Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2018/ДШМ/52

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр                         

    2018/ДШМ/52                                                          Зуунмод

Б.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Э-д холбогдох 1834000200052 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын  гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Э , Төв аймгийн Заамар суманд 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшны операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, 3 дүүгийн хамт Төв аймаг ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:Н...7,

 

Б.Э нь 2017 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Алтандорнодын 3-1-11 тоотод оршин суух Э.Цэндмаагийн амьдардаг байшингийн цонхыг хүч хэрэглэн хагалж, зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, улмаар Э.Цэндмаагийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж зодож, эрүүл мэндэд нь “зүүн завьжны салстын шарх, хүзүү, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор: 

 

Шүүгдэгч Б.Э-г хийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хүч хэрэглэн нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

Шүүгдэгч Б.Э-г хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-г хөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгж буюу 900.000 төгрөг ба 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-г хөд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн буюу найман зуун нэгж буюу 800.000 төгрөг ба 53 хоног буюу 1 сар 23 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 23 хоногийн хорих ялаар тогтоож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-г хөд оногдуулсан 3 жил 3 сар 23 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-г хөөс нийт 48.000 төгрөг гаргуулан хохирогч НН88071787 дугаарын регистртэй, Тахилант овгийн Энхбаярын Цэндмаад олгож тус тус шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Б.Э нь давж заалдах гомдолдоо: “2018.04.19-ны өдрийн 112 дугаартай Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 3 cap 23 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн Б.Э  би, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Миний хувьд хохирогч гэх Цэндмаатай 2016 оноос одоог хүртэл хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдарч байсан нь үнэн. Гэвч Цэндмаагийн эх Оюун-Эрдэнэ нь "Арван насаар дүү залуутай суух гэж байна. Нөхрөөсөө салангуутаа нутгийн дүүтэй хамтран амьдарч байна" хэмээн дургүйцлээ илэрхийлдэг байсан юм. Бид 2 нууцаар уулзаж, гэрт нь хонож өнжиж явдаг бөгөөд үүнийг 3 хүүхэд нь сайтар мэддэг. Хэргийн болсон үйл явдлыг үнэнээр нь өгүүлэхэд, би тухайн өдөр салсан нөхөртэй нь хардаж "Орхон түшээ" караоке бааранд Цэндмаатай маргалдсан. Орой нь тэдний гэрлүү очиход хаалга нь онгорхой байсан. Тэгээд би түүнд чи намайг ийм байдалд хүргэсэн гэж хэлсэн. Бид 2 маргалдах явцад Цэндмаа намайг түлхэж, цонх хагарсан. Чин үнэнийг өгүүлэхэд Цэндмаа нь намайг эр хүн болгож, анх бүх зүйлийг зааж, хамт амьдрахаар шийдсэн атлаа одоо бүх зүйлийг нууж, нуугдаж амьдрахад хүргэж байгаад маш гомдолтой байна. Би түүний орон байранд зөвшөөрөлгүй нэвтрээгүй. Хэдийд ч би Цэндмаагийн гэрт хонож явдаг. Хаалга нь хэзээ ч цоожтой байдаггүй. Гэтэл намайг энэ зүйл ангиар яллаад байгааг ойлгохгүй байна.

 Миний хувьд урьд нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 445 дугаартай шийтгэх тогтоолоор 800.000 төгрөгийн торгох ял авсан. Тухайн үед тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь торгуулийн төлбөрийг нэг мөр, бөөнд нь өгөөрэй гэж хэлсэн. Үүнээс хойш би янз бүрийн ажил хийж мөнгө төгрөг цуглуулж, ээж дээрээ 800.000 төгрөг бэлэн болгох үед энэ асуудалд холбогдсон.

Гэтэл намайг бусдыг зодсон хэрэгт дээрх асуудлыг хамтад нь ял оногдуулсанд их гомдолтой байна. Миний хувьд өнчирч хоцорсон 3 дүү болон толгойдоо хүнд гэмтэл авч асаргаанд байгаа ээжийгээ маш их өрөвдөн хайрлаж байна.

Эцэст нь өгүүлэхэд Цэндмаагаа зодсон нь миний буруу. Дахин хэзээ ч, хэнд ч гар хүрэхгүй гэдгээ үүгээр амлаж байна. Би хэн нэгнийг хайрласныхаа төлөө цагдаагийн байгууллагаас бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй байх эрхэд хүч хэрэглэн халдсан гэж буруутган шоронд орсонд гомдон уйлж байна. Хохирогч Цэндмаа гомдол мэдээлэл гаргаагүй, харин ээж нь болсон үнэнийг гуйвуулан өргөдөл бичсэнд гомдож явдаг юм.

 

Хэрэгт шийтгэгдсэн торгуулийн мөнгө ээжид минь бэлэн байгаа, мөн Цэндмаагийн байшингийн цонхыг хагалаагүй, хууль бусаар нэвтэрч ороогүй, түүний хүзүүг боогоогүй тул давж заалдах шатны шүүх болсон үйл баримтыг харгалзан үзэж, намайг огт хүндрүүлэхгүйгээр, үнэн зөвөөр нь шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нь давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б.Э-н  өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Үндэслэл нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлийн 1.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж байна.

 

Эрүүгийн 1834000200052 дугаартай хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын "Тогтоох хэсэгт .. гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй" байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялагдагчаар татсугай гэжээ. Хэрэгт хяналт тавьсан хяналтын прокурор нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байхад Анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүйгээр орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Э-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хүч хэрэглэн нэвтэрсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дутаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Орон байр гэж "хүн байнга түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, гэр, урц, зочид буудал, майхан " зэргийг ойлгох хэдий ч Б.Э-г тухайн цаг хугацаанд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч улмаар дураараа авирласан гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт Б.Б.Э-н  мэдүүлэгт ".. Багаасаа нэг хөрш айлууд явсан, 17 настайгаасаа дотно харьцаатай болсон, одоо 2 дахь жилдээ дотно харилцаатай байна. тухайн үед хаалга онгорхой Цэндмаа унтаагүй байсан, би хаалгаар нь орсон, муудалцаж байхдаа намайг түлхэж, би гараараа цонхыг нь хагалсан. Тэрнээс биш цонх хагалж ороогүй, салсан нөхөртэйгөө утсаар яриад байхаар нь хардаад хэрэлдсэн юм." гэх мэдүүлэг, хохирогч Цэндмаагийн "Б.Э-н  ээж Баянзулынхтай манайх 10 жилийн турш хөрш зэргэлдээ байсан. Манайд орж ирэхдээ чамаас болж би ийм болсон" гэх мэдүүлэг бусад баримтуудаар орон байранд зөвшөөрөлгүйгээр орж, дураараа авирласан гэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүх 21 насанд хүрээгүй Б.Э-д Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулаагүй байна. Шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх анхаарч үзэхгүйгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтэдээ: Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн. Цонх хагалж, цонхоор орж ирж биед нь халдсан талаар хохирогч Цэндмаа мэдүүлдэг. Шүүгдэгчийн яриад байгаа Цэндмаатай хайр сэтгэлийн холбоотой, 2 жил хамтран амьдарч байгаа гэдэг талаар хохирогч мэдүүлдэггүй. Яллагдагчаар татах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхой тусгасан. Харин тогтоох хэсэгт 13.6 дугаар зүйлийн 1 гэж бичиж бичиг техникийн алдаа гаргасан байна. Яллах дүгнэлтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татсан. Харин яллагдагчаар татаагүй хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх анхаарч үзэлгүй ял оногдуулсан. Хохирогч нь шүүгдэгчтэй хамтран амьдардаг байсан. Цагдаагийн байгууллагад хохирогч өөрөө би ээж Оюун-Эрдэнэ нь анх өргөдөл, гомдол гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-г ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах эсвэл анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэхгүйгээр хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Б.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Б.Э-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар Төв аймгийн Цагдаагийн газрын ЗСДСДЦХ-ийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Пүрэвнням 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 1834000200052 дугаар саналыг Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэгт ирүүлжээ /хавтаст хэргийн 51-р хуудас/.

 

            Уг саналыг прокурор хүлээн авч 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1834000200052 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг гаргасан байна. Тогтоолын тогтоох хэсгийн 1-р заалтад  Эрүүгийн 183400020 дугаартай хэрэгт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ /хавтаст хэргийн 50-р хуудас/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт прокурор мөрдөгчийн саналыг хүлээн авч, үндэслэл бүхий шийдвэр гаргахаар заасан байна. Гэтэл прокурорын гаргасан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолын удирдлага болгосон хуулийн заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 22 дахь заалт буюу хуульд байхгүй хуулийн заалтыг удирдлага болгосон нь буруу байна.

 

            Яллах дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт прокуророос Б.Э-г эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.   

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх анхаарч үзэхгүйгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. “ гэсэн давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан тул шүүхээс хэргийг үйл баримтын тогтоосон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн хувьд хуульд заасан зарчим, үндэслэл, журамд хэрхэн нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийгээгүй болно.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

                   

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

                                       ШҮҮГЧИД                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ