан, амнаас цус гарчихсан, хөлийнхөө ороолтоор амаа дарчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /ХХ86-88/,
Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Э Д-ын баруун гарнаас нь барьж байгаад нүүрэн тус газарлуу нь толгойгоороо мөргөсөн юмаа. Би Э-ыг Д-ыг мөргөж байхыг хараад зогсож байсан юм...Э Д-ыг нэг удаа мөргөсөн... 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин авсан “...тэгээд Д намайг зам заагаад өг гэсэн. Би Дт зам зааж өгөхөөр Д-ын хамт гэрээсээ гарсан араас Э гарч ирсэн. Манай гэрийн хажууд байсан мотоциклоо Д унаад явах гэтэл явж чадалгүй өтөг бууцанд дээр унагаасан. Э бид 2 очоод мотоциклын түрээд бууцнаас гаргасан Д бид хоёр араас нь дагаад явж байсан. Өтөг бууцнаас гаргаж өгөөд Э Д-ыг мотоцикл дээр нь суухаас нь өмнө мөрнөөс нь барьж байгаад мөргөсөн. Тэгээд Д мотоцикль дээрээ суугаад мотоциклоо унаад цаашаа явсан. Цаашаа явж байгаад жалганы наад талын зам хэсэг дээр Д мотоциклоосоо унасан. Э бид хоёр араас нь очиж Д-ыг босгож өгсөн. Д-ын ам, хамраас нь цус гарч байсан. Би гэрлүүгээ яваад данхтай ус авч ирж Д-ын нүүр гарыг угааж өгсөн. Тэгээд буцаад Э-ын хамт гэрлүүгээ явсан Д тэндээ үлдсэн...өтөг бууцнаас мотоциклыг нь Э түрж гаргаж өгөөд араас нь Д бид хоёрыг очих үед Э Д-ын ам хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Мөргөх үед Д-ын амнаас нь цус гарч байх шиг байсан. Би сайн анзаарч хараагүй...Д Э-д мөргүүлээд цааш явж байгаад жалганы наад талын зам дээр унасан. Унахдаа баруун талруугаа хажуу хэсгээрээ унасан. Унаад хэвтэж байхад нь Э бид хоёр очиж мотоциклийг нь босгосон...” гэх мэдүүлэг /ХХ103-106, 123-124/,
Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би хамт байлцсан...Д нь бичиг үсэг мэдэхгүй хөгжлийн бэрхшээлтэй учраас би хамт байлцаж мэдүүлэг өгүүлсэн...мэдүүлэг эхлэх цагаас дуусах цаг хүртэл хамт байлцсан...Э, Д хоёрын маргалдаан, зодооны талаар асууж байсан. Д хариулахдаа Д согтуу ирсэн, тэгээд Э Д-ыг мөргөсөн, Д мотоциклтой явж байгаад жалганы хажуу талд унасан гэж хариулсан...мэдүүлэг авахдаа тулгаж, хөтөлж, чанга дуугаар орилж мэдүүлэг аваагүй. Асуулт асууж байсан, Д хариулж байсан...мэдүүлэг дуусах үед би мэдүүлгийг нь бүрэн уншиж өгч Д танилцуулсан, Д миний хэлснийг үнэн зөв бичсэн байна гэж хэлж байсан...Д айж тэвдсэн байдал анзаарагдаагүй, хэвийн байсан...” гэх мэдүүлэг /ХХ121-122/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн үеийн цохилтын хүчээсээ хамаарч уг гэмтэл нь тухайн үедээ шууд үүснэ...шүдний ёзоор хэсгийн хугарал нь эмнэлзүйн хувьд шүд унасанд тооцогдоно...Э.Д-ын биед учирсан уг гэмтэл нь нэг удаагийн мөргөлтийн улмаас үүсэх боломжтой...мотоциклтойгоо явж байгаад мотоцикльноосоо унах үед нүүрэнд зулгаралт үүсдэг, Э.Д-ын хувьд нүүрэнд зулгаралт үүсээгүй, Э.Д-т үүссэн гэмтэл нь цохилтын улмаас үүссэн байх боломжтой. Чулуу ихтэй газар унасан тохиолдолд ч гэсэн нүүрэнд зулгаралт үүсэх ёстой...” гэх мэдүүлэг /ХХ118/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаартай дүгнэлтээр “...1. Иргэн Э.Д-ын биед 21, 22 /зүүн дээд 1, 2/ шүдний булгарал, 11, 41-р /баруун дээд 1, баруун доод 1/ шүдний ёзоор хэсгийн хугарал, 42 дугаар /зүүн доод 1/ шүдний 2-р зэргийн ганхалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг буюу нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. 21, 22 /зүүн дээд 1, 2/ шүдний булгарал, 11, 41-р /баруун дээд 1, баруун доод 1/ шүдний ёзоор хэсгийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% алдагдсан /2.3.2/ тул гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Э.Дын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь хуучин, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсээгүй байх боломжтой байна ...” гэсэн дүгнэлт /ХХ135-136/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б. Э нь Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн нутаг ***гэх газар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Э.Д-ыг “”Б-ийн гэрийг ямар олон заалгадаг юм” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь мөргөж зодон хохирогчийн биед 21, 22 дугаар /зүүн дээд 1, 2/ шүдний булгарал, 11, 41 дүгээр /баруун дээд 1, баруун доод 1/ шүдний ёзоор хэсгийн хугарал, 42 дугаар /зүүн доод 1/ шүдний 2-р зэргийн ганхалт буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Э-ыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогчийн нүүрэн тус газар шүүгдэгч мөргөсний улмаас хохирогчийн биед дээрх гэмтлүүд учирсан бөгөөд энэ нь шүүгдэгч хор уршгийг хүсэж үйлдсэн болохыг тодорхойлж байх тул шүүгдэгчийг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор “...урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ183/, “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, харилцан тохиролцсон...” талаар мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.Э-ыг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн байгалийн чулуу 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон цоохор өнгийн 2 ширхэг даавууг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Э сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн байгалийн чулуу 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон цоохор өнгийн 2 ширхэг даавууг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж, цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх хохирогч Э.Д-н эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА