Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

 

 

 

 

 

   сум

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох 1840001120097 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Ар хуст суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнсний тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум 21 дүгээр баг оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Б.

              Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг нутаглах малчин Б.Н-ийнд туслах малчнаар мал маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн мотоциклийг, мөн хариуцан маллаж байсан малаас 2 эр ямааг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Б.Н-ийн 2018 оны 12 сарын 18-ны өдөр өгсөн: “Би өмнө нь цагдаагийн байгууллагад “манайд туслах малчнаар ажиллаж байсан хүнд 2 тооны ямаа, хятад ард улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг алдсан гэж өргөдөл гаргасан. ...Би тухайн үед буюу хэрэг болох үед Бор-Өндөр суманд байгаагүй, нөхөртэйгээ хамт Эрээн хотод явж байсан юм. Манай хөдөө гэрт мал дээр Б, А 2 үлдсэн учраас би энэ 2-ыг хамт хэрэг хийсэн байна гэж бодоод прокурорт хүсэлт өгсөн юм. Би Б-оос мотоциклио хүлээж авахдаа уулзахад манай малнаас 2 тооны ямааг Б ганцаараа авсан гэж байсан. Тэгэхэд л Б-ийг ганцаараа хэрэг хийсэн гэдгийг ойлгосон. А хамт хэрэг хийгээгүй юм байна лээ. Тэгэхээр А гэх залууг шалгах шаардлагагүй, би А-д ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Б-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25, 2-р хх-ийн 52-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Л.У-ийн 2019 оны 10 сарын 11-ний өдөр өгсөн: “Би 2018 оны 10 сарын сүүлээр байх нилээд хүйтэн болчихсон байсан юм. Нэг өдөр танил З ахтай таараад юм яриад байж байхад З ах манайд явуулын хоёр хүн байгаа. Манай хашааг барилцаж байгаа юм тэр хоёр айлын мал маллана гэж байсан гэхээр нь би тэр хоёр хүнээр ээжийнхээ малыг маллуулах санаатай З ахын гэрээс очиж сумын төвд байрлах өөрийн гэртээ авчирсан. Тэр хоёрын нэг нь арай өндөр хөгшин нөгөөдөх нь намхан бор царайтай залуу байсан. Манайд ирэхдээ Б гэх ах улаан өнгийн улсын дугааргүй “Super Dayun” маркийн мотоцикль унаж ирсэн. Манайд ирчээд үнэ хөлсөө ярилцаад 1 сарын 150000 төгрөгөөр тохиролцож ээжийн малыг маллахаар болсон юм. Гэтэл Б ах ах нь мотоциклио барьцаанд тавиад хот орж хувцас хунараа олж ирэх гэсэн юм. Ахдаа 300000 төгрөг өгөөч гэсэн. Тэгэхээр нь би мөнгө олоод Б ахад 300000 төгрөг өгч мотоциклийг нь амбаартаа хийгээд орхисон юм. Тэр хоёр тэр өдөртөө Улаанбаатар хотын автобусанд суугаад яваад тэрнээс хойш буцаж ирэлгүй ор сураггүй алга болсон. Б ах надад хэлэхдээ миний өөрийн мотоцикль гэж хэлж байсан. Би Б ахын мотоциклийг 2019 оны зунаас унадаг байсан. Тийм олон удаа унаж байгаагүй. Эд ангийн сольсон зүйл байхгүй. Яг хэвээрээ байгаа. Би Б ахад өгсөн 300000 төгрөгөө нэхэмжилж байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/

- Гэрч Ч.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өгсөн:Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэртээ 2 дүүгийн хамтаар байж байхад оройхон буюу 17 цаг өнгөрч байхад манай хашааны гадаа машин сигналдахаар нь гараад очтол Б нэг бараан өнгийн машин дотор суучихсан нилээн халамцуухан байдалтай Батноровоос манай найз ирсэн, мөнгөний хэрэг байна, ямаа хямдхан зарах хэрэгтэй байна чи авах уу" гэхээр нь Би мах, хоол ундтай болсон, тэгсэн ч мөнгө төгрөгний боломжгүй байна гэхэд Б-ийн сууж явсан бараан өнгийн автомашиныг жолоодож явсан махлагдуу дунд зэргийн нуруутай нэг залуу нь Би айлд очих юм, ямаагаа танай хашаанд үлдээгээд өглөө эрт ирээд авчихъя гэхээр нь би зөвшөөрөхөд машиныхаа хойд багажнаас бараан зүсмийн 2 тооны ямааг буулгаад манай гэрийн хойд талд амбаар руу хийгээд явсан. Ингээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нөгөө машины жолооч нэг намхан залуугийн хамтаар ирээд Танайд ямаагаа янзлаад аваад явчихъя гэхээр нь би зөвшөөрөөгүй ямааг нь өгөөд явуулсан. Тухайн өглөө Б нь хамт ирээгүй. Ингээд үүнээс хойш дахин тэд нарын барааг хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/

- Гэрч Д.Ө-ын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:Г.Б нь надтай ямар нэгэн ах дүү төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Одоогоос 3-4 жилийн намайг Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн хогийн цэгийн ойролцоо хонь ямаагаа хариулаад явж байхад уг хогийн цэг дээр нилээн өндөр биедээ туранхай залуу хог түүж явж байсан юм. Ингээд би уг хүнтэй танилцахад Б нь өөрийгөө Би хуучин Бор-Өндөр суманд ажиллаж амьдарч байсан, шорон оронгоор яваад саяхан гарч ирээд орох оронгүй ингэж явна гэхээр нь өрөвч зан хөдөлж Б-ийг гэр оронд маань ирж хоол цай ууж байхгүй юу гэж танилцаж байсан юм. Ингээд Б нь манай гэрээр орж гарч хонь маланд болон гэрийн ойр зуурын ажилд тусалдаг болсон. Ингээд Б нь Говьсүмбэр аймагт айлын мал маллахаар боллоо гээд яваад өгсөн. Ингээд багцаагаар 2018 оны 04 дүгээр сард байх Б нь манай гэрт ах нь Говьсүмбэр аймагт мал маллаж байгаад ирлээ, нөгөө айл маань жаахан ядруухан айл байна, ах нь Бор-Өндөр суманд байх газаргүй учир танайд малыг чинь маллаж ажил төрөлд чинь туслаад танайд амьдаръя гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Ингээд энэ цаг хугацаанаас хойш манайд амьдарч мал маллаж гэр орны ажилд тусалж амьдарч байсан. Тэгсэн 2019 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэрээс явахдаа шинээр авч байсан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг 2 тооны ямаатай аваад явчихсан байсан. Би Бор-Өндөр сумаар ирж хайхад олдоогүй, одоо болтол манай гэрт эргэж ирээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33 хуудас/

-Гэрч Д.А-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр оройн 20 цаг өнгөрч байх үед Бор-Өндөр сумын хойд талд байх Ник петровис шатахуун түгээх станцын дэргэдээс Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг байх дэлгүүр рүү Г гэх ахтай хамт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн ......-тай явж байсан. Тэгсэн уг залуу “30.000 төгрөгөөр ямаа зарна авах уу” гэхээр нь би бэлэн мөнгөгүй явж байсан болохоор бэлэн мөнгөгүй талаараа хэлэхэд “Тэгвэл дэлгүүрээс юм авчихъя, дэлгүүрийн худалдагч руу шилжүүлчих” гэхээр нь зөвшөөрч хар бараан өнгийн куртиктэй явж байсан өндөр хар залуу нь машиндаа суулгаж авч явж байсан 2 тооны ямааг нь машиныхаа ард ачаад Дэнж хороололд байх “Шарга” гэх дэлгүүр рүү орж 0.75 литрийн савалгаатай 2 шил Ерөөл архи 2.5 литрийн савалгаатай Боргио гэх нэртэй пиво 2 ширхгийг, мөн улаан шонхор гэх нэртэй тамхи 3 хайрцагийг авч өгөөд мөнгийг нь буюу багцаагаар 40.000 төгрөгийг худалдагчийн данс руу утсаараа мобайлдаж хийж өгсөн. Миний худалдаж авсан ямааг зарах уу гэж асууж сонирхож байсан. Би ч тухайн үед идэх ямаа гэж хэлээд явуулсан. Ингээд удалгүй нөгөө ямаа зарсан хүн гарч ирээд ямаагаа зарахаар боллоо гэхэд нь би өөрийн худалдаж авсан 1 тооны ямааг машиндаа байлгаад яахав гэж бодоод 1 айлын хашаанд ямаагаа буулгаж үлдээсэн. Харин би маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ямаа буулгасан айлдаа очиж ямаагаа авчихаад бинзений мөнгө хэрэгтэй байсан учир Г ахын танина гэх өмнө нь ямаагаа зарчих гээд байсан эрэгтэй эмэгтэй 2 хүнд зарчихсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-р хуудас/

-Гэрч Н.З-ын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “2018 оны 10 дугаар сарын сүүлээр сумын төв орж төвийн гэртээ сүүгээ хүргэж өгчихөөд буцаад хөдөө гэр рүүгээ явж байтал зам дээр гал асаад байхаар нь юу болов гэж бодоод мотоцикльтойгоо явж очоод нэлээд зайтай газар зогсоод хэн бэ юун хүмүүс вэ гэтэл хар бараан өнгийн дээлтэй, саарал өнгийн дээлтэй 2 залуу нэлээд даарчихсан Говьсүмбэр аймгаас явж байна, замдаа бинзен тосгүй болоод зутарч явна гэхээр нь адилхан монгол хүмүүс байна. Манай гэрт очиж дулаацаад амраад яв гээд гэртээ дагуулж ирсэн. Маргааш өглөө нь босоод нөгөө 2 залуу надаас бинзений мөнгө асуухаар нь танихгүй хүнд яаж мөнгө өгөхөв дээ хороо барьж байгаа тэрэнд туслалцаад өгвөл бинзений мөнгө өгье гэтэл тэгье гээд манай хашааг барилцаад манай гэрт 3-4 хоног хоносон юм. Тэр хоёр манайд байхдаа айлын мал харах гэж байгаа гэж ярьж байсан. Би нэг өдөр сумын төв дээр явж байгаад манай хүргэн У-ийн дүү У-атай таараад манайд хоёр хүн хашаа барилцаж байгаа тэр хоёр айлын мал маллана гэж ярьж байсан гэж хэлтэл манайх малаа маллуулдаг юм уу гээд аваад явсан. Сүүлд сонсоход унаж явсан мотоциклио У-д барьцаанд тавьж мөнгө аваад Улаанбаатар хот явсан сурагтай байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/

-Эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, иргэний нэхэмжлэгч Л.У-аас “Супер Даюун” маркийн мотоциклийг хураан авсан тэмдэглэл, мотоциклийг хохирогч Б.Н-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 16-19-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №279 дугаартай шинжээчийн дүгнэлт /БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоцикль 1250000 төгрөг, 2 эр ямаа 140000 төгрөг нийт 1390000 төгрөг/ /1-р хх-ийн 42-43/

-2021 оны 06 сарын 03-ны өдрийн №13 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: 1.Г.Б нь сэтгэцийн хувьд органик сульдлын эмгэгтэй байна. 2.Г.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Г.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 57-58/

-Шүүгдэгч Г.Б-ийн 2019 оны 10 сарын 17-ны өдөр өгсөн:Би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2016 оны 09 дүгээр сард ирсэн. Би өмнө нь гэр бүлтэй байж байгаад салж байсан юм. Уг салсан эхнэрээс маань гарсан миний ганц хүү байдаг юм. Энэ хүү маань Бор-Өндөр суманд ажиллаж амьдардаг гэдгийг мэдээд хүүтэйгээ уулзах гэж Бор-Өндөр суманд ирсэн боловч Бор-Өндөр суманд ажиллаж амьдрахаа больсон Дорноговь аймгийн Иххэт сум гэх газарт ээжийнхээ хамтаар ажиллаж амьдарч байгаа гэж сураг гаргасан. Гэхдээ би очиж уулзаж чадаагүй. Ингээд би Бор-Өндөр суманд очих газар байхгүй байсан тул Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн баруун урд талд уулан дунд байдаг хогийн цэг дээрээс төмөр түүж тушаан хоолны мөнгө төгрөгтэй болж уг хогийн цэг дээрээ амьдрах болсон. Намайг уг хогийн цэг дээр амьдарч байхад Бор-Өндөр сумын харьяат Ө гэдэг залуу Бор-Өндөр сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явж байна гэж байнга таардаг болж сүүлдээ танилцаж байсан юм. Тэгсэн Ө нь 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр над дээр ирж хонь маллах уу гэж санал тавихаар би татгалзаж байсан юм. Тэгсэн 2017 оны 01 дүгээр сард мөн дахин ирээд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн баруун хойд талд байх нүхэнд жонш ялгалцаад өгөөч гэхээр нь мөнгөний хэрэг байсан учир би зөвшөөрч хамт 10 гаран хоног жонш ялгасан. Ингээд би жонш ялгахаа болиод буцаж хогийн цэг дээрээ ирж амьдарч, төмрөө түүж эхэлсэн. Тэгсэн 2017 оны 04 дүгээр сард Ө нь дахин ирж Хонь хариулаад өгөөч гэхэд нь би зөвшөөрч гэрт нь очиж хонь малыг нь хариулах болсон. Тухайн үед Ө-ын гэрт амьдарч хонь мал хариулахаар болсон. Би 2017 оны 04 дүгээр сараас 07 дугаар cap хүртэл хонь малыг маллаж өгч байгаад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум руу төрсөн дүү Ч-ын гэр рүү явсан. Учир нь Ч нь намайг Говьсүмбэр аймагт ирж группэд ор гэж дуудсан юм. Ингээд би Говьсүмбэр аймагт амьдарч байхад 2018 оны 03 дугаар сард Ө-тай утсаар ярьж Малчин авсан уу? Би танайд хонь мал хариулъя гэхэд Ө үгүй ээ аваагүй байгаа хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Бор-Өндөр сум руу явж Ө-ын гэрт ирсэн. Намайг Ө-ын гэрт ирэхэд Ө нь хонь малаа хариулахдаа унаж хэрэглэж байгаарай гээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун маркийн хуучин мотоцикль өгсөн юм. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн шинэ мотоцикль авчихсан байсан. Ингээд би хонь малаа хариулахдаа хуучин мотоциклиор нь хариулдаг болсон. Ингэж байж байтал Ө нь намайг ойр зуур явахдаа шинэ мотоцикль буюу улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг унаж болно гэж зөвшөөрөл өгсөн. Ингээд би Ө-ынд байхдаа мал хариулахдаа болон ойр зуур явахдаа шинэ хуучин 2 мотоциклийг унадаг болсон юм. 2019 оны 10 дугаар сарын дундуур намайг хонь маландаа яваад орой гэртээ ирэхэд Ө нь А гэх залуугаар хашаа хороогоо янзлуулахаар авчирсан байсан. Би тэр А гэгчийг өмнө нь харж байсан болохоос сайн танихгүй. Ө нь А гэгчийг гэртээ авчирчихаад эхнэрийнхээ хамтаар Эрээн хот руу яваад өгсөн. Харин гэрт нь А бид 2 үлдсэн юм. Ингээд Ө-ыг эхнэрийн хамтаар Эрээн хот явсан хойгуур буюу 2019 оны 10 дугаар сарын дундуур байх он сарыг нь санахгүй байна. Би Бор-Өндөр сумын төв рүү явж дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай Монгол стандарт гэх нэртэй архи 1 шилийг аваад буцаж гэртээ ирж А-тай хувааж уусан юм. Ингээд цаг орой болоход А унтаад өгсөн. Харин би хоол цайгаа хийж байхад миний хариулдаг буюу Ө-ын хонь ямаа гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгэхээр нь би уусан архиндаа халуурч дахин архи уух гэсэн боловч бэлэн мөнгөгүй байсан тул хонь ямаанаас нь ганц 2 ширхгийг зараад архи авч ууя, Ө-ыг ирэхэд нь үнэн учраа хэлье гэж бодоод гадаа байсан хонь ямаанаас нь зөв талдаа цуулбар имтэй 2 тооны хүрэн бор зүсмийн эр ямааг барьж аваад хашаанд уяад 1-ийг мотоцикль дээр дүүрч тавиад явах гэсэн боловч ганцаараа чадахгүй байсан юм. Тэгэхээр нь би А-г дуудаж хамт явах гэсэн боловч А уусан архиндаа согтоод унтаад сэрэхгүй байсан. Тэгсэн тэр үед ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун зүг рүү буюу Дорноговь аймгийн Иххэт сумаас Бор-Өндөр сумын чигт нэг цагаан өнгийн жижиг суудлын автомашин Ө-ын үүдээр явж өнгөрөхөд нь би уг машиныг зогсоож жолоочоос нь 2 тооны ямааг Бор-Өндөр сумын төв рүү дөхүүлээд өгөөч гэхэд зөвшөөрсөн. Тэгэхээр нь би барьж уясан 2 тооны ямаагаа багажинд нь хийгээд Бор-Өндөр сум руу явсан. Би явахдаа чи мотоциклио унаад хойноос хүрээд ир, би машинтай Бор-Өндөр сум руу явлаа гэхэд А нойрмог чигээрээ За гэж хэлээд үлдсэн. Ингээд би Бор-Өндөр суманд ирээд Бор-Өндөр сумын 3 дугаар багт байх Дэнжгэх дэлгүүрийн гадаа буугаад гудамжаар явж байгаа хүмүүс болон дэлгүүрийн худалдагчаас 2 тооны ямаа авах уу гэж асуусан боловч хүн авахгүй байсан. Тэгсэн уг дэлгүүрээр үйлчлүүлж байсан нэг жижиг цагаан өнгийн автомашинтай залуу надаас ямаагаа хэдээр зарахын гэхээр нь би 50.000 төгрөгөөр зарна гэхэд нөгөө залуу 40.000 төгрөгөөр авъя гэхэд нь 1 тооны ямааг 40.000 төгрөгөөр уг залууд зарсан. Би одоо тэр залууг болон унаж явсан машины марк дугаарыг мэдэхгүй байна. Гэхдээ би бэлэн мөнгө аваагүй, тэр залуугаар дэлгүүрээс архи пиво тамхи авахуулсан. Ингээд үлдсэн 1 ямаа зарагдахгүй болохоор нь ямаа авсан залуугаас гуйгаад айлын хашаанд тавихаар болж Дэнж дэлгүүрийн хойд хэсэгт байх Б гэдэг залуугийн хашаанд учраа хэлээд тавиад явсан. Ингээд би буцаж Дэнж дэлгүүрийн үүдэнд буугаад А-ийн утас руу залгаж дуудсан. Ингээд бид 2 буцаж гэртээ ирж дэлгүүрээс авсан архи пивоо уугаад сууж байтал Ө нь миний утас руу залгаж Хаагуур юу хийгээд яваад байгаан, архи уугаад ямаа зараад явж байна гэж сонслоо, одоо манай хүү очиж уулзана гээд утсаа тасалсан. Тэгсэн удалгүй Ө-ын хүү Д гэгч нь над руу залгаж Мал зарж архи дарс уугаад байгаа юм уу сая аав ярьж байна, би одоо очих боломжгүй байна, үүрээр эрт яваад очъё” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн А надаас юу болоод байгаан гэхээр нь би ойр зуурын зүйл ярьж аргацаалж байгаад А-д хонь мал зарсан талаараа хэлээгүй юм. Ингээд А бид 2 архи ууж сууж байгаад би А намайг Говьсүмбэр аймар руу дүүгийнд маань хүргээд өг, Ө ирээд эзгүйд архи дарс уусан гэж бөөн асуудал болох юм шиг байна, би бас 2 тооны ямааг нь зарж борлуулаад энэ архи дарсыг авчихсан юмаа гэхэд А эхлээд татгалзаж байгаад сүүлдээ хүргэж өгөхөөр болсон юм. Ингээд би Ө-ын гэрээс явахдаа улаан өнгийн Даюун маркийн шинэ мотоциклийг нь А-г мотоцикль сайн унадаг болохоор нь унуулаад Говьсүмбэр аймаг руу явсан. Ингээд бид 2 Говьсүмбэр аймаг руу явж байгаад замаасаа төөрч Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт ороод ирчихсэн байсан. Ингээд мотоцикль бензингүй болоод замын хажууд зогсож байтал нэг танихгүй залуу ирэхэд нь учир байдлаа хэлэхэд уг залуу А бид 2-ыг гэртээ дагуулж очсон. Тэгээд бид танилцаж А бид 2 гэрт нь 7 хоносон. Тэр айлын эзнийг З гэж дуудаж байсан. Бид 2 З-ийн гэрт 7 хонохдоо хашаа хорооноос нь янзалж тусалж өгсөн юм. Тэр үед З-ийн хамаатаны залуу гэх У гэдэг залуутай танилцаж тэдний гэрт хонь мал маллаж өгөхөөр ярьж тохиролцсон юм. Ингээд би У-д Улаанбаатар хот руу явж бичиг баримт бүрдүүлээд хүрээд ирье гээд унаж явсан мотоциклио 300.000 төгрөгний барьцаанд тавиад А-тай хамт Улаанбаатар хот руу явсан. Ингээд би А-ийн хамтаар Улаанбаатар хот руу явж Улаанбаатар хотод очиж тэндээсээ салсан. Мотоцикль барьцаанд тавьж олсон 300.000 төгрөгнөөс би А-ийн Улаанбаатар хот руу явах зардлыг нь даагаад Улаанбаатар хотод очиж хоолонд оруулж автобус болон тамхины мөнгө гэж 20000 төгрөг өгөөд салсан. Ингээд би Улаанбаатар хотын Яармаг болон Эрдэнэт хотоор явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52/

- Шүүгдэгч Г.Б-ийн 2021 оны 05 сарын 17-ны өдөр өгсөн:Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад хэргийн материал прокурорын хяналтад шилжсэн байсан. Би Бор-Өндөр суманд байх газар байхгүй, гэр оронгүй, таних, танихгүй айлд хонож хоног төөрүүлж хэд хоносон. Ихэвчлэн гудамж, орцоор хоноглодог байсан. Тэгээд архи уугаад уусан архиндаа согтоод Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот явсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд айлд мал малласан. Тэгээд 2021 оны 05 сарын 15-ны орой цагдаа нар ирж намайг барьсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-30-р хуудас/

-Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Би гэмшиж байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч Б.Н, гэрч Ч.Б, Д.Ө, Д.А, Н.З, иргэний нэхэмжлэгч Л.У, шүүгдэгч Г.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХK-иас гаргасан үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

              Тухайлбал шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг нутаглах малчин, хохирогч Б.Н-ийнд туслах малчнаар мал маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн мотоциклийг, мөн хариуцан маллаж байсан малаас 2 эр ямааг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.    

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Г.Б-ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Б.Н-т мотоциклийн үнэ 1250000 төгрөг, 2 эр ямааны 140000 төгрөг нийт 1390000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Л.У-д 300000 төгрөгний хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Хохирогч Б.Н нь “Г.Б-оос мотоциклио хүлээж авсан. Эр ямааны төлбөрийг нэхэмжлэхгүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Н-т төлөх төлбөргүй байна. 

Мөн иргэний нэхэмжлэгч Л.У нь “Г.Б-оос 300000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг шүүхэд гаргасан” байх тул шүүгдэгч Г.Б нь иргэний нэхэмжлэгч Л.У-д төлөх төлбөргүй байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

              Шүүгдэгч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас 45 /дөчин таван/ хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас нь хасч, шүүгдэгч Г.Б нь 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дууссан байна.

               Иймд шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Г.Б-ийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б-ийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,

  36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2

     дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

           1.Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

              2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг  350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

              5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас 45 /дөчин таван/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасч, шүүгдэгч Г.Б нь 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дууссан болохыг дурдсугай.       

              6.Шүүгдэгч Г.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

              8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

              9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ