| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0060/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/58 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Ц.Батзаяа,
Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О овогт Ц-ийн С-д холбогдох 2116000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.С-ын 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн **** тоотод байрлах монгол гэрт, найз бүсгүй Г.М “хувцсаа гэртээ угаана гэж зөрүүдэллээ” гэсэн зүйлээр шалтаглан толгойн хэсэгт ундааны саваар, зүүн мөр хэсэгт модон сандлаар цохьсон, улмаар *** тоотод байрлах өөрийн гэртээ уг үйлдлээ үргэлжлүүлэн хохирогчийн зүүн мөрөнд гараараа цохиж, зүүн, баруун гуянд өшиглөж зүүн бугалга, зүүн мөр, зүүн гуя, баруун гуянд цус хуралт буюу биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.С-ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 04 сарын 17-ны өдөр найз охин болох М-ыг зүүн мөр хэсэгт нь модон сандлаар цохиж зүүн гуя хэсэгт 2 удаа өшиглөсөн. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй Байхгүй. Сүүлийнх дээр эмнэлэгт үзүүлсэн... Бие биеийнхээрээ орж гараад явж байгаа...Миний буруу дахин ийм зүйл үйлдэхгүй...” гэх мэдүүлэг/ХХ35, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С нь миний найз залуу байгаа юм. Бид хоёр 2020 оны 08 дугаар сарын сүүлээр танилцаад 09 дүгээр сарын 21-ний өдөр С нь Улаанбаатар хотод манайд 3 сар хамт байсан. Бид хоёр үерхээд 8 сар болж байна. Бид хоёр албан ёсоор гэрлээгүй байгаа...2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед сумын төвд байдаг манай гэрт байж байгаад хувцсаа угааж гэрээ цэвэрлэх гэтэл С нь “хойно манайд очиж хувцсаа угаа” гээд байсан. Тэгэхээр нь би “эндээ хувцсаа угаана” гэтэл “намайг зөрүүдэллээ” гээд ундааны саваар толгой руу, гэрт байсан модон сандлаар зүүн талын мөрний хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэгээд намайг “явахгүй” гэсэн чинь мотоциклынхоо урдуур суулгаад гэртээ авч очсон. Гэртээ оруулж хаалгаа түгжиж байгаад зүүн мөр хэсэгт гараараа цохиод, зүүн талын гуя хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Маргааш өглөө нь дүү болох Б-д “С намайг зодчихлоо” гээд хэлтэл манай дүү аавд хэлсэн байсан....Над руу хуванцар хоосон ундааны сав шидэхэд миний толгойг оносон, зүүн мөр хэсэг рүү улаан шар өнгийн будагтай эвдэрч гэмтсэн зүйл байхгүй модон жижиг сандлаар нэг удаа цохисон. Тэгээд гараараа зүүн бугалга руу нэг удаа цохисон, баруун, зүүн гуя хэсэг рүү нэг нэг удаа өшиглөсөн. Надад эмчилгээний зардал гараагүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/ХХ54-59/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г.М нь миний төрсөн эгч байгаа юм. Ц-ийн С гэх залуутай 2020 оны 08 дугаар сараас хойш үерхэж байгаа. Би сумын төвд өөрийнхөө гэрт эгчтэйгээ хамт байдаг, 2021 оны 03 дугаар сараас хойш С нь манай гэрт эгчтэй байх болсон. Гэрт байх хугацаанд хоорондоо бага, сага зүйлээс болоод маргалдаад байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 17-нд зодуулсныхаа дараа надад “зодуулчихлаа” гэж гэртээ байхдаа хэлсэн. Маргааш нь аавыг ирэхэд нь би Минжинсорыг зодуулсан тухай хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ73/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гэрч Г.Б-ийн “...**** сумын ******* багт нөхөр, хоёр хүүхэд болох М, Б нарын хамт амьдардаг. 2020 оны 09 дүгээр сараас үерхэж эхэлсэн байх, 2 гэрээр орж гараад л явж байдаг. Нүдэнд ил харагдах юм байдаггүй байсан, өөрөө хэлдэггүй байсан. 2021 оны 04 дүгээр сарын 18-нд би хөдөө байж байсан. Тэгсэн М “байна уу ээж” гээд мессеж бичсэн байсан. Би утас руу нь эргээд залгасан. “Юу болов яав” гээд залгасан чинь “С намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь “яасан, юунаас болж зодов” гээд асуусан чинь надад онц юм хэлээгүй, ойр зуурын юм ярьж байгаад утсаа тасалчихсан. Би эргээд шалтаг шалтгааныг нь асуух гэтэл “би зүгээр хичээлээ заах гээд сургууль руу явах гэж байна” гэхээр нь сүйдтэй зүйл болоогүй юм байна гэж бодсон. М-ын аав нь сумын төв рүү ажил хөөцөлдөөд орсон. Б “М-ыг найз залуудаа зодуулсан тухай” хэлсэн байсан. Охиноосоо асуухаар “хардалтаас болж зодсон” гэсэн. Урьд зодсон цохисонг мэдэхгүй...Зүгээр л үерхэж байгаа, хамтран амьдрагч биш...” гэх мэдүүлэг/ХХ76-77/,
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....2020 оны 09 дүгээр сараас танилцсан байх тэрнээс өмнө юм мэдэгдэхгүй байсан. Албан ёсны гэр бүл биш, бие биеийнхээрээ орж гараад байж байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 18-нд сум дээр ажил хөөцөлдөхөөр ганцаараа мотоциклтой ирсэн. Ирсэн даруйд манай охин М над руу залгаад “уулзмаар байна” гэсэн. Бид хоёр **** сумын сургууль дээр уулзсан. Уулзсан чинь надад уйлаад “С намайг зодоод болохгүй байна” гэж хэлсэн. Орой нь сургуулиас гэртээ ирэхэд нь бид хоёр ярилцахад “хувцас хунараа гэртээ угаана гэсэн чинь С манайд очиж угаасангүй гээд зодсон” гэсэн. М-ыг харахад толгойн зүүн хойд хэсэг, зүүн бугалга, зүүн гуя, баруун гуяны хэсэгт нь хөхөрсөн байсан. Урьд бас зоддог байсан гээд хэлж байсан цаг хугацааг нь сайн санахгүй байна. 03 дугар сард манай эхнэр “эмнэлгээр явж байна, М хашаан дээгүүр давсан чинь зулбачихлаа” гэж надад хэлж байсан. ...Манай бага охин Б надад “М-г С зодчихсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ80-83/
Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М бид хоёр ах, дүү нарын хүүхдүүд байгаа юм. С-ыг М-ын найз залуу гэдгээр нь мэднэ. 04 дүгээр сард М-ыг С-д зодуулсан гэж дүү нь болох Б хэлж байсан. Өөр юм мэдэхгүй байна. Зодож байхыг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг /ХХ105/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 156 тоот “...1. Г.М-ын биед хохирол учирсан байна.
2.Г.М-ын биед зүүн бугалга, зүүн мөр, зүүн гуя, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Г.М-ын биед учирсан цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /ХХ115-116/, хохирогч Г.М-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт/ХХ21-23/, эд мөрийн баримтаар шар өнгийн модон сандал хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ47-48/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С-ын 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод найз бүсгүй Г.М“хувцсаа гэртээ угаана гэж зөрүүдэллээ” гэсэн зүйлээр шалтаглан толгойн хэсэгт ундааны саваар, зүүн мөр хэсэгт модон сандлаар цохиж улмаар Угалз 4-3 тоот өөрийн гэртээ уг үйлдлээ үргэлжлүүлэн Г.М-ын зүүн мөрөнд гараараа цохиж, зүүн, баруун гуянд өшиглөж түүний биед зүүн бугалга, зүүн мөр, зүүн гуя, баруун гуянд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч нь эр, эмийн хувийн харилцаатай хүн болох найз бүсгүйн биед үл ялих зүйлээр шалтаглан халдаж зодсон болох нь хохирогч гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинж чанартай гэж шүүх үзсэн болно.
Иймээс шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох найз бүсгүй Г.М-ын биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ц.С-ыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгчийн хувийн байдал, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ143/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллого /ХХ157-158/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд, торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20х20 хэмжээтэй шар өнгийн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ц-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сад оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Ц.С-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20х20 хэмжээтэй шар өнгийн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА