| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0560/и |
| Дугаар | 00560 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, малчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт тус сумын 3 дугаар багийн нутаг Цагаан бургас гэх газарт оршин суух “Жингийнхэн” овогт Гүнджаламын Вандаллхүндэв /РЕ-57052473/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.Вандаллхүндэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Вандаллхүндэв шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 4 дүгээр ангиа төгсөөд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад хөдөлмөр эрхлэх насанд хүрч 1975 оны 1978 онд цэрэгт явж ирээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаантуг нэгдлийн 3 дугаар бргиадад 1983 оноос 1990 оны дуустал тасралтгүй хоньчин байсан юм. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаантуг” нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г.Вандаллхүндэв нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаантуг” нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбар,
Гэрч Д.Төмөрбаатарын 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн: “....Г.Вандаллхүндэв нь 1973 оноос 1990 он хүртэл Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаантуг нэгдлийн 3 дугаар бригадад хоньчин байсан. 1973 оны хэдэн сард ажилд орсон эсэхийг нь мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг,
Гэрч М.Ганхуягийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн: “....Д Г.Вандаллхүндэв нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаантуг нэгдлийн 3 дугаар бригадад 1973 оноос малчин болж 1975 онд цэргийн албанд татагдаж, 1978 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оныг хүртэл хоньчин, тэмээчин хийж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Г.Вандаллхүндэвт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 10/255 дугаартай “....тус аймгийн Барилга угсралтын конторын 1978 оноос 1982 он, Жаргалант сумын Улаантуг нэгдлийн даргын 1973-1974 он, 1982-1990 оны тушаалд Г.Вандаллхүндэвийг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Вандаллхүндэвийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Жингийнхэн” овогт Гүнджаламын Вандаллхүндэв /РЕ-57052473/-ийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаантуг” нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Вандаллхүндэвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ