Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д-ийн Ч-д холбогдох 2116000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Ч 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв *** тоот хохирогч Б.М*гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнтэй маргалдан зодож биед нь баруун, зүүн дээд доод зовхи, дээд уруул, зүүн шанаа, баруун гарын сарвуу, зүүн гарын сарвуу, зүүн бугуй, цээжний гол хэсэг, баруун эгэмний доод хэсэг, зүүн мөр, зүүн бугалагт цус хуралт, баруун шанаа баруун тохойд зулгаралт буюу хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

2. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдаанд өгсөн “...Барилгын ажил хийдэг манай нэг эгч байдаг юм. Гараашны шавар хийгээд гэрт нь очиж хувцсаа солиод явах гэсэн чинь араас ирээд явуулахгүй гээд хувцаснаас татаад маргаан болсон. Өөр зүйл болоогүй... Эхлээд түлхээд 2-3 удаа гараараа цохисон...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Үүнээс хойш өөрийгөө хянаж явах болно...Хувиараа ажил хийгээд сардаа 200.000-300.000 төгрөг олдог...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.М мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 05 сарын 27-ны өдөр Ч бид хоёр айлын гражийн шавар хийж дуусаад 2.5 литр 2 ширхэг пиво хамт уусан юм. Тэгээд манай гэрт ирж хоол идэж байгаад хоорондоо маргалдсан юм. Тэгтэл Ч гэрлүүгээ явлаа гэхээр нь яах гээд байгаа юм бэ гэхэд миний өмнөөс уурлаад нүүрлүү цохиж аваад намайг үсдэж байгаад нүүр орчим руу хэд хэдэн удаа цохисон юм. Би эмчилгээнд мөнгө төгрөг зарцуулаагүй. Надад Чинзоригт ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг /ХХ29/,

Гэрч С.О мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 05 сарын 27-ны орой 23 цагийн үед М эгчийн том банди Б манайд ирээд ээжийг хүн зодчихсон байна та манайд очоодхооч гэхээр нь би М эгчийн гэрт очтол гэртээ ганцаараа сууж байсан ба зүүн талын нүүр, гар хэсэг нь хөхөрчихсөн байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /ХХ31/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 196 дугаартай

1.“...Б.М-ийн биед баруун, зүүн дээд доод зовхи, дээд уруул, зүүн шанаа, баруун гарын сарвуу, зүүн гарын сарвуу, зүүн бугуй, цээжний гол хэсэг, баруун эгэмний доод хэсэг, зүүн мөр, зүүн бугалагт цус хуралт, баруун шанаа баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Б.М-ийн биед учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ15-16/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ч  2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв ***тоот хохирогч Б.М-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнтэй маргалдан зодож биед нь баруун, зүүн дээд доод зовхи, дээд уруул, зүүн шанаа, баруун гарын сарвуу, зүүн гарын сарвуу, зүүн бугуй, цээжний гол хэсэг, баруун эгэмний доод хэсэг, зүүн мөр, зүүн бугалагт цус хуралт, баруун шанаа баруун тохойд зулгаралт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  Д.Ч-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч Д.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Ч-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА