| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0024/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-06-24 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,
Улсын яллагч Ц.Батзаяа,
Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Н-ийн Г-д холбогдох 2116000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн **** тоотод өөрийн эзэмшлийн LG брендийн Q7 маркийн гар утсаар интернэт орчинд хөзрөөр урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 110.000 төгрөгийн ашиг олсон гэх үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би “***” гэх фейсбүүк хаягаас лайв хийж “Техас покер” тоглуулж 6 хүний 10.000 төгрөгөөр оруулж мөнгийг нь би өөрийнхөө **** тоот хаан банкны дансанд хийлгээд 4 удаа тоглуулж байтал Миний “****” гэх фейсбүүк хаяг хаагдсан...би мөнгө олох зорилгоор фейсбүүк хаягаараа хөзөр тоглуулсан. Би хөзөр тоглуулаад 36.000 орчим төгрөг олсон. Яг нарийн мэдэхгүй байна...би өөрийн “***” гэх фейсбүүк хаягийг ашигладаг...нэг удаа тоглоход 6 хүний бүрэлдэхүүнтэй тоглодог 10.000 төгрөгийн бооцоог миний Хаан банкны *** тоот дансанд хийж суух суудлын тоог захиалдаг. 6 хүн дундаас аль том хөзөртэй нь хожиж 50.000 төгрөг авдаг ба би 10.000 төгрөгийг авдаг...би ганцаараа тоглуулдаг байсан...нэг орохдоо 6 хүн ордог тухайн хүмүүсийг огт танихгүй. Яг хэдэн хүн тоглосныг мэдэхгүй байна...би мөрийтэй тоглоом зохион байгуулснаа хүлээн зөвшөөрч буруутай үйлдэл хийснээ ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ132/,
Гэрч В.Г хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Надад хаан банкны *** дугаарын эзэмшлийн данс байдаг, одоог хүртэл ашиглаж байна... 2021 оны 01 дүгээр сарын 05-нд “***” гэсэн цахим фейсбүүк хаягаас зохион байгуулсан цахим мөрийтэй тоглоомд би оролцсон 30.000 төгрөгийн зарлага гарсан, мөнгө хожоогүй...миний дээрх 30.000 төгрөг алдсан зарлагын 10.000 төгрөгийн 1 удаагийн тоглолтын гүйлгээ байна.Би тухайн тоглоомд 10.000 төгрөгөөр 3 удаа тоглосон санаж байна...Би Н-ийн Г гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн хамаарал байхгүй. Би элэгний хорт хавдар, сахарын шижин өвчинтэй эмийнхээ мөнгийг олчхож болох юм болов уу гэж бодоод л оролцсон юм...” гэсэн мэдүүлэг /ХХ96-97/,
Гэрч С.Б хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Тийм *** энэ миний данс. 2010 оны үед нээлгэж байсан тодорхой санахгүй байна...Тийм ээ би Фейсбүүк дээр явж байсан лайв руу орсон. Хөзрийн мөрийтэй тоглоом байсан. Тэгээд тэр данс руу би 10.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн...азаа үзсэн юм. Тэгээд 10.000 төгрөг хийгээд л алдчихсан. Өөр орлого зарлага гарсан зүйл байхгүй...Тийм хүн танихгүй. Ямар нэг хамаарал байхгүй. Тэр тоглоомд зүгээр азаа үзэх гэж л орсон юм...” гэсэн мэдүүлэг /ХХ99-100/,
Гэрч Ц.Г хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...*** миний эзэмшлийн данс. Улаанбаатар хотод орж ирснээс хойш эзэмшиж байгаа...олон нийтийн Фейсбүүк сүлжээгээр 10.000 төгрөгийг хийгээд 50.000 төгрөг хожоорой гэсэн утга бүхий лайв явж байсан. Тухайн үед би сонирхоод орсон юм...Би тухайн үед ямар фейсбүүкээс зохион байгуулж байгааг хараагүй. Би огт ашиг олоогүй 2 удаа тоглож алдсан байгаа Н*ийн Г гэх хүнийг би огт танихгүй...” гэх мэдүүлэг /ХХ103-104/,
Гэрч Ц.М хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Хаан банкны *** дугаарын дансыг эзэмшдэг энэ дансыг жилийн өмнөөс эхлэн эзэмшиж эхэлсэн...Азаа үз гээд “***” гэх фейсбүүк хаягаас чат бичээд байхаар нь 7 модны покер гэх тоглоомыг *** гэх хаан банкны данс руу 10.000 төгрөг шилжүүлээд нэг удаа тоглож үзсэн... “***” гэх фейсбүүк хаягаас зохион байгуулсан мөрийтэй тоглоомд 1 удаа тоглож 10.000 төгрөгөө алдсан ашиг олоогүй...” гэх мэдүүлэг /ХХ116-117/,
Шүүгдэгч Н.Г “***" гэх фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ11-15/, Н.Г-ын эзэмшлийн *** дугаартай “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /ХХ153-157/, Н.Г-ын эзэмшлийн “ХААН” банкны *** дугаартай дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /ХХ18-19/, ахлах мөрдөгчийн магадалгаа /ХХ20- 21/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** багийн **** тоотод өөрийн эзэмшлийн LG брендийн Q7 маркийн гар утсаар “***" гэх фейсбүүк хаягны шууд дамжуулах хэрэгслийг/live/ ашиглан хөзрөөр “texac poker” гэх нэртэй тоглоомыг бусдаар мөрий бооцоо тавиулан тоглуулж нийт 110.000 төгрөгийн ашиг олсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ
Шүүгдэгчийн үйлдэл нь мэдээллийн технологи буюу интернэт орчин дахь фэйсбүүк олон нийтийн сүлжээний шууд дамжуулах хэрэгслийг /live/ ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохин байгуулах” гэмт хэргийн “...мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч Н.Г-ын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг орлого болох 110.000 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Н-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Н.Г-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА