| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/00107/И |
| Дугаар | 146/ШШ2017/00122 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 146/ШШ2017/00122
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 1, Булган аймгийн Дашинчилэн суманд түр оршин суух, ЙИ57031518 регистрийн дугаартай, Чонос овогт Чулууны Равжирын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Равжир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Равжир нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чулуун овогтой Равжир миний бие нь 1978 онд цэргээс халагдаж ирээд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдлийн Дэвшил бригадад 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан. Цэргээс 1978 оны 06 дугаар сарын сүүлээр халагдсан. Тэр үед цэргээс халагдаж ирсэн залуусыг нэг сар амраагаад л ажилд оруулдаг байсан. Тухайн үед ажилгүй хүн байдаггүй байсан. Ажиллаж байх хугацаандаа эхний 2-3 жил тэмээ малласан бөгөөд сүүлдээ хонь малласан. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан жилүүд маань тооцогдохгүй байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1978 оны 08 дугаар сараас 1992 он хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Равжир нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.Равжир нь 1978 оны 08 дугаар сарын 01-нээс 1992 он хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгч Ч.Равжирийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд малчнаар 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарыг дуустал ажилласан ажлын хөлсийг түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дугаартай архивын лавлагааны хуулбар, нийгмийн даатгалын баталгаажилтын хуудас, гэрч Д.Бямбаагийн “...Би 1978 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн “Дэвшил” бригадад хэсгийн даргаар, 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс Цацрал нэгдлийн “Хад” бригадын даргаар, 1983 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс Зүүнбаян-Улаан сумын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар, 1990 оны 10 дугааар сарын 01-ний өдрөөс Цацрал нэгдлийн Дэвшил бригадын даргаар 1992 оны 06 дугаар сар хүртэл тус тус тасралтгүй ажиллаж байсан. Харин Ч.Равжир нь 1978 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1991 оныг дуустал Дэвшил бригадад тэмээчин, хоньчноор ажиллаж байсан. Ч.Равжир нь 1978 онд цэргээс халагдаж ирээд л ажилд орж байсан. Хэдэн сард орсныг нь сайн мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум нь Цацрал нэгдэлтэй, Хад бригад, Дэвшил бригад, Эмгэд бригад, Баян-Улаан бригад гэсэн 4 бригадтай байсан. Ч.Равжир нь Цацрал нэгдлийн “Дэвшил” бригадад ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн “Дэвшил” бригадад Ч.Равжир нь малчнаар тасралтгүй ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Цэдэвсүрэнгийн “...Би 1978 оноос 1991 он хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн “Дэвшил” бригадад тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байсан. Харин Ч.Равжир нь 1978 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд 1991 оныг дуустал бод, бог мал байсан. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум нь Цацрал нэгдэлтэй, Хад бригад, Дэвшил бригад, Эмгэд бригад, Баян-Улаан бригад гэсэн 4 бригадтай байсан. Цацрал нэгдлийн “Дэвшил” бригадад Ч.Равжир нь надтай цуг ажиллаж байсан бөгөөд тухайн үед би тоо бүртгэгчээр нь ажилладаг байсан. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн “Дэвшил” бригад нь 1992 онд хувьчлагдсан бөгөөд Ч.Равжир тухайн үед хувьдаа мал авч гарч байсан. Ч.Равжир нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн “Дэвшил” бригдад малчнаар тасралтгүй ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Чонос овогт Чулууны Равжирийг 1978 оны 08 дугаар сарын 01-нээс 1992 он хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чонос овогт Чулууны Равжирийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Равжирийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА