Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 062

 

Х.Тилеубайн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 214 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвд оршин суух, Шеруши төлек овогт Хожагийн Тилеубайн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, Шыбарайгыр жүзик овогт Көксегений Бахытжанд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгч Х.Тилеубай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагчийн өмгөөлөгчид А.Серикжан, С.Нургайып нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: К.Бахытжанаас өлөн гэдэсний үнэ болох 4152600 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: К.Бахытжан нь хонины өлөн гэдэс авч боловсруулан гадаадад гаргадаг компанитай байсан бөгөөд би хар зах дээрээс цуглуулсан өлөн гэдсийг түүнд нийлүүлэн үнийг авдаг харилцаа холбоотой байсан. Би 2015 оны 2,3,4 дүгээр сард нийтдээ 4307ш өлөн гэдэс нэг бүрийг 1800 төгрөгөөр үнэлэн тушааж бүгд 7752600 төгрөг авах ёстой байснаас 3600000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд үлдсэн 4152600 төгрөгийг өгөхгүй чирэгдүүлж байна. Энэ нь К.Бахытжаны 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болон 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд өөрийнх нь 95127696 дугаартай утаснаас миний утсанд бичсэн мессежүүдээр бүрэн нотлогдоно. Би эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрч чадаагүй. Иймд К.Бахытжанаас 4152600 төгрөг гаргуулж өгч тусална уу гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Х.Тилеубай бид хоёрын хооронд өлөн гэдэстэй холбоотой өр авлагын тооцоо бүрэн дууссан билээ. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэж байгааг эрүүл ухаанаар ойлгож чадахгүй байна. Урьд өмнө бас ийм утга бүхий нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байсан ба би бүх зүйлээ тодорхой хэлж өгч байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие үүний энэхүү байдалд бухимдан түүний нэхэмжлэлд хариу ч өгөхгүй хэмээн бодсон. Гэтэл өмгөөлөгчөөс зөвлөгөө авахдаа шүүхэд заавал тайлбар өгөх ёстойг ойлгуулсны дараа ийнхүү тайлбар гаргаж байна. Х.Тилеубай нь шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгсөн байна. Түүний шүүхэд гаргаж өгч байгаа нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жишээ нь:Тэрхүү нотариатаар гэрчлүүлсэн гар утас болон фейсбүүк хуудаснаас хэвлэн авсан баримтууд нь надад огт хамааралгүй. Миний бие энэхүү гар утаснаас ийм утга бүхий мессежийг Х.Тилеубайд бичээгүй юм. Мөн фейсбүүкийн ийм бүртгэлд байхгүй. Миний нэрээр хэн нэгэн хуурамчаар ийм хаяг нээсэн байж болзошгүй. Эцэст нь хэлэхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа энэхүү нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 214 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Шыбарайгыр жүзик овогт Көксегений Бахытжанаас өлөн гэдэсний үнэ 1950000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шеруши төлек овогт Хожагийн Тилеубайд олгож, түүний илүү нэхэмжилсэн 2,202,600 /хоёр сая хоёр зуун хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга: Иргэн Х.Тилеубайн нэхэмжлэлтэй, хариуцагч К.Бахытжанд холбогдох 4152600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 214 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийсэн ингэснээр шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:

Анхан шатны шүүх тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй. Тухайлбал, шүүх хариуцагчийг Интеркейзинг ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар хариуцсан захирал гэж буруу ташаа дүгнэсэн. Зүй нь хариуцагч 2012-2015 онд Интеркейзинг ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар үйлдвэрийг хариуцсан даргаар ажиллаж байсан юм. Энэ нь хэрэгт авагдсан Интеркейзинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дамдинхүүгийн 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 06 дугаар албан бичгээр нотлогдоно.

Хэрэгт авагдсан дээрх компанийн тодорхойлолт болон гэрч С.Түмэнжаргал, А.Майгүл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд тухайн компанийн үйл ажиллагаа 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хэвийн явагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийг Интеркейзинг ХХК-тай төлбөр тооцоо дууссан болох нь 2014 оны 12 дугаар сарын тооцоо дууссан Тилеубай гэж гарын үсэг зурж, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн Баян-Өлгий аймаг Интеркейзинг ХХК гэсэн нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Нөгөө талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн уул баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй эргэлзээтэй баримт юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Тилеубайн гарын үсэг зурсан гэх баримтыг хариуцагч К.Бахытжан үгүйсгэж байгаа. Үүнээс гадна энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх нотлох баримтуудад бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргаж байгаад нь гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт гэх фейсбуук хаягаас хуулбарлаж авсан баримтад: "...надаас авлага 1.950' гэснийг анхан шатны шүүх ...нэхэмжлэгч К.Бахытжан нь нэхэмжлэгч Х.Тилеубайд 1950000 төгрөгийн өглөгтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул хариуцагч К.Бахытжанаас өлөн гэдэсний үнэ 1950000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Тилеубайд олгож... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа таамаг дэвшүүлж, хийсвэр дүгнэлт гаргасан. Тодруулбал, хариуцагч К.Бахытжан тайлбарлахдаа: ... надад тийм фейсвуук хуудас буюу бүртгэл байдаггүй, нэхэмжлэгч Тилеубайд тийм утга бүхий захидал огт илгээж байгаагүй гэж эрс үгүйсгэж байгаа юм. Тэгэхээр анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг нотлох баримтаар үнэлэн, шийдвэрийнхээ үндэслэл болгож хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн юм.

Шүүх хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өглөө 10 цагт товлогдсон болохыг шүүгчийн туслах ажилтан хариуцагчид урьдчилж мэдэгдсэн. Тухайн өдөр үйлчлүүлэгч маань чухал ажилтай байсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу тус шүүх хурлыг өөрийнхөө сонгож авсан 2 өмгөөлөгчийг нь байлцуулаад хариуцагчийн эзгүйд хийж өгөхийг хүссэн хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргаж 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүгчийн туслах ажилтанд биечлэн очиж өгсөн байсан. Хариуцагч нэгэнт шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон учраас шүүхэд хэлэх үг буюу тайлбараа бичгээр гаргаж өмгөөлөгч надад өгсөн байсан. Шүүх хуралдаан болж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасны дагуу нарийн бичгийн дарга ирцийг илтгэж хариуцагчийн бичгээр гаргасан хүсэлтийн талаар танилцуулсан юм. Хуралдаан даргалагч хүсэлтийг уншиж танилцуулж талуудын саналыг сонссон. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хариуцагчийн хүсэлтийг дэмжээгүй байсан. Улмаар хуралдаан даргалагч хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг түр завсарлуулж зөвлөлдөх тасалгаанд орсон байсан. 30 орчим минутын дараа нөгөө чухал ажилтай байсан үйлчлүүлэгч маань гэнэт сүйлчхэн амьсгаалсан байдалтай бидний сууж байсан шүүх хуралдааны танхимд орж ирээд суусан юм. Би гайхаж түүнд: -юу болсон бэ? хурал эхэлчихсэн. Одоо та оролцох боломжгүй болсон... гэж хэлтэл үйлчлүүлэгч маань: - шүүгч А.Жархынгүл сая өөрийнхөө хувийн 99426331 гэсэн утасны дугаараас миний утас руу залгаж Би Жархынгүл шүүгч байна. Чи яг одоо шүүхэд хүрээд ир, тэгэхгүй бол би цагдаа явуулж чамайг албадан авчруулна гэж хэлсэн. Тэгээд би яахаа мэдэхгүй сандарч, хэчнээн чухал ажилтай байсан ч гэсэн түүнээ орхиж ийнхүү шүүхэд хүрээд ирлээ гэсэн юм. Хуульд зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй. Харин зохигчийг шүүх хуралдаанд заавал албадан оролцуулахыг үүрэг болгосон зохицуулалт байхгүй. Тэр тусмаа хүсэлт шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд орсон шүүгч өөрийнх нь хувийн утасны дугаараас зохигч руу залгаж шүүхэд дуудах асуудал нь процессын хуулиар зохицуулагдаагүй. Тэгж байтал зөвлөлдөх тасалгаанаас шүүгч гарч ирээд ямар нэгэн шийдвэр танил цуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлээд дуусгасан юм. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Үүнээс гадна анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн юм. Энэ талаар шүүх хуралдаанд биеэр оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх болно. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Х.Тилеубай миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.27-ны өдрийн 214-тоот шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч К.Бахытжаны хууль ёсны өмгөөлөгч А.Серикжаны 2017.04.19-ний өдрийн 55 тоот Давж заалдах гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Тилеубай миний бие Давж заалдах гомдлыг эс зөвшөөрөхөөс гадна Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 214-тоот шийдвэрийн 1-р заалтаар илүү нэхэмжилсэн 2.202.600 /хоёр сая хоёр зуун хоёр мянга зургаан зуун төгрөг/-ийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг нэхэмжлэгчийн хувьд эс зөвшөөрч байна. Тайлбарыг давж заалдах гомдлын дэс дарааллын дагуу бичихийг зорив. Үүнд:

Хариуцагч К.Бахытжаныг Интеркейзинг ХХК-ий захирал, даргын аль нь болох нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал биш бөгөөд Интеркейзинг ХХК-ий Баян-Өлгий аймаг дахь салбарыг К.Бахытжан удирдаж байсан болох нь Интеркэйзинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дамдинхүүгийн 2017.03.20-ны өдрийн 06- тоот албан бичиг, 2015.05.15-ны өдрийн Салбар үйлдвэрийн ажилчдыг чөлөөлөх тухай 08-тоот тушаалаар батлагдаж байна.

Интеркэйзинг ХХК-ий Баян-Өлгий аймаг дахь салбарын үйл ажиллагаа 2015 оны 05-р сарын 15-ны хүртэл хэвийн явагдаж ирснийг давж заалдах гомдолд дурдсан явдалд нэхэмжлэгч, хариуцагч нар маргаангүй болно. Маргааны үйл баримт 2015 оны 1,2,3,4,-р саруудад нэхэмжлэгч Х.Тилеубай миний Интеркэйзинг ХХК-д бэлтгэн нийлүүлсэн өлөн гэдэсний тооцоотой салшгүй холбоотой учир Интеркэйзинг ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбар /дарга К.Бахытжан/ 2015.05.15-ны өдрийн Интеркэйзинг ХХК-ий захирлын 08- тоот тушаалаар үйл ажиллагааг зогсоохоос өмнөх маргаан тул шүүх энэ талаар үндэслэлтэй зөв мэдээлэл хийсэн болно.

Нотлох баримт гэх фэйсбук хаягаас хуулбарлан авсан надаас авлага 1.950 гэснийг анхан шатны шүүх Тилеубайд 1.950.000 төгрөгийн өглөгтэй гэж дүгнэсэн нь ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-дахь хэсэгт заасанд нийцээгүй гэжээ. Хариуцагч К.Бахытжаны тухайн үед Интеркэйзинг ХХК-аас ашиглаж байсан Мобикомын 95127696 дугаар бүхий утаснаас 2017.05.17-ны өдрийн 12 цаг 26 минутад Тилеубай миний 99423398 дугаар бүхий утсанд илгээсэн цахим захиа /фэйсбук/ болох нь нотлогдсон бөгөөд тухайн үед К.Бахытжан нь 95127696 дугаар бүхий утсыг ашиглаж байсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн, түүний утсыг өөр этгээд ашигласан гэвэл тухайн утасны эзэмшигч Бахытжан өөрөө нотлох үүрэгтэй байна. Байдал ийм байхад 95127696 дугаартай утасны эзэмшигч К.Бахытжан тухайн Фейсбук /цахим захиа/-г Тилеубайд илгээсэн байна гэж нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлсэн нь ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-д заасан заалтад бүрэн нийцэж байна. Хариуцагч К.Бахытжаны 1950 гэж тоон үзүүлэлтийг тоймлосон нь 1.950.000 гэсэн тоо болох нь Арифметик тоон олонлог мэддэг хүн бүрт тодорхой учир энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

/Жич: 4 гэсэн дараалал гомдолд байхгүй тул/ Шүүх хуралдааныг нээж, дэс дарааллын дагуу шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг шалгаж, санал хүсэлт асуух үед нэхэмжлээч миний бие хариуцагч К.Бхаытжаныг шүүх хуралд оролцуулах хүсэл гаргах үед хүсэлт шийдвэрлэхээс өмнө К.Бахытжаныг шүүх хуралдаанд оролцуулах ажиллагаа хийсэн нь ИХШХШ тухай хуулийн заалтыг зөрчөөгүй. Харин хуралдаанд хариуцагч Бахытжаыг биеэр оролцуулж түүний Мэтгэлцэх эрхийг хангасан явдал. Хариуцагчийн эрхийг хангаж өгснөөр тэр хүний эрхийг хангасан явдал юм. ИХШХШ тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно. Анхан шатны шүүх хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал байхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтаар Интеркэйзинг ХХК-ий Баян-Өлгий аймаг дахь салбарт /Захирал К.Бахытжан/ бэлтгэн нийлүүлэгч түүхий эдийн ченж Х.Тилеубай миний бие 2015 оны 2,3,4-р саруудад нийт 4304 ш өлөн гэдэс нэг бүрийг 1800 төгрөгөөр тушаасан, нийт үнэ 7.752.600 төгрөг болох нь тооцоогоор тогтоогдож, миний бие 3.600.000 төгрөг авсан, үлдсэн 4.152.600 төгрөг авах ёстой болох нь нотлогдсоор байхад Анхан шатны шүүх 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 214 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.202.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-д зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй учир Анхан шатны шүүхийн 2017.03.27-ны өдрийн 214 тоот шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж, зарим хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тооцооны алдаа гаргасан байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Тилеубайн нь хариуцагч К.Бахытжанд холбогдуулан өлөн гэдэсний үнээс үлдсэн 4152600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Х.Тилеубайн нь Интеркейзинг ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт хонь, ямааны өлөн гэдсийг тушаадаг, үнийн тооцоог К.Бахытжантай хийдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч К.Бахытжан нь Интеркейзинг ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарыг хариуцсан захирлаар ажиллаж байсан, уг салбарын үйл ажиллагаа зогссон болох нь Интеркейзинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай тушаалаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч Х.Тилеубай нь нотлох баримтаар гаргаж өгсөн фейсбүүкээр бичсэн мессежэд 1 дүгээр сард 10ш, 22-нд 2 сая авсан 10 гэж буруу бичсэн байна, 2 сард 293ш, 3 сард 3247ш, 26-нд 3600000 авсан 4 сард 767ш өлөн гэдэс ирсэн байна надаас авлага 1950 гэх баримт нь гэрч Түмэнжаргалын мэдүүлэг, тэмдэглэлийн дэвтэр болон хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртлэх тайлангаар давхар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1950000 төгрөг нь хариуцагч К.Бахытжаны фейсбүүкээр бичсэн мессежээр нотлогдсон гэж дүгнэсэн боловч хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Интеркейзинг ХХК-ийн2015 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртлэх тайлангаар 1985100 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь давхар нотлогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч К.Бахытжанаас 1985100 төгрөгийг Х.Тилеубайд олгож, илүү нэхэмжилсэн 2167500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсгийг өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй тул хангахгүй орхиж, хуульд зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1.   Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 214 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1950000 төгрөгийг гэснийг 1985100 төгрөгийг гэж, 2202600 /хоёр сая хоёр зуун хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг гэснийг 2167500 төгрөгийг" гэж, 2 дахь заалтын 46150 төгрөгийг гэснийг 46712 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1,-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-тзааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ