Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Ц.Батзаяа,

Иргэний нэхэмжлэгч Ч.О

Хохирогч Ч.Б

Шүүгдэгч Г.Бтүүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.И түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-ын Б, А овогт Д-ийн И-д холбогдох 2016001780060 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Г-ын Б нь хохирогч Ц.Э“машиныг авъя, 3 хоногийн дараа мөнгийг нь өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6,000,000 төгрөгийн үнэтэй хөх өнгөтэй, **** улсын дугаартай, “тоёота харрер” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч хохирогч Ц.Э-т 6.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Шүүгдэгч Г-ын Б, шүүгдэгч Д-ын И-той бүлэглэн хохирогч Б.Э-г “машины бичиг баримтыг өөрийнхөө нэр шилжүүлээд, зээл аваад машины мөнгийг 3 хоногийн дотор өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөлөг өнгөтэй, **** улсын дугаартай, “ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч хохирогч Б.Э-д 6.000.000 төгрөгийн хохирол учруулан залилан улмаар тэр өдрөө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багт “****” нэртэй ломбардын үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.О-ээс 384,000 төгрөгийн хүүтэй, 3,200,000 төгрөг аваад “ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч Ч.О-т 3,584,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Г-ын Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын иргэн хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Прадо-95 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 13 сая төгрөгөөр бодож авья, 3 хувааж буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 6 сая төгрөгийг хоорондоо тохиролцож, 14.000.000 сая төгрөгийн үнэ бүхий саарал өнгөтэй*** улсын дугаартай Тоёота Прадо-95 маркийн тээврийн хэрэгслийг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, авч хохирогч Ч.Б-д 14.000.000 төгрөгийн хохирол залилан улмаар тэр өдрөө иргэн Б.Ч-т 5.500.000 төгрөгөөр зарж иргэний нэхэмжлэгч Б.Ч-т 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн “...Өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож, хохирлоо төлөх хүсэлтэй байгаа тул мэдүүлэг өгөхгүй... Сайн танихгүй, Насан туршийн боловсролын газар ажилладаг. Сургалтын төвөөр нэг удаа уулзсан... Ц.Э гэдэг хүний машин тухайн үед эвдрэлтэй, унаад явах боломжгүй байсан. Тухайн үед авахдаа 3.000.000 төгрөгөөр авсан. Зах зээлийн үнэлгээ нь тухайн үед тийм байсан... Тэрийг хамгийн гол тавьсан шалтгаан нь засвар үйлчилгээ хийлгэхээр тохирсон байсан. Кропноос нь тос гарсан байсан. Заавал тос нэмж байж тодорхой хэмжээнд хөдөлж явахаар байсан...О гэдэг хүнтэй зээлийн барьцааны гэрээ хийгээгүй. Би тэр машиныг барьцаанд тавиагүй. Ч.О гэдэг хүн манай гэрийн гадаа нөхөртэйгөө ирчхээд чи одоо мөнгөө олж өг шахаад байдаг. Цагдаагийн газар очсон. Шүүх дээр очсон...Тухайн үед өвлийн цаг, нялх хүүхэдтэй байсан “экс трайл” маркийн машиныг авах гэсэн боловч болоогүй...би энэ нөхцөл өөрийн гэм буруутай үйлдлээ маш сайн ойлгож байна...Би төлж барагдуулахаа илэрхийлсэн...Гэрчийн мэдүүлэг өгсний дараа Лхагвадорж гэдэг байцаагч, Ц.Э гэдэг хүмүүс намайг дуудаад очсон чинь машинаа авч явсан...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч Д.И-ын шүүх хуралдаанд өгсөн “...Б.Э гэдэг “ниссан экс трайл” маркийн машиныг бид хоёр сонирхож үзсэн. Үзэхэд манай аавын нэр дээр байдаг машин гэсэн. Машинд нь суугаад үзэхэд боломжийн байсан. *** сумд манай аавынх байдаг учраас байнгын тийшээ явна гэсэн төлөвлөгөөтэй тухайн машиныг авсан. Тухайн машиныг авахдаа Т гэдэг хүнд энэ машиныг авахдаа бэлэн мөнгийг нь өгч чадахгүй, зээл хөөцөлдөж байгаа эд хөрөнгийн барьцаа болгоод танай машиныг авч болох уу гэхэд болно эхнэртэйгээ ярилцаад эргээд хариу өгье гэсэн. Тэгээд эргээд над руу 2 цаг өнгөрч байхад яриад машинаа бид нар өгөхөөр шийдлээ. Манай эхнэр танай гэрийг очиж үзэх хэрэгтэй байна гээд манай гэрт ирсэн. Манайх тэр үед *** тоотод байдаг байсан орж ирээд за болж байна гэрийг чинь мэдээд авлаа та хоёр их таалагдаж байна машинаа өгье авах хүн ирээд авч байгаа юм байлгүй аавынхаа машиныг өгье гэж хэлээд өгсөн. Нотариат дээр очоод итгэмжлэл хийлгээд өгье гэсэн боловч аавынх нь нэр дээр байдаг учир бид хоёрт итгэмжлэл хийж өгөөгүй. Та аавыгаа дуудчих тухайн үед бид хоёр шийдээд авъя гэтэл очоод М ахыг гуйгаад үзье гэсэн. М гэдэг хүнийг таньдаг байсан эсэхийг би мэдэхгүй байна.  М гэдэг хүнийг гуйгаад манай аавын нэр дээр байдаг юм гээд миний нэр дээр шилжүүлж өгсөн. Машин авсан өдрөө бид хоёр А гэдэг хүн дээр очоод хэрэглээний зээл авах гэсэн юм гэхэд чи зээл авах боломжгүй лизинг авч болох юм байна гэсэн. Одоо энэ машинаа буцаагаад өгье гэхэд манай нөхөр энэ машиныг төлбөрийг нь би өөрөө төлье хоёулаа ломбардад тавья гэсэн. Тэгээд **** гэдэг ломбардад тавьсан. Манай нөхөртэй ярилцаад 3.000.000 төгрөгт тавьсан. Тэрнээс өмнө миний ээмэг, бөгж, телевиз гэх мэт зүйлүүд тухайн ломбардад байсан. Тэр машиныг тавиад хүүг нь энэ мөнгөнөөс суутгаж авна гээд мэдүүлэгт өгсөн бэлнээр өгсөн 600.000 төгрөг гэдгийг хүүд нь суутгаж авсан. Тухайн мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг нь Б.Э эгч рүү шилжүүлсэн...7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэсэн боловч зээл маань бүтэхгүй болчихлоо ахаараа зээл авхуулж өгч болох уу гэхэд би машинаа авъя гэсэн тэгэхээр би машиныг чинь өгье гэсэн чинь **** сум руу манай гэр рүү яриад танай хүүхэд чинь залилан хийлгээ гээд манай ээж санаа зовоод ирсэн. Хүний машины мөнгө өгч чадахгүй байж буцааж өг гэсэн ээжид ломбардад тавьсан гэж хэлээгүй байж байхад манай нөхөр аваад ирсэн...Би хүүхэдтэй тархины даралттай учраас аавын руугаа унаж явах гэж авсан... Би зээлээ өөрийн нэр дээр хөөцөлдөж байсан... Би төв Хаан банкны Зулаа гэдэг хүнтэй уулзсан. Би цалингийн зээл авъя гэхэд цалингийн зээл чинь болохгүй юм байна. Манайд өөр хэрэглээний зээл байдаг гэсэн... Төв Хаан банк дээр уулзсан... Уулзсан, М гэдэг хүнтэй уулзаад шалгуулсан чинь энэ төв Хаан банк дээр өгөхгүй байгаа. Зээл авахаар бол А дээр оч гэсэн. Би эхлээд М гэдэг хүнтэй уулзаж мэдээллээ авчхаад машинаа авсны дараа А гэдэг хүн дээр очсон... Нөхөртөө машинаа буцаагаад өгье гэсэн чинь би машины мөнгийг гаргах өөр арга олсон би машины мөнгийг нь төлье. Заавал зээл гээд яахав ах, эгч нараас аваад болгоё гэсэн. Э эгчид 1.000.000 төгрөгийг нь тэр оройноо өг гэсэн байсан учраас барьцаанд тавиад өгсөн... Хугацаа заагаагүй... Аман гэрээ байсан учраас 7 хоногтоо зээл бүтэх юм бол өгнө. Зээлээ бүтээгээд өгнө гэдгийг Э  гэдэг эгч, Т  гэдэг ах хоёрт хэлсэн... 7 хоног өнгөрөөд зээл бүтэхээ больсон ах, эгч нараасаа аваад өгөх боломжтой байна гэж хэлэхэд за болилоо би машинаа авахаар шийдлээ гэж хэлсэн. Тэгээд би за тэгвэл машиныг чинь өгье гэж хэлээд удаагүй байж байхад манай ээж, хамаатан садан руу ярьсан байсан. Тэгээд ээж ирээд машиныг нь өг гээд өгсөн...7 хоногт зээлээ хөөцөлдөөд гаргаад өгье, болохгүй бол нааш цааш ярина гэдгийг тухайн үед аман яриагаар яриад машинд нь суугаад явж байсан...7 хоног болоод мөнгийг нь өгч чадахгүй болоод танай машиныг ломбардад тавьсан. Ах, эгч нараасаа мөнгийг нь аваад өгье гэхэд би машинаа авъя гэсэн...Болсон, машиныг очиж үзээд таалагдаж байна. Бэлэн мөнгө байхгүй байна зээл хөөцөлдсөн чинь барьцаа хэрэгтэй байна болох уу гэж нөхрөөс нь асуухад би эхнэртэйгээ ярилцаж үзээд хариу хэлье гэсэн. Тэгээд 2 өнгөрч байхад залгаж орж ирээд манай эхнэр өнөөдөр нисэх гээд байна. Бид хоёр машинаа чамд өгөхөөр шийдлээ. Гэр орныг чинь үзэж харья, хаана байдгийг чинь мэдэж авъя гээд ирэхэд нь эхнэрт нь зээл бүтээгээд өгнө шүү гэж та зөвөөр ойлгоорой гэсэн чинь нөхрөөсөө бүгдийг сонссон ойлгосон гэсэн...М  гэдэг хүн дээр очиход болно гээд шилжүүлж өгсөн...Авахдаа мөнгө төлөөгүй, тухайн өдөр Т  гэдэг ах 1.000.000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн...Энэ машиныг яагаад аваад ирсэн юм. Хэнээс мөнгийг нь авч өгсөн юм гэхэд Ч.О эгч бид хоёр тохиролцсон гэж хэлсэн...2.258.000 төгрөг дансаар шилжүүлсэн, үлдэгдэл Ч.О эгчийн мэдүүлэгт өгсөн байгаа зургаан зуун хэдэн мянган төгрөг бол өмнө нь тавьсан ээмэг, бөгжний хүү гэж авсан...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ч.Б-ын шүүх хуралдаанд өгсөн “...Би 1 сарын 22-нд фасэ дээр прадо 95 маркийн машин зарна гэж зар тавьсан. Тэр өдөр Г.Б гэдэг хүн авъя гэж хэлсэн. Машин унаад ороход авахгүй бол яах юм гэсэн авна, таалагдахгүй бол хоёр талын бензинийг чинь хийж өгье гэсэн. Тэгээд би итгээд Г.Б-д машинаа зарахаар болоод аймаг дээр орж ирсэн. 1 дэх өдөр 25-ны өдөр нотариат дээр гэрээ байгуулж машинаа гардуулж өгсөн. Тэр өдрөө надад бэлэн мөнгөний хэрэг болоод байна 200.000 төгрөг өгчих гэхэд 2.000.000 төгрөгийг чинь дансаар хийе гэхээр нь дансаа өгөөд 200.000 төгрөг бэлнээр авсан. Унаа гарах гээд байсан тул би дансаа шалгалгүй Алтай сум руу гараад явсан. ***сум дээр очоод аав хөдөөнөөс ирж аваад хөдөө очоод цагаан сар өнгөрөөд 17-ны үеэр Г.Б рүү яриад 2.000.000 төгрөг чинь ороогүй байна. Мөн 5.000.000 төгрөг чинь ороогүй байна гэхэд би 2.000.000 төгрөгийг чинь хийсэн байгаа. 5.000.000 төгрөгийг чинь хийж амжаагүй би хөдөө цагаалсан. Би 27-ны өдөр бүх мөнгийг чинь төлж барагдуулна чи 27-нд ороод ирэх үү гэхээр нь би итгээд 27-ны оройхон ирээд айлд байж байсан чинь Г.Б залгаж орж ирээд чи ирсэн юм уу гэхэд ирсэн байна маргааш өглөө мөнгө төгрөгөө авъя гэсэн чинь Г.Б за тэгье гэсэн өглөө 4,5 цагийн үед хоёр гурав залгасан байсан. Тэгээд би 7 цагийн үед залгасан чинь манай хамаатны хүний бие муудаад өнгөрчихсөн би хөдөө ирсэн байна наанаа байж өдөр мөнгийг чинь гардуулаад өгнө гэсэн. Тэгээд би Г.Б-ийг хүлээгээд өдөр залгахад утсаа авахгүй байж байгаад эргэж залгаад би завгүй байна чи маргааш болж болохгүй юм уу гэсэн. Маргааш нь Г.Б рүү залгасан утсаа авахгүй болохоор нь ахынд нь очсон чинь ах нь гарч ирээд Г.Б-ийн хамаатны ах нь нас барсан хоёр, гурван хоног ирж чадахгүй гэсэн гэхээр нь юу яриад байгаа юм. Өнөөдөр мөнгөө хийнэ гэсэн гэхэд наадах чинь утас нь холбогдохгүй байна гэсэн. Тэгээд би эхнэр нь хайчсан юм гэхэд эхнэр нь ажилдаа явсан юм байлгүй би хүүхдийг нь хараад байж байна гэсэн. Би тэндээс гараад Г.Б рүү залгасаар байгаад утсаа авсан. Мөнгө хурдан өгөөч гэсэн жоохон ажилтай байна очих боломж алга байна гэсэн. Тэгээд би 27-ноос хойш хүлээж 5 хоносон. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй болохоор нутагтай оччихоод аймаг орж ирээд залгасан чинь чиний машиныг унаад *** мал хариулаад явж байна гэсэн. Тэгээд мөнгө яах гээд байна гэсэн чинь чи адуу оролцуулаад авчих юм уу гэхээр нь за тэгье зургийг нь явуулъя гээд тэрнээс хойш таг болсон... Миний машин журмын хашаанд байгаа. Намайг хөдөө байж байхад тээврийн товчооноос яриад нэг хүн машиныг чинь шилжүүлэх гээд хүн ирсэн, шилжүүлж өгөх үү гээд ярьсан. Наад машиныг чинь шилжүүлэхгүй би залилуулаад алдсан машин хайгаад олдохгүй байгаа машин гэсэн. Тэгээд манай аав сүлжээ дээр гарсан Ч гэдэг ах залгаад орж ирсэн. Ахаа энэ машиныг шилжүүлэх гэсэн юм гээд залгасан байсан. *** уурхайд байна та машинаа ирээд авсан дээр гэж ярьсан байсан. Тэгээд бид хоёр замдаа явж байгаад сүлжээнд гарч ирээд тэр хүн рүү ярьсан чинь эхнэр нь та аймаг руу яваад орж бай машиныг чинь манай хүн унаад аймаг орсон дээр гээд ярьсан. Бид хоёр шууд аймаг орж ирсэн...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Г.Б, Д.И нар нь манай ломбардаар хаяа ирж үйлчлүүлдэг байсан. Тэгээд явж байхдаа хүүхдээ тэврээд бид хоёр *** байр авах гэж байгаад өрөнд орчихсон юм. Шөнө гэрт хүн мөнгөө нэхээд суугаад гардаггүй хүүхэд ханиадтай уйлаад байхад хэцүү байна гээд зурагтаа хүртэл тэврээд ирсэн. Би эхнэрт нь илүү итгэсэн. Хүүхдээ тэврээд бид хоёр байрны урьдчилгаанд хүнээс мөнгө зээлээд өгсөн ингэж байгаад дарчихвал өөр өр байхгүй болчих байх гээд би залуу хүмүүс ажил хийж байгаад болчих байх гэж бодоод хүүхдээ тэврээд эмэгтэй хүн худлаа хэлэхгүй байх гэж бодсон. Тэр машин тавьдаг өдрөө хүүхэдтэйгээ бүгдээрээ ирээд өмнө нь зээлтэй байсан. Телевиз, мөнгөн даруулга, монет энэ тэр тавьсан байсан. Эгчээ бид хоёр машинаа тавья мөнгө хэрэгтэй байна өмнөх зээлээсээ хасъя гэсэн. Машиныг 3.200.000 төгрөг тавиад хоёр сая хэдэн зуун мянган төгрөг дансаар аваад үлдсэн мөнгөнд нь телевиз, мөнгөн эдлэл буцааж авсан. Зарим зүйлээ сунгуулаад аваад тэр нь 600.000 хэдэн мянга болоод хоёр сая хэдэн зуун мянган төгрөг өгсөн. Нөхөр нь орой ирж гуйгаад манай хадмууд ирсэн хүн ирээд мөнгө нэхээд болдоггүй гэсэн. Зарна гэдгээ хэлж байсан. Энэ машиныг зарах гэж байгаа хүн ирээд асуух юм бол хэлж байгаарай гэж хэлсэн. Тэгээд орой болсон хойно ирээд **** руу хүн авахаар болчихлоо надад итгээд өгөөд явуулаач гээд нөхөр нь ирсэн. Тэгэхээр нь итгээд машиныг чинь өгье бушуу зараад мөнгөө өгүүл хэрэгтэй юм уу гэж бодоод ямар нэгэн өөр барьцаа өг гэхэд манай ахын машин байгаа юм ахаасаа гуйсан гээд манай доор машинаа тавьчихаар нь нааш нь камерт ойрхон тавь гэсэн чинь зүгээр энд тавья гэсэн. Тэгээд намайг яг гарахад жолооч нь буугаад явсан. Тэр хүнээ дууд гэхэд зүгээрээ манай ахын машин надад итгэж байгаа гээд гуйгаад байхаар нь тэр машиныг нь “экс трайл”  машины оронд аваад “экс трайл”-ыг нь өгөөд явуулсан. Тэр оройноо шууд аваад гарна бэлэн авах юм мөнгийг чинь аваад ирнэ гэсэн. Маргааш орой нь аажуу болтол хараад ирэхгүй болохоор нь залгасан чинь эгчээ замдаа саатаад явж чадахгүй одоо дөнгөж **** ирж байна гэсэн. Маргааш нь өдөр ярьсан чинь би хүрээд ирсэн. Нөгөө хүндээ машинаа өгсөн. Нөгөө хүн машиныхаа мөнгөнд мал оролцуулж өгсөн. Малыг нь зарах гээд зах дээр байж байна гялс зарчхаад очно гээд таг болсон. Тэр өдрөө хүлээгээд маргааш нь залгасан чинь адуу зарах гээд зогсож байна хоёр адуу зурчихвал цагийн дараа яваад очно гэсэн. Тэр өдрөө үдээс хойш болоод утсаа авахгүй таг болчихоор нь орой гэрийнх нь тэнд яваад очсон чинь доод давхраас нь хүн гарч ирээд нэг утас өгсөн эхнэрийнх нь утас байсан. Яагаад таг болчхов гэсэн эгчээ та санаа зоволтгүй манай хүн *** руу ойрхон газар явсан өнөө шөнөдөө яваад очно гэсэн. Маргааш нь 12 цаг болж байхад өөрөө ирсэн цагийн дараа мөнгөө хийнэ гэсэн та дансаа өгчих гээд миний дансыг бичиж аваад гарах гэхээр нь чи худлаа яриад байгаа юм байна. Машин авсан хүний утсыг нь өгөөд яриул гэсэн чинь өөрөө залгаад нэг хүн рүү яриулсан чинь эгчээ уучлаарай манай хамаатны хөгшин авсан сэтгэцийн өвчтэй машин авснаа мартчихаж гээд сонин юм яриад байсан. Би уулзъя хаана байна гэсэн чинь утсаа тасалсан. Тэгээд хайгаад гэрт нь яваад очсон чинь би хүнд залилуулчихсан байна  нөгөө хүн миний машиныг аваад алга болчихлоо гэсэн. Би цагдаагийн жижүүрт хэлээд би машинаа залилуулсан гэдгээ хэлсэн. Ажил цуглахад өглөө ирээд өргөдөл өг эсхүл шүүх дээр очиж асуу гээд маргааш өглөө нь цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай авто машинаа фейсбүүк орчинд 3.000.000 төгрөгөөр зарахаар зар тавьчихсан байхад Б гэгч залуу зарын дагуу яриад машиныг чинь авъя гэж хэлээд манай гэрт очоод машиныг минь надаар унуулаад шууд Есөнбулаг сумын **** багийн нутагт байрлах “*****” нэртэй ломбардын үүдэн дээр очиж тавиулаад за машины мөнгийг чинь 3 хоногийн дараа өгье гэж хэлсэн. Ингээд би итгээд машинаа үлдээчхээд 3 хоногийн дараа Б гэгчийн гар утас руу залгатал утсаа авахгүй зугтаагаад байсан учир аргагүйн эрхэнд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “***” ломбардын эзнээс очоод энэ гадаа байгаа **** улсын дугаартай машины эзэн нь байна уу гэтэл Ч.О нь наад машин чинь манай ломбардад барьцаанд байгаа гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ Б гэж хүн наад машиныг чинь надаас худалдаж авна гэж хэлээд авсан шүү дээ гэж хэлээд машинаа авна гээд О-ээс буцааж авсан юм. Г.Б гэгч залуу тэр өдөр миний машиныг ломбардын үүдэнд надаар аваачиж тавиулаад газар дээр нь миний машиныг ломбардад барьцаанд тавьсан байсан. Энэ залуу их худалч, зальжин залуу байна билээ... Энэ машин миний эзэмшлийнх би Улаанбаатар хотоос 2016 онд *** гэх хүнээс 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан ба нэрээ шилжүүлж амжаагүй байтал **** гуай нас барчихсан юм. Тэгээд бичиг баримт нь өмнөх хүнийхээ нэр дээр байгаа юм...бэлэн 3.000.000 төгрөгт зарахаар болж тохирсон байсан юм... Миний машинд ямар ч гэмтэл, эвдрэл учраагүй, надаар унуулаад ломбардын үүдэнд тавиулаад тэр чигт нь барьцаанд тавьчихсан байсан. Нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Хүний машин эд зүйлсийг худалдаж авна гэж итгэл төрүүлэн худлаа хэлж авч зөрүүлээд барьцаанд тавьж мөнгө төгрөгийг нь ашигладаг, амар хялбар аргаар мөнгө олж амьдрах гэсэн залуучууд их болсонд харамсаж байна... Би тухайн үед миний машиныг ломбардад тавьсныг мэдээгүй энд тавьчих гэж хэлээд миний машиныг ломбардын үүдэнд тавиулснаа би энд хүнээр машиныг чинь үзүүлэх гэж байгаа юм 3 хоногийн дараа ахаас мөнгө орж ирэхээр тань руу шилжүүлээд өгчихнө л гэж хэлсэн юм. Ингээд мөнгө огт өгөөгүй юм. Би машинаа 3 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг./1ХХ 94-95/

 

Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай авто машинаа фейсбүүк орчинд 6.000.000 төгрөгөөр зарахаар зар тавьчихсан байхад Б гэгч залуу зарын дагуу яриад машиныг чинь үзье гээд эхнэр И гэх эмэгтэйтэй цуг ирсэн. Ингээд миний машиныг эхнэр болох И нь үзчихээд энэ их гоё машин байна эгч надад машинаа зарчих би нялх нойтон хүүхэдтэй болохоор надад тохирох юм байна та бичиг баримтыг нь миний нэр дээр болгоод өгчхөөч би танд зээл авч мөнгийг чинь өгье гэж хэлээд бэлэн 6.000.000 төгрөгт өгч авалцахаар болсон юм. Ингээд маргааш нь авто тээвэр дээр очоод И нэр дээр машиныхаа бичиг баримтыг шилжүүлсэн ба бичиг баримт сольсон орой нь миний **** дугаарын Хаан банкны дансанд 1.000.000 төгрөг хийгээд үлдэгдэл мөнгийг нь 3 хоногийн дараа өгөхөөр тохироод явсан ба энэнээс хойш мөнгө хөөцөлдөж байна, нэг болохоор хөдөө явж байна гээд худлаа хэлээд сүүлдээ зугтаагаад утсаа авахгүй болохоор нь гэрийнхэн үүдэнд отож хүлээж байгаад машин тэргээ салгаж авсан юм. Эхнэр нь өөрийнхөө нэр дээр болгуулж авна, надад таалагдаж байна гэж өөрөө авсан. Хажууд нь нөхөр болох Б нь цуг дагаж явсан юм. Энэ хоёр хоёулаа их худалч, зальжин, хүний юмыг залилсаар байгаад сурчихсан хүмүүс байна билээ...энэ машин миний эзэмшлийнх, хадам аав Н зараад өг гэж хэлээд 2020 оны хавар 6 сард өгсөн ба би унаж байгаад зарагдахгүй болохоор нь аавдаа 6.300.000 төгрөгийг бэлнээр өгчхөөд өөрөө тэгж байгаад зараад мөнгөө гаргаж авъя гэж бодсон юм. Бичиг баримт нь аав Г.Н-н нэр дээр байдаг юм. Манай аавынх аймгийн төвөөс урагш 3 км-т нутагладаг 80 гарсан хөгшин настай хүн байдаг юм...Бэлэн 6.000.000 төгрөгт эхнэр болох И нь авахаар болоод, зарахаар ярьж тохирсон юм... Миний машиныг урд гуперыг хагалсан, босоо тэнцүүлэгч, амаржиныг нь дуу оруулсан байсан юм. Ийм учраас өгсөн нэг сая төгрөгийг нь дээрх эвдэлсэн эд зүйлсийг засуулахаар авч үлдсэн...Би тухайн үед миний машиныг ломбардад тавьсныг мэдээгүй. И нь анх авахдаа банканд эд хөрөнгө болгоод нэмэлтээр бүртгүүлээд тавих гэсэн юм. Хэрэглээний зээл хөөцөлдөөд зээл өнөө маргаашдаа аймгийн төв банкин дээр бүтэх гэж байгаа юм гэхээр нь танай зээлийн эдийн засагч чинь хэн юм бэ гэтэл эхнэр нь эдийн засагчаа хэлж чадахгүй гацаад байсан юм. Ингээд 3 хоногийн дотор өгчих байх гэж бодоод өгсөн юм...би машинаа 6 сая төгрөгөөр үнэлж байна...Э ах машин чинь дуу шуу ихтэй болсон байна, урд гупер нь хагарсан байна гэж хэлээд үнийг нь доош нь буулгачих гэхээр нь бэлэн 5.000.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэх мэдүүлэг./1ХХ 99-100/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг *** хороонд байрлах “****” барьцаалан зээлдүүлэх газартай сууж байхад зүс үл таних Г-ын Б, Д-ын И гэгч эхнэр, нөхөр хоёр нялх хүүхдээ тэвэрч орж ирээд Д.И-ын нэр дээр бүртгэлтэй *** улсын дугаартай “ниссан экс трайл” маркийн авто машиныг 21 хоногийн хугацаатай 12 хувийн хүүтэй 3.200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд тус мөнгөнийхөө 2.328.000 төгрөгийг *** дугаарын дансаар авч үлдсэн 672.000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд тус өдрийнхөө орой дахин 200.000 төгрөг зээлж авъя гээд эхнэр И-ынхоо *** дугаарын данс руу мөнгө хийлгэж авсан. Ингээд 10 хоногийн дараа Б нь хүрч ирээд барьцаанд тавьсан *** улсын дугаартай машинаа **** сум руу хүнд зарахаар боллоо би энэ машинаа авч яваад танд мөнгийг чинь эргэж ирээд өгье гэж хэлэхээр нь үгүй тийм зүйл байхгүй нэг бол мөнгөө авч ир үгүй бол орных нь машиныг авч ирж өг гэтэл би танд “харрьер” машин авч ирж өгье гэж хэлээд явсан. Ингээд орой нь ирэхдээ надад хөх өнгийн ***** улсын дугаартай “харрьер” нэртэй авто машин авч ирсэн ба энэ машин манай ахынх байгаа юм гэтэл уг машины жолооч талаас буусан хүн шууд буугаад яваад өгөхөөр нь ахыгаа дуудчих гэтэл яах юм бэ яах юм гэж хэлээд болиулсан юм. Ингээд маргааш нь Б над руу залгаад машинаа авчих өгчхөөд мал ачаад ирлээ малаа зарчхаад орой тань дээр яваад очъё гэсэн. Ингээд маргааш нь Б-ийн утас руу залгатал би зах дээр адуу зарах гээд зогсож байна энийгээ зарчхаад нэг цагийн дараа очлоо гэж худлаа яриад тэр өдрөө ирээгүй юм. Ингээд утаснууд нь холбогдохоо байсан учир эхнэр И руу нь ярихад манай нөхөр *** ойрхон **** баг руу хүн хүргэж өгөх гээд явсан юм гээд эрс зөрүүтэй зүйл ярихаар нь би уурласан юм. Тэгтэл Б маргааш өдөр нь манай ажил дээр хүрж ирэхээр нь мөнгөө нэхтэл дансаа өгчих 1 цагийн дараа мөнгө хийе гэж хэлээд гарах гэхээр нь чи тэр машин авсан хүнийхээ дугаарыг хэлээдэх би ярья гэтэл **** гэсэн дугаарыг өгөнгүүт залгаж ярьтал наад машиныг чинь манай нэг настай хүн худалдаж авсан юм, авснаа мартчихжээ гэхээр нь чи одоо юу яриад байгаа юм бэ бүтэн машин авчхаад мартаад байхдаа яадаг юм бэ гэтэл сэтгэцийн өвчтэй юм аа одоо тэгэхдээ зүгээрээ мөнгийг чинь энэ орой хийнэ гэж хэлэхээр нь чи энэ мөнгийг өгөх юм уу хаашаа юм бэ очоод уулзъя хаана байна гэтэл би завгүй явж байна гэж хэлээд утсаа салгасан юм. Ингээд “харрьер” машиныг Э гэж хүн маргааш нь ирж залилан мэхлүүлсэн гэж хэлээд надаа авч явсан юм...экс трайл машин бол эхнэр И-ын нэр дээр байсан...манай эхнэрийн нэр дээр байдаг юм гэхээр нь бичиг баримтыг нь шалгаж үзэхэд И-ын нэр дээр байсан ба эхнэр И нь цуг мөнгөний хэрэгцээ болоод байна гээд гуйгаад байхаар нь барьцаанд авсан юм. Тэгэхэд бичиг баримт нь шилжээд нэг л хонож байгаа машин байсан юм...би зээлж өгсөн мөнгө болон хүүгээ нэхэмжилж байна. Өнөөдрийн байдлаар надад нэг ч төгрөг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг. /1ХХ 219-221/

 

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...**** улсын дугаартай хөх “харре”р маркийн авто машин нь манай гэр бүлийн эзэмшлийн авто машин байсан юм. Энэ машиныг манай гэр бүлийн хүн болох Ц.Э 2016 оны зун хот руу явахдаа 7 сая төгрөгөөр “Да хүрээ” зах дээрээс ченжээс худалдаж авсан юм...зах дээр машинаа зарах гээд зар өгсөн байсан чинь нэг танихгүй залуу залгаж яриад худалдаж авахаар болсон чинь ломбардад машиныг нь тавьчихсан байсан. Ингээд нөхөр маань хөөцөлдөж явж байж машинаа ломбардаас буцааж авсан юм...2020 оны 11 дүгээр сард мөнгөний хэрэгцээ гараад Улаанбаатар хот руу зарчихсан юм...” гэх мэдүүлэг./1ХХ 109/

 

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...** улсын дугаартай “ниссан экс трайл” маркийн авто машиныг би 2018 оны 06 дугаар сард Ц гэх хүнээс 8.500.000 төгрөгөөр худалдаж аваад бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр болгосон. Ингээд унаж байгаад хүү Т, бэр Э нарыг зараад өгөөч том тэрэг авах гэсэн юм гэж хэлээд 2020 оны 06 дугаар сард өгсөн юм...манай бэр Э2020 оны намар 9 сарын үе машиныг чинь зарсан гэж хэлээд 6.300.000 төгрөг өгсөн юм...” гэх мэдүүлэг./1ХХ-113/

 

Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан Улсын бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу өмчлөгч, тээврийн хэрэгсэл шилжүүлэн авсан этгээдүүд хоёулаа ирсэн байж тээврийн хэрэгсэл шилждэг юм...хууль дүрмийн дагуу дээрх этгээдүүд өөрсдөө цуг байж машин тэргээ нэр дээрээ шилжүүлэх асуудлаа хуулийн дагуу хийсэн...машины нэр шилжүүлж байгаа хүмүүсийн иргэний үнэмлэхийг царайтай нь тулгаад нэр шилжилтийг хийдэг юм..." гэх мэдүүлэг./1ХХ 102/

 

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны хавьцаа байх хэн гэдэг хүнээ авснаа мэдэхгүй байна. Говь-Алтай аймгийн төвөөс шар алаг өнгөтэй сургуулийн урд талын гудмаас нэг хүнээс авсан юм. Би одоо тэр хүнийг харах юм бол танина. Харин нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн машиныг авч байхад зарж байгаа хүний аавынх нь нэр дээр байсан юм. тухайн үед надад зарахдаа аавынхаа нэр дээр итгэмжлэл хийж зарж байсан юм...” гэх мэдүүлэг./1ХХ 105/

 

Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ганболдын Б гэдэг хүнд өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай Прадо-95 маркийн тээврийн хэрэгсэл зарсан. Тэр үед үед таньдаг болсон. Тухайн үед Г.Б нь өөрийгөө би *** сумын гаралтай, одоо *** суманд отор хийж явж байгаа гэж танилцуулсан. Тэрнээс хойш би Г.Б гэдэг хүнд уулзаагүй...би өөрийнхөө эзэмшлийн *** улсын дугаартай Прадо-95 маркийн тээврийн хэрэгслийг зарах гээд Говь-Алтай аймгийн зарын групп гэх фейсбүүк групп дээр зар тавьсан байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би Говь-Алтай аймгийн **** суманд явж байхад Г.Б гэдэг хүн *** дугаарын утсаар залгаж би чиний машиныг авъя мөнгийг чинь 3 хувааж өгье гэсэн. Тэгээд би аймагт очиж Г.Б очиж машинаа үзүүлээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нотариатаар баталгаажуулж машинаа өгсөн. Тухайн үед би Г.Б машинаа өгсөн өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөг, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 2 дугаар сарын 27-ны өдөр өгч дуусгахаар хоорондоо тохиролцсон. Тэгээд тэр өдөр аймгаасаа *** сум гарна гээд яараад яваад өгсөн. Г.Б миний 2.000.000 төгрөгийг эхнэрээсээ аваад данс руу чинь хийнэ гээд миний дансны дугаарыг аваад үлдсэн. Тэгээд би 2021 оны 02 дугаар сарын 20-ны үед аймагт орж дансаа шалгахад 2.000.000 төгрөг орж ирээгүй байсан...би Г.Б-д зарсан Прадо-95 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сарын эхээр аймгийн төвөөс Ж гэдэг хүнээс 13.000.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг. /2ХХ46-48/

 

Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид машиныг нь үзэхэд ** улсын дугаартай прадо-95 маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл байсан юм. Тэгээд үнэ мөнгөө тохироод 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон юм. тухайн үед бидэнд 5 сая төгрөг байсан бөгөөд 1,5 сая төгрөгийг бэлнээр 3,5 сая төгрөгийг би өөрийн *** тоот данснаас машин зарж байгаа хүний И гэх данс руу шилжүүлсэн юм. Тэгээд үлдэгдэл 2 сая төгрөгийг машины гэрчилгээг нэр дээрээ шилжүүлсэн үед өгөхөөр тохиролцсон...тухайн хүмүүс нь машины гэрчилгээг шилжүүлж өгөөгүй мөртлөө хөдөө байна мөнгөний хэрэг гараад байна гээд 200.000 төгрөг нэхээд байхаар нь би өөрийн данснаасаа шилжүүлсэн юм. Харин хэд хоногийн дараа дахин мөнгө нэхээд байхаар нь би дургүйцээд мөнгө өгөөгүй юм. тэгтэл манай нөхөр 300.000 төгрөг өөрийнхөө данснаас шилжүүлсэн байсан. Манайх тус хүмүүст нийт 5,5 сая төгрөг шилжүүлсэн байгаа...машин зарсан хүмүүс ах, дүү 2 байсан бөгөөд ах нь хүүхдийн эмчилгээнд яаралтай хэрэгтэй байна гээд байсан юм...” гэх мэдүүлэг. /2ХХ68-69/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай эхнэр Фейсбүүкээр аймгийн зарын групп дээр Газар зарна гэсэн зар байна. Энэ зарыг үзье гэхээр нь зөвшөөрөөд газар зарах хүнтэй нь холбогдоод эхнэрийн хамт тухайн газрыг нь үзсэн юм. Тэгтэл нөгөө газрын байршил нь таалагдаагүй болохоор аваагүй юм. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө газар зарна гэсэн хүн над руу залгаад уулзъя гэхээр нь манайд хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгтэл гэрийн гадаа прадо-95 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн байсан бөгөөд хоёулаа байсан бөгөөд хамт яваа хүн нь хүүхдийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гээд машиныг хямдхан зарна, нэг бол барьцаанд тавья гэхээр нь би машиныг нь сонирхоод үнийг нь асуутал нөгөө газар зарна гэсэн буюу дүү нь 8 сая төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7 сая төгрөгт авъя гэж хэлэхэд хүүхэд химийн эмчилгээнд явах гээд байгаа, хүний аминаас үнэтэй төмөр гэж юу байхав за за тэгвэл та авчихгүй юу дөө гэж хэлсэн юм. Тэгээд би бэлэн 1.5 сая төгрөг өгөөд манай эхнэр Бархүү 3.5 сая төгрөгийг машины үнэ гэж шилжүүлсэн юм. Ингээд үлдэгдэл 2 сая төгрөгийг машиныг нэр дээрээ шилжүүлсэн үед өгөхөөр болоод би машиныг авч үлдсэн юм. Ингээд хэд хоногийн дараа нөгөө машин зарсан залуу над руу залгаад мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө нэхээд байхаар нь 200.000 төгрөгийг манай эхнэр данснаасаа шилжүүлсэн. Дараа нь дахиад мөнгө нэхээд байхаар нь би өөрийн данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн юм. түүнээс хойш тухайн хүнтэй холбогдсон боловч хөдөө мал дээр байна аймаг ороод нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн юм. түүнээс хойш дахин холбогдоогүй...Тухайн хүмүүсийг хараад танина. Нэр усыг нь мэдэхгүй...би тус машиныг худалдан авахдаа 5.5 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш машинд 2 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Үүнд 4 дугуй, 4 амортизатор, хойд 2 пүрш, хроп моторын масло сольсон, чиргүүл чирэгч хийсэн. Би яг өөрийн 7.5 сая төгрөгөөр хохирч байна. Иймд би тус мөнгөний 5 хувийн хүүг бас нэхэмжилмээр байна. Ингээд би 9 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг./2ХХ85-87/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга./1ХХ32-43/

 

Шүүгдэгч Д.И-ын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга./1ХХ 44-49/, /2ХХ171/

 

Хохирогч Ч.Б-аар шүүгдэгч Г.Б-г зургийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./2ХХ 3-8/

 

Гэрч Х.Б эзэмшлийн Хаан банкны **** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2ХХ36-38/ зэрэг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар тогтоов

 

1. Шүүгдэгч Г.Б-нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт “машиныг авъя, 3 хоногийн дараа мөнгийг нь өгье” гэж хэлэн авч хохирогч Ц.Э 6,000,000 төгрөгийн үнэтэй хөх өнгөтэй, *** улсын дугаартай, “тоёота харрер” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч нийтлэг ашиг сонирхол бүхий хүн болох эхнэр Д.И-ын ““***” нэртэй ломбардтай байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл болох *** улсын дугаартай “ниссан экс трайл” маркийн автомашинтай сольж барьцаалсан болох нь шүүгдэгч Г.Б-нийн шүүх хуралдаанд өгсөн “...Өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож, хохирлоо төлөх хүсэлтэй байна...Ц.Э гэдэг хүний машин тухайн үед эвдрэлтэй, унаад явах боломжгүй байсан. Тухайн үед авахдаа 3.000.000 төгрөгөөр авсан. Зах зээлийн үнэлгээ нь тухайн үед тийм байсан... Тэрийг хамгийн гол тавьсан шалтгаан нь засвар үйлчилгээ хийлгэхээр тохирсон байсан. Кропноос нь тос гарсан байсан. Заавал тос нэмж байж тодорхой хэмжээнд хөдөлж явахаар байсан...” гэх мэдүүлэг,  хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б гэгч залуу зарын дагуу яриад машиныг чинь авъя гэж хэлээд манай гэрт очоод машиныг минь надаар унуулаад шууд Есөнбулаг сумын ****багийн нутагт байрлах “*****” нэртэй ломбардын үүдэн дээр очиж тавиулаад за машины мөнгийг чинь 3 хоногийн дараа өгье гэж хэлсэн. Ингээд би итгээд машинаа үлдээчхээд 3 хоногийн дараа Б гэгчийн гар утас руу залгатал утсаа авахгүй зугтаагаад байсан учир аргагүйн эрхэнд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “****” ломбардын эзнээс машинаа авсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн “...10 хоногийн дараа Б нь хүрч ирээд барьцаанд тавьсан *** улсын дугаартай машинаа **** сум руу хүнд зарахаар боллоо би энэ машинаа авч яваад танд мөнгийг чинь эргэж ирээд өгье гэж хэлэхээр нь үгүй тийм зүйл байхгүй нэг бол мөнгөө авч ир үгүй бол орных нь машиныг авч ирж өг гэтэл би танд “харрьер” машин авч ирж өгье гэж хэлээд явсан. Ингээд орой нь ирэхдээ надад хөх өнгийн **** улсын дугаартай “харрер” нэртэй авто машин авч ирсэн ба энэ машин манай ахынх байгаа юм гэтэл уг машины жолооч талаас буусан хүн шууд буугаад яваад өгөхөөр нь ахыгаа дуудчих гэтэл яах юм бэ яах юм гэж хэлээд болиулсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...*** улсын дугаартай хөх “харрьер” маркийн авто машин нь манай гэр бүлийн эзэмшлийн авто машин байсан юм...зах дээр машинаа зарах гээд зар өгсөн байсан чинь нэг танихгүй залуу залгаж яриад худалдаж авахаар болсон чинь ломбардад машиныг нь тавьчихсан байсан. Ингээд нөхөр маань хөөцөлдөж явж байж машинаа ломбардаас буцааж авсан юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо

 

2. Шүүгдэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Ч.Б ын эзэмшлийн Прадо-95 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 13 сая төгрөгөөр үнийг нь тооцон 3 хувааж буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 6 сая төгрөгийг хоорондоо өгч авалцахаар тохиролцон авч тэр өдрөө иргэний нэхэмжлэгч Б.Чойдогт 7.000.000 төгрөгөөр худалдан түүнээс данс болон бэлнээр  5.500.000 төгрөг авсан болох нь хохирогч Ч.Б ын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би өөрийнхөө эзэмшлийн *** улсын дугаартай прадо-95 маркийн тээврийн хэрэгслийг зарах гээд Говь-Алтай аймгийн зарын групп гэх фейсбүүк групп дээр зар тавьсан байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би Говь-Алтай аймгийн *** суманд явж байхад Г.Б гэдэг хүн **** дугаарын утсаар залгаж би чиний машиныг авъя мөнгийг чинь 3 хувааж өгье гэсэн. Тэгээд би аймагт очиж Г.Б очиж машинаа үзүүлээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нотариатаар баталгаажуулж машинаа өгсөн. Тухайн үед би Г.Б машинаа өгсөн өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөг, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 2 дугаар сарын 27-ны өдөр өгч дуусгахаар хоорондоо тохиролцсон...”гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...гэрийн гадаа прадо-95 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн байсан бөгөөд хоёулаа байсан бөгөөд хамт яваа хүн нь хүүхдийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гээд машиныг хямдхан зарна, нэг бол барьцаанд тавья гэхээр нь би машиныг нь сонирхоод үнийг нь асуутал нөгөө газар зарна гэсэн буюу дүү нь 8 сая төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7 сая төгрөгт авъя гэж хэлэхэд хүүхэд химийн эмчилгээнд явах гээд байгаа, хүний аминаас үнэтэй төмөр гэж юу байхав за за тэгвэл та авчихгүй юу дөө гэж хэлсэн юм. Тэгээд би бэлэн 1.5 сая төгрөг өгөөд манай эхнэр Б 3.5 сая төгрөгийг машины үнэ гэж шилжүүлсэн юм. Ингээд үлдэгдэл 2 сая төгрөгийг машиныг нэр дээрээ шилжүүлсэн үед өгөхөөр болоод би машиныг авч үлдсэн юм. Ингээд хэд хоногийн дараа нөгөө машин зарсан залуу над руу залгаад мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө нэхээд байхаар нь 200.000 төгрөгийг манай эхнэр данснаасаа шилжүүлсэн. Дараа нь дахиад мөнгө нэхээд байхаар нь би өөрийн данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн юм. түүнээс хойш тухайн хүнтэй холбогдсон боловч хөдөө мал дээр байна аймаг ороод нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн юм. түүнээс хойш дахин холбогдоогүй...би тус машиныг худалдан авахдаа 5.5 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш машинд 2 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Үүнд 4 дугуй, 4 амортизатор, хойд 2 пүрш, хроп моторын масло сольсон, чиргүүл чирэгч хийсэн. Би яг өөрийн 7.5 сая төгрөгөөр хохирч байна. Иймд би тус мөнгөний 5 хувийн хүүг бас нэхэмжилмээр байна. Ингээд би 9 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид машиныг нь үзэхэд *** улсын дугаартай прадо-95 маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл байсан юм. Тэгээд үнэ мөнгөө тохироод 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон юм. тухайн үед бидэнд 5 сая төгрөг байсан бөгөөд 1,5 сая төгрөгийг бэлнээр 3,5 сая төгрөгийг би өөрийн **** тоот данснаас машин зарж байгаа хүний И гэх данс руу шилжүүлсэн юм. Тэгээд үлдэгдэл 2 сая төгрөгийг машины гэрчилгээг нэр дээрээ шилжүүлсэн үед өгөхөөр тохиролцсон юм. Тухайн хүмүүс нь машины гэрчилгээг шилжүүлж өгөөгүй мөртлөө хөдөө байна мөнгөний хэрэг гараад байна гээд 200.000 төгрөг нэхээд байхаар нь би өөрийн данснаасаа шилжүүлсэн юм. Харин хэд хоногийн дараа дахин мөнгө нэхээд байхаар нь би дургүйцээд мөнгө өгөөгүй юм. тэгтэл манай нөхөр 300.000 төгрөг өөрийнхөө данснаас шилжүүлсэн байсан. Манайх тус хүмүүст нийт 5,5 сая төгрөг шилжүүлсэн байгаа...машин зарсан хүмүүс ах, дүү 2 байсан бөгөөд ах нь хүүхдийн эмчилгээнд яаралтай хэрэгтэй байна гээд байсан юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.И-ын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Х.Б-гийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Ч.Б-аар шүүгдэгч Г.Б-г зургийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.Б нь иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан “3 хоногийн дараа төлбөрийг хийнэ” гэж аваад бусдын хөрөнгийг авч барьцаанд тавих, тодорхой цаг хугацаанд хариу төлбөр хийхээр тохиролцож авсан атлаа тухайн эд зүйлсийг тохиролцсон үнээсээ хэт доогуур үнээр худалдан борлуулсан, бусдад хүүхдийн эмчилгээний төлбөр олохоор зарж байгаа гэж итгэл төрүүлсэн зэрэг нөхцөл байдлууд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах  “ Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр тэдний зөвшөөрлөөр, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, шунахай сэдэлтээр шилжүүлэн авсан нь залилах гэмт гэж шүүх үзэх үндэслэл боллоо.

 

Иймээс шүүгдэгч Г.-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Харин шүүгдэгч Г., Д.И нар нь бүлэглэн хохирогч Б.Э-г “машины бичиг баримтыг өөрийнхөө нэр шилжүүлээд, зээл аваад машины мөнгийг 3 хоногийн дотор өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөлөг өнгөтэй, *** улсын дугаартай, “ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч хохирогч Б.Э 6.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилан улмаар тэр өдрөө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багт “****” нэртэй ломбардын үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.О-ээс 384,000 төгрөгийн хүүтэй, 3,200,000 төгрөг аваад “ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч Ч.О-т 3,584,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх үйлдлийг шүүх “гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ. Тодруулбал 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Д.И нь  Б.Э-ийн өмчлөлийн *** улсын дугаартай, “ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьж үнийг нь гарган өгөхөөр харилцан тохиролцож нэрийг шилжүүлэн аваад 1 сая төгрөг төлсөн боловч зээлийн асуудал шийдэгдээгүй тул автомашиныг нь буцаан өгсөн үйл баримт нотлох баримтуудаар тогтоогджээ. Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Д.И нь худалдан авах гэж буй автомашинаа зээлийн барьцаанд тавин зээл авч үнийг нь төлөхөөр харилцан тохиролцож авсан боловч  банкнаас авах зээл бүтээгүйгээс шалтгаалан машины үнийг төлж чадаагүй байх ба үүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн хүрээнд хийсэн шүүгдэгч Д.И-ын үйлдлүүдийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж холбогдох бүх шалгалтуудыг хийсэн байх боловч мөрдөн байцаалтаар түүнийг гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх бөгөөд энэ нь Д.И-ын болон бусад хүмүүсийн хооронд үүссэн харилцаа Иргэний хуульд тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна. Мөн уг харилцаа нь иргэний эрх зүйн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад гэрээний үүрэг буюу хариу төлбөр хийх үйл ажиллагаанд доголдол гарсны улмаар гэрээ цуцлагдсан үйл явц байх тул үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Б, Д.И нарын бүлэглэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нь “***” ломбардтай байгуулсан Д.И-ын зээлийн гэрээг хүчингүй болгохгүй төдийгүй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхээр нэхэмжлэл гаргах иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлахгүй, хөндөхгүй болно.

 

Хохирогч хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Прадо-95 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой гарсан зохигч нарын эвлэрлийг баталсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд тухайн асуудалтай холбоотой эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа иргэний хэргийг нь шийдвэрлэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн суурь зарчим төдийгүй, хохирогч нь иргэний болон эрүүгийн хууль тогтоомжийн тусгай мэдлэггүйгээс шалтгаалан дээрх шүүхийн шийдвэр гарсан болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ болон хохирлын тогтоох зорилгоор шүүгдэгч Г.Б-ийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас, Говь- Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.Ч-гийн бэлэн мөнгө болон дансаар мөнгө өгсөн талаарх банкны баримтууд, энэ талаарх шүүгдэгч Г.Б, гэрч Б нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Б урьд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээр тооцогдон, эрүүгийн хариуцлага хүлээж байжээ. Түүний өмнө нь үйлдсэн завших болон энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон залилах гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарч байх тул үүнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн тусгайн ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэн ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Харин шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэгт “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан...залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих оногдуулсан тул уг ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь Өршөөлийн хуулийн дээрх зохицуулалтад нийцэхээр байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ. Иймээс шүүгдэгч Г.Б-н эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух газар болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний нэхэмжлэгч С.Ч-ийн нэхэмжилсэн 9.000.000 /есөн сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Б-с гаргуулахаар нэхэмжилжээ. Банкны шилжүүлгийн баримтууд болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Б-д 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг өгсөн болох нь тогтоогдож байх тул түүнээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч С.Ч-т олгохоор, харин үлдсэн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт шүүхэд ирээгүй тул хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх иргэний нэхэмжлэгч С.Ч-гийн эрхийг нээлтэй үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгон, авто машиныг хохирогч Ч.Б-д буцаан олгож, шүүгдэгч нарт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ын Б, А овогт Д-ын И нарт холбогдох 2016001780060 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Х овогт Г-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон сольж болохыг шүүгдэгч Г.Б-д сануулсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Д.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Иргэний нэхэмжлэгч С.Ч-гийн нэхэмжилсэн 9.000.000 /есөн сая/ төгрөгөөс 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгч Г.Б-ээс гаргуулж, бусад нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгон, авто машиныг хохирогч Ч.Б-д буцаан олгож, шүүгдэгч нарт цагдан хоригдоогүй шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА