| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-07-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Ц.Батзаяа,
Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ы М, Б овогт Б-ийн Э нарт холбогдох 2116000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
О.М, Б.Э нар нь бүлэглэн Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу “****-д 2021 оны 05 дугаар сарын 30- аас 31-нд шилжих шөнө цонхны төмөр хаалтыг эвдэж, цонхыг нь онгойлгож нууцаар, хууль бусаар нэвтэрч нэг сагс коко кола ундаа, ямааны 12,3 кг мах, гахайн утсан 2,8 кг мах зэргийг хулгайлж хохирогч Г.О-д 160.820 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Э-ын шүүх хуралдаанд өгсөн “...Ярих зүйл байхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Би Б ахынд Н-ийн байранд амьдардаг...цонхны хаалтыг би эвдсэн. Хамт орсон, би эхэлж орсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч О.М-ын шүүх хуралдаанд өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм алдаа гаргахгүй...Дахиад архинд 48-р байрны тэргээр урагшаа явж байгаад “***” орж юм авна гээд тэндээс мах, сагс кола аваад Б-гийнд очсон. Тэндээсээ танай хөлдөөгчид аваачаад хийе гээд манай хөлдөөгчид аваачиж хийсэн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б. Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16-19 цагийн хооронд **** баарны доод талын билъярдан дээр тоглож байсан юм. Тэнд тоглож байхад М билъярдан дээр хүрээд ирсэн. Тэнд тоглож байгаад цаг дуусаад манай түрээсийн байр луу явсан. Тэгээд байрандаа ирээд М бид 2 архи авахаар захын дээшээ тал өөд байдаг улаан тоосгон дэлгүүрээс 2 ширхэг 0,75 литрийн “экс” нэртэй архи авсан. Бид хоёр тухайн үедээ таксигаар явж байсан. Бид 2 архи аваад буцаж байранд ирсэн. Б, М бид 3 авч ирсэн архиа хувааж уусан. 2 шил архийг уугаад дуусахад цаг нилээд орой болсон байсан бөгөөд 2-3 цаг болж байсан байх. М бид 2 гэрээсээ гараад Б ах гэртээ үлдсэн. Бид 2 архи хайгаад олоогүй. Тэгээд явж байхдаа ***** орж юм явъя гэсэн санааг би гаргасан юм. М бид 2 цонхны торыг эвдээд хамтдаа дотогшоо орсон. Тэгээд тэндээс кола ундаа нэг сагс, мах авсан. Тэндээсээ шууд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд Б ах унтаж байсан бөгөөд Б ахыг сэрээгээд бид гурав М-ынх руу явсан. М-ынд очоод махыг нь хөлдөөгчид хийгээд Б ах бид 2 хажуу талын өрөөнд нь ороод унтаад өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь цагдаа хайж ирээд М-ыг аваад явсан...Би өөрөө цагдаа дээр ирж хэргээ хүлээсэн юм..." гэх мэдүүлэг /ХХ70-71/,
Шүүгдэгч О.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Э ганц шил архи ууя гэж ярилцсан. Э бид 2 дээшээ талд байдаг дэлгүүрээс 2 ширхэг 0,75 литрийн архи авч уусан. Уг архийг ууж байхад харанхуй болчихсон байсан. Тэгээд Э нь хоёулаа гарчхаад ирье гэж хэлээд бид 2 хамтдаа гарсан 48 дугаар байрны урдуур урагшаагаа явсан. Э нь “***”-ээс орж юм авна гэж хэлсэн. Цонхны төмөр хамгаалалтыг татаад хамт татаадах гэж хэлсэн. Бид 2 хамт хамгаалалтын төмрийг татаад Э түрүүлж ороод намайг ороод ир гэж хэлсэн. Дотроос нь гахайн мах, ямааны мах, сагс коко кола нэртэй ундаа аваад гараад явсан...Б-гийнд очсон. Б-гийнд очоод байж байтал Э мах гэсчихнэ танай хөлдөөгчид аваачиж хийе гэж хэлээд бид 3 манайх руу явсан. Манайд очиж, махаа хөлдөөгчид хийчхээд тэр 2 гараад явсан...” гэх мэдүүлэг/ХХ85-86/
Хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай *** ХХК-нь **** нь Есөнбулаг сумын ****** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм. Би 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажил ихтэй байсан тул бялууны үйлдвэр дээр 20 цаг хүртэл ажлаа хийж байгаад бялууны үйлдвэрийн хаалгыг түгжээд гэр рүүгээ явсан юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед манай менежер О залгаад бялууны үйлдвэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь нөхрийн хамт бялууны үйлдвэр дээр очсон юм. Тэгэхэд цагдаа ирсэн байсан. Ямартай ч цонхны хаалтыг эвдээд, цонхоор хулгай орсон байсан. Манай бялууны үйлдвэрээс ямааны мах 10 орчим кг ямааны цул болон багахан шиг татсан мах, 3 орчим кг гахайн утсан мах алдагдсан байна. Мөн 1 сагс түмний кола ундаа алга болсон байна...ямааны мах кг 8000 төгрөгөөр буюу 80,000 төгрөг, гахайн махыг кг-ыг 22,000 төгрөг буюу 3 кг шиг санагдаж байна ингэхээр 66,000 төгрөг болно. Сагс түмний кола 1 ширхгийг нь бөөний үнээр 2970 төгрөгөөр худалдан авдаг. Сагсандаа 6 ширхэг гэхээр 17,820 төгрөг болно. Надад нийт 163,820 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /ХХ25/,
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай *********** бялууны үйлдвэрийн газар нь Есөнбулаг сумын ***** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 30-ны орой манай хадам ээж О нь 20 цаг хүртэл ажиллаж байгаад бялууны үйлдвэрээ хаагаад гэр рүүгээ явсан юм. Ингээд би маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 07 цагт бялууны газраа нээх гээд ирэхэд манай газрын баруун талын цонхны хаалт мурийгаад, цонх нь нээлттэй байхаар нь хаалга аа онгойлгоод дотогш ороход хөргөгчүүд онгорхой, кассын мөнгө хийдэг шургуулга нь онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, /ХХ27/
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б.Э нь манай гэр бүлтэй хамт Есөнбулаг сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах **** нийтийн байранд хамт байдаг юм. 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Э бид 2 “*****” баарны хажуугийн билъярданд тоглож байхад Н буюу М ирсэн юм. Тэгээд би 3 тоглож байгаад тэндээс 19 цаг өнгөрч байх үед гараад манай гэррүү явсан юм. Ингээд манайд ирээд архи уухаар болоод Э, Н 2 архи авч ирэх гээд гэрээс гараад явсан. Удалгүй Э, Н 2 ирсэн бөгөөд ирэхдээ 2 шил 0.75 граммын Ерөөл архи авч ирэн бид 3 ууж дуусгасан юм. Тэгтэл дахин Э, Н 2 архинд явж 1 шил архи авч ирээд тэр архийг ууж дууссан юм. Ингээд дахин Э, Н 2 архинд явсан бөгөөд хэсэг байж байгаад ирэхдээ 1 сагс том кола ундаа, 2 уут махтай ирсэн юм. Тэгснээ Н манайхыг хөргөгчгүй юм чинь гэж хэлээд манайх руу явъя гээд намайг дагуулаад тэр 2 явсан юм. Тэгээд Н гэрт нь очоод хөлдөөгчид махаа хийгээд, ундаа ууж байгаад Н гэртээ амрахаар болоод Э бид 2 гэрээс гарч явсан юм. Тэр хоёрыг хаанаас мах, ундаа авч ирснийг мэдэхгүй байсан бөгөөд Э-аас юун учиртай талаар асуухад согтуудаа “***”-рүү орж хулгай хийсэн гэж хэлээд санаа зовоод байсан юм...Б.Э нь тухайн өдөр цагаан өнгөтэй, малгайтай цамцтай байсан. Харин О.М нь дээгүүрээ цэнхэр ногоон өнгийн яактай байсан...” гэх мэдүүлэг /ХХ34-35/,
2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ3-9/,
2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн О.М-аас эд зүйл /мах/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ10-11/,
2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн Б.Э-аас эд зүйл /цамц/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ15-16/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Назарбекийн 2021 оны 06 дугаар сарын 11- ний өдрийн 25 дугаартай “...хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 1, 2 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд тэнцэж буй 1, 2 дугаартай гарын мөрүүд нь папилон санд ***** гэж бүртгэгдсэн, **** Э-ын зүүн гарын дунд, ядам хуруунуудын хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ44-53/,
2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ашид билгүүн “ХХК-ны хулгайд алдагдсан эд зүйлд үнэлгээ гаргасан үнэлгээний дүгнэлт, /ХХ40-43/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөх болон яллах талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар О.М, Б.Э нар нь хамтран 2021 оны 05 дугаар сарын 30- аас 31-нд шилжих шөнө Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын ***** багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “******” бялууны үйлдвэрийн цонхны төмөр хаалтыг эвдэн, цонхыг нь онгойлгон орж нэг сагс коко кола ундаа, ямааны мах 12,3 кг, утаж боловсруулсан гахайн мах 2,8 кг хулгайлан авч бусдад 160.820 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь санаа зорилго нэгтэйгээр “*****” бялууны үйлдвэрийн байрны цонхны төмөр хаалтыг эвдэн, цонхыг нь онгойлгон орж бусдын эд хөрөнгийг авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь:
1. Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрсэн гэдэг нь шүүгдэгчийн хувьд уг байранд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд байр нь саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан эсвэл анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх төдийгүй хамгаалагдсан гэдэг нь илтэд мэдэгдэхүйц байхад түүнийг нь мэдсээр байж зөрчсөн үйлдлийг хэлдэг. Иймээс шүүгдэгч нар нь тухайн байранд ямар байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдсээр байж эд зүйл авах зорилгоор түүний цонхны хамгаалалтын төмрийг эвдэн орсон нь тэднийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болсон болно. Орон байрны халдашгүй байдал нь хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд тухайн байрны өөрийн түлхүүрээр онгойлгох, түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглан цоож хаалгыг эвдлэх, онгорхой цонх, хаалга, тооноор орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэн хохирлын хэмжээнээс үл хамааран энэ шинжээр хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг тайлбарлах зүйтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч нарын тухайд гэмт хэрэг үйлдэн бусдын эд зүйлийг хууль бусаар авч байгаагаа мэдэж байсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ
Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох зорилгоор шүүгдэгч О.М, Б.Э нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ104-105/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ***** дугаартай тогтоол,/ХХ108-113/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /ХХ114-120/, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ашид билгүүн “ХХК-ны хулгайд алдагдсан эд зүйлд үнэлгээ гаргасан үнэлгээний дүгнэлт /ХХ40-43/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч нар нь урьд өмнө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан “ялтай байдал”-д тооцох хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.
Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ““хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэгээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэгээс ихгүй хугацаагаар буюу нэгээс дөрвөн жилийн хооронд хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.
Иймээс шүүгдэгч О.М, Б.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсийг хохирогчид буцаан олгосон 18.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн, хохирогч Г.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмын хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч О.М, Б.Э нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялаас доогуур буюу 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч О.М, Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан тул уг ялыг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ. Иймээс шүүгдэгч О.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар” шүүгдэгч Б.Э-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг “Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар” тус тус хэрэгжүүлэх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалттай нийцэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Б овогт О-ын М, Б овогт Б-гийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, Б.Э нарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тус тус хэрэгжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт сануулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э, О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА