Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 060

 

И.Бахытгүлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийдвэртэй, И.Бахытгүлийн нэхэмжлэлтэй, Ш.Ерболатад холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч И.Бахытгүл, түүний өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч Ш.Ерболат, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн дундын өмчлөлийн 6100000 /зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгөнөөс хүү Е.Аслан болон өөрт оногдох хувийг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Аж ахуйгаа хамт хөтөлж байх үед бий болсон мөнгөн хуримтлал 6000000 /зургаан сая/ төгрөгөөс өөртөө оногдох 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Ш.Ерболат бид хоёр 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон юм. Тэгээд бид хоёрын дундаас 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүү Е.Русланыг төрүүлсэн бөгөөд Ш.Ерболатын төрсөн ах Ш.Ардабект үрчлүүлсэн болно. 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь хүү Е.Асыланыг төрүүлсэн. Тэгээд нөхөр болох Ш.Ерболат 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр надаас сална чамтай цаашид хамтран амьдарч чадахгүй юм байна гээд гэрээс яваад тус тусдаа амьдарч байгаад, Ш.Ерболат нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан байсан. Шүүхээс бидний гэрлэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 536 дугаартай шүүхийн шийдвэрээр цуцалсан юм. Бид хамтран амьдрах хугацаанд Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт Аххабах гэх газраас гэр бүлийн хэрэгцээнд зориулан 750 м.кв газартай, өнөөгийн зах зээлийн ханшаар 20000-1500000 төгрөг, хавтгай зурагт 1150000 төгрөг, гарнитур гал тогооны ком 750000 төгрөг, монгол хивс 3х4 хэмжээтэй 550000 төгрөг, цонхны хөшиг 2 ширхэг 150000 төгрөг, хөргөгч /sharp маркийн/ 900000 төгрөг нийт 6100000 төгрөгийн дунд эд хөрөнгөөс хүү Аслан бид хоёрт оногдох хувийг Ш.Ерболатаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Миний бие нэхэмжлэгч И.Бахытгүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч И.Бахытгүлийн нэхэмжлэлд дурдсан Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр болох Аххабах гэх газраас гэр бүлийн хэрэгцээнд зориулж 750 м.кв газрыг 20000-1500000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү газар нь урьд Ш.Ерболат миний нэр дээр өмчлөлтэй байсан ба 2014 оны 7 дугаар сард Уах овогт Абайн Хайырбекэд хуулийн дагуу бэлэглэсэн болно. Одоо уг 750 м.кв газар нь А.Хайырбекийн өмчлөлд байгаа юм. Иймээс уг маргаан бүхий газар миний өмчлөлд байхгүй. Харин нэхэмжлэлд дурдсан хавтгай дэлгэцтэй зурагт байгаагүй, харин хуучивтар Акира маркийн зурагт байгаа. Түүний үнэ нь 1150000 төгрөг биш, харин 250 мянган төгрөг болно. Гарнитур гал тогооны ком нь 1150000 төгрөгийн үнэтэй биш хуучивтар гал тогооны хоёр хэсэг тавилга байгаа ба үнэ нь 250000 төгрөг байсан. 3 хаалгат орос шкаф байгаа нь үнэн ба үүний үнэ нь 750 мянган төгрөг биш, энэ нь хуучивтар ба үнэ нь 550000 төгрөгийн үнэтэй болно. Түүнчлэн 900000 төгрөгийн үнэтэй хөргөгч шарф гэдэг нь хөөргөгч биш хөлдөөгч, үнэ нь 300000 төгрөг болно. Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырыш нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зурагт гарнитур гал тогооны ком, 3 хаалгат орос шкаф, хөргөгч зэргийн 4 ширхэг хөдлөх хөрөнгийг газар дээр нь үзээгүй байж нэхэмжлэгчийн амаар түүнд ашигтай байдлаар маш өндөр үнээр үнэлгээ хийсэн явдалд гомдолтой байна. Тэгж ярвал Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырыш нь Эд зүйлийн үнэлгээ тогтоолго баримт буюу 2014 оны 08-р сарын 20-ны өдөр Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Ш.Ерболатын хуваарьт өмчийн үнэлгээ гэсэн бичигт Гурван хаалгатай орос улсад үйлдвэрлэсэн мебель шкафыг 550000 төгрөгөөр Гал тогооны хоёр хэсэг тавилгыг 250000 төгрөгөөр, өнгөт Акира маркийн зурагтыг 250000 төгрөгөөр, хөлдөөгчийг 300000 төгрөгөөр үнэлсэн байжээ. Гэтэл одоо үүнээс хойш 1 жил 6 сарын дараа буюу 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээнд дээрх эд хөрөнгүүдийг маш өндөр үнээр үнэлжээ. Харин 3x4 хэмжээтэй монгол хивс, цонхны хөшиг зэрэг эд хөрөнгө надад байхгүй. Иймд нэхэмжлэгч И.Бахытгүлийн надаас 6100000 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Ерболат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие И.Бахытгүлтэй 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 2014 оны 2 дугаар сарын 07-нд хүү Асылан төрсөн юм. И.Бахытгүл бид хоёр нэг хэсэг сайн сайхан амьдарч байсан боловч цаашид хоорондоо таарч тохирохгүй улмаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр гэрлэлтээ шүүхээр албан ёсоор цуцлуулж, одоо тус тусдаа амьдарч байна. Гэтэл И.Бахытгүл 2016 оны 2 дугаар сард Ш.Ерболат надаас дундын өмч болох 6100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Би И Бахытгүлийн нэхэмжлэлтэй сайтар танилцаад түүнийг эс зөвшөөрч байгаа тухай шүүхэд тайлбараа өгсөн юм. И.Бахытгүлтэй хамт амьдарч байхад 2013 оны 3 дугаар сарын 01-нээс 2013 оны 7 дугаар сарын 01-ныг хүртэл аймгийн төвийн Тирлик захад манай аав, ээжийн өмчлөлд байсан Ел-Алтай нэртэй барааны дэлгүүрт И Бахытгүл бидний барааг зарж байсан юм. Тэр үед уг барааг 5 сар гаруй худалдаанд гаргаад 6 сая төгрөгийн орлого олсон юм. Уг худалдаанаас олсон орлогыг И.Бахытгүлийн ХААН банк дахь өөрийн хувийн дансанд хийсэн юм. Тухайн мөнгийг И.Бахытгүл нь 2013 оны 7 дугаар сараас эхлэн нэг жилийн хугацаатай хувийн хадгаламжид хийсэн юм. Тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Иймд бид хоёр гэрлэлтээ цуцлуулаагүй хамт амьдарч аж ахуйгаа хамт хөтөлж байгаа үед аав, ээжээс бидэнд өгсөн хөрөнгөөр бий болсон мөнгөн хуримтлал болох 6000000 төгрөгөөс өөртөө оногдох 2 сая төгрөгийг И.Бахытгүлээс гаргуулж өгөхийг хүсэж энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч И.Бахытгүл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ш.Ерболатын сөрөг нэхэмжлэлд дурдсан 6000000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Учир нь Ш.Ерболат нь сөрөг нэхэмжлэлдээ бид хамт амьдарч байх хугацаанд 2013 оны 3 дугаар сараас 7 дугаар сар хүртэл 5 сар Ел-Алтай барааны дэлгүүрт худалдагч хийж худалдаа хийсний орлого болох 6 сая төгрөгийг И.Бахытгүл нь өөрийн хувийн дансанд хийж авсан гэсэн байна. Тэр үед би Ш.Ерболатын дэлгүүрт ганцаараа худалдагч хийдэггүй байсан ба Ерболат болон түүний эцэг, эх, дүү нар нь хамт бараа зардаг байсан юм. Тэглээ гэхэд Ш.Ерболат нь надад 6000000 төгрөг өгдөг залуу биш, бид бүгдээрээ хамт бараа зардаг болохоор би 6000000 төгрөг авах боломж байхгүй. Тухайн дэлгүүрийн өдрийн орлого болгоныг Ш.Ерболат болон түүний эцэг, эх өөрсдөө авдаг байсан. Ш.Ерболат нь намайг дансандаа хийж авсан гэж нэхэмжилж буй 6000000 төгрөгийг миний төрсөн эцэг, эх надад өгсөн Ш.Ерболатад огт хамаагүй мөнгө. Би Ш.Ерболатын эцэг, эхийн дэлгүүрт хамт бараа наймаа хийдэг болохоос мөнгө төгрөгийн асуудалд оролцдоггүй байсан. Би Ш.Ерболатад гэр бүл болохоос өмнө миний хувийн дансанд зөвхөн 6 сая төгрөг биш түүнээс их, бага хэмжээний мөнгө төгрөг орж гардаг байсан. Яагаад гэвэл би урд нь наймаа хийдэг байсан. Хэрэв шаардлагатай бол миний дансыг шалгаж болно. Миний зүгээс татгалзах зүйлгүй. Ш.Ерболат нь миний нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй байх арга зам хайж надад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хэрвээ Ш.Ерболат нь надад 6000000 төгрөг өгсөн нь үнэн бол бүгдийг нь нэхэмжлэх ёстой. Иймд Ш.Ерболатын нэхэмжилж буй сөрөн нэхэмжлэлийн шаардлага болох 6000000 төгрөг бүгд худлаа, би огт зөвшөөрөхгүй байнагэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.1, 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-ыг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө Акира 24 инчийн зурагт 150000 /нэг тавин мянган/ төгрөг, гал тогооны 2 хэсэг шкаф 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, гурван хаалгатай орос улсад үйлдвэрлэсэн хувцасны шкаф 300000 /гурван зуун мянган/ төгрөг, хөлдөөгч том 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг, хоёр хүний ор мебель 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг нийт 1150000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хариуцагч Ш.Ерболатын өөрт нь үлдээж, хариуцагч Ш.Ерболатаас 2266667 /хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга жаран зургаан зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан И.Бахытгүл, Е.Асылан нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2750000 төгрөгийг болон хариуцагч Ш.Ерболатын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч И.Бахытгүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112550 төгрөгийг, хариуцагч Ш.Ерболатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ерболатаас51217 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Бахытгүлд олгосугай.

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Ш.Ерболат нар тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг анхан шатны шүүх И.Бахытгүлийн нэхэмжлэлтэй Ш.Ерболатад холбогдох иргэний хэрэг, Ш.Ерболатын сөрөг нэхэмжлэлтэй И.Бахытгүлд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй байдлар хууль зүйн талаас нь үнэлэлт хийж үнэлж чадаагүй, нэг талыг буюу нэхэмжлэгч И.Бахытгүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Гэр бүлийн дундын хөрөнгө болох хуучин загварын Акира 24 инчийн 150000 \нэг зуун тавин мянган\, гал тогооны 2 хэсэг шкаф 200000 \хоёр зуун мянган\ төгрөг, гурван хаалгатай орос улсад үйлдвэрлэсэн хувцасны шкаф 300000 \гурван зуун мянган\ төгрөг, хөлдөөгч том 250000 \хоёр зуун тавин мянган\ төгрөг, хоёр хүний ор мебель 250000 төгрөг, цонхны хөшиг 2 ш нь 150000 \нэг зуун тавин мянга\ төгрөг, 3x4 хэмжээний монгол хивс 550000 \таван зуун тавин мянга\ төгрөг, Өлгий сумын 12 дугаар баг, Аххабахт байршилтай 700 м.кв хэмжээтэй газрын үнэ 1500000 \нэг сая таван зуун мянган\ төгрөг бүгд 3350000 \гурван сая гурван зуун тавин мянган\ төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн 3 гишүүнд тус тус тэнцүү хувааж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2750000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. \нийт 3350000 төгрөгийн эд хөрөнгө" 3 гэр бүлийн гишүүн =1166665 төгрөгийн эд хөрөнгө 1 хүнд ногдож байна. ... Хариуцагч Ш.Ерболатаас 2 ш цонхны хөшигний үнэ 150000 \нэг зуун тавин мянга \төгрөг, 3x4 хэмжээний монгол хивсний үнэ 550000 \таван зуун тавин мянган\ төгрөг, газрын үнэ 1500000 төгрөг, эд хөрөнгийн зөрүү үнэ 66667 төгрөг бүгд 2266667 \хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоон \ төгрөгийг гаргуулан М.Бахытгүл, Е.Асылан нарт олгох нь зүйтэй байна" гэжээ. Гэтэл бодит байдалд И.Бахытгүл нь 2 ш цонхны хөшиг, 3x4 хэмжээний монгол хивс Ш.Ерболатад шилжүүлж өгсөн гэдэг нь нотлогдоогүй байна. Нөгөө талаас 2016 оны 01-р сарын 18-ны өдрийн Өлгий сумын ЗДТГ-ын Төрийн сангийн төлөөлөгч К.Ыдырышын тогтоосон үнэлгээ эргэлзээтэй байсан нь Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 212\МА2016\00029 дугаартай магадлал, Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч Баршагүлээр гаргуулсан дүгнэлтээр тогтоогдсон юм. Хариуцагч Ш.Ерболатаас 2 ш цонхны хөшигийн үнийг 1500000 төгрөг, 3x4 хэмжээний хивсний үнийг 550000 төгрөгөөр тогтоон шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2 ш цонхны хөшиг, 3x4 хэмжээний хивс бодит байдалд Ш.Ерболатад байгаагүй, үнэ нь бодит байдалд нийцээгүй, жишээ нь 3x4 хэмжээтэй хивсний үнийг 550000 төгрөгөөр тогтоож байгаа нь эргэлзээтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, гэснийг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...2016 оны 4 сарын 20-ны өдрийн 116 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 117 дугаар албан бичгээр Ш.Ерболат нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт байршилтай, 700.м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлж, Г- 0213003831 тоот улсын бүртгэлийн дугаартай 000191713 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан ба уг өмчлөлийн газрыг 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр нотариат ч Т.Зулай гэрчилсэн газар бэлэглэлийн гэрээгээр Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол-ын 1-67 тоотод оршин суух Абай овогтой Хайырбект шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Хариуцагч Ш.Ерболат нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар авсан газраа бусдад бэлэглэлийн журмаар шилжүүлсэн нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дурджээ. Маргаан бүхий 700 м.кв газрыг хариуцагч Ш.Ерболат нь И.Бахытгүлтэй гэр бүл болохоос өмнө буюу 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрөөс үнэ төлбөргүй хувьчилж авчээ. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол улсын иргэн бүрт тодорхой хэмжээний газрыг хувийн хэрэгцээнд үнэ төлбөргүй нэг удаа авах хувьчилж авах эрхтэй юм. Нэхэмжлэгч И.Бахытгүлд ч гэсэн тодорхой хэмжээний газрыг үнэ төлбөргүй хувьчилж авах эрхтэй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар Ш.Ерболатад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор тус газрын өмчлөх эрх гагцхүү хариуцагч Ш.Ерболатад хууль ёсоор үүсч, тухайн иргэний газар өмчлөх эрхийг төрөөс албан ёсоор баталгаажсан байна. Нэгэнт Ш.Ерболат нь тухайн газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй авсан учраас бусдад бэлэглэх, худалдах эрх нь зөвхөн тухайн иргэнд хамааралтай асуудал гэж үзэж байна. Харин одоогийн байдлаар уг маргаан бүхий газрын өмчлөгч нь Ш.Ерболат, И.Бахытгүл нар биш Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол-ын 1-67 тоотод оршин суудаг, Абай овогтой Хайырбек \БЮ80102311 \ өмчлөлд байгаа учраас уг газрыг гэрлэгчдийн дундын өмчид тооцох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөлийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасантай нийцнэ гэж үзэж байна. Анхан шатны шүүх Ш.Ерболат, И.Бахытгүл нарын өмчлөлд маргаан бүхий 700 м.кв газар байгаагүй гэдэг нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газраас олгосон бичмэл нотлох баримтаар нотлогдсон байдлыг анхаарч үзээгүй хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийсэн явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч И.Бахытгүл нь А.Хайырбекийн өмчлөлд байгаа 700 м.кв газарт Г-02130038 тоот улсын бүртгэлийн дугаартай 000191713 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний талаар маргаж байгаа бол А.Хайырбект маргаан бүхий газрыг өмчлүүлсэн аймгийн Засаг даргын захирамж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээг хүчингүй болгох асуудлаар эхлээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан дундын өмчид бодит байдлаар байгаа эд зүйлүүдийг гэр бүлийн 3 гишүүнд тэнцүү хувааж өгөх талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин сууж амьдардаг Казбек овогт Иванышийн Бахытгүл миний хариуцагч Шаймуратын Ерболатын хууль ёсны өмгөөлөгч Я.Съездийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Цонхны хөшиг 2 ширхэг, 3x4 хэмжээний монгол хивс 1 ширхэг хариуцагч Ш.Ерболатад шилжүүлсэн нотлогдоогүй байна гэжээ. Гэтэл хариуцагч Ш.Ерболатын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, мөн тухайн эд хөрөнгөнүүдэд үнэлгээ гаргасан үнийн комиссын дүгнэлтэд гомдол гаргаагүй явдлаар нотлогдож байна. Тухайн эд хөрөнгөнүүдэд хариуцагч Ш.Ерболат, түүний өмгөөлөгч Я.Съезд нарын өөрсдийн хүсэлтээр дахин үнэлгээ хийсэн бөгөөд хариуцагч тал үнэлгээ тогтоосон Х.Баршагүлийн үнийн дүгнэлтэд гомдол гаргаагүй учир тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Энэ талаар Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 02 дугаар сарын02-ны өдрийн 85 дугаартай шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-д заасныг зөрчөөгүй байна. Маргаан бүхий 700 м.кв газрыг хариуцагч Ш.Ерболат нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших, улмаар өмчлөлд шилжүүлсэн учир Иргэний хуулийн 108-р зүйлд зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгө болох тул Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.2-д зааснаар захиран зарцуулахдаа насанд хүрсэн гишүүдийн хууль ёсны зөвшөөрснөөр авах ёстой. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж байна. Энэ асуудал нь дундын өмчтэй холбоотой маргаан учир Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 тоот шийдвэрийг хэвээр баталж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч И.Бахытгүл нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Өлгий сумын 12 дугаар багт байрлалтай 750 м.кв газрын үнэ 1500000 төгрөг, 40 инчийн LG маркийн зурагт 1150000 төгрөг, гарнитур 1100000 төгрөг, хувцасны шкаф 750000 төгрөг, 3х4 хэмжээтэй монгол хивс 550000 төгрөг, 2ш цонхны хөшиг 150000 төгрөг, sharp маркийн хөргөгч 900000 төгрөгөөр тус тус үнэлэн 6100000 төгрөгийн эд хөрөнгийн гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийн гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Ш.Ерболат нь 750 м.кв газрыг 1500000-2000000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ газар нь урьд миний өмчлөлд байсан 2014 оны 7 дугаар сард А.Хайырбект хуулийн дагуу бэлэглэсэн. Хавтгай зурагт байхгүй Акира маркийн зурагт байгаа үнэ нь 1150000 биш 250000 төгрөг, 3х4 хэмжээтэй монгол хивс, цонхны хөшиг зэрэг эд хөрөнгө байхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эд хөрөнгөөс 40 инчийн LG маркийн зурагт, sharp маркийн хөргөгч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 536 дугаартай шийдвэрт заасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон баримтаар гэр бүлийн дундын хөрөнгөд Акира маркийн том зурагт, хөлдөөгч байсан нь нотлогдсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн маргаж буй Өлгий сумын 2 дугаар багт байрлалтай 700 м.кв газрыг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ш.Ерболатын нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөо А.Хайрбекийн нэр дээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-д заасныг зөрчсөн гэж үзэж, 3х4 хэмжээтэй монгол хивс, 2ш цонхны хөшөг зэрэг эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд тооцож хуваарилсан нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Ш.Ерболатын И.Бахытгүлээс 2000000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

Хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 51217 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51217 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ