| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0104/и |
| Дугаар | 141 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 141
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Онгон сумын 2-р баг, “Шар бүрд” гэх газар нутаглах Сүрнаад овогт Толягийн Мөнхтуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Мөнхтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984-1990 онуудад Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд мал маллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд миний 1984-1990 онуудад Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сүрнаад овогт Толягийн Мөнхтуяа нь 1984 оны 01-р сарын 01-ээс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /Т.Мөнхтуяагийн 1984-1989 онуудад Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2014 оны 07-р сарын 18-ны өдрийн 239/15 тоот цалингийн лавлагаанаас Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2014 оны 07-р сарын 18-ны өдрийн 239/15 тоот цалингийн лавлагаанаас үзэхэд 1985, 1988 оны лавлагаа нь Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд туслах ажилчин Мөнхөө гэсэн нэртэй гарсан бөгөөд Т.Мөнхтуяагийн нэр нь андуурч бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, архивын тасгийн хадгаламжийн нэг нэгж, нэг хуудсанд зарим онд нь Мөнхөө, зарим онд нь Мөнхтуяа гэж бичсэн зэргээс үндэслэж Мөнхөө нэртэй гарсан цалингийн лавлагаа нь Т.Мөнхтуяагийн цалингийн лавлагаа мөн гэж шүүх үнэллээ. Гэрч З.Далантайн шүүхэд өгсөн: “Намайг 1983 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд санхүү тасгийн нягтлан бодогчоор томилогдоод очиход тус суманд илгээлтээр хэдэн охидууд ирсэн. Тэрний нэг нь энэ Мөнхтуяа байсан. Т.Мөнхтуяа нь Онгон сумын “Хөгжилт” нэгдлийн саалийн тасаг отроор “Харгилтай” гэх газарт байхад тэнд саальчин байсан. Мөн “Шар бүрдний тасагт саальчин байсан. 1984 онд хүнтэй суугаад 1984-1990 онуудад тус нэгдэлд нэгдлийн туслах ажилчнаар ажиллаж байсан. Би 1983-1991 онуудад Сүхбаатар аймгийн Онгон сумын АДХГЗ-ны санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор, 1991-1996 онуудад Онгон сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн тасгийн даргаар ажиллаж байсан. Т.Мөнхтуяатай нэг баг, бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Ш.Бадарчингийн шүүхэд өгсөн: “1983 онд Дорнод аймгийн ТМС төгссөн гээд 6 охин илгээлтээр ирж, Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдлийн “Шар бүрд”-ний сүүний тасагт саальчин байсан. Нөхөр нь Дамдингийн Гонгоржав гэдэг хүн Шар бүрдний бригадын зоотехникч байсан. Тийм болохоор Мөнхтуяа нь байнга бригадын төв дээр нэгдлийн туслах ажилчнаар ажиллаж байсан. 1990 он хүртэл нэгдэл тартал ажилласан. Би 1980-1984 онд Онгон сумын дунд сургуульд хичээлийн эрхлэгч, 1984-1992 онд мөн сургуулийн захирлаар ажиллаж байсан. “Шар бүрд” бригад бол миний үндсэн баг учраас би байнга ирж, очдог байсан. Нэг баг, бригадын улс болохоор Т.Мөнхтуяагийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Сүрнаад овогт Толягийн Мөнхтуяа нь 1984 оны 01-р сарын 01-ээс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Т.Мөнхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүрнаад овогт Толягийн Мөнхтуяа нь 1984 оны 01-р сарын 01-ээс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА