| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0064/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/63 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Д-гийн А-д холбогдох 2116000000069 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д-ийн А 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Говь-Алтай аймгийн **** сумын ***** багийн **** хорооллын ***** тоот хашаанд оршин суух гэртээ Х.Б*тэй маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалж, цээжний зүүн талд шарх буюу хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.А-ийн шүүх хуралдаанд өгсөн “...5 дахь өдрийн орой нь гэртээ амарч байхад Б гэдэг залуу над руу хэд хэдэн утсаар дохихоор нь авахад дүү нь мотоцикльтой жоохон халамцуу явж байна. Танайд очиж хоол идэж болох уу гэсэн. Тэгэхээр нь хоол хийгээд тавьсан байгаа ирээд ид гэж хэлсэн. Хоол идчихээд ганц юм байна уу гэхээр нь 0.75 литртэй “Ерөөл” архи байгаа тэр архийг уух юм уу гэж хэлсэн. Уугаад нэлээд согтохоор нь чи согтгосон байна очиж амар гэж хэлээд бүсэн дээрээс нь татахад та намайг хөөлөө гэж хэлээд миний хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Би чамд байсан архиа өгсөн одоо чи яв гэж хэлэхэд явахгүй суугаад байхаар нь дахиад бос гэж хэлээд бүсэн дээрээс нь татаад яв ах нь амармаар байна гэсэн. Тийм зүйлээс болж маргалдаад өвчүү мөлжиж байсан хутгаа аваад цээжин тус газар нь хүрсэн. Тэгэхэд та миний цээж рүү хутгалчихлаа гэхээр нь дээлийг нь тайлаад үзэхэд цус гарч байсан. Тэгээд хоёулаа эмнэлэг явъя, цагдаа дуудъя гэхэд би таныг хэл амаар доромжилсон хоёулаа учраа олъё гэж хэлсэн. Тэгээд би цусыг нь тогтоож өгөөд одоо очиж амар гэж хэлэхэд өөрөө гараад явсан. Маргааш орой нь залгаад дүү нь унтаж чадахгүй байна та ганц архи дөхүүлж өгөөч гэхээр нь 0.75 литртэй архийг ахынхаасаа авч өгөхөд тэрнээс 3 татчихаад унтсан. Маргааш нь явж манай ямааг самнасан. Тэгэхдээ хэдэн айлаар орж архи уугаад ах дүү нартаа Д.А ах миний цээж рүү хутгалсан гэж хэлээд цээжээ үзүүлээд явж байхад Б гэдэг залуу аймгийн төв дээр байдаг ах руу нь хэлээд, тэр ах нь намайг унтах гэж байхад утсаар ярьсан. Би ахад нь болсон явдлын талаар бүгдийг нь хэлсэн. Тэгээд өргөдөл бичиж өгсөн юм байна... Хохирол барагдуулсан...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2021 оны 05 дугаар сарын 14-д би сумын төвийн гэртээ 18 цагийн үед байж байсан чинь А ах над руу гар утсаар залгаад “манай гэрт худгаас ус аваад өгөөдөх” гэж хэлсэн. Тэгээд би А ахын гэрт мотоцикльтой ганцаараа хоёр ширхэг канистраар худгаас ус авчирч өгөөд А ахын гэрт усыг нь оруулж өгсөн. Гэрт ороход А ах намайг “хоол идчихээд яв” гэхээр нь би хоол идчихээд явах гэсэн чинь намайг “хөзөр тоглоё” гэж хэлээд бид гурван удаа хөзөр тоглоод дууссан чинь А ах босоод бор өнгийн хоолны шүүгээний нүднээс бор өнгийн бариултай хутга аваад А ах “чамайг хутгалчих уу” гэхээр нь би тоглож байгаа юм байна гэж бодоод “тэгэхгүй юу” гэж хэлчхээд сандал дээр сууж байсан чинь ирээд цээж рүү хутгалсан.Тэгэхээр нь хутгатай гарыг нь барьж өөрөөсөө холдуулах гэж А-ыг түлхээд сууж байсан сандал дээрээсээ босоод А-н гарт байсан хутгыг нь авах гээд баруун хөлийн шилбэ рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд тэр хооронд нь гарт байсан хутгыг булааж аваад ширээн доогуур нь хаясан. Тэгээд миний цээжнээс цус их гараад байхаар нь би “эмнэлэгт үзүүлэхгүй бол цус их их гарч байна” гэж хэлээд гар утсаараа ярих гэсэн чинь А ах “эмнэлэгт үзүүлж яах юм бэ хоёулаа тохирчихъё” гэж хэлээд миний гар утсыг булааж авчихаад өгөхгүй бас эмнэлэг явуулахгүй байсан юм. А ах миний хутгалуулаад цус гарч байсан биеийн хэсэгт хөвөн шатааж байгаад тавьж цусыг тогтоосон. Тэгээд цусыг нь тогтоочхоод А бид хоёр байж байсан чинь З.Н гэж залуу орж ирээд үүдний хэсгээс харж байгаад удалгүй гараад явсан. Би А ахтай байж байгаад 22 цагийн үед сумын төвд байдаг гэртээ харсан. Намайг гэрт ороход А ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. А ах миний цээжний хэсэгт бор өнгийн бариултай хутгаар хутгалж гэмтэл учруулсан. Миний цээжний баруун талын хэсэгт гурван удаа хутгалуулсан шарх үүссэн.Бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй, А ах намайг ямар учраас хутгалсныг би мэдэхгүй, бид хоёрын дунд урьд өмнө нь хэрүүл маргаан, өр авлага өс хонзонгийн асуудал гарч байгаагүй. А ах “хоёулаа тохирчихъё” гэж хэлээд надад Н-гийн данс руу 20,000 төгрөг шилжүүлээд бэлэн авч өгсөн, дараа нь “10000 төгрөг бензин хий" гэж хэлээд нийт 30000 төгрөг өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 18-нд А-ын төрсөн дүү Г “эм тариагаа ав” гэж хэлээд 100,000 төгрөг өгсөн. Намайг аймаг руу ирэхэд 90 литр бензиний мөнгө 144,000 төгрөг А-ын ээж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ26-32/
Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай бүл ах болох Х.Б нь “А ах намайг хоёр хоногийн өмнө хутгалчихсан, А ах намайг битгий хэлээрэй гэж хэлсэн” гэж надад хэлэхээр нь би “худлаа хэлээд бай, чи хутгалуулсан бол ингээд явж байна гэж юу байдаг юм” гэж хэлсэн чинь надад өмсөж явсан хувцсаа тайлаад үзүүлсэн чинь цээжний хэсэгт нь 3 хутганы шарх байсан. Тэгэхээр нь “чи эмнэлэгт үзүүл” гэж хэлчхээд би хөдөө малын айл руугаа яваад маргааш нь аймагт байдаг Б ах М ярьж энэ талаар хэлсэн. Х.Б нь “А намайг зүгээр байж байсан чинь хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ43-44/,
Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би энэ асуудлын талаар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн оройн 19 цагийн үед ***суманд байдаг бүл дүү Б над руу гар утсаар яриад “танай дүү Б хүнд хутгалуулсан байна” гэж хэлээд мэдсэн юм. Х.Б нь “А намайг зүгээр байж байсан чинь хутгалсан” гэж хэлж ярьж байсан...” гэх мэдүүлэг/ХХ58-59/,
Гэрч З.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би *** сумд үйл ажиллагаа явуулдаг ****ХХК-д ажилладаг. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байсан чинь орой 20 цаг өнгөрч байхад миний утас руу А ах залгаад “би хоол хийсэн чи ирээд ид" гэхээр нь би А ахын гэрт очсон юм. Би гэрт орсон чинь гал тогооны өрөөндөө Б болон А ах хоёр байсан. Тухайн үед гэрийн шалан дээр бага зэрэг цус дуссан байдалтай, цус болсон 2 цамц байсан. Тэгэхээр нь би “энэ яагаад цус болчихсон юм бэ” гэж асуусан чинь Б “А ах намайг хутгалчихлаа” гэж хэлээд тэр хоёр “чи битгий хүнд хэлээрэй бид хоёр болчихно” гэж надад хэлсэн. Тэгээд би А ахынхаас гараад гэрлүүгээ явсан. Б, А ах хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан.Би тухайн үед “эмнэлэгт хэлэх үү” гэж асуусан чинь А ах Б хоёр “яах юм бэ цусыг нь тогтоочихсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ61-62/,
Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Б нь *** сумын эмнэлэгт үзүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 17-ны 23 цаг 50 минутад “эмнэлэгт хутгалуулсан хүн ирлээ” гэж сувилагч над руу утсаар залгаж хэлэхэд нь би эмнэлэг дээр ирж үзсэн. Би Х.Б биед үзлэг хийхэд цээжний зүүн хэсэгт гурван цус нь хатаад тав тогтсон шархтай байсан. Тэгээд Б “юу болсон” талаар асуухад “2021 оны 05 дугаар сарын 14-ний 18 цагийн үед хүнд хутгалуулсан” гэж хэлсэн. Тухайн шархыг хэмжиж үзэхэд 1,8 см, 1,5 см, 0,5 см орчим гурван хэсэг газарт гэмтэл учирсан байсан. Х.Б нь биедээ гэмтэл учирсан өдрөө эмнэлгийн байгууллагад хандаж анхны тусламж аваагүй байсан. Би тухайн үед Х.Б*ээс “тухайн гэмтэл авсан өдрөө эмнэлэгт яагаад хэлээгүй” талаар асуусан чинь Б нь “өөрөө гэмтэл авсан газраа юмаар дараад цусыг нь тогтоосон болохоор эмнэлэгт хэлээгүй” гэж хэлж байсан. Би тухайн үед өвчин намдаах эм, үрэвслийн эм, даралт ихэсгэх шингэн бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /46-47/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 196 дугаартай “...иргэн Х.Б-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Иргэн Х.Б-ийн биед цээжний зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ71-72-р тал/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 198 дугаартай “Х.Б-ийн учирсан гэмтлүүдээс 1, 2 дугаар шарх нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний зүүн талд үүссэн зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Х.Б-ийн биед учирсан 1, 2 дугаар шарх гэмтлүүд нь цээжний хөндийд нэвтрээгүй шарх байна. Х.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн нэмэлт дүгнэлт /ХХ76-77/,
Шүүх, сэтгэц, эмгэг судлалын “Д.А нь сэтгэцийн байдал эрүүл ба ямар нэгэн мэдрэл сэтгэцийн өвчин одоогоор илрээгүй. Нэг жилийн өмнө Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвд ядаргааны тасагт таньдаг хүний тусламжтайгаар хэвтэж эмчлүүлж байсан гэх. /Өөрийн ярьснаар Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байсан тухай эмчийн бичиглэл картад байсангүй. Д.А нь одоогийн сэтгэцийн байдал эрүүл, сэтгэц мэдрэлийн өвчнөөр өвчилж байсан шинж тэмдэг дүгнэлтийн явцад ажиглагдсангүй. Д.А нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн дүгнэлт /ХХ88-91/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн **** тоот хашаанд оршин суух гэртээ хохирогч Х.Б-ийн цээжин тус газар нь хутгалж, цээжний зүүн талд шарх буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.А-ийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.А-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА