Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Болорзаяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Цгийн Дт холбогдох 2135000740078 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 19-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ар булаг багт оршин суух Х овогт Цгийн Д /РД:ОР83111915/.

Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Д нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн  нутгаас 2020 оны 12 дугаар сард хохирогч Т.Нгийн гээсэн Huawei Y6 загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 433.334 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Дын бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн  нутгаас 2020 оны 12 дугаар сард хохирогч Т.Нгийн гээсэн Huawei Y6 загварын гар утсыг олж авсан болох нь:

Хохирогч Т.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 01-ний үед байх идэш дээ явах гэж яараад явж байгаад аав Тгийн гадна очиж аавыг машинд суулгаад хөдлөөд явж байгаад Арбулагийн дэнж буюу сумын төвөөс 5 гаруй километр газар явсны дараа утсаа санаад өөрийнхөө утас руу эхнэрийн  утсаар залгахад дуудаж байсан. Тэгээд гэрт байсан хүү Аын утас руу залгаж миний утас дуугарч байна уу гэхэд дуудахгүй байна, гэрт утас дуугарахгүй байна гэж хэлсэн. Би тухайн үед аав Тгийн гэрийн гадна 10 орчим минут болсон байх, машинаас бууж аавын цүнх, ойр зуурын юмнуудыг машинд хийсэн. Тэгээд тэдний хашааны гаднаас хөдөлж явсан. ...Миний алдсан Хуавей Юу 6 загварын гар утас хар өнгийн хавтас, гадартай, дэлгэцэд ямар нэгэн эвдрэл, цууралт байхгүй” гэх мэдүүлэг[1],

Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 01-ний үеэр байх манайх Цагаанхайрхан сумын 4-р баг 502 тоотод байх хашаандаа идэшний даага гаргаж янзалсан. Тэгээд тухайн малыг янзалсны дараа хөдөө явж идэшний бог мал гаргаж авчрах гэж явсан Тухайн үед бид нар даага гаргасан бөгөөд мал гаргаж дууссаны дараа нөхөр Н өөрийнхөө гар утсаа хайгаад эхэлсэн ба гэрт гал тогооны ширээн дээр тавьсан байсан чинь олдохгүй байна гэж өөрийнхөө дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд бид нар тухайн үед идэш дээ явах гэж яараад идэш дээ явж ирээд хайхаас гэж хэлээд бид хоёр Цагаанхайрхан сумын 1-р багийн нутаг Үзүүрийн булаг гэх газар хадам ах Бийн гэр лүү явсан. Тэгээд тэнд идэшний бог малаа гаргаж аваад 1 хоноод л маргааш нь буцаж ирсэн. Тэгээд гэрт ирчхээд гар утсаа хайгаад нөхөр утсаа олоогүй юм. Тэгээд тэрнээс хойш 10 хоногийн дараа нөхөр Нгийн фэйсбүүк хаяг нь нээлттэй байхаар нь мессенжерээр залгахад аваагүй юм. Тэгээд бид нар өөр хүн авч ашиглаж байгаа юм байна гэж бодсон. Сүүлд хүмүүсээс сонсоод өөр хүн ашиглаж байгаа тохиолдолд Имей кодоор нь шүүлгэхэд гарч ирнэ гэдгийн сонсоод нөхөр танайд өргөдөл гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг[2],

Гэрч О.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Юнителийн 89666477 дугаарыг Дархан Уул аймагт байхдаа худалдаж авч байсан, одоо хүртэл ашиглаж байгаа. Би өөрийнхөө 89666477 дугаарын утсыг хүргэн ах Ц.Дын гар утсанд 2021 оны 01 дүгээр сард байх нэг удаа хийж ашиглаж байсан. Тэрнээс өмнө хийж байгаагүй. Хүргэн ах Ц.Дын гар утас нь Хуавей Юу 6 загварын гар утас юм. ...Ц.Д ах өвлийн идшээ Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багт байдаг ах Бгын малаас авсан. 2020 оны 12 дугаар сард идэш дээ яваад ирсэн санагдаад байх юм. Тухайн үед манайх Дархан-Уул аймагт байсан” гэх мэдүүлэг[3],

Гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сард хүү Нгийн хамт түүний машинаар идэш дээ явсан. Манай гэрийн гадна ирэхдээ Н өөрийнхөө гар утсаа алга болгосон талаар юм ярьж байгаагүй ба манай гэрээс савтай бензин, гурил авч машиндаа хийсэн. Харин манай гэрийн гаднаас хөдөлж яваад Арбулагийн дэнж гэх газарт буюу сумын төвөөс 5 орчим км зайтай байх явж байхад хүү Н өөрийнхөө гар утсаа хайгаад эхэлсэн ба бэр Мийн утсаар өөрийнхөө дугаар луу залгаад байсан. Тэгээд Нгийн утас эхлээд дуудаж байсан ба хариу өгөхгүй байсан. Тэгээд Б гэдэг хүний утас руу залгаж гэрт утас хаясан байна уу гэж асуугаад хүүхдээрээ хайлгасан. Гэрт утас дугарахгүй байна гэж хэлсэн ба Мийн утсаар дахин дахин залгаад аваагүй юм. Тэгээд Н ялт ч гүй гэрт хайчихлаа гэж өөрөө хэлж байсан, уг нь гэрт байсан юм даа гэж хэлсэн. Тэгээд би хүү Нд чи өөр газар хаясан биш биз. сайн санаарай гэж хэлсэн. Тэгээд бид нар хөдөө хүү Бийн гэрт ирж идэш ээ гаргаж аваад 1 хоноод буцаж сумын төв орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш хүү Н гар утсаа олоогүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[4],

Насанд хүрээгүй гэрч Н.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний аавын гар утас 2020 оны 12 дугаар сард алга болсон байх аав, ээж хоёр идэш дээ явж байхдаа аав над руу утсаар ярьж гэрт миний гар утас байна уу, дуугарч байна уу гэж асуусан. Тухайн үед би гэртээ дүү Амгалангийн хамт байсан ба мөн Б ах бид хоёрыг харж манай гэрт байсан. Бид гурав аавын гар утсыг хайгаад олоогүй юм. Тэгээд аав 2 хоногийн дараа хөдөөнөөс ирж гэрийнхээ байж болох бүх газруудаар хайгаад олоогүй юм.” гэх мэдүүлэг[5],

Гэрч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Увс аймгийн Цагаанхайрхан сумаас 3 жилийн өмнө Дархан- Уул аймаг руу шилжээд явсан. Тэгээд энэ жил 2021 оны 03 дугаар сарын сүүлчээр буцаж Увс аймгийн Цагаанхайрхан сум руу шилжиж ирсэн. Жил болгон манайх Увс аймгийн Цагаанхайрхан сумаас идэшний мах авдаг бөгөөд өнгөрсөн жил нөхөр 10 сарын 08-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сум явж 12 сарын эхээр Дархан-Уул аймагт ирсэн. Дарханд ирэхдээ Ү6 маркийн гар утас олж авсан гэж надад үзүүлсэн. Цагаанхайрхан суманд байхдаа хадам ээжийн дээд талын хашааны гадна талаас олж авсан гэдгээ хэлсэн. Тэгээд унтраастай байхаар нь аваад ирсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш нөхөр Д тухайн гар утсыг өөрөө барьж ашиглаад байгаа юм. Би ч хааяа өөрийнхөө фэйсбүүк хаягаар орж сольж барьж ашиглаж байгаа юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй.Жил болгон манайх Увс аймгийн Цагаанхайрхан сумаас идэшний мах авдаг бөгөөд өнгөрсөн жил нөхөр 10 сарын 08-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сум явж 12 дугаар сарын эхээр Дархан Уул аймагт ирсэн. Дарханд ирэхдээ Хуавей Юу 6 загварын гар утас олж авсан гэж надад үзүүлсэн. Цагаанхайрхан суманд байхдаа хадам ээжийн дээд талын хашааны гадна талаас олж авсан гэдгээ хэлсэн. Тэгээд унтраастай байхаар нь аваад ирсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш нөхөр Д тухайн гар утсыг өөрөө барьж ашиглаад байгаа юм. Тухайн гар утсанд нөхрийн эзэмшлийн 94177483 гэсэн дугаарыг хийж ашиглаж байсан. Би өөрийнхөө 94789227 гэсэн дугаарыг ганц хоёр удаа хийж байсан байх.” гэх мэдүүлэг[6],

Гар утасны хайрцагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7],

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт[8]

Шүүгдэгч Ц.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 12-р сарын эхээр Цагаанхайрхан сумын төвд хүнсээ -г -ар ирсэн байхдаа гудамжинд явж байгаад үдээс хойш 14,00-15,00 цагийн үед Т гэх айлын урд талын гэр хорооллын гудамжнаас шинэ орсон цасан дундаас гар утас цухуйж байхыг нь олж хараад авч үзэхэд хар өнгийн гэртэй Хуавэй вай 6 загварын гар утас байсан. Уг гар утас хөлдөөд унтарсан байсан. Тухайн үед уг утсанд таарах цэнэглэгч надад байгаагүй тул асаагаагүй. Би маргааш нь Дархан-Уул аймаг руу хүнсээ авч яваад гэртээ очсон хойно оо цэнэглэгч аваад утсыг асааж үзэхэд дэлгэцний код нэхээд байсан тул гар утас засварын газарт очиж программ уншуулж кодыг нь тайлуулсан. Тухайн үед мобиком болон юнителийн 2 сим карт байсныг нь хаясан. Тэгээд уг гар утсыг би өөрийн 94177483, эхнэр Бын 94789227 гэсэн дугаарыг хийж ашиглаж байсан. Мөн хадам дүү С нь хааяа өөрийнхөө сим картыг хийж ашиглаж байсан юм. Гар утсыг яг хэдний өдөр олж авсан аа санахгүй байна. Олж авсан өдөртөө сим карт хийгээгүй, сүүлд Дарханд очсон хойно оо ашиглаж эхэлсэн юм. Би эхнэртээ гар утсыг хүнээс өрөнд авсан гэж хэлсэн. Эхнэрийн дүү С ч бас тийм ойлголттой байсан. Би олж авсан гэж хүнд хэлээгүй.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

“Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2021 оны 4 дугаар сарын 05-ны өдрийн 117 дугаартай “Увс аймгийн Цагаанхайрхан суманд 2020 оны 12 дугаар сарын байдлаар "Huawei Y6" загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 433334 /Дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт[9]-ээр "Huawei Y6" загварын гар утасны үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгожээ. 

Өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан эд зүйлийг гээгдэл эд хөрөнгө гэх бөгөөд гээгдэл эд хөрөнгө нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон байдаг. Олсон этгээд өмчлөгч, эзэмшигч буюу эзэн нь хэн  болохыг  мэдэгдэхгүй, эсхүл мэдэж ч байж болно.

Хохирогч Т.Н нь өөрийн хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас  өөрийн өмчлөлийн Huawei Y6 загварын гар утсыг хорооллын гудамжаар явж байх үедээ унагаж гээгдүүлснийг шүүгдэгч Ц.Д олж авсан тул уг Huawei Y6 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

Завших үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж эхэлснээр бүрдэл төгсдөг.

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Д нь энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ... гэж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг шинжийг тодорхойлжээ.

Хохирогч Т.Нгийн гээгдүүлсэн Huawei Y6 загварын гар утас 433.334 /дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2021 оны 4 дугаар сарын 05-ны өдрийн 117 дугаартай дүгнэлт[10]-ээр  тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн  4.3.“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг, энэ зүйлийн тайлбар: -Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно,  5 дугаар зүйлийн 3-т Энэ хуульд заасан “нэг” нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус заасан тул 433.334 төгрөг нь бага бус хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Иймд шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчид Huawei Y6 загварын гар утсыг эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[11] үйлдэж хүлээлгэн өгсөн  нь нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол гомдолгүйд тооцов.

Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Ц.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Дын хувийн зан байдлын талаар Гэрч Ш.Эын өгсөн: “Ц.Д нь номин, дөлгөөн даруухан хүн бөгөөд хүнд их тусархуу хүн юм. Машин сайн засдаг хүн юм. Одоо ч хүртэл тийм байгаа, нэг их юманд уурлаж уцаарлаад байдаггүй, төлөв даруу, тайван хүн юм. Бид хоёр бие биеэ 6 жилийн өмнөөс таньдаг байсан ба бие биеийнхээ гэрээр орж гардаг, байнга харилцаатай байдаг юм. Ц.Дыг нэг их архи дарс хэрэглээд байдаггүй, архи ууж байгааг нь хараагүй юм байна. Ц.Д Дарханд 3 жил ажил хийж байгаад саяхан буюу 2021 оны 03 сард Цагаанхайрхан суманд нүүж ирсэн. Одоо эхнэр, хүүхдийн хамт сумын төвд амьдарч байгаа юм. Их хөдөлмөрч, бусдад тусархуу хүн юм.” гэх мэдүүлэг[12], гэрч О.Бын өгсөн: “Би нөхөр Ц.Дтай танилцаад нэг гэрт орж 5 жил болж байна. Нөхөр Ц.Д нь их намуухан, элдэв муу ааш зан, уур уцаар байхгүй, хүнд тусархуу, гэр бүлдээ хайр халамжтай хүн болдог юм. Бид хоёр 1 хүүхдийн хамт Цагаанхайрхан сумын 4 дүгээр багт амьдардаг бөгөөд энэ оны 03 дугаар сард Дархан- Уул аймгаас ажил төрөл олдохгүй байхаар нь Цагаанхайрхан суманд нүүж ирсэн Нөхөр Д архи дарс огт хэрэглэдэггүй бөгөөд тамхи татдаг. Одоогоор нөхөр Д олдсон ажлаа хийгээд байгаа бөгөөд өөрөө портер маркийн ачааны машинтай, түүгээрээ хүмүүсийн ажил төрлийг зохицуулж явж өгч байгаа юм.” гэх мэдүүлэг[13], гэрч Б.Нын өгсөн: “Ц.Д нь номын, дөлгөөн даруухан хүн бөгөөд хүнд их тусархуу хүн болдог юм. Хүнтэй эвсэг харьцаатай нэг их юманд уурлаж уцаарлаад байдаггүй, төлөв даруу, гэр бүлдээ хайр халамжтай, тайван хүн юм. Бид хоёр бие биеэ 3 жилийн өмнөөс таньдаг болсон ба бие биеийнхээ гэрээр орж гардаг, байнга харилцаатай байдаг юм. Ц.Дыг архи хэрэглэдэггүй бөгөөд би тэр хүний архи ууж байсныг хараагүй юм. Насаараа надаас 8 гаруй ах бөгөөд гарын дүйтэй, машин тэрэг сайн засдаг, бид нарт зөвлөж, зааж сургадаг хүн юм. Д Дарханд 3 жил амьдарч байгаад саяхан буюу 2021 оны 03 сард Цагаанхайрхан суманд нүүж ирсэн. Одоо эхнэр, хүүхдийн хамт сумын төвд амьдарч байгаа юм. Их хөдөлмөрч, бусдад тусархуу хүн болдог юм.” гэх мэдүүлэг[14] зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ц.Д өмнө нь гэмт үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15]-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Дт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнд  550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч н Х овогт Цгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Дт  550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Ц.Дт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ

 

 

[1] /хх-ийн 7,9-р тал/

[2] /хх-ийн 11-р тал/

[3] /хх-ийн 13-р тал/

[4] /хх-ийн 15-р тал/

[5] /хх-ийн 21-р тал/

[6] /хх-ийн 19-р тал/

[7] /хх-ийн 37-38-р тал/

[8] /хх-ийн 45-47-р тал/

[9] /хх-ийн 33-р тал/

[10] /хх-ийн 33-р тал/

[11] /хх-ийн 72-р тал/

[12] /хх-ийн 23-р тал/

[13] /хх-ийн 25-р тал/

[14] /хх-ийн 27-р тал/

[15] /хх-ийн 59-р тал/