Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 037

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр актын Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, иргэдийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1962 онд төрсөн, 1978-2014 он хүртэл Манхан суманд мал маллан амьдарч байгаад 2014 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Өндөр насны тэтгэвэр авч байтал 2016 оны 5 дугаар сард таны тэтгэвэр буруу тогтоосон байна, ажилласан жил тэтгэврийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан боловч шимтгэлийн мөнгөө төлөөгүй, баталгаажилтын хуудас ирээгүй байхад бүрдэл дутуу материалаар тэтгэвэр тогтоон олгосон тул акт тогтоосон гэдэг үндэслэлээр миний тэтгэврийг зогсоосон. Миний бие нийгмийн даатгалын байгууллагаас шаардсаны дагуу зөрчлийг арилгасан. Миний тэтгэврийг дахин олгож байснаа 2017 оны 5 дугаар сараас эхлэн дахин зогсоож хохирол учруулсаар байна.

Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр актын Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.М, Н.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Манхан сумын Тэтгэвэр авагчдын хувийн хэргийг шалгахад Н.М нь Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар бүртгүүлсэн боловч бүртгүүлсэн хугацааныхаа нөхөн төлөх шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөөгүй байсан.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгээр өгсөн чиглэлийн 3 дахь заалтыг үндэслэхэд тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын санд хохирол учруулсан байсан тул улсын байцаагчийн акт бичиж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Н.М нь Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан шимтгэлийн мөнгөө 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн тул уг хугацаанаас өмнөх тэтгэврийг нөхөн олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг өмгөөллийн үгэндээ: Ховд аймгийн Манхан сумын иргэн Н.М нь 2014 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу баримтуудаа бүрдүүлж өгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байдаг.

Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг үндэслэж улсын байцаагчийн акт гаргасан байдаг. Нийгмийн даатгалын тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо дутуу баримт бүрдүүлж өгсөн бол илүү авсан тэтгэврийг буцаан төлүүлнэ гэх заалт байхгүй. Тэтгэврээ тогтоолгох гэж байгаа иргэн нь холбогдох баримтаа бүрдүүлж өгөхөд нийгмийн даатгалын ажилтан шалгаж үзээд тэтгэвэр тогтоох ёстой.

Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд иргэний ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг Нийгмийн даатгалын хэлтэс зохион байгуулахаар заасан. Нэхэмжлэгч нь дээрх хуульд хамрагдаж, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах шимтгэлд 78200 төгрөг төлсөн гэж тайлбарладаг ба үүнийг Манхан сумын нийгмийн даатгалын байцаагч нь нотолдог.

Тухайн үед Манхан сумын нийгмийн даатгалын байцаагчаар А.Лхагваа ажиллаж байсан ба нэхэмжлэгч Н.М нь түүнд 78200 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Мөн А.Лхагваа нь нэхэмжлэгчээс гадна хэд хэдэн хүний 78200 төгрөгийг авч, хувьдаа хэрэглэсэн асуудал гаргасан.

Тухайн үед А.Лхагваад 78200 төгрөгийг өгөхөд нэхэмжлэгч Н.М хамт явж байсан хүн болон гэрч Г.Нямдэмбэрэл нар нь А.Лхагвын алдаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийг хохирсон гэж хэлдэг. Тухайн үед Н.М нь улсын байцаагчийн акт гарсныг мэдээгүй.

Н.М нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэж, үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаандаа нэхэмжлэл гаргасан. Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд зааснаар хуурамчаар баримт бүрдүүлж, тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар заасан.

Гэхдээ тэтгэвэр тогтоолгох гэж байгаа иргэний баримт бичгүүд нь хуурамч эсэхийг нийгмийн даатгалын байцаагч шалгах ёстой. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр акт нь нэхэмжлэгчид чиглэж гараагүй, байцаагчид чиглэж гарсан акт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Л.Баясгалан дүгнэлтэндээ: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2014 оны 1 сарын 06-ны өдрийн 1/2 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн 3 дахь заалтыг үндэслэхэд бүрдэл дутуу байхад тогтоолгосон тул улсын байцаагчийн акт тогтоосон байна. Нөхөн олговрын 78200 төгрөгийг 2016 оны 5 дугаар сард Нийгмийн даатгалын байцаагч Бүрэнжаргалд өгсөн. Иймд Улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь  Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн  улсын байцаагч Н.М, Х.М нарт холбогдуулан  Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаар “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Анхтуяад холбогдуулан 2017 оны  05 дугаар сард өндөр насны тэтгэврийг үндэслэлгүйгээр зогсоосон хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, энэхүү хууль бус үйлдлийн улмаас  буюу 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл хугацааны олгогдоогүй тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах  гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.М Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Анхтуяад холбогдуулан “2017 оны  05 дугаар сард өндөр насны тэтгэврийг үндэслэлгүйгээр зогсоосон хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, энэхүү хууль бус үйлдлийн улмаас  буюу 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл хугацааны олгогдоогүй тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах”  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан бөгөөд  энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх  тул  тус нэхэмжлэлийн  шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхээс хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудыг үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Н.М, Х.М нар нь Манхан сумын тэтгэвэр авагчдын  хувийн хэрэгт хяналт шалгалт хийж 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх” тухай улсын байцаагчийн актаар  өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан гэх үндэслэлээр Н.М 6117900 төгрөгийг илүү олгосон гэж үзэж акт тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь төрөөс олгосон ажилласан жил нөхөн  тооцуулах тухай хуулийн дагуу холбогдох хүсэлтийг гаргаж байцаагч Лхагваад шимтгэлийн 78000 төгрөгийг бэлнээр  өгсөн. Ингээд тэтгэвэр тогтоолгох материалыг байцаагч хүлээн аваад тэтгэвэр тогтоолгох шаардлага хангасан байна гэж үзэж тэтгэвэр тогтоосон. Гэтэл эдгээр байцаагч нар нь 78000 төгрөг төлөөгүй гэж акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, хариуцагч нар М.М-ын  шимтгэл төлсөн байдлыг шалгахад шимтгэлээ төлөөгүй байсан учир үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж акт тогтоосон гэж  маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

1.Улсын байцаагч Н.М, Х.М нар нь  хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу  Манхан сумын тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт хяналт шалгалт хийсэн талаараа маргаан бүхий актад тодорхойлсон бөгөөд уг шалгалтыг хэлтсийн даргын баталсан удирдамжгүйгээр явуулсан болох нь  Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 450 дугаар албан бичгээр /хх-26/ нотлогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т нийгмийн даатгалын байцаагчийн хяналт шалгалт хийх эрхийг, 26 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална гэж хуульчилсан ба Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 3.2, 3.4-т нийгмийн даатгалын байцаагчийн Нийгмийн даатгалын тухай хууль болон тус дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ үйлдэх баримт бичиг, түүнийг бичих үндэслэл, журмыг нарийвчилсан зохицуулсан байна.

Уг дүрмийн 3.4-т “Хяналт шалгалт хийхээс өмнө шалгалтын удирдамжийг батлуулах бөгөөд уг удирдамжид шалгалтын зорилго, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагч, шалгалт хийх хугацаа, хамрах хүрээ, ажлын чиглэлийг тусгахаар заасан байна” гэж заасан бөгөөд нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нар нь дээрх шалгалтыг хийхдээ тухайн шалгалтын удирдамжийг батлуулалгүйгээр хийсэн нь Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.4-ийн “Нийгмийн даатгалын байцаагчид хориглох зүйл”, 2.4.1-д “хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглоно” гэснийг зөрчжээ.

Иймд улсын байцаагч Н.М, Х.М нар нь Манхан сумын тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт хяналт шалгалт хийж  зөрчилд бичсэн  “Үндэслэлгүйгээр авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” 14 дугаартай акт нь нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хууль, холбогдох журмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т: “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр настны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй ” гэж заасан байх ба энэ болзол, шаардлагыг хангасан иргэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан баримт бичгийг бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандах эрхтэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно.” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар нарийвчилсан зохицуулалттай “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ыг баталсан.

Уг журам нь тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийн бүрдлийг урьдчилан хангуулж, даатгуулагч тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх үүссэн үед нь тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасан хугацаанд хөнгөн шуурхай тогтоох зорилготой байх ба тэтгэвэр тогтоох ба хянах талаар журмын 4.1.1-т “Сумын нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн энэ журмын 3.1,3.2, 3.3, 3.4-д заасан баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан шалган уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж “тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан” гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэн гарын үсэг зурна”.,

4.1.3-т “Хэлтэс, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар энэ журмын 4.1.2-т заасны дагуу иргэнд шинээр тогтоосон тэтгэврийн хэмжээг хянаж, тухайн иргэний “тэтгэвэр тогтоолтын хуудас”-д гарын үсэг зурж, хэлтсийн тэмдэг дарж баталгаажуулна.”, 4.1.8.-т “Сумын нийгмийн даатгалын байцаагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу иргэний тэтгэврийн хэмжээг тогтоох бөгөөд уг өөрчлөлтийг хяналт шалгалтын байцаагч болон хэлтсийн дарга хянаж баталгаажуулан нэгдсэн мэдээлэлд оруулна.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн өндөр настны тэтгэвэр тогтоолтыг  хянаж баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан зөвшөөрч баталгаажуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тэтгэврийн хувийн хэрэгт байгаа тэтгэвэр тогтоолтын баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн  үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгон авч байсан гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч нараас маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болгосон Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “илүү тогтоолгож авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх” үндэслэл нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэрэг зөрчлийг тухайн тэтгэвэр тогтоолгогч этгээд шууд санаа зорилготойгоор өөрөө үйлдсэн түүнийгээ нийгмийн даатгалын байгууллагад гаргасан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон бол “тэтгэврийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан” гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, тухайн тэтгэвэр тогтоолгогчоос хуурамч баримт бичиг бүрдүүлснийг, худал мэдээлснийг эрх бүхий байгууллага, шалгаж тогтоосон тохиолдолд тэтгэвэр авагчийг тус зөрчлийг гаргасан гэж буруутгах үндэслэл бүрдэхээс гадна төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан тэтгэвэр тогтоолгогчийн бүрдүүлэн өгсөн баримт хүсэлтийг хянан шалгах, зөрчил илэрвэл арилгуулахаар шаардах, хэрэв тэтгэвэр тогтоох үндэслэлгүй тохиолдолд тэтгэвэр тогтоохоос татгалзах эрхтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч Н.М анх тэтгэвэр тогтоолгохдоо нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгсөн баримтад 78120 төгрөг төлсөн баримт байхгүй байсан болох нь тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдож байх ба “...нэхэмжлэгчийг анх тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй, хариуцагчаас хуурамч баримт бүрдүүлсэн гэх асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол хүсэлт гаргаагүй, тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэн өгсөн баримтыг дуурайлгаж, хуурамчаар үйлдсэн талаар тогтоолголгүйгээр үндэслэлгүйгээр олгогдсон гэх 6117900 төгрөгийг нэхэмжлэгч Н.М  төлүүлэхээр акт тогтоосон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалттай нийцээгүй ...” байна.

Иргэн Н.М нь  анх өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргах үед түүний баримт материалыг хүлээн авч хянасан нийгмийн даатгалын байцаагч, ахлах байцаагч, дарга нар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2010 оны 163 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д заасны дагуу баримт бичгийн бүрдэл, баталгаажилтыг урьдчилан хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баримт бичгийн бүрдлийг тэтгэврийн эрх үүсэх үед нь бүрэн хангуулах, мэргэжлийн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлэх боломжтой байсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь түүнд  Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох хуулиар бүртгүүлсэн хугацааны нөхөн төлбөр 78120 төгрөгийг  төлсөн эсэхийг, тухайлбал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т  заасан нөхцөл шаардлага хангагдсан эсэхийг хянан шалгах үүргээ биелүүлээгүй тэтгэвэр тогтоосон ба энэ үйлдэлд тэтгэвэр  авагчийг буруутгаж,  үндэслэлгүй олгосон  тэтгэврийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус байх ба хууль тогтоомжид нийцээгүй тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Мөн нэхэмжлэгчийн “ ...байцаагч Лхагваад бэлнээр 78000 төгрөг өгсөн” гэх тайлбарын тухайд Манхан сумын нийгмийн даатгалын байцаагч Лхагваа нь Н.М-ыг тэтгэвэр тогтоолгох баримт бүрэн гэж үзэж тэтгэвэр тогтоолтын хуудас нээсэн нь байцаагч Лхагваа нь Н.М-ын Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох хуулиар бүртгүүлсэн хугацааны нөхөн төлбөр 78120 төгрөгийг  өөрт нь бэлнээр өгснийг хүлээн зөвшөөрсний үндсэн  дээр Н.М тэтгэвэр олгох эрхийг үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай”  актын Н.М холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч Н.М Ховд аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч Б.Анхтуяад холбогдуулан гаргасан “2017 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэврийг үндэслэлгүйгээр зогсоосон хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, энэхүү хууль бус үйлдлийн улмаас  буюу 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл хугацааны олгогдоогүй тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай “Үндэслэлгүй авсан тэтгэврийг буцаан төлүүлэх тухай” актын Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас /Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Нэхэмжлэгч Н.М нь шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл

Шүүгч Д.Алтанцэцэг,

Шүүгч Г.Янжиндулам