Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Л.Галбадрах

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Х.Энхбат

Шүүгдэгч П.О

Шүүгдэгч Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Ш овогт Ч-ийн Б, Б овогт П-гийн О, Б овогт Д-гийн Х нарт холбогдох 2116000000049 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ч.Б, П.О нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 9 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн ** сумын **багийн нутаг дэвсгэр “**” гэх нэртэй газар нийт 180.89м2 буюу 0.018га талбайд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Samsung” ЕС55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор /унагалдай/, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 1 ширхэг зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 143.553 төгрөгийн хохирол учруулсан, мөн яллагдагч Ч.Б, Д.Х нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдийг хүртэл нийт 7 хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн ** сумын **багийн нутаг дэвсгэр “**” гэх нэртэй газар нийт 39.82м2 буюу 0.004га талбайд Д.Х-ын эзэмшлийн улсын дугааргүй “Doosan” 55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор /унагалдай/, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 1 ширхэг зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 139.348 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч П.О-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн үед би *** аймгийн **** сумд байсан. Ч.Б зөвшөөрөл гарсан газар байна ирж ажил гээд ирсэн. Тэгээд ирээд 3, 4 хоног байж байсан. Сум орон нутгийн хүмүүс ирсэн, трактор ажиллахгүй байсан тэгсэн цагдаа нар ирээд ийм зүйл болсон... Сум орон нутаг нь зөвшөөрсөн. Аймгаас зөвшөөрлийг нь авах гэж байгаа гэсэн... Миний эзэмшлийнх биш, манай найзын эзэмшлийн тракторыг би түрээсээр авч ирсэн... Нөхөн сэргээлт хийнэ гэж тохирсон... Бензин шатахуун өгнө гээд алс нь болох байлгүй гэж бодсон... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна аль болох хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Д.Х-ын шүүх хуралдаанд өгсөн “...Өвлийн нэг сарын аравдаар Ч.Б гуайтай утсаар холбогдсон. Гар аргаар ухсан нүх байдаг булуулах нөхөн сэргээлт хийх газар байгаа сумын иргэдийн хурал зөвшөөрсөн аймаг руу хүсэлт явуулна гэсэн одоо та нар ирэхэд болно гэхээр нь бид нар ирсэн. Би нарыг ирсний маргааш сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нар нь ирсэн. Тэд нар ирээд бид нарыг ажиллаж болохгүй, зөвшөөрөлгүй газар гээд манай хоёр баригчийг аваад явсан. Бид нар ажил явуулаагүй байж байсан. Ч.Б гуай 3 дугаар сарын 14-ний өдөр аймаг орж бичгээ хөөцөлдөнө гээд явсан. Тэр хойгуур нь цагдаа нар ирээд бид нар баригдсан... Говь-Алтай аймгаас манай найз Ч.Б гэдэг хүнийг трактортай хүнээр нүх булуулах юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би хүнээр утсыг нь олоод өгөөч гэж дамжуулж утсыг нь олж ярьсан... Миний өөрийн эзэмшлийн экскаватор...Нөхөн сэргээлт хийнэ гэж тохирсон...Үнэ хөлсөө тохирсон зүйл байхгүй... Урьд нь алт гарч байсан гэхээр нь ирсэн... Нүхийг нь булах далимаараа ганц нэг газар үзье гэж ирсэн... Ч.Б гуай тэдэн төгрөг өгнө гэж хэлээгүй, шатахуун түлшийг нь хангалттай хийж өгнө гэсэн... Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Ч.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Надад ашиг сонирхол харсан зүйл байхгүй, мал унаж үхээд байсан учраас нүхээ булуулах гэж эд нарыг дуудсан. Өмнө нь сонгуулийн үеэр нөхөн сэргээлт хийлгэнэ, тусгай зөвшөөрлийг нь олгоно гэж ярьсан. Жилд 20, 30 мал унаж үхдэг байхгүй хойгуур хүмүүс очоод ухчихдаг. Тийм газрыг эрүүл болгох гэж хүмүүс дуудсан. Надад ашиг хонжоо харсан зүйл байхгүй. Багийн иргэдийн нийтийн хурлаар хуралдуулаад зөвшөөрсөн. Сумаас нөхөн сэргээлт хийлгэх ажил хөөцөлдүүлж авах байсан... 2-3 метрийн гүн нүх байгаа, жалга болгоныг нь ухсан газар байдаг... Сонгуулийн үеэр яригдсан... Тэрийг мэдэхгүй, манай аймагт трактор, тоног төхөөрөмжтэй хүмүүсийг сайн мэдэхгүй... Би буруугаа хүлээж байна... Буруугаа хүлээж байна, өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогчийн төлөөлөгч Б.О-ийн шүүх хуралдаан өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр **багийн *** гэх газар Ч.Б-ийн өвөлжөөний ард трактор байна гэсэн мэдээлэл ирсэн. Бид нар хөдөө нохой мал барьсан хэргээр явж байгаад тамгын газар ирээд энэ мэдээллийг аваад хэсгийн төлөөлөгч, цагдаатай гурвуулаа очсон, очиход гэрийнх нь ард энгэр дээр нэг трактор тавьсан шороо шигших төхөөрөмж байсан. Гэр рүү нь орсон чинь гурван хүн байсан. Энд ямар хүн үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ, бичиг баримтаа гаргаад ир гэхэд бичиг баримт байхгүй манай хүмүүс аймаг явсан гэсэн. Тэгээд байж байхад Ч.Б ах урдаас машинтайгаа ирсэн. Энд юу болж байгаа юм бэ гэхэд ах нь нөхөн сэргээлт хийлгэх гээд хүмүүс авч ирсэн. Гурван сард болсон багийн хурал дээр зөвшөөрсөн. Би энэ нүхийг даруулах гэж байгаа юм энэ техник нь эвдэрсэн хүмүүс нь аймаг явсан гэсэн. Ашигт малтмалын газар руу энэ газрын мэдээлэл яваад хайгуулын тусгай лицензтэй энэ газар чинь давхцаагүй гэсэн дүгнэлт, тодорхойлолт гараад тэрний дагуу сумын Засаг даргатай гэрээ байгуулна. Тэр бичиг баримт нь гараагүй байхад энэ үйл ажиллагааг явуулахгүй та энэ техникээ буулга гэхэд барьдаг хүн нь байхгүй, эвдэрчихсэн гээд бид нар хүний юманд хүрч чадаагүй. Тэгээд тойрч зураг дараад, лац байхгүй байсан учраас энэ үйл ажиллагааг чинь таслан зогсооно гээд тогны утас, шороо угаадаг төхөөрөмж, мотортой нь хурааж аваад явсан... Манай сум бусад сумыг бодвол гар аргаар алт олборлолт явуулж эвдэрсэн газар ихтэй. 2013 онд аймгийн Байгаль орчны газар эвдэрсэн газрын тооллого хийсэн. **** гэдэг газар 37,2 га газар идэгдсэн газартай. Өмнө нь орон нутгийн тусгай хэрэгцээнд тусгай хамгаалалтад нийт газар нутгийн 62,3 хувийг авсан. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нөхөн сэргээлтийг үйл ажиллагаа хориотой байдаг учраас өмнө нь нөхөн сэргээлтийг асуудлыг ярьж байгаагүй. 2020 оны 07 дугаар сард орон нутгийн тусгай хамгаалалтад авсан хугацаа дууссан. Ашигт малтмалын газарт орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар хүсэлт хүргүүлсэн. Бичилт уурхайгаар ашигт малтмал олборлох журам байдаг тэрний дагуу манай малчдаас өвөлжөө, хаваржааны газрын нүрийг дармаар байна гэсэн хүсэлт ирдэг. Сум орон нутагт нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж баримталсан зүйл байхгүй, Журамд нь өөрчлөлт орох юм бол сум орон нутагт нөхөн сэргээлт хийх нилээд газар байдаг. Өмнө нь тендер зарласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03 сарын 19-ний өдөр Б-ийн өвөлжөөн дээр трактор байна гэх мэдээлэл ирсний дагуу тус сумынхаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт өдрийн 17 цагийн үед уг газар дээр очиход Бийн өөрийн гэрийн ойд энгэрт нэг жижиг гэр, хажууд нь шар өнгийн жижиг оврын трактор, шороо шигших төхөөрөмжийн хамт байсан. Гэрт 3 хүн байсан. Тэгээд энд хэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асуухад Б -би энэ хүмүүсээр энэ хуучин нүхийг даруулах гэж байгаа юм. Гэхээр нь энэ шороо шигшигч техникийг ашиглан үйл ажиллагаа явуулах чинь хууль бус, шороо баригч төхөөрөмж, техникийг буулгаж холдуул гэхэд техник эвдэрсэн эзэн нь аймаг руу сэлбэгт нь явсан гэж хэлэхээр нь бид нар үйл ажиллагааг явуулахгүйн тулд шороо шигших төхөөрөмжийн доор байрлах баригч, цахилгаан үүсгүүрийн 15 метр утас зэргийг түр хураан авч ирсэн...Өмнө нь бид нар шалгалтаар очиж Б-д трактороо холдуул гэж хууль ёсны шаардлага тавьсан тэгэхэд трактор нь эвдэрсэн ажиллуулдаг хүн нь алга байна гэсэн. Дараа нь дахин үйл ажиллагаа явуулж байсан учир одоо Байгаль орчинд учруулсан хохирлыг гаргуулж, нөхөн сэргээлт хийлгэж хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан 2 тусдаа үнэлгээ гаргасан байсан, газарт учирсан нийт хохирол болон нөхөн сэргээлтийн зардлыг нэхэмжилж тухайн газрыг нөхөн сэргээх арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг/1ХХ25-26, 187, 229-230хуудас/,

Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг Б дуудаад манай өвөлжөөний өмнө ухсан нүх рүү мал унаж үхээд байна энэ газраа нөхөн сэргээмээр байна гээд дуудсан. Би экскаватороо аваад ажиллахаар ирсэн. Би урд мэдүүлэг өгөхдөө 18 ирсэн гээд андуурч хэлсэн байна 2021.03.16-ны өдөр гараад 17-ны өдөр Говь-Алтай аймагт ирсэн юм байна. Тэгээд яг хэдний өдрүүдэд нь ажилласнаа санахгүй байна 2 өөр газарт шороо ухаж үзсэн. Тухайн шороонуудыг үсрээд 30, 30 минутын зайд л ухаж үзсэн түүнээс өдөржингөө ажилласан зүйл байхгүй. Хамт Баянхонгор аймгаас ирсэн Б, М нар эхний хэсэг газарт ажиллахад цуг байсан харин 2021,03.24-ны өдөр өөр газарт очоод ажиллахад тухайн нутгийн гэх 2 хүн явж таарсан тэдгээр хүмүүс харж зогсож байгаад явсан надтай хамт ажиллаагүй. Б ах ирчхээд сумаас цагдаа нар ирдэг өдөр ажиллуулахгүй гэж байна гээд яваад өгсөн. М нь 2021,03.24-ны өглөө С ахтай аймаг руу яваад тэр чигтээ буцаад явсан байсан дахиж холбоо бариагүй. Тухайн техник хэрэгслүүд нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Ямар нэгэн бичиг баримт байхгүй. ...Тэдгээр хүмүүсийг сайн танихгүй би Баянхонгор аймгаас наашаа явахад хүн хайгаад хүмүүс рүү залгахад тухайн 2 хүн өөрсдөө явъя гээд хүрээд ирсэн тухайн үедээ утсаар яриад ирж л байсан байх одоо мэдэхгүй байна одоо хаана байдгийг нь мэдэхгүй танихгүй хүмүүс юм. Тухайн хүмүүстэй анх уулзаад ** суманд очоод трактороор шороо угаана гэж хэлээд тохироод ирсэн. Тухайн хүмүүст өдрийн 30000 төгрөг өгөхөөр тохирсон байсан тухайн хүмүүс нь туслах ажил хийх гал тогоо барих зэрэг ажил хийхээр ирсэн юм...” гэх мэдүүлэг /1ХХ29-37/,

Гэрч Х.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03-р сарын 24-ний өдөр сумын төв дээр ажлаа хийгээд байж байтал ** сумын **багийн ** Б-ийн өвөлжөөн дээр хууль бусаар алт олборлоод байна гэх мэдээлэл надад ирсэн. Тэгээд би аймгийн төв ороод бүрэлдэхүүний хамт уг газарт шөнө очсон. Тэгэхэд гэр барьсан П.О-н эзэмшлийн улбар шар өнгийн экскаватор үйл ажиллагаа явуулж байсан ба таслан зогсоосон. Тэгээд тухайн газраас экскаватор явсан мөр байсан ба уг мөрийг дагаад шалгаж үзэхэд тус газраас 1 км орчим зайд улаан хүрэн өнгийн экскаватор байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эздийг олж тогтоогоод үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоосон. Тэгээд МША -г хийж гүйцэтгэсэн. Би тухайн сумын хэсгийн төлөөлөгчийн ажлыг хүлээж аваад хууль бусаар алт олборлодог болон ан агнуур хийдэг хүмүүсийн судалгааг гаргасан. Тэр судалгаанд Б гэдэг нь хамрагдсан байдаг...” гэх мэдүүлэг /1ХХ191/,Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэндээсээ би хойшоогоо яваад Он трактор дээр очиход нүх дараад байж байсан. Би хажуугаар нь хайгч тавьж үзээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн юм ...Тухайн хүмүүс намайг очиход 2 трактортой тус тусдаа ажиллаж байсан. О нь доороо 4 залуутай ажиллаж байсан. Х нь цуг ирсэн хүмүүс нь байхгүй буцсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1ХХ 244-247/,

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ирээд өдөр нэг хоол хийгээд, орой нь нэг хоол хийгээд байж байна. Намайг өглөө ирэхэд О 2 жоохон банди, 3 хүн байсан....** сумын иргэн С гэдэг хүн мэдэж байгаа гэж надад хэлсэн. Би тухайн хүнийг танихгүй уулзаж байгаагүй, сүүлд цагдаад баригдсаны дараа л аймагт ирээд харсан ...намайг цалинжуулж ажиллуулна өдрийн 30.000 төгрөг өгнө болох уу гэж байсан ...намайг ирэхэд О-н трактор дээр М, Ө, О, Э нар байсан. Х-ыг нь ** суманд байсан талаар нь мэдээгүй. Цуг Баянхонгор аймгаас ирээд тусдаа ажиллаж байсан юм. Цагдаа нар ирсний дараа бид нарын байрлаж байгаагаас урагш нэг жалганд бас нэг трактор байсан талаар сонссон...” гэх мэдүүлэг,/2ХХ 1, 25-26 /

 

Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өнөөдөр ирээд ухчихсан байсан газрыг шороогоор дарж байсан. Намайг өглөө ирэхэд энд байсан хүмүүс ажиллаад угааж байсан тэгэхэд лав юм гараагүй. Намайг ирэхэд О, экскаваторыг ажиллуулдаг 2 залуу нэрийг нь сайн мэдэхгүй байна энэ хэд л байсан ...Надад өдрийн 50.000 төгрөг өгнө гэж байсан ...тухайн экскаватор нь П.О-н өөрийнх нь эзэмшлийн бага оврын экскаватор байгаа юм...” гэх мэдүүлэг /2ХХ5, 28-29,168-169/,

Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн ** суманд ирчхээд Х нь 2 залуутай үлдээд бид нараас тусдаа ажиллахаар болоод өөр газарт байрласан. Харин О, Г бид 3 Х-ын байрласан газраас хойш 1км орчим зайд тусдаа жалганд байрлаад 2-3 өдөр нүх дарж ажиллаж байгаад тракторын шланк задраад мөн тус сумаас байгаль орчны хүмүүс ирээд ажиллуулахгүй гэсэн ...Тухайн газрын орчимд байрладаг С гэдэг хүн бичиг баримт нь бүрэн учир ажиллаж болно гэж дуудахаар нь О, Х нар ажиллахаар ирсэн юм байна билээ. Цуг ирчхээд гайгүй алт олборловол чамайг бодно л гэж хэлж байсан. Би О-с урд өмнө авлагатай байсан болохоор дагаж явж байгаад өрөө авах санаатай байсан юм...” гэх мэдүүлэг /1ХХ39-40, 2ХХ20-23/,

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О ах өдрийн 50.000 төгрөгөөр цалинжуулаад трактор бариад өг гэж хэлж авч ирсэн...” гэх мэдүүлэг /2ХХ34-35, 173-174/,

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг О ах өдрийн 50.000 төгрөгөөр цалинжуулаад трактор бариад өг гэж хэлж авч ирсэн. Ямар нэгэн зөвшөөрөл байгаа эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2ХХ 31-32/,

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021,03.23-ны өдөр айлуудаар багийн дарга Г хамт явж байгаад Б ахынд очсон чинь тухайн үед сумын Засаг дарга С ирж таарсан. Тэгээд тухай газарт 2 трактор орж алт олборлохоор ажилласан байна та одоо боль гээд Б гуайд хандаж Засаг дарга С нь хэлж байсан ...ямар нэгэн албан ёсны зөвшөөрөл олгогдоогүй байхад иргэн Б нь хүмүүс дуудаж ажиллуулсан байсан...” гэх мэдүүлэг /2ХХ43-44/,

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...03 сарын 23-ны өдөр *** өвөлжөөн дээр очиход хойд энгэрт нэг жижиг гэр, хажууд нь шар өнгийн жижиг оврын трактор, шороо шигших төхөөрөмжийн хамт байсан. Гэрт 4 хүн байсан. Тэгээд энд хэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асуухад мэдэхгүй, Ховд аймгаас яваа хүмүүс машин худалдаж аваад явж байна гэсэн. Тэгээд урагшаа хошуу тойроод гараад ирэхэд бас нэг жижиг гэр хажууд нь улаан өнгийн трактор шороо шигших төхөөрөмжийн хамт байсан. Гэрт нь нэг хүн унтаж байхаар нь сэрээгээд асуухад мэдэхгүй урд байгаа айлын хүн мэдэж байгаа гэсэн. Тэгээд урд айлд очоод Б*тэй уулзаад энэ ажиллаж байгаа трактороо болиул гэж шаардлага тавиад явсан. Намайг очиход техник бол ажиллаагүй өмнө нь ажиллаж ухсан бололтой байсан. 2 гэрт нийт 5 хүн байсан, тухайн хүмүүс бид нар мэдэхгүй урд айлын хүн мэднэ гэсэн хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /2ХХ157/,

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тухайн унагалдайг бензин түлшээ оруулаад нийтдээ 1.500.000 төгрөгөөр ачихаар тохиролцсон. Тэгээд тухайн унагалдайгаа 2021 оны 03 дугаар сарын 14-ний орой аймгаас хоосон гараад “***-аас очиж унагалдай ачаад Говь-Алтай аймаг руу гарсан. Тэгээд ачсан унагалдайгаа Говь-Алтай аймгийн төвөөс 40км явсан байхаа засмал замаас 12км орчим л явсан байх уулын бэлд сайрын эрэг дээр буулгаад үлдээсэн... ” гэх мэдүүлэг,/2ХХ153-155/

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гэтэл иргэн Б нь албан ёсны шийдвэр гараагүй байхад нөхөн сэргээлт хийлгэхээр хүмүүс оруулсан байсан. 2021,03.23-ны өдөр айлуудаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга О*гийн хамтаар айлуудаар явж байгаад Б-ийн гэрт орж ирээд сууж байхад сумын Засаг дарга С нь хойноос ирээд Б-д хандан та ямар учраас албан ёсны зөвшөөрөл гараагүй, цаг хугацаа болоогүй байхад 2 трактор оруулж үйл ажиллагаа явуулж байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /1ХХ189, 2ХХ176-177-р хуудас/

Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэдгээр хүмүүсийг танихгүй Н-г л таних юм байна лээ. Тэдгээр хүмүүсийг ирээд 6-7 хонож байгаа талаар ярьж байсан алт олдохгүй шатаж байна ах минь гэж хэлж байхыг сонссон хамтарч ажиллаагүй болохоор мэдэхгүй байна. Тухайн өдөр 14 цагийн орчим би өөрийнхөө *** улсын дугаартай автомашинаар Б /өндөгөө/ гэх хүнтэй хамт тухайн газарт очсон бөгөөд би 2 тооны адуугаа хайх далимдаа тухайн алт гардаг газраар ороод явах санаатай очсон юм. Тухайн өдөр *** өгсөж байхад нэг трактор шороо шигших төхөөрөмжөө шанагаараа өргөөд уруудад явж байхтай таарсан тэгээд уулзахад миний танихаас Н гэдэг хүн байсан хажууд нь танихгүй 2 залуу явж байсан тэгээд уруудаад ноднин ухсан хуучин газар дээр очих гээд явж байгаа талаараа хэлсэн. Тэгээд би тухайн газарт цуг явсан Б-г үлдээгээд Н-тэй айл нүүлгэхээр болоод явсан тэгээд оройхон 19 цагийн орчим буцаад ирэхэд нөгөө трактороо надтай таарсан газраасаа урдхан талд жалганд оруулчихсан гэрийн буйрны чинээнээс арай бага газар ухчихсан байж байсан тэгээд би Н-г тухайн газарт буулгаад Б-г аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-ХХ42-43/,

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би гоби эксплорейшн ХХК-д гүйцэтгэх захирал албан тушаалтай бөгөөд 2003 оноос хойш геологи, хайгуул чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ...Ч.Б-ийг би бол уулзаж үзээгүй. Манай геологич нар уулзаж байсан бөгөөд нөхөн сэргээлт хийлгэх талаар хийсэн гэрээ хэлцэл огт байхгүй...” гэх мэдүүлэг/1ХХ155-р хуудас/,

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03 сарын 19-ний өдөр Б-ийн өвөлжөөн дээр трактор байна гэх мэдээлэл ирсний дагуу тус сумынхаа хэсгийн төлөөлөгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч О нарын хамт өдрийн 17 цагийн үед уг газарт очиход Бийн өөрийн гэрийн хойд энгэрт нэг жижиг гэр хажууд нь улаан өнгийн трактор, шороо шигших төхөөрөмжийн хамт байсан. Гэрт 3 хүн байсан тэгээд энд хэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асуухад Б “...би эн хүмүүсээр энэ хуучин нүхийг даруулах гэж байгаа юм...” гэхээр нь шороо шигшигч техникийг ашиглан үйл ажиллаа явуулах чинь хууль бус, шороо баригч төхөөрөмж, техникийг буулгаж холдуул гэхэд энэ техник эвдэрсэн, эзэн нь аймаг руу сэлбэгт нь явсан гэж хэлэхээр нь бид нар үйл ажиллагааг явуулахгүйн тулд шороо шигших төхөөрөмжийн доор байрлах баригч цахилгаан үүсгүүрийн 15 метр орчим утас зэргийг түр хураан авч ирсэн...” гэх мэдүүлэг,/1ХХ57/

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн хүмүүс бага оврын экскаватор, шороо шигших төхөөрөмж, цахилгаан үүсгэгч моторууд зэргийг ашиглаж байсан. Тухайн хүмүүс намайг очиход 2 трактортой тус тусдаа ажиллаж байсан. О нь доороо 4 залуутай ажиллаж байсан. Х нь цуг ирсэн хүмүүс нь байхгүй буцсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1ХХ51-52, 244-247/,

Д.Х-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны “...бүтэн овоолготой байсан шороог экскаватораар ухаад шороог шигшээд булсан...03-р сарын 5-ны өдөр өвөлжөөний амруу уруудаад 5ш нүх булсан...5ш нүх байсныг 2 нүхийг нь экскаватораар нэмж ухаад, шигшиж угаасан, алт гараагүй...” гэх агуулга бүхий тэмдэглэл/1ХХ10/

П.О-н мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны ”...хуучин ухсан нүхнүүд дээр экскаватораа байрлуулан ажиллуулаад гарсан шороог нь шигшээд 1гр орчим алт олсон...өөр газар очин ухсан газраа заасан...өөрийн ажилласан талбайг заасан...” тэмдэглэл,/1ХХ214/

Гэрч Б.Т мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед тайлбарласан “...2021 оны 03-р сарын 18-ны өдрийн орой 22 цагийн орчимд ажилд гарсан, хуучин ухсан нүхнүүдтэй байсан, уг талбай дээр экскаватор ашиглан нэмж ухаад гарсан шороог нь шигшээд буцаан булж ажилласан...” гэх мэдүүлэг/1ХХ213/

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/15 дугаартай “...П.О, Ч.Б нарын эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 143.553 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 184.377 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт, ажлын тайлан/2ХХ53-79/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/15 дугаартай “...Д.Х, Ч.Б нарын эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 139.348 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 179.284 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт, ажлын тайлан/1ХХ64-100/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ203-209/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ4-6/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдал дараах байдлаар тогтоов.

1. Шүүгдэгч Ч.Б, П.О нар нь  хамтран 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ** сумын **багийн нутаг дэвсгэр “**” гэх нэртэй газар нийт 180.89м2 буюу 0.018га талбайг П.О-н эзэмшлийн улсын дугааргүй “Samsung” ЕС55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор /унагалдай/, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 1 ширхэг зэргийг ашиглан нөхөн сэргээлт хийнэ гэсэн шалтгаанаар халхавчлан, алт олох зорилгоор, төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ухсан болох нь анх хоорондоо хэрхэн тохиролцсон талаар мэдүүлсэн шүүгдэгч нарын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, газар ухах үйл ажиллагааны талаар мэдүүлсэн гэрч С.С, Г.Г, Ч.Б, Б.О С.Э Б.Н, Н.Г, Х.Ж нарын мэдүүлгүүд, уг үйл ажиллагаандаа ажиллуулахаар тохиролцсон гэрч О.Б, Б.Т, Б.М, З., С.Д нарын мэдүүлгүүд, ухсан газарт хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ухагдсан газрын экологи-эдийн засгийн үнэлгээг хийсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/15 дугаартай “...экологи-эдийн засгийн үнэлгээг 143.553 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 184.377 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт, П.О, Б Т нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Ч.Б, Д.Х нар нь хамтран 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдийг хооронд Говь-Алтай аймгийн ** сумын **багийн нутаг дэвсгэр “**” гэх нэртэй газар нийт 39.82м2 буюу 0.004га талбайг Д.Х-ын эзэмшлийн улсын дугааргүй “Doosan” 55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаватор /унагалдай/, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, алт шигших төхөөрөмж 1 ширхэг зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олох зорилгоор, нөхөн сэргээлт хийнэ гэсэн шалтгаанаар халхавчлан ухсан болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, газар ухах үйл ажиллагааны талаар мэдүүлсэн гэрч С.С, Г.Г, Ч.Б, Б.О С.Э Б.Н, Н.Г, Х.Ж нарын мэдүүлгүүд, уг үйл ажиллагаандаа ажиллуулахаар тохиролцсон гэрч О.Б, Б.Т, Б.М, З.Э, С.Д нарын мэдүүлгүүд, ухсан газарт хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ухагдсан газрын экологи-эдийн засгийн үнэлгээг хийсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/15 дугаартай “экологи-эдийн засгийн үнэлгээг 139.348 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 179.284 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт, Д.Х-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.7 дэх заалтад ”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно гэж заасан түүнчлэн шүүгдэгч нар нь нөөц, хэмжээ нь хайгуулын ажиллагааны үр дүнд тогтоогдоогүй урьд өмнө хууль бусаар гар аргаар алт олборлож байсан газар үйл ажиллагаа явуулсан тул шүүгдэгч нарын үйлдлийг ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн болно.

Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулахаар бол зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрлийг нь бичгээр авч уг тусгай зөвшөөрлийг үндэслэн аж ахуйн нэгжийн хэлбэрээр ажиллах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч эрүүгийн хуулиар хамгаалжээ. 

Иймээс шүүгдэгч Ч.Б, П.О, Д.Х нарын үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч П.О, Д.Х нар нь хэдийгээр хоорондоо хамтраагүй боловч шүүгдэгч Ч.Б-ийн оролцоогүйгээр түүний эзэмшлийн өвөлжөөний газар нутагт дээрх үйл ажиллагааг явуулах боломжгүй байх тул тэдний үйлдлийг бүлэглэсэн гэж шүүх үзсэн болно. Шүүгдэгч Ч.Б-ийн тухайд газар ухах, шороо шигших ажилд оролцоогүй боловч өөрийн эзэмшлийн өвөлжөөний газрыг ухуулахаар шүүгдэгч П.О, Д.Х нартай урьдчилан тохиролцсон, тусгай зөвшөөрөлтэй мэтээр бусдад ойлгуулах хэлбэрээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэлээ.

Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ түүнчлэн хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1ХХ-105-106, 2ХХ91-92/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/15 дугаартай дүгнэлт, ажлын тайлан/1ХХ64-100, 2ХХ54-79/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох шүүгдэгч П.О-н эзэмшлийн “Samsung” ЕС55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаваторыг 11.000.000 төгрөгөөр, цахилгаан үүсгүүр 1 ширхгийг 400.000 төгрөгөөр, алт шигших төхөөрөмж 1 ширхгийг 150.000 төгрөгөөр,  Д.Х-ын эзэмшлийн  улсын дугааргүй “Doosan” 55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаваторыг 12.000.000 төгрөгөөр цахилгаан үүсгүүр 1 ширхгийг 400.000 төгрөгөөр, алт шигших төхөөрөмж 1 ширхгийг 150.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин Ч.Жамъяаны үнэлгээний тайлан /1ХХ97-100, 2ХХ85-88/, шүүгдэгч П.Он 143.241 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сан”-ийн Төрийн сангийн 100900013040 тоот дансанд тушаасан банкны баримт, 185.377 төгрөгийг ** сумын Төрийн сангийн 100051600988 тоот дансанд тушаасан баримт,   шүүгдэгч Д.Х-ын 139.348 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сан”-ийн Төрийн сангийн 100900013040 тоот дансанд тушаасан банкны баримт, 179.280 төгрөгийн ** сумын Төрийн сангийн 100051600988 тоот дансанд тушаасан баримт, шүүгдэгч Ч.Б-ийн 282.901 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сан”-ийн Төрийн сангийн 100900013040 тоот дансанд тушаасан банкны баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Д.Х, Ч.Б нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, П.О, Ч.Б Д.Х нар учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч П.О урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ял, албадлагын арга хэмжээ авахдаа харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч П.О, Д.Х нарт тус бүр 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч П.О нь урьд өмнө нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулахгүйгээр ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заажээ. Шүүгдэгч П.О тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ****дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтаас шүүгдэгч П.О-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.О-д оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.О, Д.Х хөрөнгө, орлого олох боломж зэргийг нь харгалзан шүүгдэгч П.О-д оногдуулсан 10.800 /арван мянга найман зуу/ нэгж торгох ялыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Х-т оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоолоо.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

1. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

1.1 Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/15 дугаартай “...П.О, Ч.Б нарын эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 143.553 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 184.377 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт/2ХХ53-79/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/15 дугаартай “...Д.Х, Ч.Б нарын эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 139.348 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 179.284 төгрөгөөр тогтоосон байх тул уг экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч П.О, Ч.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 287.106 /хоёр зуун наян долоон мянга нэг зуун зургаа/ төгрөгөөр тогтоон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Байгаль орчин уур амьсгалын сан”-д, дээрх дүгнэлтээр тогтоогдсон нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлыг 368.754 /гурван зуун жаран найман мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөгийг Говь Алтай аймгийн ** сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэлээ.  

1.2 Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/15 дугаартай “...Д.Х, Ч.Б нарын эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 139.348 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 179.284 төгрөгөөр...” тогтоожээ. Иймээс Байгал орчныг хамгаалах тухай хуулийн  дээрх зохицуулалтыг баримтлан шүүгдэгч Д.Х, Ч.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний 139,348 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж  278.696 /хоёр зуун далан найман мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгөөр тогтоон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Байгаль орчин уур амьсгалын сан”-д,, нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлыг 358.568 /гурван зуун тавин найман мянга таван зуун жаран найм/ төгрөгийг Говь Алтай аймгийн ** сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгч П.О-н эзэмшлийн 11.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung” ЕС55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаваторыг, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан үүсгүүр 1ш, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий шороо шигших төхөөрөмж 1ш хамтаар,  Д.Х-ын эзэмшлийн  12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй “Doosan” 55” маркийн улбар шар өнгийн бага оврын экскаваторыг,  400.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт шигших төхөөрөмж 1ш хамтаар тус тус улсын орлого болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Х П.О, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ш овогт Ч-гийн Б, Б овогт П-гийн О, Б овогт Д-гийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.О, Д.Х нарт тус бүр 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтаас шүүгдэгч П.О-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар 3, 4-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б-ийг ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.О-д оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон хойш 1 жилийн хугацаанд, шүүгдэгч П.О-д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч П.О, Д.Х нарт сануулсугай.

10. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч Ч.Б-д сануулсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-ын эзэмшлийн “Doosan 55” маркийн экскаватор, цахилгаан үүсгүүр, шороо шигших төхөөрөмж, шүүгдэгч П.О-н эзэмшлийн “Samsung s55” маркийн экскаватор, цахилгаан үүсгүүр, шороо шигших төхөөрөмжийг улсын орлого болгосугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол улсын орлого болгосон эд зүйлийг битүүмжилсэн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолуудыг хэвээр үргэлжлүүлж, эд зүйлүүдийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т шилжүүлсүгэй.

13. Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нар газрын хэвлийд учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардлыг төлсөн болохыг тэмдэглэсүгэй.

14.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, П.О, Д.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА