Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 036

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаанаар 5 асуудал хэлэлцэхээр тогтсон байдаг. Гэтэл уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтаагүй аймгийн Засаг даргыг огцруулах саналыг төлөөлөгч М.Ганзориг гаргасан санал хэлэлцсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн байхад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь уг саналыг хуралдаанаар хэлэлцсэн нь 24.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга ... хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасны дагуу хуульд заасан дээрх асуудалтай холбоотой яригдсан зүйл тус хуралдаад болоогүй. Өөрөөр хэлбэл 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 онд аймгийн эдийн засаг нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хуралдаанаар үнэлж дүгнээгүй болно. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заажээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаанд 39 төлөөлөгч оролцсон ба Засаг даргыг огцруулах эсэх асуудалд санал хураалт явуулахад 2 саналын хуудас хүчингүй гарч ирсэн. Гэтэл Засаг даргыг огцруулах тогтоол гаргахдаа хүчинтэй саналын хуудаснаас тооцож, 19 төлөөлөгч огцруулах саналыг дэмжсэн, 18 төлөөлөгч дэмжээгүй гэж үзэж Засаг даргыг огцруулах тогтоол гаргасан нь хууль бус болжээ. Өөрөөр хэлбэл хуралд оролцсон нийт 39 төлөөлөгчөөс аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжсэн 19 төлөөлөгчийн санал нь 48.71 хувь болох тул олонхын /50+1/ санал авсанд тооцогдохгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэснийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч намайг Засаг даргаас огцруулах асуудлыг 2017 оны 6 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд болсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэж, 41 төлөөлөгчөөс 23 буюу 56.1 хувийн саналаар надад итгэл үзүүлж 3/05 дугаар тогтоол гарсан ба уг тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байна. Ийм байхад намайг Засаг даргаас огцруулах саналыг 1 жилийн дотор 2 удаа хэлэлцүүлсэн нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 д заасныг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх эрхтэй” гэж заасан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь хуралд асуудал хэлэлцүүлэх, санаачлах онцгой бүрэн эрхтэй ба уг эрхийнхээ хүрээнд тухайн Иргэдийн хурлын 5 дугаар хуралдаан дээр төлөөлөгч М.Ганзориг аймгийн Засаг даргыг огцруулах саналыг оруулж, төлөөлөгчдийн олонх нь дэмжиж 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 8.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1.г-д  “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан ба дээрх хуульд заасан эрхийн дагуу төлөөлөгч М.Ганзориг нь санал гаргасан бөгөөд хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Тухайн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр 5 асуудал бэлтгэсэн ба 2 дахь хэлэлцэх асуудалд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, цаашдын зорилтын тухай илтгэл хөтөлбөрийг заалт бүрээр нь тооцсон тухай материал, аймгийн 2017 оны төсвийн тухай гүйцэтгэл, 2018 оны төсвийн тухай илтгэл зэргийг бүх төлөөлөгч нарт хүргүүлсэн байсан. Уг асуудалтай холбогдуулан аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг төлөөлөгч н.Ганзориг нь оруулж ирсэн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасан. Уг хуулийн дагуу аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гарч Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.

Аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хэлэлцэх асуудалд оруулахын тулд төлөөлөгчийн олонхын саналыг үндэслэж хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцэж, 19 төлөөлөгч буюу 51,4 хувийн санал авсан гэх тооллогын комиссын дүгнэлтийг баталгаажуулсан дүнг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоол гаргаж баталгаажуулсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж, 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж, 32.8-д “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй” гэж тус тус заасан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2017 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд хуралдах үед аймгийн Ардчилсан намын бүлгээс Засаг даргыг огцруулах асуудлыг төлөөлөгчдийн олонхоор хэлэлцүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4,  32.6 дахь заалтуудад хамаарахгүй байгаа тул хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон хуралдааны байнгын дэгийн дагуу төлөөлөгчдийн бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэгдэн Засаг даргыг огцруулах тухай тогтоол нь төлөөлөгчдийн олонхын саналаар батлагдсан нь хуульд бүрэн нийцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаас Засаг даргыг өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байгаа нь түүний Монгол Улсын үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Дээрх тогтоолыг гаргаснаар эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд гаргадаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөх үр дагаваргүй байх бөгөөд аймгийн Засаг даргыг огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэдэг тул Засаг даргыг огцруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч тус шүүхэд “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дэмжиж байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоол нь аймгийн Засаг даргыг огцруулах тухай гэж гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, тогтоолын 1, 2 дугаар заалт нь зөрчилтэй байгаа юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” гэх заалтыг баримталж тогтоол гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь маргаан бүхий 5/08 тогтоолын 1 дэх заалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 51,4 хувийн саналаар Д.Г-ийг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэн огцруулсугай гэж, 2 дахь заалтад аймгийн Засаг дарга Д.Г бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсүгэй гэжээ.

Гэтэл уг тогтоолоор Засаг даргыг огцруулсан юм уу, санал хүргүүлсэн юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Санал хураалтад 39 төлөөлөгч оролцсон ба Засаг даргыг огцруулахыг 19 төлөөлөгч дэмжсэн ба 48,71 хувь байгаа юм. Гэтэл олонхын санал авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Төлөөлөгчдөөс 20 төлөөлөгчийн санал авч байж 51,4 хувийн санал авсан гэж үзэх ёстой. Санал хураасан тогтоол нь нэхэмжлэгчид илүү ашигтай тогтоол байгаа юм.

Учир нь 2 саналын хуудас хүчингүй болсон бөгөөд 19 төлөөлөгч дэмжсэн гэж буруу тооцоолол гаргасан юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь тогтоолыг албажуулахдаа “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үгийг нэмж гаргасан байгаа. Гэтэл хуралдааны бичлэг дээр “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж хэлээгүй байдаг. Аймгийн Засаг дарга нь ямар чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй юм бэ, мөн нэхэмжлэгчийн хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Өмгөөлөгчийн хувьд би Ховд аймаг дахь Прокурорын газарт албан бичиг өгч, Д.Г нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, эрүүгийн ямар нэгэн хэрэгт шалгагдаж байгаа зүйл байхгүй гэх албан тоот ирүүлснийг хэрэгт хавсаргаж өгсөн.

Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг нь өргөн хүрээний асуудал бөгөөд аливаа санал нь судалгаатай, нотолгоотой, баримттай байх ёстой, мөн хуралдаан болохоос 1 хоногийн өмнө нийт төлөөлөгчид танилцуулах үүрэгтэй байсан. Энэ талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.2-т тодорхой заасан байгаа. Тухайн өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 04, 05–ны өдрүүдэд хуралдаж, уг хуралдаанаар 5 асуудлаар хэлэлцэхээр товлосон. Гэтэл төлөөлөгч М.Ганзориг нь тооцоо, судалгаа, баримт, лавлагаагүйгээр аймгийн Засаг даргыг огцруулах санал гаргасан. Хавтаст хэрэгт нотлох баримтыг цуглуулсан боловч нотлох баримт гарч ирээгүй. “Хүннү Эйр” ХХК, “Аэро Монголиа” ХХК-иас Засаг даргыг Улаанбаатар хот, гадаад улс руу томилолтоор явсан лавлагааг авсан байх ба энэ нь хэрэгт ямар ач холбогдолтойг ойлгохгүй байна.

Гэтэл Д.Г нь Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа сургалт, семинар, төслөөр явсан байдаг. Хуулийн ямар заалтыг баримталснаа тогтоолдоо бичээгүй учраас ойлгомжгүй байгаа юм.

Захиргааны ерөнхий хууль нь 2017 оноос эхлэн хэрэгжсэн ба Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нь санал гаргах ёстой гэж шууд санал гаргах эрхгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд тодорхой заасан. Нэхэмжлэгчийг огцруулах саналыг гаргахдаа судалгаа, төслийн боловсруулалт, баримтыг танилцуулж, хурал хуралдахаас өмнө Д.Г тайлбар авах ёстой байсан.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаанд оролцсон 39 хүнээс шүүх гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчүүд “...тооцоо, судалгаа, боловсруулсан баримт, бодитой хуульд нийцсэн баримт байгаагүй, 1 хоногийн өмнө бидэнд санал танилцуулагдаагүй, хуралдаан дээр уг санал гарсан, ирц хүрээгүй...” гэдгийг мэдүүлсэн байгаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар 5 дугаар хуралдаан нь хүчинтэйд тооцогдсон байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь заалтад нийцээгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, тогтоолын 1, 2 дугаар заалтууд нь зөрчилтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд хуралдсан 5 дугаар хуралдаан болохын өмнө 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Монгол Ардын намын хорооны 4 дүгээр хуралдаанаар 8 дугаар тогтоол, 9 дүгээр тогтоол гаргаж, дээрх тогтоолуудад заасан үндэслэлүүдээр Д.Г даргыг 93 хувь буюу 67 гишүүний саналаар Засаг даргаас огцруулах шийдвэр гарсан. Мөн аймгийн Монгол Ардын намын хорооноос 4 дүгээр хуралдааны 09 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар аймгийн хэмжээнд сахилга хариуцлага суларч, аймгийн Засаг даргын Тамгын газраас хийж байгаа боловсон хүчний томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигатай холбогдсон гэх яриа иргэдийн дунд яригдаж иргэдийн итгэл алдагдсан, иргэдийн амьжиргааг сайжруулах талаар дорвитой ажиллагаа хийхгүй байх тул түүнд хариуцлага тооцох талаар тогтоолыг хүргүүлсэн байна.

Тус тогтоолын дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол ардын намын нэр бүхий 10 төлөөлөгчийн гарын үсэгтэй төлөөлөгч М.Ганзоригийн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар албан бичгийг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Иргэдийн хурлын ажлын албанд өргөн барьсан байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба нь хүлээн авч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд оруулах шаардлагагүй байсан.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг заасны дагуу төлөөлөгч М.Ганзориг нь хэлэлцэх асуудалд оруулсан. Хэлэлцүүлэх асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс төлөөлөгч нарт 1 хоногийн өмнө мэдэгдээгүй гэх үндэслэлийг тавьдаг. Гэтэл Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх нь төлөөлөгчийн бүрэн эрх юм. Үнэлэлт, дүгнэлт өгөх эрхийнхээ хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий төлөөлөгчөөс өмнө нь тараагдсан тайлан, мөрийн хөтөлбөрийн тайланг үзэж, үнэлэлт дүгнэлтээ өгч огцруулах саналыг гаргаж байгаа нь хууль зөрчөөгүй юм. Үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Батсүхийн гаргасан саналын дагуу огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн.

Аймгийн засаг даргыг огцруулахаар болвол түүний ажлын тайланд хангалтгүй гэх үнэлгээ өгье гэж санал гаргасан. Ингээд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг хойшлуулж, 6, 7 дугаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаанд оролцсон 39 төлөөлөгч оролцсоноос 19 төлөөлөгч огцруулахаар санал өгч, 2 саналын хуудас хүчингүй болж, 17 төлөөлөгч огцруулахаас татгалзсан. Ингээд тооллогын комиссын 01 дүгээр тогтоол гарсан ба уг тогтоол нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5/08 дугаар тогтоолыг хүчингүй болгох боломжгүй. Учир нь тооллогын комиссын тогтоолыг үндэслэж, Засаг даргыг огцруулах тухай тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1.г, 32 дугаар зүйлийн 32.2, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тооллогын комиссын 01 дүгээр тогтоолыг үндэслэсэн ба тооллогын комиссын тогтоол нь төлөөлөгч нарын 100 хувийн саналаар батлагдаж, өнөөдөр хүчин төгөлдөр байгаа юм.

Тооллогын комиссын тогтоолоор аймгийн Засаг даргыг төлөөлөгчдийн 51.04 дугаар хувь нь огцруулахыг дэмжсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана” гэж заасны дагуу 5/08 дугаар тогтоол гаргасан.

Аймгийн Засаг дарга нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй асуудлын тухайд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны тайлан, мөрийн хөтөлбөрийн тайлан, аймгийн Ардчилсан намын бүлгийн даргын илтгэл, дүгнэлт байх бөгөөд үүнд аймгийн Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд хангалтгүй гэх дүгнэлт өгсөн.

Мөн аймгийн Монгол Ардын намын 10 төлөөлөгч нь аймгийн Засаг даргад хангалтгүй гэх дүгнэлтийг өгч, огцруулах санал гаргасан. Аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чинбат нь илтгэлдээ бодит байдлуудыг тусгаж, орон тоо хэтэрсэн, батлагдсан төсвийн цалин хэтэрсэн гэх зэрэг үндэслэлүүдээр аймгийн Засаг даргад хангалтгүй гэх үнэлэлт өгсөн байдаг ба үүнийг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх хуульд заасан үндэслэлээр томьёолж оруулсан юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн 5/08 дугаар тогтоолыг утга агуулгын хувьд зөрчилтэй тогтоол гарсан гэж тайлбарлаж байна. Тогтоолын 1 дэх заалтаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн саналыг баталгаажуулж, 2 дахь заалтаараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн байх тул тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ“ гэж тусгайлан заасан байдаг.

Иймд хуулийг буруу тайлбарласан гэж үзэх боломжгүй. Аймгийн Ардчилсан намын дүгнэлт, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын нэр бүхий 10 төлөөлөгчийн саналаар аймгийн Засаг дарга нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг нь нотлогдсон, хуульд нийцсэн тогтоол гарсан гэж үзэж байна.

2017 оны 06 дугаар сараас эхлэн аймгийн Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байна, олон удаа гадагшаа явж байна гэх гомдол ихээхэн гарсан ба аймгийн Засаг дарга ажил тасалж байна гэж яригдах болсон. Аймгийн Засаг дарга 32 удаа гадаад улс, Улаанбаатар хот руу явсан гэдгийг төлөөлөгч нар мэдүүлсэн. Ингээд бид шүүхэд “Хүннү Эйр” ХХК, Аеро монголиа ХХК-иас лавлагааг гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч лавлагааг үнэн зөв гаргаж өгсөн гэдэгт эргэлзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд шууд хандаж нэхэмжлэл гаргахаар, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж зааснаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяаллын маргаан байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс “...Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/08 дугаар тогтоол нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн, Засаг даргыг огцруулах ямар үндэслэл байгаа талаар хурлын төлөөлөгч нараас асуулт асууж, хариулт авах боломжоор хангаагүй, тус хуралдаанаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан “Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг асуудал яригдаагүй, энэ нь ямар ч баримтаар нотлогдоогүй, Засаг даргыг огцруулах эсэх талаар тус хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн саналаар шийдвэрлэхээр байтал мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн...” гэж

Хариуцагчаас “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 / аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/ 12.1.2 /Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлага, санал оруулах эрхтэй/ байхаар хуульчилсан. Мөн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны байнгын дэгийн 2.1.1-ийн “г”-д Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж, Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу уг асуудлыг 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэх тухай санал хураахад төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны байнгын дэгийн 11.7-д “...тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас гарах тогтоол, шийдвэрийн төслийг хуралдааны дарга танилцуулж, хэлэлцүүлэн баталгаажуулна” гэж заасны дагуу тооллогын комиссын тогтоолыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 5/08 дугаар тоот тогтоолыг баталсан...” гэж тус тус мэтгэлцжээ.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд хийхээр товлож, уг хуралдаанаар

1-рт “ Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай”,

2-рт “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай”

3-рт “Аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төсөөллийн тухай”

4-рт “Аймаг дахь Төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал,

5-рт “Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө тухай” асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Ганзориг нь  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйл /Хурлын төлөөлөгч/-ийн 12.1-д “Аймаг нийслэл сум дүүргийн хурлын төлөөлөгч нь дараах бүрэн эрхтэй”, 12.1.3-д “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэж заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” санал гарган, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 10 төлөөлөгчөөр дэмжүүлэн албан бичигт гарын үсэг зуруулан аймгийн Засаг дарга Д.Г-г албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг тус хуралдаанаар хэлэлцүүлэхээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн болох нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Б.С-ийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2/69 дүгээр “...аймгийн ИТХ-ын хурлын төлөөлөгч М.Ганзориг нарын 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргад огцруулах тухай” 05 дугаар албан бичгийг ажлын албанд 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн...” гэх албан бичгээр тогтоогдож байна.

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан явагдаж, нэр бүхий 10 төлөөлөгчийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” саналыг тус хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлаар санал хурааж, төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлын 6 дугаарт “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” хэлэлцүүлэхээр  баталсан болох нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрийн 5/01 дүгээр хуралдааны тэмдэглэл, төлөөлөгч М.Ганзоригийн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаар албан бичиг,

гэрч М.Ганзоригийн “...хуульд заасан эрхийнхээ дагуу Д.Г-ийг Ховд аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулах санал гаргаж, аймгийн ИТХ-ын албан бланк дээр хэвлэж, 10 төлөөлөгч гарын үсэг зурж 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.С-д хүргүүлсэн.Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал хэлэлцэж байхад миний бие аймгийн Засаг даргыг огцруулах саналаа гаргаж, хэлэлцэх асуудлын 6 дугаарт уг асуудлыг оруулж, батлуулсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Чинбатын “...Гэтэл ИТХ-н төлөөлөгч М.Ганзориг нь аймгийн Засаг даргыг огцруулах санал гаргасныг тус хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь дэмжиж баталсан...” гэх мэдүүлэг болон

гэрч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Болдбаатар, Т.Жаргалсайхан, Б.Болорцэцэг, Л.Бадамхорлоо Б.Амаржаргал, Т.Дэлгэрсайхан, Д.Батхуяг, Л.Цэнд-Аюуш, С.Лхагвасүрэн, Ц.Бат-Эрдэнэ, Ш.Арстан нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны 6 дугаар асуудал болох Ховд аймгийн Засаг даргын огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулах тооллогын комиссыг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 5/07 дугаар “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолоор баталж, тооллогын комиссыг Х.Болдбаатар, Т.Баатарзориг, Л.Бадамхорлоо, Л.Энхбаяр, Д.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Тооллогын комисс аймгийн Засаг даргыг огцруулах эсэх талаар санал хураалт зохион байгуулж, уг санал хураалтанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 39 төлөөлөгч санал өгснөөс 37 хүчинтэй саналын хуудас, хүчингүй 2 саналын хуудас гарч, хүчинтэй 37 саналын хуудаснаас 19 төлөөлөгч буюу 51.4 хувь нь “огцруулна” гэж, 18 төлөөлөгч буюу 48.6 хувь нь огцруулахгүй гэж санал өгснийг тус тус баталж, уг тооллогоор хамгийн олон 19 буюу 51.4 хувийн санал авсан тул Д.Г аймгийн Засаг даргаас огцруулахаар тооцож аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Уг тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/08 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална” гэж зааснаар дагуу хуралдаан оролцсон төлөөлөгчид олонхын саналаар дэмжиж баталсан болох нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 5/01 дүгээр хуралдааны тэмдэглэл,

Гэрч М.Ганзоригийн “...Ингээд тооллогын комиссын тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргыг огцруулах тогтоолын төслийг ИТХ-н дарга уншиж танилцуулж, батлах эсэхэд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар уг тогтоолын төслийг дэмжиж баталсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Чинбатын “...тооллогын комиссын тогтоолыг үндэслэж аймгийн ИТХ-ын даргаас аймгийн Засаг дарга Д.Г огцруулах тогтоолын төслийг уншиж танилцуулсан. Ингээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь аймгийн Засаг даргыг огцруулах тогтоолын төслийг дэмжиж баталсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Болдбаатар Б.Болорцэцэг, Т.Дэлгэрсайхан, Д.Батхуяг, Л.Цэнд-Аюуш, П.Улаанхүү, С.Лхагвасүрэн, Ц.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг,

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны бичлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрийн хуралдаанд оролцсон төлөөлөгчид дээрх хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдааны тооллогын комиссын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр “Тооллогын дүнгийн тухай” тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоол гаргажээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн /аймаг нийслэлийн хурлын бүрэн эрх/ 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” мөн хуулийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1-ийн /Г/-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна:”, 11.1.9-т “бүх шатны Засаг дарга...”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйл /Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх/-ийн 12.1.3.Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэж заасны дагуу улс төрийн албан тушаалтан болох аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэрийг гаргах үндэслэл нь тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын санал байхаар хуульчилжээ.

Нэхэмжлэгч Д.Г-г улс төрийн албан тушаалтных нь хувьд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонх нь аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулахаар санал өгсөн ИТХ-ын 5 дугаар хуралдааны тооллогын комиссын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр “Тооллогын дүнгийн тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, ИТХ-ын 5 дугаар хуралдааны тооллогын комиссын хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэн гаргасан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоолыг хүчингүй болгох боломжгүй байна.

Иймд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-ийн “Г”, 19 дүгээр зүйлийн 19.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.СОНИНБОЛОР