Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Ц.Батзаяа,

Шүүгдэгч М.Д түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт М-ийн Д-д холбогдох 201600010067 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.Д нь Говь-Алтай аймгийн *** сумын **** багийн нутаг дэвсгэрт **** гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны орой амь хохирогч Н.Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан, мансуурсан, өөрийн биеэ авч чадахааргүй, биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж холбогдох этгээдэд мэдэгдээгүй, өвлийн хүйтэнд хөдөө хээр орхиж явсан, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч осгож нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч М.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Д.Б эгч гараас нь бариад гарсан...Гэрт нь хүргээд өг гэсэн. Талийгаач гэртээ очихгүй дээр бууя гэсэн. Гэртээ очмооргүй байна гэж хэлсэн...архи уумаар байна гэхээр нь тэнд хүргэж өгчхөөд явсан... Би архинд явсан, нэг дэлгүүрээс архи авсан...архинаас хоёр балгачхаад яваад өгсөн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутын үед манай талийгаач эхнэр Д нь ажилдаа оччихоод эргээд ирье гээд явсан бөгөөд би хүүхдүүдийн хамт гэртээ үлдсэн юм. Тэгээд тухайн өдрийн 11 цагийн үед Х-ын машиныг засах гээд Х-ын гэр лүү явсан юм. Тэндээ машин зассаар байгаад 19 цагийн гэртээ ирэхэд манай хүүхдүүд бүгд гэртээ байсан ба манай эхнэр гэртээ ирээгүй байсан ба хүүхдүүдээсээ эхнэрээ асуухад дунд охин Төгсжаргал ээж ажлынхаа өрөөнд тасраад унтчихсан байсан гэж хэлсэн юм. Тэгээд би дунд охин Т-ын хамт талийгаач эхнэрийнхээ ажил руу буюу сумын соёлын төв рүү явсан. Тэнд очоод Т талийгаачийн өрөө рүү орсон бөгөөд би ажныхаа гадаа хүлээгээд үлдсэн юм. Удалгүй Т гарч ирээд ээж өрөөндөө унтаж байна би өрөөний хаалгыг гаднаас нь түгжчихээд ирлээ, мөн зургийг нь дарчихлаа гэж хэлэхээр нь за жаахан байж байгаад буцаж ирээд авъя гээд бид хоёр гэрлүү гээ харьсан юм. гэрт очиход 20 цаг болж байсан бөгөөд бидний араас удалгүй Б ирээд манай том охины хуучин нэр болох Д гээд дуудсан бөгөөд манай том охин Б гэрээс гарахад ээжийг чинь дарга гаргаад явуулсан гэнэ тосож аваарай гэж хэлүүллээ гэж хэлээд явсан. Тэгээд би мотоциклоороо тосох гэж явсан ба ажил дээр нь очиход байгаагүй, мөн ойр хавийн гудмаар нь талийгаачийг хайсан боловч ололгүй гэртээ ирсэн. Намайг гэрт ирсэн байхад том охин Б-гийн гар утас руу Б залгаад М-ийн дэлгүүр лүү ээж чинь орж байна ирээд ав гэж хэлэхээр нь би дахиад М-ийн дэлгүүр лүү мотоциклоороо очиход М-ийн дэлгүүрийн гэрэл нь унтарсан, хаалттай байхаар нь хайгаад соёлын төвийн урд хойгуур тойрч явж байгаад буцаад гэртээ хариад худаг дээрээс ус аваад гэртээ ирэхэд 22 цаг өнгөрч байсан бөгөөд би хүүхдүүдийн хамт телевизээр “Дайчин гүнж" гэх кино үзчихээд унтаж амарсан юм. тэгээд маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед би дахин талийгаачийг хайхаар явсан бөгөөд гэр хорооллын урд дэнж дээр гараад дэлгүүрүүд рүү орж байгаа хүмүүсийг ажиглаад хэсэг зогсож байгаад урагшаа М-ийнд очсон юм. М-нд очиход М унтаж байсан бөгөөд идээ амсчхаад гарч яваад гэртээ шууд ирсэн юм. Би талийгаачийг айлаар хоносон байх гэж бодсон юм. Тухайн өдөр дахиж хайгаагүй бөгөөд гэрээсээ гаралгүй өнжсөн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед манай хажуу айлын Д гэгч манайд орж ирээд намайг гараад ир уулзъя гэхээр нь гэрээс гараад Д эгчтэй уулзахад *** наана нэг хүн байна. Танай хүн мөн шиг байна гэх хэлэхээр нь би хүргэн дүү Э-г очоод үзээдэх гэж явуулсан бөгөөд Э буцаж ирээд цагдаа очоод хамгаалалт авсан, оруулсангүй, үзэж чадсангүй гэж хэлсэн юм...ямар нэгэн хууч өвчин гэх зүйл байгаагүй. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй.,.2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс өдөр болгон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм... 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Цагдаагийн газарт гаргасан “...М.Д-нь эхнэр Н.Д-ийн нас барсан хэрэгт холбогдсон. Уг хэрэгт холбогдсон М.Д-ээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг, /1ХХ108-110, 2ХХ147/,

Гэрч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай төрсөн дүү Б 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай гэрт орж ирж ***** дээр эмэгтэй, тарган саарал куртиктэй эмэгтэй хүн байна гэж хэлсэн. Тэгээд би Б -ийн гэрт нь ороод Б-г гэрээс нь гаргаж Б-д **** дээр саарал куртиктэй, махлагдуу эмэгтэй хүн байна гэнээ гэж хэлсэн...Б бид 2 төрсөн эгч дүү хоёрын хүүхэд, талийгаач манай бэр болдог юм...” гэх мэдүүлэг, /1ХХ145-146/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 50 минутад над руу манай сумын дэлхийн зөнгийн ажилтан Д.Д над руу залгаад *** ард нэг хүний гэдэс нь гарсан хэвтэж байна цагдаад хэд гэхээр нь би төлөөлөгч М**луу залгаж хэлсэн бөгөөд Б уулзаадах гэхээр нь Цагдаагийн кобон дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Д-с яг хаана байгаа талаар асуухад *** ард гэж хэлэхээр нь би мотоциклоороо хийморийн овоон дээр гараад цааш нь хадны наана хүртэл алхаж очиж харахад танигдахгүй байхаар нь буцаад цагдаагийн кобон дээр ирж хэсгийн цагдаа Б-д мэдэгдсэн...би ойртож хараагүй. Гэхдээ ямар ч хөдөлгөөнгүй байсан ба гэдэс нь ил гарсан байсан...” гэх мэдүүлэг,/1ХХ143-144/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 20 минутад ажил руу явсан бөгөөд өдөр 15 цагийн үед гэртээ ирээд нөхөртэйгөө хамт байсан юм. Тэгээд орой 19 цаг өнгөрч байх үед Д манай гэрт 0,5 литрийн Ерөөл архи, ундаа, гялгар ууттай алим барьж ирсэн. Тухайн үед манайд би, манай бага хүү, нөхөр бид 3 байсан юм. Тэгээд Д авч ирсэн архиа задлаад манай нөхөрт аягалаад өгсөн. Тэрийг нь манай нөхөр уучхаад аягаа өгөхөд Д тэр аягаар дүүрэн хийгээд өөрөө уусан юм. Тэгээд байж байтал манайд том хүү Б, Д буюу Д, Б нарын хамт ирсэн. Тэгэхээр нь би хэн нь мотоциклтой явж байгаа юм гэхэд Д би мотоциклтой явж байна гэхээр нь би алив энийг гэрт нь хүргээд өг тасарчихлаа гэхэд Д нь за тэгье багш гэртээ харь гэсэн бөгөөд Д бид хоёр манай гэрээс Д-г дагуулаад гарсан юм. Манай гэрээс гараад Д-ийн араар нь мотоцикл дээр нь суулгаад гэр лүү нь явуулсан юм. Харин удалгүй Д буцаж ирээд гэрийнхэн гадаа арай хийж буулгасан гэж хэлсэн. Тэгээд манайхаас Д, Б, манай том хүү Б нар хөдөө явна гээд гараад явсан...манайд Д ирэхдээ архи уусан согтуу ирсэн бөгөөд авч ирсэн архинаасаа нэг бүтэн аягыг нэмж уусан...Д нь мотоцикл унах чадвартай байсан...” гэх мэдүүлэг, /1ХХ126-129/,

 

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 цаг өнгөрч байх үед М.Д буюу Д-г хөдөөнөөс ирсэн байна гэж дуулаад гэрт нь очиход Д ирчихсэн байсан. О бас ирсэн байсан. Тэгээд бид гурав Д-ийн авсан 2 шил архийг хувааж уугаад сууж байтал Д буюу С.Д ирсэн. Тухайн үед Д  бид хоёр хөдөө төгрөгийн эхэнд орхисон мотоциклоо авахаар ярилцаж тохирсон байсан тул Д  бид хоёр манай гэрт очиж би хөдөө явах хувцас өмсөхөөр очсон юм. Тэгтэл гэрт талийгаач Д  эгч ирчихсэн аав, ээжтэй юм яриад сууж байсан. Тэгтэл аав, ээж хоёр талийгаачийг гэрт нь хүргээд өг гэж Д  хэлээд Д  мотоциклийн араараа суулгаад явсан. Удалгүй Д  буцаж ирээд талийгаачийг гэрт нь хүргээд өгчихлөө гээд ирсэн...Талийгаач яах гэж манайд ирснийг мэдэхгүй байна. Талийгаач нэлээн согтуу байсан ба аав, ээж Д  гэрт нь хүргээд өг гээд араар нь суулгаад явуулсан. Д  ирэхдээ гэрт нь хүргээд өгчихлөө гээд ирсэн юм...” гэх мэдүүлэг/1ХХ135-138/,

 

Гэрч Ш.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ очоод ажлаа хийгээд байж байтал манай жижүүрт гарч байсан хүмүүс *** шил дээр эмэгтэй хүн нас барсан дуудлагад яваад ирсэн байдалтай байсан ба моргоо бэлдэх юм байна гэж ярилцаж байхаар нь гэртээ хариад өөрийн эгч Д-д энэ тухай хэлсэн юм. Харин Д  эгч Б хэлсэн байх...” гэх мэдүүлэг, /1ХХ153-154/,

 

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн ** сум руу ажлаар явсан бөгөөд өглөө 08 цагийн үед аймгаас гарч явсан. Тэгээд замаараа *** сум орж хүүхдүүдээ ээж дээр үлдээх гээд *** сум руу явсан юм. тэгээд *** суманд 11 цагийн үед очоод ээжийндээ очиж хоол идчихээд *** сумын “** ***” дээр зураг авах гэж гарсан бөгөөд тэндээс сумын гэрэл зургийг авчхаад явах гэтэл **** цаана хадны ёроолд гэдэс нь ил гарсан хүн байхаар нь сумын цагдаагийн кабон дээр хэлэхээр очиход хүн байхгүй байх шиг байхаар нь сумын засаг даргын орлогч Э*н *** гэсэн дугаар луу 11 цаг 50 минутын үед залгаж *** ард нэг хүний гэдэс нь гарсан хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд сумын урд хонхор оччихоод буцаад цагдаагийн кабон дээр ирэхэд Э** мотоцикл унаад цагдаагийн кобон дээр ирсэн байхаар нь Э*д зааж өгөх гээд *** дээр гарч Э*** тухайн хүнийг үзүүлсэн...би анх хараад таниагүй мах шөлтэй эмэгтэй хүн шиг харагдсан...” гэх мэдүүлэг, /1ХХ159-160/,

 

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Биднийг Д ахын гэрт очиход Н.Д нь архи уусан согтуу байсан ба Д ахын эхнэр Б эгч М.Д Н.Д-г гэрт нь хүргээд өг гэж хэлээд Д, Б нар нь Д-г 2 талаас нь хөтлөөд дагуулан гэрээс гарсан. Харин Б нь Д-г Д-ийн араар нь суулгаад гэр рүү нь явуулчихлаа гээд эргээд ороод ирсэн. Удалгүй ойролцоогоор 20-30 минутын дараа М.Д нь ирээд Д-г гэрт нь хүргээд өгчихлөө гээд ирсэн юм...Д, Б нар нь талийгаачийг 2 талаас нь хөтлөөд аваад гарсан. Тэгэхэд талийгаач хөл дээрээ муухан явж байсан юм...” гэх мэдүүлэг, /1ХХ171/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай Н.Д-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний “...Талийгаачийн биед дух, хэвлийн урд хэсэг, ууц, өгзөг, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Уг цус хуралт зулгаралт гэмтлүүд нь нас бархад нөлөөлөөгүй...Талийгаач нь нам температурын үйлчлэлийн улмаас осгож нас барсан байна...шинжилгээгээр талийгаач нь элэгний өөхлөлт өвчтэй байна...талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна...Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...Үтрээнээс авсан арчдас болон наалдцад эр бэлгийн эс илэрсэн...уг эр бэлэг эсийн бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /1ХХ181-186/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.М-ын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай мөр судлалын шинжилгээ буюу Н.Д нас барсан хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан гутлын улны мөрийн М.Д-ийн өмсөж явсан гэх гутлын улны мөртэй харьцуулан шинжилгээ хийсэн шинжээчийн “...хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь эд мөрийн баримтаар хураан авсан сэжигтэн М.Д-ийн зүүн хөлний гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /1ХХ195- 199/,

М.Д-ийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...М.Д нь *** сумын ***** тоотод байрлах иргэн Б.Д-ын хашааны үүднээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны орой талийгаач Н.Д-г мотоциклынхоо ардуур суулган авч явсан гэх ба уг газраас Д-р явсан замыг нь заалгуулан явахад чанх урагш 100 метр явж *** сумын 12 жилийн дунд сургуулийн дотуур байрны урд талаар ертөнцийн зүгээр баруун тийш эргэн сумын төвөөс гарч **** гэх нэртэй толгойн орой хэсэгт суварга мэт цагаан өнгийн хөшөө барьсан толгойны урд хэсгээр зүүнээсээ чанх баруун хойш ороож явсан шороон замаар 1 км зайтай яваад **** гэх нэртэй жижиг толгойн орой хэсэг дээр чулуу болон хадаг яндгаар овоо босгосон толгойн баруун хойд хэсгийн хадан толгойны шил дээр байрлах хадны баруун хэсэгт Н.Д-г авч ирж бэлгийн харьцаанд ороод орхиж явсан гэж мэдүүллээ. Иргэн М.Д-ын хашааны үүднээс талийгаач Н.Д-г нас барсан байдалтай анх олсон гэх газар хүртэл 1 км зайтай байлаа. Уг *** гэх талийгаачийг анх олсон гэх газраас ****сумын төв чанх зүүн урд зүгт харагдаж байлаа. Уг газрын ойр орчмын хөрс нь хатуурхаг нилэнхүйдээ хад чулуугаар хүрээлэгдсэн чулуурхаг газар байв...” гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт,/2ХХ36-39/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1ХХ 12-16/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1ХХ 19-26/,

Говь-Алтай аймаг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний 103 дугаартай “...Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутгаар 2019 оны 12 дугаар сарын 20-22-нд ажиглалтын 08, 14, 20 цагийн мэдээгээр цаг агаарын үзэгдэлгүй, салхины хурд 1-3 м/сек, өрөвхийллийн их хурд 3-5 м/сек, үүлний хэмжээ 0-10 балл, агаарын хамгийн дулаан нь 22-ны өдрийн 20 цагт -9.2 °С, агаарын хамгийн хүйтэн нь 20-ны өдрийн 08 цагт -22.8 °С, цасны зузаан 1 см хэмжээтэй байсан...” гэх албан бичиг /1ХХ 96/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч М.Д нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны орой амь хохирогч Н.Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ авч чадахгүй, өөртөө тусламж үзүүлэх, бололцоогүйг мэдсээр байж хасах градусын температур бүхий гадна орчинд, бусдаас тусламж хүсэх, бусдын туслалцаа авах боломжгүй суурин газраас хол зайд буюу Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн нутаг дэвсгэрт ****гэх газар орхиж явсны улмаас амь хохирогч осгож нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Д-ийн үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан, аюултай нөхцөл байдал үүссэн эсхүл тийм нөхцөл байдал бүхий орчинд амь хохирогчийг хүнд зэргийн согтолтоос шалтгаалан  бусдаас тусламж авах, өөртөө тусламж үзүүлэх, биеэ авч явах чадвараа илтэд алдсан гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан атлаа зохих тусламж үзүүлээгүйн улмаас амь нас нь хохирсноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн “...харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүйн улмаас...хохирогч нас барсан...” шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Шүүгдэгч өвлийн улиралд хасах градустай хүйтэн нөхцөлд хүнд согтолтой хүнийг гэрт нь хүргэж өгөх үүргийг хүлээн авч явсан мөртлөө олны хөлөөс хол зайдуу газар биеэ авч явах болон бусдаас тусламж авах бодит бололцоогүй гэдгийг мэдсээр байж орхин явсны улмаас хүний амь нас хохирсон нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж үзэх үндэслэл болсон болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч М.Д-д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор М.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2ХХ193/, Говь-Алтай аймгийн ****сумын **** багийн Засаг даргын тодорхойлолт /2ХХ187/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллого /2ХХ189-192 зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Д-нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн,  хохирогч хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна...” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Д-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас түүнийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Д-ийн эзэмшлийн “мустанг-150” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгон, мотоциклийг шүүгдэгч М.Д-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт М-ийн Д-г 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 заасныг баримтлан шүүгдэгч М.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Д-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн чөлөөлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Д-ийн эзэмшлийн “мустанг-150” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгон, мотоциклийг шүүгдэгч М.Д-д буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА