| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0063/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Ц.Батзаяа,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Д овогт Г-гийн С-д холбогдох 2116000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.С нь Говь-Алтай аймгийн *** багийн ***** дугаар гудамжны **** дугаар байрны *****тоотод өөрийн гэртээ 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүүхдүүдээ тоглоомоо хураасангүй гэх шалтгаанаар уурлан загнаж, улмаар том охин С.С-г шал угаадаг төмөр иштэй угаалтуураар толгой, нүүр, гар, гуя хэсэгт нь цохиж улмаар түүний биед зүүн дээд зовхи, зүүн хацар, баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.С-ын шүүх хуралдаанд өгсөн “...24-ний орой би гэртээ 18 цагийн үед ирсэн. Хүүхдүүд тоглоомоо хөглүүлсэн, том, бага хүүхэд унтаж байсан. Шкафны хойд талын залгуур масласан байсан. Тэгээд хүүхдээ тоглоомоо хураа гэж хэлсэн. Тэгээд манай охин та янзлах ёстой гээд уурлаад байхаар нь том охиноо шал угаадаг угаалтуураар 2, 3 цохисон. Дундах банди руу тавчик шидсэн оноогүй. Тэгээд бандийгаа аягаа угаачхаад унт гэсэн чинь за гэсэн. Тийм л юм болсон гэв...” гэх мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч С.С-гийн “...2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр орой аав Г.С гаднаас орж ирсэн. 3 настай дүүг тоглоом хураасангүй гэж хэлсэн мөн шкафын ард хананд байрлах цахилгааны залгуурт тог мааслахад уурлахаар нь наад жаахан хүүхэд юугаа мэдэхэв дээ болилдоо та гэхэд шал угаадаг төмөр аваад миний зүүн шанаа нүүр, хүзүү, зүүн гар мөр, баруун гар луу, зүүн гуя руу олон удаа цохисон. Аав 2 дүү лүү таавчик авч шидэхэд оноогүй...дүү нарыг тоглоом хураасангүй мөн шкафын ард хананд байх тогийн залгуур мааслхад уурлаад зодсон... Яг хэд цохисныг мэдэхгүй байна. Миний зүүн хацар тэр чигтээ хавдаж хөхөрсөн, зүүн гар, зүүн гуя хавдаж хөхөрсөн...урьд өмнө аав Г.С намайг зодож байгаагүй...аав Г.С надаас уучлалт гуйж дахиж ийм асуудал болохгүй гэж гуйсан учир санал гомдол, нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг/ХХ36/,
Насанд хүрээгүй гэрч С.С-ын “...тухайн орой аав Г.С гэртээ орж ирээд тоглоом хураа гэж бид нар хандан хэлсэн. Тэр үед хананд байдаг гэрлийн залгуурыг маасалсан. Энэ үед эгч С.С аавын өмнөөс нь наадах чинь жаахан хүүхэд юу мэдэхийн гээд уурлахад аав шал угаадаг төмрөөр эгч С.С-гийн толгой, гар, гуяруу олон удаа цохисон. Мөн надруу тавчиг шидээд оноогүй. Дүүгийн усанд ордог ванн авч далайгаад буцаагаад тавьсан...аавыг гэрт орж ирэхэд тоглоом гэрээр дүүрэн хөглөрчихсөн байсан. Шкафны ард байдаг хананы залгуур масалсан. Тэгэхэд аав Г.С уурлахад эгч С.С өмнөөс нь уурлахад зодсон байх...” гэх мэдүүлэг /ХХ41-42/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202 тоот “...1. С.С-гийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.С.С-гийн биед учирсан цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /ХХ45-46/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /ХХ14/, аюулын зэргийн үнэлгээ /ХХ15-17/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ30-32/, хохирогч С.С-гийн өргөдөл /ХХ63/,зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С-ын Говь-Алтай аймгийн ** багийн ***дугаар гудамжны **** дугаар байрны *** тоотод өөрийн гэртээ 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүүхдүүдээ “тоглоомоо хураасангүй” гэх шалтгаанаар хамт амьдардаг гэр бүлийн гишүүн болох ууган охин С.С-г шал угаадаг төмөр иштэй угаалтуураар толгой, нүүр, гар, гуя хэсэгт нь цохиж улмаар түүний биед зүүн дээд зовхи, зүүн хацар, баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид нь халдсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ . Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл гэж хамтын амьдралтай гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн харилцаандаа нэг талын давамгай байдлыг тогтоох зорилго бүхий бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг хамааруулан тодорхойлжээ. Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчилнэ.
Шүүгдэгч нь өөрийн гэр бүлийн гишүүн болох төрсөн охиныхоо биед үл ялих зүйлээр шалтаглан халдаж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинж чанартай гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охиныхоо биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдэх шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ц.С-ыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгчийн хувийн байдал, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, насанд хүрээгүй гэрч С-ын нас тоолсон тэмдэглэл /ХХ13/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /ХХ14/, аюулын зэргийн үнэлгээ /ХХ15-17/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ30-32/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /ХХ61-62/, хохирогч С.С-гийн өргөдөл /ХХ63/, иргэний үнэмлэхийн лавлагаанууд зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд, торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Г.С-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА