Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0267

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Т ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-000001, XV-000002дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-000001, XV-000002дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0325/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Т  ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-000001, XV-000002дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-000001, XV-000002дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т  ХХК-ийн Т  ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-000001, XV-000002дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-000001, XV-000002дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шүүхийн шийдвэрийг доор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Манай компани нь ... Ковид-19 цар тахлын улмаас Дорноговь, Дорнод аймаг руу тухай цаг хугацаанд зорчиж тусгай зөвшөөрлүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийн батлуулахад хүндрэлтэй байсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамааран Улсын онцгой комисс, Монгол Улсын засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар зэрэг байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, хорио зэргээс шалтгаалан зайнаас ажиллаж байна гэсэн нэрийдлээр ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй нэлээн удаасны эцэст 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын холбогдох албан тушаалтан, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарснаар баталгаажсан энэхүү хайгуулын ажлын төлөвлөгөөнүүдийг үндэслэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг үндэслэн баталсан тухайн жилд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах мэдсээр байж хугацааг нь тулгаж асуудал үүсгэсэн гэдэгт хариулт өгөх мөн Төрийн байгууллагад Ковид-19 цар тахал нөлөөлж зайнаас ажиллаж байсан, түүнчлэн зайнаас ажиллах нэрийдлээд ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй нэлээн удаасны эцэст 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр АМГТГ-ын холбогдох албан тушаалтан, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан гэж нэг үндэслэл гаргасан.

3.2. Эцэст нь “Бид бүх буруу Ковид-19 цар тахал руу өгөөд байгаа мэт боловч тухайн үед /2021 оны 9 сард/ бодит нөхцөл байдап ийм байсан тухайлбал “Т ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г миний хүүхдүүд ковид-19 өвдөж, нэгэнт халдвар авсан нь тодорхой байсан тул гэр бүлээрээ ковид-19 эмчилгээ хийн өөрсдийгөө бусдаас тусгаарласан байдаг.

3.3. Шүүхийн шийдвэрт “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө заавал биечлэн биш шуудангаар хүргүүлэх боломжтой байжээ” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн шаардлагын зөрчсөн. Тодруулбал “өөрөө заавал биечлэн биш шуудангаар хүргүүлэх боломжтой” тухай хэрэгт нэг ч баримт байхгүй харин эсрэгээр нь манай компанийн өмгөөлөгч тухайн нэгэн компани ашигт малтмалын хайгулын тусгай зөвшөөрлүүдийн сунгалтын баримтуудаа шуудангаар хүргүүлснийг хариуцагч хүлээж авахгүй тусгай зөвшөөрлийг нь дуусгавар болгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 жил гаруй хугацаанд шүүхээр явж эрхээ сэргээлгэсэн, шуудангаар баримт авдаггүй заавал биечлэн авна гэсэн шаардлага тавьдаг гэж шүүгчийн асуудалтад хариулж байсан. Түүнээс бус шуудангаар сунгалтын баримтыг авах тухай баримт хэрэгт огт байхгүй болно.

3.4. Ашигт малтматын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5“энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 22.1“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж, Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дугээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. 22.4“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дугээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэжээ.

3.5. Хууль тогтоогч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах эрхийг хангах зорилгоор мөн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд цаг хугацааны хийдэл, зөрчилдөөн гаргахгүй тулд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдөл гаргана” гэж төрийн захиргааны байгууллагыг 1 сарын өмнө гэсэн хугацааг хэтрүүлэхгүйн тулд 10 өдөрт багтаан гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5, 22.1, 22.2, 22.4 дэх хэсгийг эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах Телеологийн буюу зорилгыг тайлбарлах аргын үүднээс аваад үзвэл хууль тогтоогч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах эрхийг хангах зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан бол тусгай зөвшөөрлийг сунгах ба өөр бусад үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл сунгуулах эрх рүү халдаж тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна. Нэмэлт нөхцөл шаардлага бичих байсан бол хууль тогтоогч ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэсний дараа “энэ хуулийн 22.1-д заасан хугацаанд сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй” гэж хуульчлах боломжтой байсан боловч дээр дурдсан тухайн хэм хэмжээ нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах эрхийг хангах зорилгоор хийгдсэн зохицуулалт тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрхийг дордуулах байсан учраас хууль тогтоогч оруулаагүй байна.

3.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шүүхийн шийдвэрийн үндсэлэх хэсгийн 12 дугаарт Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-22.1.4-т заасан бүхий л баримтыг хавсаргаагүй гэжээ. Гэтэл шүүхийн үзлээр маргаж буй бусдаар батлуулах ёстой гол баримт бичиг болох “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүд”-ийн нүүр хуудас болон үйлчилгээний хураамж төлсөн баримт байдаг. Бусад баримт Ашигт малтмал, газрын тосны газрын өөрийн цахим системд байдаг болсон хэвлээд болон мэргэжилтэн нь системээсээ харах боломжтой болсон баримт байдаг. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-22.1.4-т заасан бүхий л баримт байхгүй мэт дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болгож чадсангүй. Манай компани тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтээ гаргасан боловч ковидын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор захиргааны байгуулллагад гаргасан өргөдөл хүсэлт нь зохих журмын дагуу бүртгэгдээгүй, Улсын болон аймгийн онцгой комиссоос хөл хорьсон, төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байсаар байхад түүнд дүгнэлт өгөлгүйгээр шууд манай компанийг буруутгасанд гомдолтой байна.

3.7.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэлтэй байх” тусгай зарчимд нийцээгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Т ” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Зүүн нэртэй газарт орших 3579.58 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-019244 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусахаар, Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Замын дагуух нэртэй газарт орших 1115.98 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-019192 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуусахаар, ХV-019244 дүгээр тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга, ХV-019192 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг дарга тус тус баталсан байна.

2.3. Улмаар нэхэмжлэгч Т ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21/101 дүгээр албан бичгээр хандан ... XV-000001 тусгай зөвгөөрлийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулахаар Дорноговь аймаг руу зорчих хүсэлт өгсөн боловч боловч цар тахлын улмаас одоог хүртэл зөвшөөрөл, олгоогүй ... XV-000002тусгай зөвшөөрлийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулахаар Дорнод аймаг руу зорчих гэсэн боловч Улаанбаатар хот болон орон нутагт шатахууны хомсдол үүссэний улмаас одоог хүртэл явж чадаагүй байна. Иймд Манай тусгай зөвшөөрлүүдийн сунгалтын материалыг хуулийн хугацаанд хүлээн авна уу. 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг хянуулан 10-14 хоногийн дотор нөхөн хүргэх болно гэх, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 27/21 дүгээр албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад хандан ... 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр материалаа бүрдүүлэн Ашигт малтмал газрын тосны газарт хүлээлгэн өгөхөд хугацаа хоцроосон гэдэг шалтгаанаар хүлээн аваагүй бөгөөд улмаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дууссан. Энэ нь манай компаний үйл ажиллагаанаас үл хамаарсан бөгөөд улс орон даяар цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, хорио, ажиллах цагийн хуваарь зэргээс шалтгаалсан нөхцөл байдал үүссэн тул энэхүү нөхцөл байдлыг хянан шалгаж туслалцаа үзүүлнэ үү гэх албан бичгийг тус тус хүргүүлжээ.

2.4. Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “... Танай хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье гэх хариуг өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2.5. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус заасан.

2.6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй, өргөдлийг хүлээн авч, хуульд заасан буюу мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, зардлын доод хэмжээг зарцуулан баталгаажуулах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгожээ.

2.7. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагчийн хувьд сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заасан байна.

2.8. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах нь нэхэмжлэгчид хуулиар ногдуулсан үүрэг боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүйд шууд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй юм.

2.9.   Гэтэл анхан шатны шүүх ...Т  ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу ХҮ-019244 дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, ХҮ-019192 дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор тус тус хугацааг сунгуулах өргөдлийг, хавсралт баримт бичгүүдийн хамт төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт гаргах үүргээ биелүүлээгүй бөгөөд харин 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус албан бичгээр өргөдлийг хүлээн авах тухай хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн болох нь тогтоогдсон... гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. 

2.10.   Хэдийгээр нэхэмжлэгчээс хуулийн дээрх хугацаанд тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй боловч тусгай зөвшөөрлийн хүчинтэй байхад буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч компаний захирал Ч.Г  ...XV-000001 тусгай зөвшөөрлийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулахаар Дорноговь аймаг руу зорчих хүсэлт өгсөн боловч боловч цар тахлын улмаас одоог хүртэл зөвшөөрөл, олгоогүй. ...XV-000002тусгай зөвшөөрлийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулахаар Дорнод аймаг руу зорчих гэсэн боловч Улаанбаатар хот болон орон нутагт шатахууны хомсдол үүссэний улмаас одоог хүртэл явж чадаагүй байна гэх үндэслэл зааж тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг хүлээн авна уу гэх хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан. Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Ч.Г ийн хүү Г ийн Одбаяр нь Ковид-19 шинжилгээний хариу эерэг гарсан үйл баримт хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хуульд заасан хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.

2.11. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж, 22.1.1“хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар ... гэж, 22.1.2“үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” гэж, 22.1.3“байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” 22.1.4хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заасан.

2.12. Нэхэмжлэгч Т ХХК нь ажлын хайгуулын төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр батлуулсан, ХV-019244 дүгээр тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар, ХV-019192 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргаар батлуулсан, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ХV-019244, ХV-019192 тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгалт хийх төлбөрөө төлсөн нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.

2.13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т ” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-000001, XV-000002дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын хайгуулын XV-000001, XV-000002 дугаар тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ШҮҮГЧ                                          Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ