Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2017/00070/И |
Дугаар | 146/ШШ2017/00103 |
Огноо | 2017-03-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 146/ШШ2017/00103
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багт оршин суух, ЙБ67071305 дугаарын регистртэй, Галт овогт Баярмөнхийн Пүрэвдуламын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Пүрэвдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэвдулам нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд 8 дугаар ангиа төгсөж, илгээлтээр ангийнхаа 5 хүүхдийн хамт мал аж ахуй дээр гарч байсан. Тэгээд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 сарыг дуустал Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэвдулам нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 05 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Пүрэвдулам нь 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгч Б.Пүрэвдуламыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1984 оноос 1992 оны 05 сарын ажилласан ажлын хөлсийг түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1549 дугаартай архивын лавлагааны хуулбар, нийгмийн даатгалын баталгаажуулалтын хуудас, гэрч Я.Норпилийн “...Би 1984 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд Б.Пүрэвдулам нь мөн адил 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс малчнаар ажиллах болсон. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл 4 бригадтай байсан бөгөөд Б.Пүрэвдулам бид хоёр 1 дүгээр бригадад хамт ажилладаг байсан. Б.Пүрэвдулам нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ажиллаж байх хугацаандаа дандаа мал малладаг байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед ажлаасаа гарсан. Б.Пүрэвдулам нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1984 оноос 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Ганхуягийн “...Б.Пүрэвдулам нь 1984 оноос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажилласан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл 4 бригадтай байсан ба Б.Пүрэвдулам бид хоёр 1 дүгээр бригадад хамт ажилладаг байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед ажлаасаа гарсан. Б.Пүрэвдулам нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Галт овогт Баярмөнхийн Пүрэвдуламыг 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Галт овогт Баярмөнхийн Пүрэвдуламыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвдуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА