Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2017/00095

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, Өвт 4-2 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, 52 настай, Тайжийнхан овгийн Аюургинын Гэрэлчимэг /ЙБ65042505/-ийн хүсэлттэй,

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Гэрэлчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Аюургина овогтой Гэрэлчимэг миний бие нь 1985 оны 08-р сарын 20-ноос худалдаа бэлтгэлийн ангид тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд 1994 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал ажилласан боловч манай байгууллагын архивын баримт байхгүй тул энэ хооронд ажилласан жилийг тогтоож өгнө үү...”гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Гэрэлчимэг нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч А.Гэрэлчимэг нь

- 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангид тооцооны нягтлан бодогчоор,

- 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хүрхрээ хэрэглээний хоршооны тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээсэн №270544 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Ажил хувиарлан, хариуцуулах тухай” тушаал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985  оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Өвөрхангай аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Бат-Өлзий сумын ХБА-д нягтлан бодогч ажилтай Аюургяна Овогтой Гэрэлчимэгийг” шагнасан тухай тодорхойлолт, гэрч Д.Долгорсүрэн, Ш.Оюунгэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч А.Гэрэлчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Тайжийнхан овгийн Аюургинын Гэрэлчимэгийг

 - 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Худалдаа бэлтгэлийн ангид тооцооны нягтлан бодогчоор,

- 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хүрхрээ хэрэглээний хоршооны тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН