Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.О, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Цийн Оад холбогдох эрүүгийн 2135000890091 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, охин, дүүгийн хамт амьдардаг, Увс аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар 2 жилийн ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, мөн Увс аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, мөн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар 19 хоног, нийт 1 жил 6 сар 19 хоногийн хорих ялаар шийтгэсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 9 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 01-18 тоотод оршин суух хаягтай, Т ургийн овогт Цийн О, регистрийн дугаар: ОЮ77123010,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хамтран амьдрагч О.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000890091 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ц.Отай 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд бид нар гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдрагчаар амьдардаг байсан юм. Ц.О нь 2019 оны намар байх гэмт хэргийн улмаас Ховд аймгийн хорих ангид хоригдоод 2021 оны 4 дүгээр сард суллагдсан. Суллагдсанаас хойш Ц.О бид хоёр нэг гэрт хамт амьдраагүй ба манай гэрт ирдэг байсан. 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 17-18 цагийн үед байх тус аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт байрлах гэртээ байхад Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “Баяраа янхантайгаа янхандсан уу банзал, янхан” гэж хэлээд хардаад миний нүүр, толгойны хэсэг рүү удаа дараа цохисон. Би яг хичнээн удаа миний толгой, нүүр лүү цохисон талаар мэдэхгүй байна. Манай гэрт ирэхдээ дандаа хэл амаар доромжилж дарамталдаг, намайг цохичихоод өөрийнхөө хүүхдийг авна гээд манай бага охин Амин-Эрдэнийг дагуулаад гэрээс гараад явчихсан. Би зодуулсныхаа дараа цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй, буцаад ирэх байх гээд хүлээсэн боловч хүүхэд дагуулж яваад ирээгүй. Түүний маргааш нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би 3 хүүхэдтэй, 14 настай М, 12 настай Н нар нь тухайн үед гэрт байгаагүй, Түргэн сум руу айлын мал будах гээд явчихсан байсан. Би 5 настай охин Амин-Эрдэнийн хамт гэртээ байж байсан юм. ...Би Ц.Отай хамт амьдраад 2 жил болсны дараа намайг Ц.О нэг удаа зодож байсан. Үснээс зулгаадаг, гэрийн хана мөргүүлдэг байсан. Зодуулсныхаа дараа би чих хамар хоолойн эмчид үзүүлэхэд миний хамрыг хугарсан байна, 50,000 төгрөгийн үнэлгээтэй эмчилгээ хийлгэх боломжтой гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан бөгөөд маргааш нь янзлуулах гэхэд эмнэлэгт корона вирусын халдвар илэрсэн гээд хаачихсан. ...Ц.О нь надад 50,000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

2. Насанд хүрээгүй гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М эгч бид хоёр гэрт ороход миний төрсөн ээж Оийн нүд нь хөхөрчихсөн, хэвтэрт орчихсон байдалтай, гэрийн баруун талын хэсэгт орон дээр хэвтэж байсан. Тухайн үед манай төрсөн ээж О ганцаараа байсан бөгөөд юу болсон талаар асуухад “О чиний дүүг авах гэж ирчхээд намайг зодчихлоо” гэж хэлсэн. ...О гэгчийг танина. Урьд нь О нь шоронд явахаасаа өмнө манай ээжийг нүдийг нь хөхөртөл зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, 

3. Насанд хүрээгүй гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дүү Н бид хоёр гэрт ороход төрсөн ээж О гэрийн баруун талын хэсэгт байрлах орон дээр хүнд зодуулсан байдалтай хоёр нүд нь хөхөрчихсөн, хамар нь хавдчихсан байдалтай хэвтэж байсан бөгөөд юу болсон талаар асуухад “Ц.О ирээд намайг цохичихоод дүүг чинь аваад явчихлаа” гэж хэлсэн. Манай бага дүү А гэрт байхгүй байсан юм. Би “цагдаагийн байгууллагад дуудлага өгье” гэхэд “хэрэггүй, миний бие өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд бид гурав гэртээ хоноод маргааш нь цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Ц.О гэх хүнтэй ээж бид нар 5 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа ээжийг олон удаа цохиж зодож байсан. Мөн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж уруу татаж оруулсан. Ц.Отай хамт амьдрахаас өмнө манай төрсөн ээж О архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

4. Гэрч Ц.Уийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байх цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Манайх Улаангом сумын 6-р багт байрлах хашаанаасаа хөдөө нүүх гээд байж байхад ...Х гэгч нь манай нөхөр лүү ярьсан бөгөөд “Ц.О, О эгч нар хоорондоо зодолдоод байна” гэхээр нь манай нөхөр бид хоёр болохгүй бол цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Х О, О хоёрыг салгах гээд гэр лүү нь ороход О нь хутга аваад та хоёрыг хоёуланг нь ална би шоронгийн хүн гэж хэлэхээр нь айгаад гараад явчихсан гэж хэлсэн. О, О нар байнга хоорондоо хэрэлдэж маргалдаж байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 5. Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.О нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байх цаг авч надад үзүүлсэн. Үзүүлэх үед хамар хугарсан, хавантай, хамар дотор цус гараад хатчихсан, хамрын нуруугаар хөхөрсөн байдалтай байсан. Би рентген зураг авахуулахаар явуулахад хамрын хугаралтай гэж гарсан. Хамраа засуул гэж хэлээд явуулсан бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирж хамраа засуулсан. О.О хэлэхдээ хүнд зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “...1. О.Оийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой эдгэж буй шинэ гэмтэл байна. 5. Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун бугалга, баруун гуяны цус хуралт гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. 6. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэмтэл болно” гэх 213 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13-р хуудас/,

7. Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “..О бид хоёр эвлэрээд ...хоёр том савтай пиво хувааж уусан. Пиво ууж байгаад бид хоёр маргалдсан ба хэл амаар доромжлоод О над руу дайрахаар нь би цохичихсон. Тэгээд би тэдний гэрээс гараад явчихсан” /хх-ийн 64-66-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Оийг хэл амаар доромжилж, улмаар түүнийг цохиж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.О хохирогч О.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг тодорхойлсон байх бөгөөд мөн зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-үүд байхаар хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.О, хохирогч О.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр нөхөр байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл гэж ...энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Ц.О нь хохирогч О.Оийг сэтгэл санааны дарамт учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Оын 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно”, 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг..., яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.О нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Оад холбогдох эрүүгийн 2135000890091 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн 2021/ШЗ/220 дугаартай захирамжаар шүүхэд шилжүүлсэн, мөн шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэргүүдэд хамаарахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.О нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан болох нь Увс аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-89-р хуудас/, Увс аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-р хуудас/, мөн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-р хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-102-р хуудас/, Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 103-104-р хуудас/, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 96-97-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиудад тус тус хамрагдаж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилжээ.  

Шүүгдэгч Ц.Оын үйлдсэн гэмт хэргийн хувьд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч О.О нь мөрдөн байцаалтын явцад “...хамрын яс хугарсан. 50,000 төгрөгийн эмчилгээ хийлгэх боломжтой гэж эмч хэлсэн. ...Ц.О надад 50,000 төгрөг өгсөн. ...Би хамраа эмчилгээ хийж засуулсан” гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд хохирол арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэх шаардлагыг хангаж байна.

Харин хохирогч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2 хүүхдийнхээ мэдүүлэгт байлцуулах зорилгоор Уранчимэгийг хүний машинд бензин хийж яваад хөдөөнөөс авчирсан. Түүнд нийт 250,000 төгрөгийн зарлага гаргасан. Эмчилгээ хийлгэх гэж такси, эм гээд 150,000 төгрөг зарцуулсан. Оаас 400,000 төгрөг нэхэмжилнэ” гэж, мөн шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “Би одоо Улаанбаатар хотод эмчилгээнд ирсэн байна. Миний нэхэмжилсэн 400,000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй” гэж байгаа боловч энэ талаарх бусад бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн шүүгдэгч Ц.О нь 400,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах болно гэж мэдүүлж байгаа болно.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заажээ.

Иймд хохирогч О.О нь шүүгдэгчээс нэхэмжилж буй шууд бус хохирол буюу гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Цийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2135000890091 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар хохирогч О.О нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХСАЙХАН