| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/33 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/33
ТГЭХ ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдюэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С.С-д холбогдох 2140000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд төрсөн, яс үндэс халх, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт /ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1/ тус тус ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, С.С.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.С нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг хохирогч С.Э-ийн нүүрэн тус газар 1 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч С.Э-ийн 2021 оны 06 сарын 12-ны өдөр өгсөн: “...2021 оны 05 сарын 26-ны өглөө ажлаас буугаад амарч байсан. Амарч байсан болохоор гэртээ байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдүүдээ аваад агаарт гарч, байрны гадаа байх тоглоомын талбай дээр сууж байсан. Бид нарыг гадаа сууж байхад Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн ажилтан С ганцаараа орцны үүдэнд сууж байгаа харагдсан. С бид 2 нэг байрны зэрэгцээ орцонд байдаг. Бид нар гэр рүүгээ орох гээд явж байгаад орцныхоо үүднээс С мэндэлж “Сайхан амарсан уу, хөгшөөн” гэж асуусан чинь “Чи надтай харьцдаггүй, чи жижигдэнэ” гэж хэлэхээр нь би согтуу байгаа юм байна гэж бодоод “Эрүүл болохоороо ажил дээр таарна биз” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Бид нарыг гэртээ ороод удаагүй байхад манай гэрийн хаалгыг нэг хүн хүчтэй балбасан. Манай эхнэр С байна гэж таниад, хаалгаа нээгээд хэрэггүй гэхээр нь би “гайгүй байх аа” гэж хэлээд өөрөө хаалгаа нээсэн. Тэгэхэд С хүүхэдтэйгээ хамт байсан. Намайг хаалга нээж өгөхөд “Над руу үг дуугүй дайрч, давшлаад байсан”, “Ах чинь бараагүй байхад чи барахгүй” гэж хэлээд дайраад байхаар нь С энгэрээс нь бариад гэрээсээ түлхээд гаргасан. Манай гэрийн үүдэнд коридорт байхдаа С гэнэт нүүр рүү 1 удаа цохьсон. С цохиулаад миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь цусаа цэвэрлэх гээд гэр рүүгээ орсон. С гадагшаа гараад явсан, эргэж манай гэрт ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Гэрч Л.М-ийн 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Бид нар гэртээ амарч байгаад орой 20 цагийн үед гэрээсээ хүүхдүүдээ агаарлуулах гээд гарч, байрны гадна талын тоглоомын талбайн хажууд суусан. Гадаа байж байгаад харуй бүрий болох үед гэртээ орцгоосон. Гэртээ орох гээд орцны үүдэнд ирэхэд манай нөхөр С мэндэлж, “Сайхан амарсан уу” гэж асууж байсан, тэгэхэд өөдөөс нь “Чи намайг барахгүй” гэх шиг болсон, би сайн сонсоогүй. Тэгэхэд манай нөхөр “Чи согтуу байна” гэж хэлээд гэр рүүгээ орцгоосон. Бид нарыг гэртээ ороод удаагүй байхад манай гэрийн хаалгыг хүн хүчтэй балбасан. Би С байна гэж мэдээд хаалгаа нээгээд дэмий гэж хэлэхэд манай нөхөр гайгүй биздээ гээд хаалгаа нээж өгсөн. Тэгэхэд С хүүхэдтэйгээ хамт явж байсан. Манай гэрийн үүдэнд манай нөхөртэй маргалдаад, өөдөөс нь дайрч давшлаад байхаар нь манай нөхөр цааш нь түлхээд гэрээс гаргасан. Гэрийн гадаа байрны коридорт зогсож байгаад гэнэт манай нөхрийн нүүр рүү нэг удаа цохьсон. Би хажууд нь зогсож байсан болохоор цаашаа бай гээд арагш нь холдуулсан. Манай нөхрийн хамраас цус гараад, гэр рүүгээ орж цусаа цэвэрлэсэн. С манай нөхрийг цохиод хүүгээ дагуулаад гадагшаа гараад явсан, эргэж манай гэрт ирээгүй. Манай нөхрийн хамраас цус гарч байсныг нь тогтооход хамар орчимд нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41/
-Шүүгдэгч С.С-ын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “Би 2021 оны 05 сарын 26-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ амарсан. Би гэртээ ирээд 2.5 литрийн савалгаатай пивоноос жаахан уучихаад унтсан. Би унтаж байгаад орой 18 цаг өнгөрч байхад сэрээд хоолоо хийчихээд хүүгээ дуудах гэхэд гэртээ утсаа үлдээчихсэн байсан. Тэгэхээр нь хүүгээ дуудах гээд гадагшаа гарсан. Манай хүү 46 дугаар байрны гадна талын тоглоомын талбай дээр тоглож байхаар нь дуудсан. Би хүүгээ дагуулж гэртээ орохоосоо өмнө өөрийнхөө орцны үүдэнд суусан. Тэгтэл орой 20 цаг өнгөрч байхад манай нөгөө орцны үүдэнд Э орц руугаа орж байгаа харагдахаар нь “Сайн уу бандиушка” гэж хэлтэл над руу “Салаавч” өгөөд “Зайлаа” гэж хэлээд орц руугаа орсон. Би хүүтэйгээ хамт гэртээ ороод хоолоо идэж байтал Э над руу залгаад “Чи юу гээд байгаа юм бэ” гэхээр нь “тоглоод бандиушка гэж хэллээ шдээ” гэж хэлээд утсаар бага зэрэг маргалдсан. Би сүүлдээ “Танай ах чинь намайг амжихгүй, чи ч гэсэн амжихгүй шүү” гэж хэлээд хаана байгааг нь асуухад гэртээ байна гэж байсан. Тэгээд би хүүгээ дагуулаад гэрээсээ гараад Э-ийн гэр рүү очоод хаалгыг нь тогшиход эхнэр нь хаалга нээсэн, цаанаас нь Э охинтойгоо хамт ирсэн. Би гэрийнх нь үүдэнд “Чи тоглож байхад салаавч гаргадаг нь яаж байгаа юм” гэж хэлээд маргалдсан. Тэгтэл Э миний энгэрээс заамдаад арагш нь түлхээд гэрээсээ гаргахаар нь уур хүрээд Э-ийн нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгэхэд Э-ийн эхнэр намайг холдуулахаар нь би салаад тэдний байрнаас гараад явсан. Би дахиж эргэж орж муудаагүй, гэртээ ороод унтаж амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.А-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.С.Э-ийн биед хамарын ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/
- Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч С.С нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг хохирогч С.Э-ийн нүүрэн тус газар 1 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Э, гэрч Л.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 55 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар зөрөөгүйгээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №55 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Э-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.С нь “2021 оны 05 сарын 26-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг хохирогч С.Э-ийн нүүрэн тус газар 1 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С нь хохирогч С.Э-ийг цохиж гэмтэл учруулах болсон шалтгаан нь шүүгдэгчийн хууль бус, зүй бус үйлдэл, хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч С.Э-ийн биед хамарын ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.С нь хохирогч С.Э-ийг цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.С-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ийн биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон байна.
Хохирогч С.Э нь “гомдолгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч С.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүхээс шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.С нь Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хохирогч Н.Л-той сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 57, 60-62, 65-70/
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.С-ын эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр
зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1,
38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч С.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ
ТГЭХ ТОГТООЛ