| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,
Улсын яллагч Ц.Батзаяа,
Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овогт Ц-ийн Д-д холбогдох 2116000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х овогтой Ц-ийн Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамтран амьдрагч эмэг эх /эмээ/ болох Ц.Б-г хувийн таарамжгүй харилцаанаас буюу мөнгө нэхэж маргалдаж улмаар түүний түлхэн унагааж, түүний биед нь зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын алганд цус хуралт гэмтэл учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би *** аймгийн ***** сумруу явах гээд эгч Д-с 50.000 төгрөг өгчих гэхэд байхгүй гээд өгөөгүй юм. тэгээд эмээг зээ Д-с 50.000 төгрөг аваад өгчих 300.000 төгрөг буухаар өгье гэхэд өгөөгүй юм аа. Тэгээд утсаа өгөөдөх гэсэн чинь өгөхгүй булаацалдаад байхаар нь түлхсэн чинь хойшоо ор луу баруун гар талаараа дарж унасан. Тэгэхэд зүүн бугалга, алга нь хөхөрсөн байсан. Би цээжрүү нь түлхсэн модон ор луу унасан юм... Айлд орсон чинь архи задлаад өгөхөөр нь 2 татсан... Буурал ээж Ц.Б-тай амьдардаг... Түлхэж унагасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/ХХ41, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Ц.Б хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед манай зээ хүү Д согтуу орж ирчхээд надад мөнгө өг гээд байхаар нь надад мөнгө алга гэхэд зээ охиныхоо хүүхдээс аваад өг гээд нэхээд байсан. Би хүнээс мөнгө авч чадахгүй гэж хэлэхэд миний утсыг авчхаад өгөхгүй болохоор нь би хажууд нь очиж булаагаад авахад намайг түлхээд би унасан юм. Намайг түлхэж унагасан. Би зүүн талаараа унасан..” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /ХХ30/,
Гэрч М.Д хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Засгийн газраас олгосон 300.000 төгрөг хүүхдийн данс руу орж байгааг мэдчихээд Д надаас 50.000 төгрөг өгчих *** аймгийн **** явах гэж байна гэхээр нь манай хүүхдүүдийн мөнгө орж амжаагүй байсан юм, тэгээд мөнгө байхгүй гэж хэлсэн чинь намайг баахан доромжилж харааж байгаад гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гадаа хүмүүс том дуугараад байхаар нь Д, эмээ нар дугарч байсан. Эмээ миний утсыг наадах чинь аваад явчихлаа гээд байж байхаар нь би араас нь очиж утсыг авсан. Тэгээд эмээг яасан юм гэхэд модон ор луу түлхэж унгасан гээд гар нь хөхөрсөн, айсан бололтой байж байсан. Тэгэхээр нь гэртээ оруулж эмч, цагдаа дуусан юм...” гэх мэдүүлэг /ХХ32/,
Гэрч Б.А хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 09-ний 20 цагийн үед ажлаасаа тараад ирэхэд эмээгийн ёолох дуу сонсогдохоор нь гэрт нь орсон тэгэхэд л Д чи хадам ээж ав гэж хэлчхээд гарсан. Тэгэхээр нь юу болсон юм гэхэд эмээгээс асуухад түлхэж унагасан гэж хэлсэн. Тэгээд зүүн гар талын тохойноос дээш хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /ХХ34/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн шинжээчийн 138 дугаартай дүгнэлтэд “...Иргэн Ц.Б-ын биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Ц.Б-ын биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /ХХ9-10/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамт амьдардаг эмэг эх /эмээ/ болох Ц.Б-с мөнгө нэхэж маргалдаж улмаар түүнийг түлхэн унагааж, биед нь зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын алганд цус хуралт буюу хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан үйлдэл хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд хооронд үүссэн бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд нь халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ. Үүнээс үзэхэд хамтын амьдралтай төрөл, садангийн хүмүүсийн хооронд үүссэн нэг талын давамгай байдлыг тогтоох зорилго бүхий бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг гэр бүлийн хүчирхийлэлд тооцох бөгөөд дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчилнэ.
Иймээс шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эмээ Ц.Б-ын биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ц.Д-ийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгчийн хувийн байдал, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоох зорилгоор *** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ХХ66-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ63/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 450.000 төгрөгөөр торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан нь тул үүнийг нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн бол...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно. Харин шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 хэсэгт прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хөнгөнөөс нь хүндрүү тогтоох байдлаар системчлэн тогтоожээ. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулах түүнчлэн торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнээс гарах тул өмгөөлөгчийн “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтой Ц-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Ц.Д-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА