Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н-ын Б-д холбогдох 2116000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Б-гийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Говь-Алтай аймаг, *** сумын төв **** баг, ***** тоот өөрийн өмчлөлийн хашаандаа, төрсөн хүү Б.Б“гадуур дэмий тэнэлээ” гэх шалтгаанаар үзүүртэй төмрөөр бие рүү нь нэг удаа хатгаж баруун ташаан толгойн дээд хэсэгт шарх буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокурор  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Н.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Сургуулиа төгсөж ирээд хөл хорионд утсаар тоглоод юм хийхээ болиод, миний үгэнд орохоо больсон. Ээждээ ядаж түлээг нь хагалаад өг гэхээр өөрсдөө хий гээд зан нь хувираад уурлаад байдаг болсон. Ээж нь ч гэсэн шилжилтийн насан дээрээ хүүхэд ингэдэг юм гэж байсан. Тэр өдөр намайг машин янзалж байхад мотоциклийн дугуйгаа хагалаад түрээд ороод ирсэн. Тэгэхээр нь уур хүрээд арчаагүй юм бэ, ажил хийхгүй гээд хэлсэн чинь намайг барьж аваад зодсон. Ээж нь ирээд салгахаар нь төмрийн хог дээр байсан төмөр аваад цохисон. Манай ганц хүүхэд байгаа юм... ” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Б-гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед гэрээсээ гараад ангийн хүүхэд болох О-ийн гэрт нь очиж утсаар тоглоом тоглосон. Тэгээд орой нь 18 цагийн үед гэртээ ирсэн. Тэгсэн чинь аав уурлаад хаагуур яваад ирж байгаа юм бэ мотоциклийн дугуй хагалсан байна. Хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэрт хийх ажил зөндөө байхад дэмий сэлгүүцээд гэж хэлээд загнасан. Тэгээд намайг загнаж босоод ирэхээр нь би уурлаад -гэрт ямар ажил байгаа юм бэ дандаа намайг загнаад байх юмаа гэж хэлээд аавыгаа намайг цохих гэж байгаа юм байна гэж бодоод заамдаж багалзуурдаж авсан. Тэгээд бид хоёр хашаан дотор хэрэлдээд байж байхад гэрээс ээж гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь аав доошоо тонгойгоод нэг урт төмөр аваад над руу дайрсан. Тэгээд би айгаад нүүрээ хамгаалах гээд гараа өргөхөд баруун талын ташааны дээд бөөрний тус хэсэг рүү төмрөөр хүчтэй цохиод авсан. Тэгээд би хойшоо унаад бие маань сонин болоод өвчин мэдрэгдээд босож ирээд гараараа баруун талын бөөрний тус хэсгийг дарж үзэхэд цус гарч байсан” гэх мэдүүлэг /ХХ19-20/,

Гэрч Д.Б-ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “...Тэгээд би очиж салгаад хүүгээ түлхээд чи яахаараа аавыгаа заамдаж байгаа юм бэ гэж хэлээд зогсож байхад манай нөхөр нэг урт төмөр аваад хүүгээ цохиж төмрөө зоогоод авсан юм. Тэгээд манай хүүхэд газарт унаад босоод ирэхэд баруун талын бөөрний хэсгээс цус гоожоод гараараа дараад зогсож байсан” гэх мэдүүлэг /ХХ25-26/,

Гэрч Б.О-ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “...Тэгээд гаднаас орилж хашхирсан дуу чимээ гарсан. Би яасан юу болов оо гэж бодоод гараад гүйгээд яваад очсон. Тэгсэн чинь манай аав хашааны хаалгыг онгойлгох гээд явж байсан, ээж уйлаад “хүүхэд алчихлаа” гээд зогсож байсан. Харин манай дүү Б баруун талын бөөрөө барьж зогсож байсан ба бага зэрэг цус гараад байсан” гэх мэдүүлэг /ХХ28-29/,

Гэрч Б.Д-ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...Тэгээд ЭМТ-д ирэхэд Б жижүүрийн өрөөнд байсан. Тэгээд би баруун талд үзэхэд зүсэгдсэн шарх байсан. Тэгээд би тус шарханд 2 оёдол тавьсан. Хэвлийн баруун талд 2.9 см орчим зүсэгдсэн шархтай байсан ба бага зэрэг цус гарсан” гэх мэдүүлэг /ХХ34-35/,

Гэрч Д.Т-гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:  “...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр *** сумаас баруун талын бөөрний орчимд мэс заслын оёдол тавьсан шархтай хүүхэд ирсэн ба миний бие уг хүүхдийн шархыг ЭХО-д харж үзэхэд уг шархны зах ирмэг орчимд нь эмзэглэлтэй байсан. Үзэхэд нэвтэрсэн шинж тэмдэг огт илрээгүй байсан. Хэвлийн хөндийг нэвтэрсэн шарх бол дотор талдаа шингэн хуралттай харагддаг юм. Энэ хүүхдийн шархны орчимд тийм зүйл огт ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /ХХ50/,

Шинжээч  Т.Алтайбаатарын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай “...1 .Б.Б-н биед хохирол учирсан байна.

 2. Б.Б-н биед баруун ташаан толгойн дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Б.Б-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ХХ41-42/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Говь-Алтай аймаг, *** сумын төв *** баг, **** тоот өөрийн эзэмшлийн хашаандаа, төрсөн хүү Б.Б“гадуур дэмий тэнэлээ” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж улмаар үзүүртэй төмрөөр бие рүү нь нэг удаа хатгаж биед баруун ташаан толгойн дээд хэсэгт шарх буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохисон үйлдлийнхээ улмаас бусдын биед гэмтэл учирч болно гэдгийг мэдсээр байж хор уршгийг хүсэж үйлдсэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг санаатай гэж үзнэ.

Энэ нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  Н.Б-г нь уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун  тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Г” үсгээр холбогдсон 3 тал нь үзүүртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүл, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Н.Б-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар эд мөрийн баримтаар хураагдсан “Г” үсгээр холбогдсон 3 тал нь үзүүртэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА