| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0078/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/84 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Ч.Эийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Ч.Э, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2135000000073 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 09-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш-дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 2-4 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 540.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, РД:ОЮ74100910, Харнууд îâîãò Чийн Э,
Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 01-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Чандмань Увс” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженер ажилтай, ам бүл 1, Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:ОС85030111, Хасгууд îâîãò Бы С.
Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ч.Э нь Увс аймгийн Улаангом сумын нутгаас хохирогч М.Тын гээгдүүлсэн А71 загварын гар утсыг 2020 оны 10 дугаар сард олж авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан,
Шүүгдэгч Б.С нь Увс аймгийн Улаангом сумын нутагт хохирогч М.Тын гээгдүүлсэн А71 загварын гар утсыг 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж иргэн Ч.Эөөс худалдан авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үндэслэлийн талаар:
I. Шүүгдэгч Ч.Эийг бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 10 дугаар сарын сүүлээр Самсунг А71 загварын цайвар ногоон өнгийн гар утас олж авсан болох нь:
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан “Хасгууд овогт Бы Саас 353173739629895, 353755419629896 имей кодтой, R58N75K503Z сериал дугаартай, саарал өнгийн хүрээтэй, номин ногоон өнгийн гадаргуутай Samsung galaxy A71 загварын гар утас хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
Хохирогч М.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз Ганболдын гэрт байрлаж байсан. Би 2020 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрийн аль нэгэнд нь гадуур явж байгаад өөрийн эзэмшлийн Самсунг А71 загварын гар утсаа гээгдүүлсэн. Тухайн үед би гудамжинд явж байгаад гээсэн үү, эсхүл таксигаар үйлчлүүлж байхдаа унгаасан уу гэдгээ сайн мэдэхгүй байна...би гээгдүүлсэн самсунг галакси А71 гар утсаа 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод байрлах сайн компьютер нэртэй цахилгаан барааны дэлгүүрээс 1.399.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гээгдүүлсэн самсунг галакси А71 загварын гар утас нь цэнхэр өнгийн их биетэй 353117373929898, 353755419629896 гэсэн имей кодтой, ард талд байх камерын шил нь бага зэрэг цуурсан шинэ, хоёр симны оролттой байсан гар утсаны дэлгэцэд ямар нэгэн код түгжээ байгаагүй уг гар утасны ар талын хавтсанд миний иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, жолооны үнэмлэх байсан” гэх мэдүүлэг[2],
Гэрч Ц.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна манай нөхөр Ч.Э нь өөрийнхөө машиныг цэвэрлэж байгаад арын суудлын орчмоос цэнхэр өнгийн А71 загварын гар утас олж авсан юм. Тухайн гар утсыг манай нөхөр Э нь 1 сар гаруй хугацаатай өөртөө ашиглаж байгаад Сд 500.000 төгрөгөөр зарсан юм.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 01 сард би багш Ч.Эийн машинд гэрээсээ суугаад ажил руугаа хүргүүлэхэд багш Ч.Эийн машины голын хайрцагт утас харагдахаар нь би багшаа энэ ямар утас юм бэ? шинэ утас авсан юм уу? гэж асуухад багш би машин дотроосоо олж авсан юм гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[4],
Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ч.Э нь анх 2020 оны намар 10 дугаар сарын үеэр надад "ах нь өөрийнхөө машин дотроос А71 загварын гар утас олж авсан" гэж хэлж байсан юм. Тухайн үед Ч.Э ахаас би тухайн үедээ тэр утсаа зарахгүй юм уу гэж асуухад Э ах зарахгүй гэж хэлж байсан юм. Тэрнээс хойш уг гар утсыг Э ах өөрөө ашигладаг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн барьж байсан А51 загварын гар утасныхаа дэлгэцийг хагалчихсан бөгөөд би Э ахын олж авч ашиглаж байсан А71 загварын гар утсыг худалдаж авъя гэж бодоод тэдний гэрт 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр очиж Ч.Э ахад "би утсаа эвдчихлээ, та олж авсан А71 загварын гар утсаа надад зарчих" гэхэд Э ах зөвшөөрч би тэр өдөр төв хаан банкны бэлэн мөнгөний машинаас 500.000 төгрөг авч өгч уг А71 загварын гар утсыг худалдаж авсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ч.Эийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 10 дугаар сарын сүүлээр яг өдрийг сайн санахгүй байна би өөрийн 60-11 УББ улсын дугаартай креста загварын автомашиныг өөрийнхөө хашаанд угаах гээд суудлын бүрээсийг авах гээд арын суудлыг тайлж авахад машины суудал доороос А71 загварын цэнхэр өнгийн гар утас гарч ирсэн юм. Тухайн үед уг гар утас нь ямар ч цэнэггүй унтарчихсан байсан бөгөөд тухайн гар утасны нэг камерын гадна шил нь бага зэрэг цуурсан байсан ба өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан юм. Тухайн үед уг гар утас цэнэггүй байсан учир би Номин худалдааны төвийн нэг давхраас цэнэглэгч залгуур худалдан авч тухайн гар утсыг цэнэглэж асаасан. Тухайн утсыг цэнэглэж асаахад дэлгэцдээ ямар нэгэн цоожгүй шууд асч байсан юм. Тухайн утсыг би олж авахаас 3-4 сарын өмнө өөрийн Нөүт-8 загварын гар утсыг гэр хорооллынхоо гудамжинд гээгдүүлээд олж авч чадаагүй байсан бөгөөд тэр өдөр уг гар утсыг олохоор нь мухар сүсэг ч гэдэг юм уу гээсэн утасныхаа оронд утас олж авчихлаа гэж бодоод уг гар утсанд байсан сим картуудыг гаргаж хаяад өөрийнхөө 99003674 дугаарын сим картыг хийж, тухайн гар утсыг нээнгүүт тухайн гар утсыг гараараа базаж өөрөө тухайн гар утсыг порматлаж утсан дээрх бүх зүйлийг устгасан юм. Би тухайн гар утсыг порматлахаасаа өмнө нь тухайн утсан дээр байсан дугаар, зураг, мессеж гэх зүйлүүдийг нь огт үзээгүй шууд порматлаж устгасан юм. Тухайн гар утсыг би 1 сар гаруй хугацаатай өөрөө ашиглаж байсан бөгөөд би тухайн гар утсыг олж авсан талаараа өөрийн эргэн тойрны хүмүүст бүгдэд нь өөрөө хэлж мэдэгдсэн байсан. Намайг машинаасаа гар утас олж авч ашигласан талаар миний танил дүү С гэгч нь мэдэж байсан ба би Сд тухайн үедээ тэр утсыг олж авсан гэдгээ хэлж байсан юм. Тухайн үед ч гэсэн С нь надад "та наад олж авсан утсаа надаа зарчих аа" гэж хэлж байсан бөгөөд тэр үед нь би тухайн утсыг зарна гэж бодоогүй, тэгээд ч тухайн гар утасны эзэн нь хайгаад ирж магадгүй гэж бодоод заралгүй өөртэй ашиглаж байсан юм. Тэгээд би тэр утсыг 1 сар гаруй хугацаатай барьж байхад сар өдрийг нь сайн санахгүй байна миний танил дүү С манай гэрт ирээд надад " би утсаа эвдээд хаячихлаа, та дүүдээ олж авсан утсаа зарчих" гэж хэлсэн. Тэр үед нь би уг гар утсыг 1 сар гаруй барихад хүн хайж ирэхгүй байсан учраас, дээрээс нь С утсаа зарчих гээд байхаар нь би уг гар утсыг Сд зарахаар болсон. Тэгээд бид хоёр тэндээсээ төв хаан банкны АТМ /бэлэн мөнгөний машин/-аас С нь надад 500.000 төгрөг картаасаа авч өгсөн. Тэгээд би Сд олж авсан А71 загварын гар утсыг өгч явуулсан. Тэгээд би Сд утас зарж олсон 500.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд хоол хүнс, бензин тос гэх мэт зүйлийг авч өөртэй зарцуулж дуусгасан юм. Тэгээд би сүүлд Стай таараад "дүү тэр утас чинь 500.000 төгрөгийн утас биш байна шүү" гэж хэлэхэд С нь надад " дүү нь тэгж байгаад нэмээд 300.000 төгрөг өгнө" гэж хэлсэн. Тэрнээс хойш С нь надад нэмж 300.000 төгрөг өгөөгүй юм. Би урьд нь олон хүний утас олж аваад эзэнд нь өгч байсан боловч ямар нэгэн шагнал, урамшуулал авч байгаагүй, тэр үед өөрийнхөө утсыг гээчхээд цахим орчинд зар тавьсан боловч олдоогүй байсан учраас тухайн утсыг эзэнд нь буцааж өгөх шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ би тэр утсыг олж авсан гэдгээ тааралдаж, уулзсан хүн бүхэндээ хэлж байсан. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Хамгийн гол нь сайхан харилцаатай байдаг дүүгээ ийм хэрэгт холбогдуулсандаа харамсаж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан эд зүйлийг гээгдэл эд хөрөнгө гэх бөгөөд гээгдэл эд хөрөнгө нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон байдаг. Олсон этгээд өмчлөгч, эзэмшигч буюу эзэн нь хэн болохыг мэдэгдэхгүй, эсхүл мэдэж ч байж болно.
Хохирогч М.Т нь өөрийн хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас өөрийн өмчлөлийн Samsung A71 загварын гар утсыг шүүгдэгч Ч.Эийн автомашинд үйлчлүүлж байх үедээ мартаж явсныг шүүгдэгч Ч.Э олж авсан тул уг Samsung A71 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.
Завших үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч,өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж эхэлснээр бүрдэл төгсдөг.
Хохирогч М.Тын гээгдүүлсэн Samsung A71 загварын гар утсыг шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 10 дугаар сарын сүүлээр олж авч, 2020 оны 11 дүгээр сарын 28-нд шүүгдэгч Б.Сд худалдсанаар түүний үйлдэл төгссөн байна.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Э нь энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ... гэж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг шинжийг тодорхойлжээ.
Хохирогч М.Тын гээгдүүлсэн Samsung A71 загварын гар утас 917.604 /есөн зуун арван долоон мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2021 оны 4 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаартай дүгнэлт[5]-ээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3.“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг, энэ зүйлийн тайлбар: -Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно, 5 дугаар зүйлийн 3-т Энэ хуульд заасан “нэг” нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус заасан тул 917.604 төгрөг нь бага бус хэмжээнээс дээш хохиролд хамаарна.
Иймд шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
II. Шүүгдэгч Б.Сыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.С 2020 оны 11 дүгээр сарын 28-нд шүүгдэгч Ч.Эөөс Самсунг А71 загварын цайвар ногоон өнгийн гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдаж авсан болох нь:
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан “Хасгууд овогт Бы Саас 353173739629895, 353755419629896 имей кодтой, R58N75K503Z сериал дугаартай, саарал өнгийн хүрээтэй, номин ногоон өнгийн гадаргуутай Samsung galaxy A71 загварын гар утас хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[6],
Шүүгдэгч Б.Сын хаан банкны 5813212111 дугаартай данснаас 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр зарлагад талаарх депозит дансны хуулга[7]
Гэрч Ц.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна манай нөхөр Ч.Э нь өөрийнхөө машиныг цэвэрлэж байгаад арын суудлын орчмоос цэнхэр өнгийн А71 загварын гар утас олж авсан юм. Тухайн гар утсыг манай нөхөр Э нь 1 сар гаруй хугацаатай өөртөө ашиглаж байгаад Сд 500.000 төгрөгөөр зарсан юм.” гэх мэдүүлэг[8],
Шүүгдэгч Ч.Эийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг машинаасаа гар утас олж авч ашигласан талаар миний танил дүү С мэдэж байсан ба би Сд тухайн үедээ тэр утсыг олж авсан гэдгээ хэлж байсан юм. Тухайн үед ч гэсэн С нь надад "та наад олж авсан утсаа надаа зарчих аа" гэж хэлж байсан бөгөөд тэр үед нь би тухайн утсыг зарна гэж бодоогүй, би тэр утсыг 1 сар гаруй хугацаатай барьж байхад сар өдрийг нь сайн санахгүй байна миний танил дүү С манай гэрт ирээд надад " би утсаа эвдээд хаячихлаа, та дүүдээ олж авсан утсаа зарчих" гээд байхаар нь би уг гар утсыг Сд зарахаар болсон. Тэгээд бид хоёр тэндээсээ төв хаан банкны АТМ /бэлэн мөнгөний машин/-аас С нь надад 500.000 төгрөг картаасаа авч өгсөн. Тэгээд би Сд олж авсан А71 загварын гар утсыг өгч явуулсан. Би сүүлд Стай таараад "дүү тэр утас чинь 500.000 төгрөгийн утас биш байна шүү" гэж хэлэхэд С нь надад " дүү нь тэгж байгаад нэмээд 300.000 төгрөг өгнө" гэж хэлсэн. Тэрнээс хойш С нь надад нэмж 300.000 төгрөг өгөөгүй юм.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ч.Э нь анх 2020 оны намар 10 дугаар сарын үеэр надад "ах нь өөрийнхөө машин дотроос А71 загварын гар утас олж авсан" гэж хэлж байсан юм. Тухайн үед Ч.Э ахаас би тухайн үедээ тэр утсаа зарахгүй юм уу гэж асуухад Э ах зарахгүй гэж хэлж байсан юм. Тэрнээс хойш уг гар утсыг Э ах өөрөө ашигладаг байсан. Тэрнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн барьж байсан А51 загварын гар утасныхаа дэлгэцийг хагалчихсан бөгөөд дэлгэцийг нь солих гэхээр ковид гээд хөл хорио тогтоочихсон гар утас засвар ажиллахгүй байсан, учир би Э ахын олж авч ашиглаж байсан А71 загварын гар утсыг худалдаж авъя гэж бодоод тэдний гэрт 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр очиж Ч.Э ахад "би утсаа эвдчихлээ, та олж авсан А71 загварын гар утсаа надад зарчих" гэхэд Э ах зөвшөөрч би тэр өдөр төв хаан банкны бэлэн мөнгөний машинаас 500.000 төгрөг авч өгч уг А71 загварын гар утсыг худалдаж авсан. Тэгээд би дараа нь Э ахад утасны мөнгөн дээр нэмж 300.000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч ажил төрөлгүй, мөнгөгүй байсан учир нэмж 300.000 төгрөг өгч чадаагүй юм. Би уг А71 загварын гар утсыг өөрөө ашиглаж байгаад цагдаагийн байгууллагад хураалгасан юм.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно” гэж мөнгө угаах үйлдлийн шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бол...” гэж мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус тодорхойлсон байна.
Шүүгдэгч Б.С нь Samsung A71 загварын гар утсыг шүүгдэгч Ч.Э олж авч, ашиглаж байгааг баттай мэдсэн болох шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Э Samsung A71 загварын гар утсыг олж авч ашиглаж байгааг шүүгдэгч Б.С мэдсээр байж худалдан авч, ашиглаж байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Хохирогч М.Т Samsung A71 загварын гар утсыг 2020 оны 8 дугаар сарын 31-нд 1.499.900 төгрөгөөр “Прогресс капитал” ББСБ-ын зээлээр худалдан авсан болох нь зээлээр худалдан авах гэрээ[9]-ний хуулбараар, гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн хэрэглээнд орсон үеийнхэн зах зээлийн үнэ нь 917.604 /есөн зуун арван долоон мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2021 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаартай дүгнэлт[10]-ээр тус тус тогтоогдсон байна.
Samsung A71 загварын гар утсыг шүүгдэгч Б.С нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500.000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хямдаар худалдан авч байгаа нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг баттай мэдсэн гэдгийг давхар нотолж байна.
Иймд шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь “Миний хувьд үнэ, хөлсийг нь тохироод хүнээс гар утас худалдаж авсан учраас миний үйлдэл гэмт хэрэг биш гэж үзэж байна” гэж мэтгэлцсэн боловч түүний үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.Тын гээгдүүлсэн Samsung A71 загварын гар утас 917.604 /есөн зуун арван долоон мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2021 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас 917.604 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Samsung A71 загварын гар утас нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, хохирогч М.Т “Samsung A71 загварын гар утсаа авчихвал өөр нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул Samsung A71 загварын гар утсыг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ч.Э, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг, шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь нотлогдсон тул тэдэнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Эийн хувийн зан байдлын талаар Гэрч Ц.Пын өгсөн: “Би Ч.Этэй 2009 ондоо гэрлэлтээ батлуулж одоо 12 дахь жилдээ амьдарч байна. Ч.Э нь зан аашийн хувьд ер нь бол их шударга, зарчимч зантай, үр хүүхдүүддээ худал хэлж болохгүй, жаахан зүйлийг ч гэсэн нууж болохгүй талаар хэлж сургадаг зантай хүн юм. Ч.Э нь дээд боловсролтой, бүжигчин, бүжгийн жүжигчин мэргэжилтэй бөгөөд урьд өмнө нь надтай гэрлэхээс өмнө нь үндэсний урлагийн их театр, сонгодог урлагийн академик театр гэх мэт газруудад бүжгийн багш, бүжигчнээр ажиллаж байгаад 2007-2017 он хүртэл 10 гаруй жил Увс аймгийн Ойрад театрт бүжгийн дасгалжуулагч багшаар ажиллаж байгаад 2017 онд ажлаасаа халагдсан юм. Ч.Э нь мэргэжлээрээ нийт 20 гаруй жил ажиллаж байгаа ажилдаа идэвхи зүтгэл сайтай, мундаг сайн бүжгийн багш, дасгалжуулагч ажилтай хүн юм..” гэх мэдүүлэг[11], Гэрч Г.Бийн өгсөн: “Миний багш болох Ч.Э нь Увс аймаг Улаангом сумын 4 дүгээр багт хашаанд оршин сууж амьдардаг. Би Э багштай багш шавийн барилдлагатай болоод 8 жил болж байна. Багш Ч.Э нь зан байдлын хувьд их шударга, зарчимч зантай, цаг барьж ажилладаг, хүнд тусархуу, хүний алдаа дутагдлыг засаад өгчихдөг, нээлттэй, Багш Ч.Э нь доороо 30 гаран шавьтай нийтэч, бусдад харамгүй авьяасаа хайрладаг, мэдлэгээ бусдад хүргэж ажилладаг, эхнэр хүүхдэдээ халамж анхаарал сайн тавьдаг, хүний алдаа дутагдлын хэлж зөв зам руу хөтөлдөг, төлөв даруу багш байгаа юм. Багш Ч.Э нь амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж амьдралтай одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, театраас тэтгэвэрт гарсан болон саналаараа гарсан хүмүүстэй нийлж иргэдэд тоглолт зохион байгуулж жилдээ 2-3 удаа орон нутгуудаар явж тоглолт хийдэг. Одоогоор короно гээд тоглолт хийхгүй байгаа.” гэх мэдүүлэг[12],
Шүүгдэгч Б.Сын хувийн зан байдлын талаар Гэрч Б.Уын өгсөн: “Би Сыг сайн таньж мэднэ. С Увс аймгийн Тариалангийн гаралттай хүн бөгөөд Тариалан сумын дунд сургуульд сурч төгсөөд Сэрүүлэг гэх их дээд сургуульд суралцаж төгссөн юм. Одоогоор Улаангом суманд ганцаараа амьдарч байгаа юм. Улмаар одоогийн байдлаар эхнэр хүүхэд гэх зүйл байхгүй бөгөөд Чандмань Увс ХХК-л Хаб-ын ажил албан тушаалтай, С нь өөрийн нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө автомашин гэх зүйлгүй хөдөө аав, ээж нь хувиараа газар тариалан эрхэлдэг бөгөөд урьд өмнө ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Зан байдлын талаар төлөв даруу, ямар нэгэн хүнээс юм хумаслах, ямар нэгэн зүйл илүүчлэх, хүнийг хуурч мэхлэх санаа бодолгүй, өөрийнхөөрөө ажил мэргэжил албан тушаалаа хийгээд явж байгаа юм. Илүү дутуу ааш авир зангүй өөрийнхөөрөө залуу байгаа юм. Ажил дээрээ болон найз нөхөд дундаа нэр хүнд сайтай хүн юм. Б.Сын нь бие эрүүл мэндийн хувьд эрүүл саруул ба одоо ямар нэгэн эрүүл мэндийн асуудал гээд байх зүйл байхгүй, нойр булчирхай хааяа нэг өвддөг юм. Хорт муу зуршил гэх зүйл байхгүй бөгөөд тамхи татдаг, хааяа нэг баяр ёслолоор зохистой хэрэглэж байдаг өөр ямар нэгэн хорт зуршил байхгүй.” гэх мэдүүлэг[13], Гэрч О.Бын өгсөн: “Би Сыг сайн мэднэ бид хоёр нэг нутгийн нэг голын хүн байгаа юм. С нь 1985 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, одоогоор ганцаараа амьдардаг хүн юм. Одоогоор С нь Увс аймгийн Улаангом сумын 9-р багт амьдардаг. Чандмань Увс ХХК-нд хөдөлмөр хамгааллын инженер, авто граж, олон нийтийн ажил хариуцсан ажилтан хийж амьдардаг бөгөөд С нь багаасаа аав ээж дүүгийн хамт амьдарч өссөн. Б.С нь зан ааш сайтай, хүнд тусархуу, элдэв янзын ааш араншингүй, шулуун шударга, дайчин залуу юм. Б.С нь урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй төлөв даруу хүн юм. Б.Сын амжиргааны түвшний хувьд цалингаараа амьдардаг хоёр идэхгүй хоосон хонохгүй, Улаангом сумын 9 дүгээр багт хүргэн ахынхаа хашаанд монгол эсгий гэрт амьдардаг бөгөөд ажлаа хийгээд ямар нэгэн зүйлээр гачигдаж дутагдах зүйлгүй амьдардаг юм.” гэх мэдүүлэг[14] зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ч.Э нь 2009 онд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоол[15]-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16]-аар
Шүүгдэгч Б.С өмнө нь гэмт үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17]-аар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Эд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Сд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ буюу 6 /зургаа/ сар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Эийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох Самсунг-А71 загварын гар утсыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураан авч ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Самсунг-А71 загварын гар утсыг ч хохирогч М.Тт буцааж олгож, шүүгдэгч Ч.Э Самсунг-А71 загварын гар утсыг худалдаж олсон орлого болох 500.000 төгрөгийг хурааж, улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Сд хорих ял оногдуулсан тул улсын яллагчийн саналыг үндэслэн өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр,
шүүгдэгч Ч.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харнууд овогт Чийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Хасгууд овогт Бы Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Эийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Сыг 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Ялтан Ч.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг-А71 загварын гар утсыг ч хохирогч М.Т /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Сансарын 2-р гудамжны 23А тоотод оршин суух, РД:ОЭ78021871/-т буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Эөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг хурааж, улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
[1] /хх-ийн 6-7-р тал/
[2] /хх-ийн 17-18-р тал/
[3] /хх-ийн 24-р тал/
[4] /хх-ийн 27-р тал/
[5] /хх-ийн 36-р тал/
[6] /хх-ийн 6-7-р тал/
[7] /хх-ийн 114-р тал/
[8] /хх-ийн 24-р тал/
[9] /хх-ийн 46-50-р тал/
[10] /хх-ийн 36-р тал/
[11] /хх-ийн 24-р тал/
[12] /хх-ийн 27-р тал/
[13] /хх-ийн 28-р тал/
[14] /хх-ийн 24-р тал/
[15] /хх-ийн 82-84-р тал/
[16] /хх-ийн 79-р тал/
[17] /хх-ийн 112-р тал/