Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 112/2021/0010/З |
Дугаар | 221/МА2023/0287 |
Огноо | 2023-04-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2023/0287
И харъяа Г
аймаг дахь нисэх буудлын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “...Г Аймаг дахь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Д.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 112/2021/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь “Г аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: “Иргэний нисэхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан ... үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г аймгийн А буудлын дарга Д.Б-н гаргасан Г аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Анхан шатны шүүх Г аймгийн А Нисэх буудлын дарга Д.Б-н Г аймгийн Засаг Даргын А/000 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Г аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12 ны өдрийн А/000 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь анхан шатны шүүх гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ хариуцагч тал нь хууль журамд нийцүүлж газар эзэмшүүлээгүй байна. Маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-т “нэхэмжлэгч компанид газар олгохдоо техникийн захын зориулалтаар олгосон байх бөгөөд уг газар нь дээрх баримт бичигт заасан аэродромын аюулгүйн А болон Б бүсэд хамаарч байсан ч дээрх аэродромд тавигдах шаардлагад нийцсэн тул нислэгийн аюулгүй ажиллагаанд саад болохоорүй байна” гэж үзлээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй ба хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
3.3. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгг авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр мөн хуулийн 34.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамаарА ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүх шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн удаа дараагийн гаргасан Г аймгийн А аюулгүйн бүсэд “А ” ХХК-нд эзэмшүүлсэн газар хамаарч байна” гэсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Мөн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд хэрэгт цугларсан нотлох баримттай уялдуулан үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
3.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Г аймаг дахь нисэх буудал нь Г аймгийн Засаг даргад холбогдуулан “Г аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Г аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/000 дугаар захирамж болон хавсралтаар Жаргалант баг, хуучин нисэх онгоцны буудлын зүүн урд талд 6000 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгохоор шийдвэрлэж 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/346 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
2.3. Улмаар дээрх захирамжид дурдсан байршлууд дээр төсөл хүлээж авахаар зарлагдсан хугацаанд төсөл ирээгүй болохыг Г аймгийн Засаг даргад танилцуулж, Г аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/384 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/397 дугаар “Комисс томилох тухай” захирамжаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссыг байгуулжээ.
2.4. Дээрх төсөл сонгон шалгаруулалтад 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар “Эв А ” ХХК, “А ” ХХК, “Б” ХХК, “А” ХХК нарын 4 компани материал ирүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулах комиссын хурлын 100 хувийн саналаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг шаардлагад нийцүүлэх 14 хоногийн хугацаа зааж дахин хүлээн авахаар болсон байх боловч дээрх төсөл сонгон шалгаруулалт явагдсан эсэх, төслийн шаардлага хангуулан дахин ирүүлсэн эсэх нь тодорхой бус байна.
2.5. Г аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/000 дугаар захирамжаар “А хотын Жаргалант баг, хуучин нисэх онгоцны буудлын зүүн талд 6000 м.кв газрыг А ХХК-д техникийн захын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, мөн өдрийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 000000504 дугаартай гэрчилгээ олгосон.
2.6. Ийнхүү тус газрыг эзэмшүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Маргаан бүхий газрыг “А ” ХХК-д олгохдоо Иргэний нисэхийн ерөнхий газар болон А нисэх буудА зөвшилцөөгүй, тухайн олгосон газар нь А нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсэд хамрагдаж байгаа тул манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг зөрчиж нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хөндсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
2.7. Гэтэл анхан шатны шүүх “... А ХХК-д 6000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ ямар журмаар эзэмшүүлсэн нь тодорхойгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг эцсийн байдлаар шалгаруулж дүгнэсэн талаарх баримт байхгүй байна. Иймд гуравдагч этгээдэд техникийн захын зориулалтаар газар эзэмшүүлэхдээ хууль, журамд нийцүүлж эзэмшүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Гэвч маргаан бүхий захиргааны акт нэгдүгээрт хуульд нийцээгүй, хоёрдугаарт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд хүчингүй болгох боломжтой. Дээрх тохиолдолд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.8. Учир нь маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн эсэх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаж, эцсийн байдлаар дүгнэсэн эсэх, Г аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/384 дүгээр төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулах тухай захирамжийн биелэлт хангагдсан эсэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй боловч энэхүү үндэслэлээр гомдлыг хангаж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй юм.
2.9. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засч залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир дээр нөхцөл байдлуудыг тодруулж, шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.10. Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу тодорхойлогдох ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж хэрэг хянан шийдвэрлэх бөгөөд “Г аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий уг хэрэгт маргаан бүхий актын үндэслэл болсон нөхцлийн хүрээнд нотлох баримт цуглуулж хэргийг хянан шийдвэрлэснийг нотлох баримт дутуу цуглуулсан гэж буруутгахгүй боловч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биелэгдэх боломжтой байх зарчмын үүднээс гаргасан шийдвэр нь үр нөлөөтэй байж чадаагүй байна.
2.11. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж, шаардлагатай бол шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул нийслэлийн Засаг даргаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан Г аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/000 дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Г аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ